Нойрсож буй бурхан

Өөр бусад ямар ч санаанаас илүүтэйгээр юу хүнийг өргөсөн дээр суулгасан мэт өндөлзүүлж, өөрөөсөө, байгалиас цуцаж няцалгүй хариулт эрэн онгичиж, хүний оршихуйг нь ганхуулж, бас утга учиртай болгож байдаг вэ? Үгүй дээ, дурлал ч биш, секс ч биш, үр хүүхэд бүр биш. Харин үхэшгүй мөнхийн сэтгэл гэвэл таны урмыг хугалчихав уу? Хүний төрлийн эцсийн төлөөлөгч амьсгал хураах хүртэл энэ асуулт хамгийн сонирхолтой хэвээр л байх болно. Энэ асуултад мянган ухаан мянган янзаар хариулж байсан. Өөр бас мянган ухаан цөхрөн гутрахдаа татгалзан зайлсхийж байсан.

Амьдралын дарамт, “Хэн нь хэнийгээ вэ?”, “Юуг юугаар вэ?” гэх амь өрссөн тэмцлийн дунд энэ асуултыг бид түр зуур мартчихдаг бололтой юм. Гэвч хайрлаж явсан хэн нэгэн минь ухрах замгүй алсын аянд мордон, сансрын хар нүхээр доторт минь тугалга цутгуулах үед, нөгөө ам ацны тэмцэл, амь насны түгшүүр, чих дөжрөм шуугиан, орчлонгийн ороо бусгаа орчил гэнэт дуугаа хураан нам гүм болоход л сэтгэл минь дотогш эргэн, нөгөө л эртний, нөгөө л өнө мөнхийн асуултаа намуухан мөртлөө мартахын аргагүй гүн хоолойгоор тавьдаг. “Одоо юу болох вэ? Юу болох ёстойг нь юу болгочихов?”.

Туршлагаас л урган гардаг хүний бүх мэдлэг бол урьд өмнийн туршлагуудын зүй зохистой хэлхээ холбооны нэгдлээс өөр юу ч биш. Бид юуг үргэлж хардаг вэ? Ургамал үрээс ургаж, цэцэглэж, жимсэлж, дээд цэгтээ тулаад эргээд л үр болно.

Амьтан төрж, амьдарч, өөр амьтныг төрүүлээд өөрөө үхнэ.

Ажиглахын аргагүй удаан ч гэсэн уулс хүртэл аажим аажмаар элс тоосонд шилжинэ. Гол мөрөн эргэж буцалтгүй ширгэнэ. Тэнгисийн уснаас дэгдсэн ууран дуслууд бороо болон эргэж тэнгистээ шингэнэ.

Энэ шидэт тойргийн зам-төрөлт, өсөлт, хөгжил бас үхэл-яг таг математикийн тооцоололтой юм шиг л давтагдана. Цааш хуваагдахгүй хамгийн жижиг хэсгээс эхлээд хүн төрлийн хамгийн дээд шатанд хүрсэн гэгээнтэн хүртэл бүх зүйлд энэ сая живаа хэлбэр дүрс, дүр төрх, ялгаа нюансын зутан бантангийн дунд нь ч, ард нь ч нэг л зүйл байдаг. Нэг зүйлийг нөгөөгөөс харааны хувьд зааглаж байдаг хананууд нуран унасаар байдгийг бид өдөр тутам л харж байгаа.

Ямар ч хананы наана цаана байгаагаас үл хамаараад, ямар хэлбэр агуулганд хашигдаж байгаагаас үл шалтгаалаад матери гэдэг чинь нэг л гарвал, мөн чанартай гэдгийг шинжлэх ухаан хүртэл тогтоож байна. Ертөнц дээр оршин буй зүсэн зүйлийн хэлбэрүүд нэгэн үл тасалдах гинжний хэлхээнүүд бөгөөд энэ хэлхээний тоо хүний ой ухаанд багтамгүй олон байлаа ч нэг л гинж хэвээрээ л байна. Энэ нэг хэлхээнээс нөгөөд шилжих дараалсан өөрчлөлтүүдэд нуугдан байдаг ерөнхий нэг мөнхийн шинж чанарыг эволюци гээд байгаа юм.

Эволюцийн тухай санаа амьдрал шиг өнө эртнийх боловч хүний мэдлэгийн хөгжлийн хэрээр өөр хэлбэрүүдэд хувьсан томъёологдсоор ирсэн. Харин эртний их сэтгэгчдийн гярхай гэгч нь анхаарсан, өнөөгийн шинэ эрдэмтдийн нэг л ойлгож өгөхгүй байгаа нэг зүйл бол инволюци юм. Үр ургамал болно, харин элсний ширхэг хэзээ ч ургамал болохгүй. Эцэг нь үрдээ амьдрал өгнө, гэтэл хэсэг шавар, бүр Бурханыг дүрсэлсэн байгаад ч хүүхэд төрүүлж чадахгүй. Эволюци тэгэхээр юунаас эхэлдэг юм бэ? Үр юунаас бүтдэг юм бэ? Тэр ургамал юунаас бүтэж байна, үр түүнээс л бүтэж таарна.

Ирээдүйн ургамлын бүх шинж чанар үрэнд оршин байдгийн адилаар ирээдүйн хүний бүх чадвар, бүх чанар үр хөврөлд нуугдан байдаг. Эртний Энэтхэгийн гүн ухаантнууд энэ үйл явцыг л инволюци гэж нэрлэсэн байгаа юм. Бүх эволюци инволюцийг заавал агуулж байдаг нь хууль. Анхны хураангүй хэлбэрт байгаагүй юм гэнэт бий болж, хөгжиж, эволюцид орж, дэлгэрч цэцэглэж чадахгүй. Үүнийг шинжлэх ухаан ч мэднэ. Энэ ертөнцөд оршин буй энергийн хэмжээ ба материйн тоо бол тогтмол хэмжигдэхүүн юм байна гэдгийг математикийн тооцоогоор бид аль эрт мэдчихсэн.

Ертөнц хэмээх тогоонд байгаа материйн зуурмагаас та нэг ч атомыг сугалж чадахгүй, энергийн холимгоос ганц чимхийг ч авч чадахгүй. Бас нэмж ч чадахгүй. Тэгэхээр эволюци тэгээс эхлэхгүй нь мэдээж боллоо. Тэр эволюци чинь эхлэлээ юунаас авдаг байх нь вэ? Зөвхөн өнгөрсөн инволюциэс л авч таарах нь. Хүүхэд бол инволюцид орсон хүн, нас биед хүрсэн хүн бол эволюцид орсон хүүхэд. Үр бол инвлюцид орсон хураангуй мод, мод бол эволюцид орсон дэлгэрэнгүй үр.

Ямарваа амьдралын бүх боломж чадал үр хөврөлд байж л байдаг. Үрийн сийвэнгийн хамгийн бүдүүлэг эсээс хамгийн нарийн төвөгтэй бүтэц хүнийг хүртэл амьдрал гэдэг үнэхээр л нэг байдаг юм байна. Үхэж төрөх, үүсэн устах-энэ гинж бол нэг л амьдралын илэрхийллийн олон хэлбэр, нэг л цуврал киноны олон ангиуд гэсэн үг. Тэгвэл тэр нүдэнд үл үзэгдэх үр хөврөлийн анхдагч эсэнд юу оршин байсан хэрэг вэ? Энэ бол ертөнцийн оюун ухаан гэж товчхон хэлж болно.

Анхнаасаа л оршин байсан ертөнцийн энэ оюун ухаан огтхон ч нэмэгдээгүй, огтхон ч хасагдаагүй.

Ямар нэг өсөлтийн тухай санаагаа та толгойноосоо хөсөр таягдан хая. Яагаад гэвэл, энэ залхуу, мулгуу үзэл бодлууд гаднаас орж ирэх ямар нэг хөндлөнгийн хүчний тухай хуурмаг төсөөллийг дагуулж байдаг юм. Зүгээр л ертөнцийн энерги тогтмол гэдгийг л санаж яв. Энерги өсдөггүй, бас буурдаггүй. Энерги нэг газар илрэн гарч байдаг, нөгөө газар нь хумигдан нуугдаж байдаг.

Ертөнцөд юу ч ул мөргүй алга болдоггүй, юу ч шинээр бий болдоггүй. Амьдралын бүх хэлбэр эхлээд дээшээ ба урагшаа, дараа нь доошоо ба арагшаа явдаг. Тэгэхээр юу алга болдог байх нь вэ? Хэлбэр л задран мөхөж, эргээд сэргэн төрж байдаг. Атга шагай аваад хаяж үзье л дээ. Ахин дахин авч хаясаар байтал анхны шидэлтийн харьцаа хэзээ нэгэн цагт давтагдаж л таарна. Хэрвээ бид зогсолтгүйгээр энэ үйлдлээ давтаад л байх юм бол яг энэ хосолгоо, магадгүй, асар удаан цаг хугацааны эцэст ч гэсэн, дахин давтагдах л болно.

Энэ ертөнцийн бүх атомууд яг л энэ шагайнууд шиг нэг нэгдэж, нэг тарж, янз бүрийн хослолуудыг үүсгэж байдаг. Тэгээд тэр хослолууд хэзээ нэгэн цагт давтагдана. Яг энэ цаг мөчид эргэн тойрондоо миний харж байгаа аяга, ширээ сандал, миний, таны бие, хэл, бодолтой нийлээд нэгэн хослол болно. Энэ бүх юмс эвдрэн устах цаг заавал ирэхийн адил яг энэ хослол дахин давтагдах цаг ч ирнэ. Ахиад л энэ ширээний ард хэдэн хүн суугаад, аяга усыг харангаа “Ертөнц юунаас эхэлсэн бэ?” гэж толгойгоо гашилгах болно. Энэ явдал урьд нь хязгааргүй олон давтагдсан, хойшид ч хязгааргүй олон давтагдана.

Өнгөрсөн хэлбэрүүдийн энэ давталт ирээдүй цагийг зөгнөн хэлэхтэй салшгүй холбоотой. Ямар нэг юмаар нөхцөлдөөгүй, юун дээр ч тогтоогүй бол ирээдүйг яаж барих билээ дээ. Алсыг харагчийг та санаж байна уу? Алсыг харагч дээр суугаад нэг бүтэн тойрох нь хүний төрөл авснаас эхлээд хүн-Бурхан болох үйл явц юм гэж төсөөлөөд үзье. Хүний туулах ёстой бүхнийг туулж дуусгаснууд нь буугаад, дараагийнхууд нь суугаад л, энэ явц эцэсгүй давтагдана. Харин бид ямар өндөрт гарвал юу үзэж болох, юу тохиолдохыг дараагийн хүмүүст хэлж чадна.

Хүн шүтлэгтэй байх төдийгүй, итгэл бишрэлдээ оюун ухаантай хандах ёстой. Бүхнийг зөвхөн сохор итгэлээр хүлээн авах нь солиорлын нэг шинж юм шүү дээ. Бурханы хаа нэгтээ хүрвэл ариусна гэж сохроор итгэх нь, мөргөж залбирах нь бас л нэг төөрөгдөл. Шашин бүрт байдаг бүхнийг тольдогч, яллагч, шүүгч, цээрлүүлэгч Бурхад бол жинхэнэ бурхад биш, хүмүүсийн л өөрөөсөө өөрийгөө хамгаалах зэвсэг. Хэн нэгэн биднийг шийтгэж байгаа юм бол бас тэр биднийг өмгөөлж, сайтар гуйж мөргөвөл шагнаж ч магад гэж сэтгэх нь зүгээр л хариуцлагаас бултаж байгаа ёс зүйгүй хэрэг.

Морь хэмээх амьтан бидэнд ёс зүйн тухай лекц унших боллоо гээд төсөөлөөд үзье л дээ.Үргэлж ташуурдуулж зодуулсаар байгаад үүнээс өөрөөр хөдлөхөө больчихсон, эрэмдэг болтлоо эдлүүлчихсэн тэрэгний морь хэрэв хүний хэлээр ярьдагсан бол “Улаанбаатарын оршин суугчид ташуураар байнга зодуулдаггүй юм бол их л ёс зүйгүй амьтад байна даа” гэж хэлэхсэн биз. Бурханы ивээл, Бурханы гэсгээл гэж мунхрагч олон нийт яг л энэ морь шиг “Тамаас айхгүйгээр аврал байж болно” гэдэгт итгэдэггүй.

Гэтэл жинхэнэ аврал бол ийм айдас байдаггүйд л оршиж байдаг.

Дэлхий гэдэг гариг дээр төрж, амьдарч байсан бидний мэдэх хамгийн аугаа хүмүүс дандаа тодорхой дүр, дүрсгүй өндөр дээд санааг баримталж байсан байдаг. Хэдэн мянганы турш сая сая хүмүүсийн оюун сэтгэлийг эзэмдэж буй нэгэн хүн “Эцэг бид хоёр нэг” гэсэн билээ. Энэ хүн дуалист байгаагүй. Гэвч ард түмэн дүрст бурханаас дээшхийг олж үзэж чадалгүйг мэдэж байсан учраас өрөвдөн нигүүлсэхүйн сэтгэлээр тэдэнд “Тэнгэрт буй эцэгтээ залбирахын адил өөр өөрсдийн Бурхандаа мөргө. Цаг нь ирэхээр би та нарын дотор оршдогийн адил та нар миний дотор оршдог болохыг, эцэг бид хоёр нэгийн адил та нар ч бас түүнтэй нэгэн цул юм гэдгийг яг одоо миний харж байгаагийн адил харж чадах өдөр ирнэ” гэж тэр сургадаг байсан.

Энэ бол Есүс. Дуалистуудын үзлийг буюу дүр төрхт Бурхадуудыг хүлээн зөвшөөрдөггүй байсан аугаа Буддаг шашингүй үзэлтэн, тэрслүү номтон, материалист гэж есөн жороор цоллон нэрлэсэн ч тэр өнчин ишигний төлөө биеэ зориулахаас буцахгүй энэрлийн далай байсан билээ. Энэ хүн дэлхий ертөнцийн бүх цаг үе, бүх ард түмний түүхэнд байгаагүй ёс зүйн хамгийн өндөр санаануудыг хүн төрөлхтний тархинд сэрээсэн буянтан.

Өнөө цагт дэлхийн оюун санааны хөгжил 100 жилийн өмнө мөрөөдөж ч зүрхлэмгүй байсан өндөрт хүрч, шинжлэх ухаан хараа гүйцэмгүй хурдаар цойлж байна. Гэвч энэ хязгааргүй мэдлэг чинь, хязгааргүй хайртай уусан нийлж, хязгааргүй оршин байхыг л Бурхан гэдэг юм гэдгийг хүн төрөлхтний олонх нь ухаарах төвшинд хүрээгүй байна. Жирийн хүний маханбодод төрөөд Бурханы хутгийг олсон Будда

“Хүн бүхэн бурхан болох чанартай”

гэсэн. Харин төгс хүний оюун ухаан түүний эсийн сийвэнд нь анхнаасаа байгаагүй юм бол хаанаас бий болсон байх вэ?

Бүх юм юугаар эхэлсэн, түүгээрээ дуусдаг жамаар үхэх төрөхийн хүрднээс үүрд ангижирсан Хүн, христиануудын нэрлэдгээр хүн-Христос, Бурханы шашинтнуудынхаар хүн-Будда, йогийн хэллэгээр чөлөөлөгдсөн Хүн, сийвэнгийн эсээс эхлэн хөгжсөөр хувьслын нэгэн ангийн төгсгөл болж байгаа энэ төгс хүн, энэ хүн-Бурхан тэр эсийн сийвэнд л анхнаасаа оршин байсан билээ. Агуу бүтээлтийн эцсийн шат нь төгс хүний оюун ухаан юм бол дараагийн туурвилын эхлэл нь тэр л оюун ухаан байж таарна.

Эхлээд хураангуй байснаа дэлгэрэн дэлгэрсээр оргилдоо хүрч дахин хураагдаж, дахин дэлгэрнэ. Бүх ертөнцөд яг одоо үйлчилж байгаа оюун ухааны хэмжээ хэдэн дүнчүүр галвын тэртээ идэвхжээгүй буюу үүсээгүй ертөнцөд хураангуй байдалд оршин байсан оюун ухаантай өчүүхэн ч зөрөөгүй яг таг тэнцүү байсан байж таарна. Энэ л орчлонгийн оюун ухаан чинь бидний Бурхан гэж нэрлээд байгаа тэр зүйл юм шүү дээ. Түүнийг юу ч гэж нэрлэж , юугаар ч өргөмжилсөн бодит байдлыг огтхон ч өөрчлөхгүй бөгөөд бүхний эхлэл нь энэ л сансрын оюун ухаан байсан хэвээрээ л байх болно.

Хамгийн өчүүхэн хэлбэрээс эхэлсэн энэ оюун ухаан хүн-Христос, хүн-Буддагийн хэмжээнд хүрэн хүртлээ хөгжсөөр ахиад л анхны эх ундаргадаа буцаж очно. Иймээс бүх шашинд “Бид Бурханаас ирсэн, эцэстээ Бурхан руу буцна” гэдэг. Гэхдээ оюун ухааныг бидний өдөр тутмын ухаантай хольж ойлгож болохгүй. Ухаан ч, бие ч, аль аль нь оюун ухааны мөн чанаргүй буюу гэрэлгүй. Ухаан гэдэг чинь муудаж, хөгширч, заримдаа хүчтэй, заримдаа сул байдаг. Ухааныг гэрэлтүүлэгч гэрэл чинь ухаанд харъяалагддаггүй. Тэгэхлээр тэр гэрэл хаанаас гардаг байх нь вэ? Энэ гэрэл бол сэтгэл юм.

Сэтгэл гэдэг бол тэр чигээрээ гэрэл байдаг.

Сэтгэл юу ч мэддэггүй: тэр өөрөө мэдлэг, тэр оршни байдаггүй: тэр өөрөө оршихуй, сэтгэл жаргадаггүй: яагаад гэвэл тэр өөрөө аз жаргал. Харьцангуй оршин байгаа бүхэн өөрөө оршин тогтнож байгаа юм биш, харин өөр үнэмлэхүй оршихуйн түрхэн зуурын илэрхийлэл болдог.

Бодлын ертөнц хүртэл юу ч бишээс хүсээгүй байхад, сэтгэл юу ч бишээс үүсэн бий болно гэж байх уу даа? Тэр үргэлж л байсаар ирсэн. Түүний оршин байгаагүй цаг хугацаа гэж үгүй. Цаг хугацаа хүртэл өөрөө түүний дотор оршин байдаг. Сэтгэл төрдөг ч үгүй, үхдэг ч үгүй, тэр зүгээр л энэ фактуудаар өөрийгөө нээн харуулдаг. Чөлөөлөгдөх мөчдөө та өөрийгөө хичнээн сая удаа төрөл авч, ирж, буцаж, хичнээн ч удаа давалгааны оргилд гялалзаж, бас төчнөөн удаа хамгийн ёроолд хэвтэж байснаа олж үзэх болно.

Энэ бүхнийг харж чадах цагтаа үрчилзэн баралзах ертөнцийг хараад баатарлагаар инээмсэглэнэ. Энэ цагтаа бүхнийг бүтээгч нь Та, бас бүхнийг санаачлагч нь Та байснаа харна. Бүх дарвуулаа дэлгэж, явах зүг чигээ яс тас тодорхой зорьж буй хөлөгт л салхи тусалдаг. Харин үлээх дарвуулгүй, хаачихаа ч мэдэхгүй, давалгаанд дайвалзан хөвж яваа хөлгүүд салхийг буруутган зүхэх эрхтэй байна уу? Бидний нэг нь жаргалтай, нөгөө нь азгүй байгаад Тэр буруутай гэж үү?

Галын өмнөх хивсэн дээр, биесээ хэмлэх гөлөгнүүд үүнийгээ тоглоом биш гэж муйхарлан итгэхийн адил Бурхан ч бас үхэл амьдралын тэмцлийг маань яг л бидэн шиг үнэмшин догдолж байдаг гэж бид хууртан байдаг.

Тэр хэнийг ч магтдаггүй, хэнийг ч шийтгэдэггүй, хязгааргүй
их энэрэл нигүүслээрээ биднийг ивээж байдаг.

Харин түүнийг яаж ашиглах нь таны эрх. Зоригтой бай. Хүчирхэг бай. Таны хийсэн муу бүхэн эгзэг нь таарвал багалзуурт тань асахыг отон байгаа шиг, таны хийсэн сайн бүхэн мянга мянган тэнгэрийн хүчээр таныг үүрд хамгаалахад бэлэн байдаг юм шүү.

2012.02.14

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !