
ЯНЗ УЧИР
3 аудио“Харанхуй өрөөнд харах 2 арга бий. Нэг нь барьж байгаа гар чийдэнгээ тусгаад харах. Гэхдээ та шалаа харвал таазаа харахгүй. Эсвэл та унтраалгыг асаагаад өрөөг нэлд нь гэрэлтүүлж болно. Ухаантай ба тэнэг хүний ялгаа энд л байдаг. Тэнэг хүн оюундаа нэг мөчид нэг л бодлыг барих чадамжтай. Хэрвээ 2 бодлыг зэрэгцүүлж гэмээнэ тэр ухаанаа бүр гайхан бахадна. Ухаантай хүн бол мэдээллийн 4 суваг, тархины 150 тэрбум нейроны холбоосноос нэгэн зэрэг ажиллуулах хүчин чадалтай учраас завсрын өнгө, дундын бүс, эсрэгцэл, нэгдлийг хөдөлгөөн дунд нь харах чалхтай. Тэнэг хүн шалтгаан үр, хүчин зүйлс, нөхцөл байдал гэх мэтийг ойлгодоггүй: шууд л хэл, алийг нь алах юм, цагааныг уу, улааныг уу, чи манай тал уу, эсвэл дайсных уу л гэнэ. Эх орноосоо урвасан гэж дүүжлэн алах ялаар шийтгүүлсэн генерал Власов улаан армийн хамгийн шилдэг 99-р дивизийн удирдагч, алдарт 7-р сарын тулааны тэргүүнд тооцогддог 4-р механик корпусын жанжин, Киевийн хамгаалалтын шилдэг стратегич, Москваг хамгаалж байсан тухайн үеийн хамгийн шилмэл 20-р армийн командлагч байлаа. Түүнийг яагаад 2-р довтолгооны шугам руу шилжүүлсэн түүх бол тусдаа асуудал бөгөөд энэ бүхэн нийлээд ч түүний урвалтыг зөвтгөхгүй боловч чухам яг юу болсон талаар тунгаан эргэцүүлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. Ухаантай хүн бол “Тийм ээ, зөвхөн ганц хэсгээр бүтэн зураглалыг харах, дүгнэх боломжгүй” гэнэ. Тэнэг хүн бол “Аанхан, тэгээд чи Власовыг өмөөрч байгаамуу, тээ? Тэгэхээр чи урвагчийн талд юм байна, тээ?” гэнэ. Өргөн харж, гүн сэтгэж, байж болох бүх өнцгөөс үзэхийг оролдож, дүгнэлтээ дахин дахин цэгнэж, ухаанаа хөгжүүлж байгаарай. Яагаад гэвэл ухаантай хүн л жаргалтай байдаг учраас тэр.Михаил Веллер Чи ухаантай бөгөөд жаргалтай хүн юм шүү.
үлдсэн
Тэр нэг удаа шүүгээнээсээ өөрийнхөө хөргийг олсон байх...Таг дөрвөлжин толгойтой, тас майжгий хөлтэй, хялар эсвэл долир нүдтэй, хацар дээрээ хамартай өөрийнхөө зургийг тэрээр хайлан уяран үнсээд “Энэ бол миний хамгийн гоё зураг!” гэсэн байх даа. Тэр маш азтай. Яагаад гэвэл өдөр бүр шүүгээнээсээ, ширээн дээрээсээ, хувцасныхаа халааснаас хамгийн “үзэсгэлэнт” зургуудаа олсоор байдаг. Тэр цэцэрлэгийн багш юм. Сайхан шигээ бас хэцүү энэ хөдөлмөр түүнд өөр лүүгээ очих зам нь болж өгч байгаа учраас тэр азтай. “Хэрэв чи эргээс хөдөлж, холдож, бүр нүдэнд үзэгдэхгүй болтол нь алсрах эр зоригийг дотроосоо олохгүй бол хэзээ ч далайг гаталж чадахгүй” гэж агуу Кристофер Колумбын хэлсэнчлэн хуучин өөрийгөө тав тухтай нь хамт эрэг дээр орхин гарахдаа тэр минь нулимсаа арчсаар дотор охиноо олохоор, сэтгэлийн далайг гатлахаар одсоныг би мэднэ. Өнөөх гайхамшигт сод хөргийг бүтээгчдээс дотор охиноо хайсаар, олсоор яваа түүний минь бүтэн түүхийн нэгэн бүлэг энэ дэлхий гариг дээр, энэхэн цаг хугацаанд өрнөхдөө олон олон зүрхэнд гэрэл асаасаар байгааг би бас мэднээ.Танилц: Болор, ээж, эхнэр, охин...
үлдсэн
Хэрэв та автоматаас худалдан авч байгаа бол таны гар дээр ирэх кофены хэмжээ, чанар нь тэр машины чадал, кофены үрийн чанараас хамаарна. Таны ямар хүн байх нь энд огт хамаагүй. Харилцаанд ч гэсэн яг адилхан. Тантай хэн хэрхэн харилцаж байгаа нь тэр хүний соёл, ил далд ухааных нь агуулах, сэтгэлийн цаг агаараас нь хамаарна. Тэр хүний уур, баяр, жаргал зовлонд зөвхөн та хамаатай биш. Салан тусгаарлал гэдэг бол “Би өөрөө ойлгож, мэдэрч, ухамсарлаж байгаа”-г хэлнэ. Харин салан тусгаарлаагүй байна гэдэг бол хүний үйлдлийг өөрийн гавъяа эсвэл өөрийн гэм буруу гэж хүлээн авахыг хэлнэ. Кофе чанагчийн товчийг та яаж ч дарсан, биеэ яаж ч авч явсан, түүнд дуулж бүжиглэж өгсөн ч, эсвэл хар хүчээрээ өшиглөсөн ч ямар ч хамаагүй, түүнийг яаж тохируулсан байна, тэр хөтөлбөрийн дагуу л, яг тодорхой хэмжээтэй, тодорхой чанартай кофе гарна. Хүнийг ойлгоё гэвэл энэ жишээг хүн дээр шилжүүлээд л ойлгочих. Таныг яаж ч чардайсан хүн өөрт байгаа хөтөлбөрийн дагуу л танд хариулна. Харин кофе чанагчаас ялгаатай нь гэвэл тэр өөрчлөгдөж болно. Цорын ганц тохиолдолд. Хэрэв өөрчлөлт түүнд хэрэгтэй бол. Анна ПаулсенҮүнийг ойлгох амаргүй шүү гэдгийг хэлэх гэж нуршуу удиртгал бичлээ. Харин энэ амаргүйг ойлгох замдаа гарсан хүмүүсийн нэг нь Сола минь билээ. Сургалтанд суусан, лекц сонссон хүн бүр зам дээр хөл тавьдаггүй юм. Аанхаан, ийм нэг юм байдаг байх нь, гоё юмөө гээл хөндлөнгөөс хараад, кофе уунгаа хараад, гоё амьдралыг мөрөөдөнгөө хараад л суудаг. Харин хийдэггүй. “Шархны лент шалтгаан хоёрыг хаа ч наачиж болно” гэдэг шиг “Би завгүй, энэ СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ээр замнаад байгаа хүмүүс завтай, би боломжгүй, боловсролгүй, хүчин чадалгүй, ухаангүй, азгүй, сайн нөхөргүй, томоотой хүүхэдгүй...” гээд ертөнцөд байж болох бүх шалтгаануудыг өөр дээрээ битүү наачихдаг. Харин замд гарагсад энэ наалтуудыг хуу татаж хаяад, хэдэн хүүхдээ үүрч, хэдэн ажлын дунд эргэлдэнгээ хэдэн үеийн амьдралын зохиолын хөтөлбөрийг засч, шинэ тохиргоо суулгах цоо шинэ мэргэжлийг эзэмшсээр явдаг. Энэ бол “Аз жаргалын үйлдвэрлэл” юм. Ямар ч цагт, ямар ч нөхцөлд, ямар ч шалтгаанд үл торон аз жаргалыг үйлдвэрлэсээр яваа Соладаа чиний гэрлээр жаргалын эх газрыг олж яваа олон ээжүүдийн өмнөөс баярлалаа. Өөрөө бороо, нар, тэнгэр болсон СОЛОНГО минь. Сэтгэлийн байгалийг эзэмдэн яваа шидэт дагина чамдаа хүний байгалийг эрхшээх дээдийн увдисыг ерөөе.
үлдсэн
“10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.Аль ПачиноБид бүгдээрээ мартамхай. Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно. Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм. “Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй. ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.
үлдсэн
Сэтгэлийн өндөр подкастыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.
үлдсэн
Шийдвэрлэх тоглолтын өмнө гоцлол бүжгэн жүжигчдийн пуантанд шилний хагархайнууд хийж байсан түүх дэлхийн бүх театрт бий. Хувцасны өлгүүрийн эмэгтэй тэрийг хийдэггүй. Тайзны алба, хөгжим анги, үзэгчдийн танхим хамаагүй. Зөвхөн адил ашиг сонирхолтой нэг ангийнхан: бусад балетчид л ингэсэн байдаг. Арай амжилтгүйчүүд, юугаар ч юм дутуучууд л хийдэг. Суут зохиолчийн нэр дээрх ховын бичгийг зохиолчдын эвлэлийн хорооны жижүүр, гуанзны зөөгч, эсвэл уншигчид хүргээгүй. Өөр нэг зохиолч, жаахан түүхий нь л бичсэн байдаг. Хүмүүс одоо л ийм болчихсон юм биш ээ. Эртний Грект Олимпийн наадмын өмнө хар тугалган дээр сийлсэн хараал-дефиксионыг нэг тамирчинд нөгөө тамирчин л зориулдаг байсан. Манай эринээс 600 жилийн өмнө шүү! Дэлхийн мисс, фэшн шоу, урлаг спортын шалгаруулалтууд дээр юу болдгийг бид төсөөлөх ч гүй. Бүх юм дууссаны дараах уулын оргил дээрх сүүлийн агшныг л бид хардаг. Харин далайн харанхуй гүнд мөсөн уулын ёроолд авьяас хэцүү, ухаан хатуу, хат гачуу, гоо үзэсгэлэн дутуу-нэг үгээр буян дутуучууд яг тэр урлаг спортоосоо л өөр юуг хийцгээж байдгийг бид мэдэхгүй ээ. Энэ бол хорвоо юм. Атаархал, айдас, муу муухай бүхэн үүддэг дутуугийн тэр ёроолоос оргил хүрэх зам бас яггүй шүү. Гэвч болдог л юм. Пуантаа эсвэл гадсан өсгийтөө сайтар сэгсрээд, хөгжмийн болон бусад зэмсгээ болгоомжтойёо шалгаад, Сальеринуудын сарвайсан цомтой дарсыг амсахгүй байх. Илүү зөөлөн, илүү уран, илүү чадварлагаар илүү сэтгэж, илүү бүр маш илүү хөдөлмөрлөх, илүү тэвчих, илүү сахих... Ингэж чадсан гайхамшигт нэгэн эмэгтэй өнөөдөр Гоодалийн хойморт мориллоо. СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч Баянсангийн Ганзул.
үлдсэн

Удаан хугацаанд хямралын төлөвт амьдарсан хүнд тэндээс гарах нь бас нэгэн зүйлийн хямрал болдог.Хүндээр өвдөх үед тэрхүү бэрх нөхцөл байдалд дасан зохицож, өвчинтэйгөө хамт амьдарч сурахад туслах “өвчний матриц” тархинд үүсдгийг академич Наталья Бехтерева нээсэн юм. Биеийн өвчин эдгэхэд энэ матриц дагаад цугтаа алга болчихдоггүй учраас бүрэн эдгэрэхийн тулд үүнийг ч бас эвдэх хэрэгтэй болдог байна.Сэтгэл зүйн хямралын үйл явц ч яг адилхан.Хэрэв хүн дайсагнасан орчин, тарчиг ядуу нөхцөл, сүйрүүлэгч харилцаанд урт хугацаанд оршиж байсан бол тэдгээр асуудлууд явсан ч сэтгэл дотор өнөөх айдас түгшүүр, гуниг зовуурь үлдэж хоцордог.Бид зовлондоо дассан байдаг. Зовлонтойгоо барьцалдан ургаад, зовлонгүйгээр амьдарч чадахгүй болсон байдаг.-Би уурлаагүй ээ. Би зүгээр л… гэж сонсох бүрийдээ энэ “зүгээр л” гэдгийн цаана гаргаж амжаагүй уурын бүхэл бүтэн эзэнт гүрэн газар доор нүргэлэн буйг би анирддаг. Хүүхэд байхад илэрхийлж болдоггүй байсан, хэрэв ил гаргавал шийтгэдэг, бүгд нүүр буруулдаг, зэвүүнээр доторлон чимхээд “Битгий орилоод байгаач, ээжид чинь тэртэй тэргүй хэцүү байхад” гэж шүд зуун сийгүүлэхэд нь тэвчиж, тэсэж, үүрч дүүрсээр яваад бидний нэгэн хэсэг болсон тэр уур.Амьдрал тэгширч, азтай гэрлэсэн ч яаж ийгээд зовлонг олсоор, өдөр бүр өнөөх эзэнт улсынхаа цайзыг босгосоор байдаг. Зүрхээ бутлан тээрэмдсээр, улаан тоосыг нь нулимсаараа зууран тоосго тоосгоор нь өрсөөр... Хэчнээн шилтгээн, орд харшийг сүндэрлүүлсэн гээ.Одоо боллоо, хангалттай!Зовлонгийн матрицыг эвдэх цаг ирлээ.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Уур...

“Тав тухын бүсээс гар л гэх юм, эхлээд тийшээ чинь орчих юмсаан” гэх хошигнол хөөрхөөн хөөрхөн. Тав тухын бүс гээчийг ойлгохгүй байгаа ч хэл хурц, цус шингэн нөхдийн цаг завтайдаа цэцэрхэж байх мөчүүдэд сээтэгнэн инээд алдах улаа бутарсан эрвээхэйнүүд бас хөөрхөн. “Таалагдсан эрийнхээ шог ярианд хамгийн их инээдэг” гээд бичсэн чинь “Үнэхээр инээдтэй байгаад инээчихвэл хэрэгт орчих юм байна л даа” гэцгээсэн харагдана лээ. Хуруу төдий нь хүрч байна гэж бодохоос сэжиг гоождог хүнийхээ хэтэрхий инээдтэй үгст хэр инээж байгаагаа харчихаарай, өөрсдөө.Хадуурсан яриандаа эргэж ороход, тав тухын бүс гэхлээр л санхүүгийн дэрнүүдтэй торгон асар, гоо сайхны мяндсан тансаглал, хаалттай зэрэглэлийн цэнгэл биш юм аа. Энэ бол хүн бүхэнд ижил харагддаг эд юмс биш, харин тэдгээрийг хүртэгч этгээдүүдийн маш нарийн түвшний мэдрэмжийн илэрхийлэл юм.Хэн нэгний хувьд өөрийг нь байнга дорд үзэж доромжилдог харилцаа тав тухын бүс болж болно. Түүнд хэзээ ч хариуцлага оногдуулахгүй учраас тэр эндээ жаахан хүүхэд шиг загнуулаад сууж байхад л болоод явчихна.Үнэлдэггүй ажил дээрээ өөр нэг нь тухтай байдаг байж магад. Үнэлүүлэхийн тулд нухацтай санаачилга гаргах хэрэгтэй, цаашлаад зах зээл дээр, өрсөлдөгчдийн өмнө чанга дуугарч тэрийгээ батлах ёстой, бүр өөрөө өгөр толгойгоо даагаад нэг юм эхлэх болно, төвөг шүү дээ, явж явж. “Муухай газар, шунахай дарга” гэчихээд л нүдэнд орсон хог царайлаад явж байх шиг амар юм хаа байна?Яг үүн шиг: ядуурал, хамаарал, донтолт, өөрийгөө тамлан байж ах дүүсээ тэтгэх, хуурагдан хамт амьдрах, эцэг эхээсээ салж чадахгүй байх зэрэг бол тав тухын бүсүүд юм өө.Харин ул шалнаас нь салгаад, өнөөх санхүүгийн дэрнүүдтэй торгон асарт залчихвал насаараа үгээгүй байсан хүнд бол дээд зэргийн тухгүй болчихно. Ингэж байж байгаад энийгээ буцаагаад авчихвал яана, ерөөсөө энэ занга байх, намайг нухах гэж байгаам биш биз, одоо бүх хүн надад атаархана… гээд л шаналж гарна, эвий.Намган дээр торгон асар өөрөө босохгүй. Хэрэв доор нь нефть байдаггүй л юм бол. Хэрэв нефть байгаа бол өрөмдөх л хэрэгтэй болно. Өрөмдлөг ч бас тухгүй шүү, тээ?Харин баян бөгөөд том байхыг хүсэж байгаа бол баярлаад л ухдаг газар даа.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Өнгөнөөс гүнд...

Чамайг өөр лүүгээ нүүж эхлэнгүүт олон хүн чамаас явна.Эрх чөлөөгүй байдал, гарын доорх чиний эвтэйхэн байрлал тав тух нь болж байсан хүмүүс чамайг өөртөө үнэнч болоод ирэнгүүт чамаас явна.Юугаа ч өөрөө сонгодоггүй, шийддэггүй, юундаа ч хариуцлага үүрдэггүй амьдрал чинь яг юунаас бүтэж байсныг үзэх мэлмий чинь нээгдэнгүүт ёстой хараагүй байсан нь дээр байж дээ гэмээр олон гашууныг чи нүд хорсгон нээнэ.Чам дээр хамаг бурууг манипуляцийн эмээл мэт тохон мордоод, өрийн морь шиг талхидаг байсан хүмүүс унуулахаа болингуут чинь сонирхохоо болино.Чамайг асааж унтраадаг байсан удирдлага нь эвдэрчихлээ гэж ахиад хэсэг загнана аа, нөгөөдүүл. Харин чи урьдынх шигээ тэрийг нь засахаар ухасхийхгүй.Чи хайрыг худалдан авахаа больсон. Бас зарахаа ч байсан.Сайшаал шагналын төлөө унаж тусан гүйхгүй, иллэгийн төлөө хүчин зүтгэхгүй болсон.Харин голд чинь шигдчихээд “Хөөе, урьдынх шигээ тааваараа тавтай амьдаръя л даа, энэ хувьсгалын эргүүлэгт чинь зутраад байна шүү дээ” гэж дотроос маажлах жинхэнэ дайснаа чи олсон. Эгцлэн харахын төдийд сарнин замхрах тэр дайсантай цуг айдас чинь бас ууршиж байгааг мэдрэх нь олон жил төөрсний эцэст арайхийн санасан гэртээ харих зам мэт ямар сайхан гээ?Бусдад байх хэрэггүй ээ.Зөвхөн өөртөө л байхаар шийдээд ГЭРЭЛТ СҮҮДЭР®-ийн луужинг бариад гэр лүүгээ хөдөлсөн та нартаа баярлалаа.Гэрээ тэмцсэн сэтгэлүүд минь.Нутгаа тэмцсэн морь, үрээ тэмцсэн эх гэх энэ хэллэгийг би сүүлийн үед олж хараагүй. Гэвч тархинд минь энэ утга тэсэн ядан булгилж байдаг. Эдгэрлийг тэмцсэн сэтгэл, гэрлийг тэмцсэн оюун!Эдлүүлэхээ больсон болохоор өрөөлд сонирхолгүй болсон, өөрийгөө л судалдаг болсон учраас ганцаар үлдсэн, хайрын наймаанаас татгалзаж, гэрлээ асаасан хэдэн сэтгэл гэрээ тэмцэн замд гарлаа.Сэтгэлийн гэр лекц©

Миний хүү цэрэгт явахдаа надад нэг хайрцаг хадгалуулсан юм. “Ээж ээ, нууц юм байхгүй ээ, таны надад хийж өгсөн зургийн цомгийг орхиж байгаа юм. Цэрэгт хүмүүс үзээд дэмий байх. Зүгээр л, танд байж байвал санаа амар гээд аваад ирлээ” гээд өгснийг нь би номын сандаа хийгээд мартсан. Харин өнөө өглөө хүүгээ санаад нөгөө хайрцгийг нээлээ.Хэн нэгэнтэй хамт бүтээсэн дурсамж бололтой хос тасалбарууд, хоолны баримт, хүүхдийнх шиг бичигтэй зурваснууд, хүүгийн минь нэрийг хатгамалдсан энгэрийн алчуур.Миний хүүдээ зориулсан дэвтэр хамгийн доор нь байна. Авч явахад авсаархан жижиг мөртлөө зузаан цаастай дэвтэр гээд л хайсаар явж их дэлгүүрээс олоод учиргүй баярлаж байж билээ. Дээр үеийнх шиг зургаа цавуудаж наагаад энд тэнд нь юм бичиж, зураг зурж, элдэв наалт гоёлоор чимсээр “Ээжийн эрхэм хүүгийн зурган нандин намтар”-ыг хэдэн сар бүтээсэн сэн. 9-р ангидаа өөр хотод сурахаар явахад нь анх бэлэглээд, дараа нь зураг дурсгал нэмээд явдаг болсон нь энэ.Ямар азаар би гурван хүүхдэдээ ийм цомог өгье гэж шийдэв ээ, яаж тэр санаагаа бас гүйцээв ээ гэж өөртөө хязгааргүй баярладаг юм. Цомгоо буцааж хийх гэтэл хайрцагны ёроолд дөрвөлжин шугамтай дэвтрийн нугалсан цаас байна.“Би ээж шигээ охинтой гэрлэнэ. Тэгээд түүнийгээ аав шигээ хайрлана” гээд миний муу хүү сарайлган бичсэн байсан. Муухай гэж миний голдог байсан тэр бичгийн хэлбэр ертөнцийн хамгийн сайхан уран бичлэгээр зүрхэн дээр минь угалзран, харамсаж гэмшиж, халаглан уулгалсан амьдралын минь он жилүүд очирын бороо болон нүднээс минь асгарсан.Энэ бол шинэ жилийн минь эхний ёслолын буудлага байлаа.2026 оны 1 сарын 1-нд сэтгэлийн их үйлсээ эхлүүлэх гоодальчууд маань бүр 2027 оныхоо шавыг ч үүгээрээ бас тавиг!ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Миний хүүхэд хэцүү лекц©

Охины 16 насны төрсөн өдрийн бэлгийг бас шинэ жилийнхтэй хамтатгаад далайн аялалд явсан юм. Нэг өдөр автобусаар нэлээн хол явж усан парк орох болов. Хоёулаа инээлдэж аальгүйтээд л явж байснаа нэг цүнхээ орхисноо гэнэт саналаа даа. Охин авахаар буцан гүйж, би автобусны буудал руу явав. Автобус ирлээ, охин байдаггүй. Би жолоочид нь түр хүлээгээч гэж хэлээд нэмэргүй, хөдлөөд явчихав. Охин амьсгаадсаар ирж, бид хоёр ахиад бүтэн цаг нэг кафед суусан юм.-Яагаад удав аа, миний охин?-Ээж ээ, өрөөний үүдэнд нэг том цох дээшээ харчихсан хэвтэж байхлаар нь эргүүлээд тавьсан. Тэгсэн чинь явж чадахгүй, ахиад л дээшээ харчихсан. Ингээд орхичихвол үйлчлэгч ирээд соруулчихна, эсвэл хүн харахгүй гишгээд алчихна гэж бодоод гэр лүүгээ орж цаас аваад нөгөөхөө гаргаж модны доор тавилаашдээ.Миний дуртай шингэн шоколад асгасан цөцгийтэй бөмбөлгөн зайрмагаар жаргангаа бид хоёр Оппенхеймер оскар авах ёсгүй байсан, Милгрэмийн тогоор цохиулдаг туршилтанд хэрэв бид орсон бол яах байсан, “Бөгтөр уул”-ын дараа ижил хүйстнүүдийг адлан гадуурхах явдал эрс цөөрсөн талаар ярилцав.Анх “Киви” хүүхэлдэйн киног үзчихээд учиргүй хямарч, яагаад ингээд гуниглаад байгаагаа хэлэх гээд чадахгүй эхэр татан уйлж байхдаа дөрөвхөн настай байсан охин минь. Ах нь бас хэлд нэг муухан орсон үедээ “Том Жерри хоёр”-ыг үзээд уйлаад байдаг байж билээ.-Яав ээжийн хүү? гэхлээр-Томыг битий, тэх үү? гээд л байдаг сан.Бага хүү минь цэрэгт хахир өвлийг дажгүй давсан мөртлөө зунжин намаржин ярих бүртээ л хоолой нь зангираад байдаг байсан. Халагдаад ирснийх нь дараа асуутал “Заставын морьд гэж өрөвдмөөр амьтад байдаг. Нурууг нь авчихсан. Зуны сүүлээр тэр шархан дээр нь ялаа батгана шаваад хөөрхий амьтад зовоод байхад л уналга ачилганд явуулаад байхыг харж чадахгүй, тэгээд даргын тушаалыг дагахгүй байж болохгүй, өөрөө ачааг нь үүрээд морио хөтлөөд явган явдаг байсан…” гэж билээ.Өр зөөлөн байна гэдэг бол хамгийн тод гэрэл юм.Охин бид хоёрын хоцорсон автобус осолд орсон байсан.Тэр цох биднийг аварсан.Үгүй ээ, тэр цохыг орхиж түвдээгүй сэтгэл аварсан юм байна.Өөртөө аврал болоорой.ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн арал!Гэрээ гийгүүлье цомог©

Хүүхэдтэй болсноосоо хойш жил бүр гацуураа засахдаа шинэ дурсамж бүтээх сэн гэж би хичээдэг байв. “Би л уран сэтгэмжтэй болохоороо, би л чухам урлагийн хүн учраасаа…” гээд л боддог байж билээ. Гэтэл ээж минь хамт байгаа мөч бүртээ дээдийн сайхан дурсамжийг бүтээж үлгэрлэдэг хүн байсан юм байна лээ.Өглөө сэрэхэд, өдөр хичээлээсээ ирэхэд, баяраар, төрсөн өдрөөр, эгэл жирийн өдрүүдээр хаа л бол хаа, зурвас бичээд орхисныг нь нээх бүртээ зуны ойд бутан доороос гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө олох мэт хязгааргүй их баярладаг байж билээ.Зайрмаган хэлбэртэй бор цаасан уутан чимэглэлд бид жил бүр хүслээ, талархлаа бичээд хийдэг байлаа. Хүслийн самбар л гэсэн үг. Тэгээд дараа жил нь гацуураа дэлгэхдээ тэднийгээ гаргаж уншаад, яахаараа бүр яг ингэж биелдгийг нь гайхан баясан баярладаг юм.Охин минь багадаа “Ориг Air Jordan-тай болмоор байна” гэж бичсэн юм байж. “Хоёр агаа минь зун ажил хийж олсон мөнгөө нийлүүлээд интоортой эйржордан авч өгсөнд баярлалаа” гээд том том үсгээр сарвайтал бичсэн бага ангийн хүүхдийн захиа. “Биднийг эрүүл өсгөсөн юм байна гэдгийг сая л ойлголоо, ээж ээ” гэсэн ахлах ангийн хүүгийн бичиг. “Аав аа, ээж бид хоёрт таны авч өгсөн чихэртэй хос бөгжиндөө дуртай” гэсэн охины чатны гэрэл зураг. “Хилийн баганын дэргэд зогсож байхад чиний дотор төрж байгаа тэр мэдрэмж хамгийн үнэ цэнтэй шүү” гэж хойд хилийн заставт цэргийн алба хаагаад ирсэн ах нь монгол улсын хамгийн зүүн урд цэгийг манаж буй дүүдээ бичсэн захидал. “Би та нартайгаа маш их ярилцаж байх болноо” гэсэн нөхрийн зурвас. “Агаа намайг Playtime дээр задгай юм өмсөж болохгүй гэсэн”. “Ээж ээ, та дүүг буруу ойлгоод байна”. “Бүгдээрээ аавыгаа яаж баярлуулах вэ?”. “Өвөөгийн хамгийн дуртай юм нь”...Сэтгэл сэтгэлээ өвтгөхгүй байх нь өв хөрөнгө юм.Нэг нэгнийхээ эмзэг газрыг нийлэн хамгаалж байх нь гал голомт юм. Бие биедээ үлдээсэн энэ л нандин дурсамжууд бол гэрийн даллагын уут юм. Цусан ах дүүсийн биесдээ сонсгодог үг бол ирээдүйн бошго юм. Үр хүүхдэдээ ээж аавын үзүүлдэг зүйлс бол ханийн тэнгэрийн дуудлага юм.Нэг нь нэгнийхээ дотор үүсэн бүрэлдсэн, адил гентэй, адил бүтэцтэй, нэг гэрт, нэг өрөөнд, нэг оронд хамт амьдардаг хүмүүсийн нөлөөллөөс илүү хүч гэж үгүй.Үр хүүхдийнхээ хувь заяаг хичнээн мэргэн түргэн, нэртэй чадалтай ч гэсэн санаа муутай, явдал султай хүний муухай түүхий амаар тамгалуулах хэрэггүй.Энэ мөчөөс эхлээд үйлээ үнэн байлга. Ирээдүйн чинь код учраас. Амаа ариун байлга. Хэлсэн бүхэн чинь шившлэг гэхээр.Сэтгэлээ бүр ч чандлан чагна. Бодол бүр чинь ерөөл эсвэл түлхүүр болохоор. ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний гоо даль!Хайр байдаг уу? лекц©