Сүүлд ургасан сүүлний учир

Бусдын мууд жоол дурлах уу. Тэдний алдааг давтахгүйн тулд шүү. Ханиа хамраар нь газар шаалгадаг нөхдийн дунд сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд тэд зөвхөн амиа хичээсэн, ёс бус сэдлээр “хэрэгт орооцолддог” юм биш, хяналтаас гадуур харьцаа нь гэр бүлийнх нь “аврах цагариг” болдог гэж Бостоны Честнат-Хиллийн Хүрээлэнгийн захирал, сэтгэлзүйч Мира Киршенбаум тэргүүтэн сэтгэлзүйч эрдэмтэд батлах болов. Тэр ч бүү хэл, хэрэв зүүн тийш хэлтгий гишгэсэн бол хэзээ ч бүү хэргээ хүлээгээрэй гэж Мира зөвлөж байна.

За, тэгээд, та хэрэгтэн, сэжигтэн, хохирогч, яллагч, өмгөөлөгчийн алиных нь ч суудал дээр байлаа гээд хүн л юм хойно, газар дэлхий хэмээх шүүх танхимд нэг л агаараар амьсгалахаас цааш “Хүн яагаад ингэдэг юм бэ?” гэдгийг мэдээд авчих.

Өөрийгөө олох оролдлого 

Өөрөөрөө байх, өөрийгөө илэрхийлэн гаргахад саад бологч хүчнүүд олон жилийн турш амьдралд ноёрхож байдаг. Хэрэг дээрээ хэн нь яг хэн бэ гэдгийг иймэрхүү явдлууд л илчилж өгдөг. Хамгийн гайхамшигтай зохиолч эмэгтэй Виржини Вульфын нөхөр Леонард нь түүний амраг эр гэхээсээ хамгаалагч нь байсан учраас л тэр Вит Саквим-Весттэй ухаангүй дурлалцаж, хорвоод “Орландо” романаа бэлэглэсэн юм даа. Гэвч, нөгөө талаас, Виржини лесби, Леонард гей байсан бөгөөд сууснаасаа хойш сар хүрэлгүй дууссан бэлгийн амьдралаасаа үл хамааран тэр хоёр хоёулаа гэрлэлтээ “аз жаргалтай” гэж тодорхойлдог байсан юм.

Шулуухан хэлбэл тохиолдлын хавьтал, яруухан бол санамсаргүй учрал 

Та хэзээ ч ийм юм хийх хүн биш. Гэвч тохиромжгүй газар, тохиромжгүй цагт байж таарсан тань хичнээн золгүй юм бэ? Яруу найрагч Томас Элиот, Вивьен Хейвудтай танилцсанаасаа хойш хэдхэн долоо хоногийн дараа гэрлэж орхижээ. “Гэр бүл эхнэрт минь аз жаргал авчраагүй. Харин миний хувьд “Үр шимгүй газар шороо” төрөн гарах ухааны хөрс болсон” гэж хүлээн зөвшөөрсөн Элиотоос эхнэр нь тийм ч хурдан урвачихъя гэж бодоогүй юм. Зүгээр л, Бертран Рассел ойрхон байж таарсан хэрэг. Хичнээн хэцүү байсан ч 19 жил хамт амьдарсан Томасаас салсны дараа Вивьенийг мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэндээ 13 жилийг өнгөрөөсний эцэст 1937 онд нас баржээ.

Сексийн үймрэл 

Сексийн гал тань бөхөж байгааг мэдрэх тусам та мэгдэж, тэвдэж, орондоо огтхон ч дордоогүй гэдгээ өөртөө батлах гэж “хэцүү” замд хөл тавьдаг. Тэнгисийн хөлөг онгоцны үйлчлэгчээс шадар сайд болтлоо суга үсэрсэн Жон Прескоттын дундуурхан сэтгэлийн дарамттай комплексийг гялалзсан карьер нь ч өнгөлж чадаагүй юм. 34 настай нарийн бичиг Трейси Темплийг панаалдах үедээ хашир 60 гарчихсан байлаа.Лондон дах засгийн газрын албан ёсны өргөөнд Трейситэй “галаар” наадаж байхад Жоны эхнэр доод давхарт нь байж байсныг Sunday Mail-д хэвлэгдсэн Темплийн өдрийн тэмдэглэлээс уншиж болно. “Иракт амь үрэгдсэн британийн дайчдын дурсгалыг хүндэтгэх ёслол дээр хатан хаан, засгийн газрын бүрэн бүрэлдэхүүний хамт лаа барив уу, үгүй юу л суга үсрэн очсон буудалдаа тэр хоёр үүнийгээ л хийдэг байсан. Их Британийн шадар сайдын ажлын танхимын бичгийн ширээн доогуур Моника Левинскийн алдарт байрлалаар өвдөглөсөн Трейси бас л үүнийг хийдэг байсан” гэж шар сонинуудаас уншиж болно.

Алив харьцаагаа тасалъя (эсвэл дахин сэргээе)! 

Тавьтиргүй явдал нь илэрч цохилт өгснөөр гэр бүлийг нэг мөсөн сөнөөнө, үгүй бол түүнийг улам батжуулна гэсэн санаа л даа. Наполеон Бонапартыг аян дайнд мордов уу, үгүй юу л, Жозефина түүнийг баруун солгойгүй, ар өврөөр нь тавьж байгаа тухай амтай бүхэн жиг жуг хийлдэх болсон. Харин Наполеоныг Парист ирснээс хойш Жозефина түүнийг ганц ч удаа хуураагүй гэдэг.

Гэрлэлтийн хямрал

Хэрэв бие биедээ хангалттай цаг, анхаарал тавихгүй бол зөндөө асуудал, ан цав үүссээр гэрлэлт мухардалд орж, та нөгөө талд, өөр харьцаанд орж эхэлдэг. Дэвид, Виктория хоёр хамтдаа үлдэхийн тулд хамаг чадлаа дайчилж байна. Алдарт хөл бөмбөгчний ханхар цээжин дээр нар мандахыг үзэхийн тулд яахаас ч буцахгүй хүүхнүүд ч яамай, “Үзсээн” гээд байгаачууд л хэцүү еэ. “Гэр бүл байх нь амархан гэж хэн ч хэлээгүй” гэж хатагтай Бекхэм хүртэл ам алдан хүлээн зөвшөөрч байна.

Өөрийгөө үнэтэй зарах

Амьдрал урагшилж байна, гэтэл хажуудах минь алхаа гүйцэхгүй… Таны бодлоор, таны өнөөдрийн оршин буй нөхцөл байдалд хэн хамгийн тохиромжтой байгаатай нь хамт байх хүслээ та гэр бүлээс гадуур гүйцэлдүүлж байдаг. Бэлэвсэн хатагтай Фанни Нисбеттэй танилцаж, гэрлэх үедээ хэний ч таньдаггүй залуу далайчин байсан Хорацио Нельсон 11 жилийн дараа, 1798 онд Нилийн тулалдаанд ялалт байгуулж үндэсний баатар болохдоо леди Эмма Хамильтонтой хайрын холбоо тогтоосон юм.Энэ холбоо төрийн хэмжээний шуугиан тарьж, дундаасаа төрсөн хүүхдээ тэд ихэд нууцалдаг байлаа. Гэхдээ энэ холбоог зөвхөн “сүүл”-ээр тайлбарлавал дэндүү өрөвдмөөр хэрэг болно. Хорацио, Эмма хоёр бие биедээ ухаангүй хайртай байсан юм. Хорациогийн эцсийн захиа, эцсийн үг, эцсийн талархал Эммад зориулагдсан бол хайртаасаа хойш нийгэмд ад үзэгдсээр, адгийн шаар мэт амьдралаа дээврийн хонгилд дуусгасан Эммагийн сүүлчийн харц ядуу оромжных нь цорын ганц хогшил Хорациагийн хөргөн дээр л тогтсон байсан билээ.

Гэр бүлээ халаах хүсэл

Хууралт өөрөө, эсвэл хуурагдсанаа мэдсэн хань гэр бүлийн царцсан харьцааг гэсгээж, урьдын хүслийг бадраана гэж далд ухамсартаа та найддаг. 1907 онд АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон, Мэри Халберттэй учирснаас болж эхнэр Эллен нь депресст орж, багагүй шаналсан. Мэри, Вудро хоёрын дунд дурлалын явдал үнэхээр байсан уу гэдэг маргаантай асуудал боловч тэдний нөхөрлөлөөс л болж Эллен зовдог байсан нь маргаангүй. Харин ерөнхийлөгч хоёр эмэгтэйг хооронд нь танилцуулж, тэд хамтдаа дэлгүүр хэсдэг болсны дараа эрхэм Вильсон эхнэртээ эргэн ирсэн түүхтэй.

Би өөрийгөө зөвтгөх эрхтэй

Магадгүй, энэ нь шударга бус байх, гэвч шургаж унатлаа зүтгэснийхээ шанд жаал амсхийх хамгийн амттай шалтаг бол-өөрийгөө эрхлүүлэн зугаацаж, өрөөлөөр хайрлуулах явдал. 21 насандаа цагаан ордонд дадлага хийх үедээ гаргасан алдааныхаа үр дагавраас насан туршдаа ангижрахгүй болсон Моника Левински хүнд хүчир “ялт” хөдөлмөрийнх нь төлөө Билл Клинтоныг бие сэтгэлээрээ харамгүй шагнасан тоо томшгүй хүүхнүүдийн цувааны сүүл нь болсон доо, зайлуул. “Тэр энэ тухайгаа ярихдаа, би л түүнийг урин залж, бүхнийг санал болгосон аятай юм л ойлгуулаад байдаг. Би яг л “швед ширээ” байгаад, тэр ердөө амттаны өмнө л тэсч чадаагүй хөөрхий нэгэн шиг” гэж ерөнхийлөгчтэй үйлдсэн “нүгэл”-ийнхээ тухай өгүүлдэг Моникагийн номын жинхэнэ зохиогч нь Эндрю Мортон байв.

Зугталт

Гэр бүлээ цуцлахыг та хичнээн хүсэвч зүгээр л явчихаж чадахгүй болохоороо заавал шалтаг гаргаж, үүнийг нь мэдсэн нөгөө тал таныг хөөж эсвэл шинэхэн амраг тань гэрээсээ явах зориг хайрлана гэж найддаг. “Энэ гэрлэлтэд бид хоёулаа биш гурвуулаа байсан” гэж харуусан гомдоллодог байсан Диана гүнжтэй хунтайж Чарльз хайр сэтгэлээр бус, үүрэг хариуцлагаа ухамсарласан зайлшгүй шаардлагаар гэрлэснээ нуудаггүй байлаа. Нэр нь үл мэдэгдэх “сайн санаат сайн дурын холбоочид”-ын гараар бичигдэж, бүх дэлхийд цацагдсан яриагаар бол эрхэм хөх цустан маань Камилла Паркертай утсаар ярихдаа “Би чамайг долоо хоногт хэд хэдэн удаа хүсдэгт хамаг асуудал байгаа юм” гэсэн гэдэг.

Хэрвээ тэгвэл…

Авааль ханиа араар нь тавибал юу болохыг үзэхээр шулуудахдаа та гэр бүлийн амьдралд тань дутагдаад байдаг тэр зүйлийг өөр хэн нэгний хажууд олж болох эсэхийг мэдэхийг чармайдаг. Аа, хэрэв болж байвал таны бодож байснаас хэр зөрүүтэй байгааг бас мэдэхийг хүснэ. Аяа, мэдэхийн хүслэн гэж!Иракийн тухай “Албадлагын дайн” блокбастерийн зураг авалтын талбай дээр учирсан Райан Филлипп, Эбби Корниш хоёрын мэргэжлийн хамтын ажиллагаа нь тун ч удалгүй “мэдэхийн хүслэн” болон хувирчээ. Шинэхэн “хүсэл” нь Филлиппын эхнэр Риз Уизэрспуны залуугийн төрхтэй дэндүү адилхан гэдгийг шар хэвлэл хорвоогоор нэг цацахдаа хойргошоогүй юм. Тусдаа амьдарч байсан эхнэрээсээ гэрлэлтээ салгасан жүжигчин эр, анхны ханийнхаа “залуужсан хувилбар”-ын тэвэрт тайтгарал олсон цорын ганц эр хүн биш л дээ.

Сатаарах санаа

Ажил амьдралын галт тэрэг тань рельсээс гарчихсан мэт амар заяагаа үзэхээ байсан бэрх цагт та асуудлуудаас толгой хоргодох дурлалын оазис босгон өөрийгөө саатуулахыг оролддог. Уэльсийн даржин амьдралаас татгалзаж, аварга улс төрийн ертөнцөд төвхнөсөн ерөнхий сайд Дэвид Ллойд-Жорж дурлалын баян бүрд бүтээн байгуулалтын мэргэжилтэн байлаа. Тэдний дундаас “үнэтэй муужгай” Фрэнсис Стивенсон түүний хамгийн гол хайр байж чадсанаараа “хоёр дах эхнэр”-ийн титмийг ёслол төгөлдөр зүүсэн билээ.

Орлуулах хэрэгсэл

Танд ямар нэг тусламж хэрэгтэй: жишээ нь, та өөрийн үнэлэмжээ өргөхийг хүсч байж болох юм. Гэр бүлээс гадуур харьцаанд хүн өөрийгөө байгаагаасаа илүүгээр мэдрэх удаатай. Ер бусын сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь хангаж чадахгүй уйтгартай гэр бүлтэй байсан австрийн зохиолч Леопольд фон Захер-Мазох “эзэгтэй” Фанни фон Пистортой холбогдож орхисонд гайхах зүйлгүй.“Эмэгтэй нь ташуураар зэвсэглэх үедээ үслэг эдлэл өмсч байх” нөхцлөөр Леопольд хагас жил Фаннигийн боол байсан юм. Захер-Мазохын анхны эхнэр Аврора фон Ремлин язгууртны хүмүүжилтэй, дээд зиндааны хатагтайн ёсоор шийр зааж, нөхрөө хүссэнээр нь “тамлах”-ыг хүсдэггүй байсан нь бүх дэлхийг шүлстэй амаараа үмхсэн “мазохизм”-ыг бүр ч хурцалсан байх л даа.

Би таалагдах болов уу?

Нас нэмэх тусам гэр бүл мухар хонгилын ханыг мөргөх мэт гарцгүйдэхэд та одоо хүнд таалагдах чадвартай хэвээрээ байгаа болон хэн нэгэн танд дурлах эсэх, хамгийн гол нь, хүсэл тачаал буцалсан харьцаанд удаан хугацаанд байж чадах эсэхээ эргэцүүлэн бодож эхэлдэг.1918 онд Ольга Хохловатай гэрлэсэн Пабло Пикассо эхнэрээ 1955 онд насан эцэслэх хүртэл нь гэрлэлтээ цуцлуулаагүй боловч хуурагдсан эхнэрийн шаналлаар харамгүй шагнаж байсан “өгөөмөр” нэгэн. Хайрлаж асан үедээ гоо үзэсгэлэнг нь магтан дуулдаг байсан Пикассогийн сүүлийн зурагнуудад өөрийгөө танихын эцэсгүй ямар нэг абстракт юм болон хувирсныг өршөөж чадаагүй Ольга, Пикассогийн хэлж зүрхлээгүй гашуун үгсийг бийрний үзүүрээс нь уншсан юм.

1953 онд, аугаа зураачийг 71 настай байхад нь хаясан Франсуаза Жило түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Зурагнуудаас нь харвал Пикассо аймаар өвгөн болохоос их л айж байсан нь илт. Гэвч “Хийвэл бүү ай”-г жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан хижээлдүүхэн Пиккасогийн гал романы эзэн 24 настай Женевьева Лапорт зураачийн бийрээр мөнхөрсөн хөргүүдээрээ наран хэвийх насандаа хөлгүй баян хатагтай болсон юм.

Хуримтлуулж амжаагүй туршлагын амт

Гэрлэлтээс өмнө дурлалын адал явдлуудаар тэгтлээ пологтож үзээгүй та амьдралын хамгийн том шоуг алдчихсан мэт л сэтгэл дундуур байна. 1984 онд консерватив намаас парламентад будаг нь ханхалсан шинэхэн суудал авсан Эдвина Карри, уг намын парламент дах зохион байгуулагч байсан Жон Мейжортой дурлалын гогцоо зангиджээ.Дөрвөн жил энэ хэлхээнд уяатай байсан Мейжор эхнэртэй, Карри нөхөртэй байсан. “Улс төрчид бие биенийхээ уран мэхийг их үнэлдэг юм” гэсэн Карригийн тайлбарыг бас л бодууштай. Мейжорийг сайд байхад туслах нь байсан Карри “Олон нийтийн дунд дэндүү төлөв байдаг Мейжорийн жинхэнэ дүрийг харахын тулд өдөж сээтэгнэх нь амархан хэрэг байлаа” гэж бичсэнийг британийн “Таймс”-т өөрийнх нь зөвшөөрлөөр нийтлэгдсэн өдрийн тэмдэглэлээс нь хараарай.

Мейжорийг ерөнхий сайд болоход түүний засгийн газарт ажиллахаар алгаа үрчин хүлээж байсан Эдвина сайдын цүнхийг харамласан нууц амрагаа илчилж өшөөгөө авсан нь энэ. 1990-1997 онуудад ерөнхий сайдын албыг хашиж байсан Мейжор улс төрчдийн чанд ёс суртахууныг өндөрт тавьдаг байв. Үүнээс болж парламентын олон гишүүний хувийн амьдрал олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний бай болж, түүний кабинетийн хэд хэдэн гишүүн гэр бүлээс гадуурх харьцаа нь илэрснээс болж огцорч байлаа. Британийн нийгэмд цэлмэг тэнгэрийн аянга шиг ниргэсэн энэ явдлаа Жон Мейжор “Амьдралдаа хийсэн хамгийн ичгүүртэй явдал” хэмээн нэрлэсэн нь Эдвинагийн тэгтлээ үнэлсэн “Маккиавеллийн араншин”-гийнх нь илрэл ч байж магад.

Өс хонзон

Хэзээ нэгтээ таны сэтгэлийг шархтуулсан ханиасаа “Хариугаа авах хайрын гал тогоо”-нд та ханцуй шамлан орж, нөгөөдөх тань хэзээ ч мэдэхгүй байсан ч хамаагүй гайхалтай “урвалтын ундаан”-уудыг бэлдэж гарна даа. Роберт Брюсын эсрэг байлдааны аяны үеэр англичууд азгүйтэж, II Эдуард хаан хар толгойгоо хаацайлан зугтахад, хаягдсан хатан хаан Изабелла нь шотландчуудын гарт орохоо шахсан юм. Гэвч үүнээс ч хорлонтойгоор түүний зэвүүг хүргэсэн явдал бол нөхрийнх нь амраг-эрчүүд байлаа. “Хуурагдсан эхнэр хүнээс илүү хүчтэй юм гэж орчлонд үгүй” хойно Изабелла Роберт Мортимертой роман үүсгэж, арми цуглуулж, хааныг суудлаас нь өшиглөн унагаасан юм.

Дунд насныхны хямрал

Үнэн хэрэгтээ, маш ховор тохиолддог энэ төрлийн сүүлрэлийг гэр бүлийн хямрал, орлуулах хэрэгслийн учир зүйгээр тайлбарлах нь үнэнд илүү ойр болно. Невилл Чемберленийг зайлуулсан консерватив гишүүдийн хамгийн залуу нь болохдоо Жон Профумо 25 настай байлаа. Гэвч 46 насны босгыг алхахдаа дунд гарын улс төрчийн байрандаа л дэвхцэж байгаагаа ухаарсан тэрээр нэгэн бүсгүйтэй танилцаж, хэдэн долоо хоног “гунигаа тайлжээ”. Гай болоход “ганирсан” хайр нь хэлээ хазаж чаддаггүй, хагархай хэнгэрэг байсан нь харамсалтай.

Хэрэгжээгүй хэрэглээ

Танд тодорхой эрх ашиг байдаг ч таны хууль ёсны “түнш” эрэлтийг тань биелүүлэхийг боддоггүй. Хөндлөнгийн холбоотнуудынхаа тусламжтайгаар та хэрэгждэггүй хэрэгцээгээ гүйцэлдүүлэхийг оролддог. Хааны сэнтийг залгамжлагч тайж Петрийн хатан болгож аугаа Екатеринаг Орос руу богтлон авчрахад тэрээр немцийн “ариун” гүнж байлаа. Харин заяаны хань нь эрэмдэг нөхөр, аймшгийн хаан байлаа. Харин Екатерина сексэнд дуртай байсан нь хичнээн хяслантай байсан гээ. Петрийн аллагын дараа түүнд тоолж барахгүй олон амраг эрчүүд байсны дундаас зөвхөн ухааныхаа “том”-оор зогсохгүй бардах юмтай Григорий Потемкин хамгийн алдартай нь байсан юм гэнэ билээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !