Ц.Амгалан: Би маш уйтгартай амьдралтай

Ж. Мандхай. Уйлж байгаа зурагнуудаа facebook хуудсан дээрээ тавьдаг хүн бараг байхгүй. Хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичиж байсан?

Ц. Амгалан. Тэгэлгүй яахав, толгой бүрийн тоогоор ондоо харц үзэл байгаа юм чинь. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийн судалгааны курсийн ажил дээр би өөрийн постын доорх сэтгэгдлүүдийн харьцуулсан судалгааг хийж байсан. Өчигдөр миний хуудсан дээрээ тавьсан “Шулмын хүүтэй суух гэж буй охидод” гэсэн бичлэгийн доорх хандлагыг би судалгаандаа авч үзэж байсан. Тухайн үед хандаж буй хүмүүсийн 70% нь эмэгтэйчүүд байсан. Сөрөг коммент бичиж байгаа хүмүүсийн 90% нь бас эмэгтэйчүүд. Гэтэл бичлэгийн гол санаа нь эмэгтэйчүүд жаргалтай байхын тулд өөрсдөө сонголтондоо хариуцлагатай хандах, өнөөдрийн харалган үйлдлээр үр хүүхдийнхээ ирээдүйг муу ёрлон нэрлэхгүй байх тухайд байсан. Ингэж зоригтой дуугарч, эмэгтэйчүүдэд хэрэгтэй зүйл хэлж байгаад талархах хүмүүс ч байсан. Хүмүүс алив мэдээллийг өөрөөрөө л хэмждэг.

Хүн хэзээ ч бусдын тухай ярьдаггүй, дандаа өөрийнхөө тухай л ярьж байдаг.

Бусдын тухай юу ярьж байгаагаар нь хүний хэн бэ гэдгийг уншиж болно. Уйлах хэрэг их хийсэн хүн, зовлонтой хүн, хохь чинь гэж хэлэх хүмүүс нь олон. “Гандан явахаар их нүгэл хийгээгүй” гэж ярих хүнийг би сонсч л байсан. Их нүгэлтэй болохоор наманчлаад, уйлаад байгаа хэрэг биш ээ. Орчлонгийн жам ёсыг эдлэн яваа эмэгтэй тавиланг бодохоор уйлахгүй байхын аргагүй л байдаг. Олон эх үрс, эцэг хүүхдүүд хоорондоо үл ойлголцож, хоёр газарт хоёулаа энэлж байдаг.

Мөчир нахиа нь үндэс ёзоортоо гомдож, би ээж аавтайгаа харьцахгүй гэчихлээр өөрийн эх ундаргаа тастдаг. Эрэгтэй хүнд эмэгтэй эхлэл байдаг, эмэгтэй хүнд ч эрэгтэй эхлэл байдаг. Хэрвээ нөөц потенциал гэж зүйл байдаг бол тэрнийхээ 50%-ийг нь үгүйсгэж, ашиглахгүй хаяж байгаатай адил.  Гэвч засаршгүй юм гэж үгүй учраас эх үрс эвлэрч байгаад, түүнд би бага боловч тусалж байгаадаа бас баярлахгүй байхын аргагүй.

Ж.М. Амьдралд энэ нь яаж илэрдэг вэ? 

Ц.А. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй нөхөртэй, найз залуутай болдог доо. Бэлгийн харилцаанд ороод байдаг мөртлөө амьдрал дээр ганцаарддаг, айдаг, ар талгүй, хамгаалалтгүй байдлыг мэдэрдэг. Биологийн хувьд эцэгтэй ч сэтгэлзүйн хувьд эцэггүй байсны харгай ингэж илэрдэг. Эцэг гэдэг хамгийн түрүүнд өмгөөлөл, хамгаалал, эцгийн алсын хараанд, өөрийн аюулгүй байдалд итгэсэн хүүхдийн итгэл л юм. Энэ мэдрэмжийг эсвэл эсрэг мэдрэмжийг авах гээд сантехникч эсвэл эрдэмтэн байна уу ялгаагүй ерөнхийдөө нэг хэв шинжийн хүнийг л сонгоод салж нийлээд явдаг. Энэ сэтгэлзүйн тусгалыг засаагүй цагт яг тийм л хүнтэй учраад байна.

Ж.М. Өөр хүнтэй учрах боломжгүй гэж үү?

Ц.А. Эгэл, энгийн хүнийг юмтай, сумтай гээд харин оньсого шиг ойлгомжгүй  хүнийг “күүл” гэлцдэг. Өөр мэдрэмжийг өгөх, жишээлбэл, итгэлтэй, буурь суурьтай, халамжтай хүнийг тоохгүй. Тэр мэдээлэл байхгүй бол тийм хүнтэй харилцахгүй, өөрт ямар мэдээлэл байна тэрийгээ батлах хүнтэй л зууралдана. Тэгэхээр үргэлж хаягдаж, хуурагдаж явдаг бол эр хүний талаарх анхны мэдээллийн сан болсон аавынхаа тухай төсөөлөл-хөтөлбөрийг өөрчлөх ёстой. Оюун сэтгэлийн дотор байгаа аавын суулгасан кодыг өөрчилнө гэсэн үг. “Чи юу ч биш, чамайг хайрлах аргагүй, эр хүн өөдгүй, адгийн амьтан байдаг юм” гэсэн кодыг. Тренинг маань ийм л юм хийдэг.

Ж.М. Хэрэв зөв мэдээлэлтэй бол…

Ц.А. Эр хүнтэй байна л гэсэн үг шүү дээ. Эрэгтэй хүнтэй бол чи юунаас ч айхгүй гэсэн үг. Ядуу, ажилгүй, ямар нэгэн хүнд нөхцөлд байж болох ч гэхдээ би ганцаараа биш, миний хажууд эр хүн байгаа юм чинь учрыг нь олж л таарна, миний хүүхдүүдэд аюул учрахгүй, орон байрны асуудал хэцүү байсан ч гудамжинд гарахгүй, би өвдөөд үхчихсэн ч аав нь үлдэх юм чинь гэсэн итгэл.

 

Ж.М. Гэтэл эмэгтэйчүүд маань аймшгийн нөхцөлд тэсээд л амьдраад байдаг. 

Ц.А. Тэр хүнд эр хүнтэй байгаа мэдрэмж байхгүй  ч гэсэн өөр мэдрэмж байж болно шүү дээ. Хүн юугаар дүүрээд байдгийг бид гаднаас нь мэдэхгүй шүү дээ. Эдийн засгийн хувьд хангадаг мөртлөө эхнэр хүнийх нь хувьд аз жаргалтай байлгаж чаддаггүй эсвэл эмэгтэй хүнийх нь хувиар хангалуун байлгадаггүй ч гэсэн өрх гэрийнхээ хамгаалал болдог ч юм уу, яг юугаар дутаагаад, юугаар илүүдүүлээд байгааг бид ёстой мэдэхгүй.

Ж.М. Тэгэхээр дугуй дугуйгаа олдог гэж үү?

Ц.А. Гарцаагүй. Тэд чинь адилхан болохоороо л нийлээд, харилцаа гэдэг тэргийг хөдөлгөөд явж байгаа, тэрнээс биш нэг дугуй нь том, нөгөө нь жижиг байсан бол харилцаа явахгүй шүү дээ. Нөхөр маань тийм гэж ярьж байгаа хүн чинь би ийм гэж ярьж байгаатай л адилхан. Эмэгтэй хүмүүс энэ үгэнд дургүй. Яавал би биед амар, нөхрөөрөө бүхнээ хийлгэж амьдрах вэ гэж боддог. Гэхдээ төлөөсөө төлнө хэзээ нэгэн цагт. Үнэгүй юм гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт чамаас ч манипулятор хүүхэн хүүг чинь дарамтлахыг үзнэ. Эсвэл охин чинь ийм болж нөхрөө чангална. Чангалуулсан хэн ч бай суларна. Нэг ёсондоо нөхрөө хэн ч биш болгоно. Чи үнэхээр ийм юмыг хүсч байгаа гэж үү гэвэл үгүй гэнэ. Гэтэл ийм үр авчрах юм л хийгээд байдаг.

Ж.М. Тренинг энэ бүхнийг засах боломжтой юу? 

Ц.А. Би өөрийнхөө бүтээлийг магтаад яахав, явсан хүмүүсийн постууд миний хуудсан дээр зөндөө байгаа. Аавтай эвлэрэхээрээ нөхөртэйгөө, хүүтэйгээ эвлэрдэг, ээжтэй эвлэрэхээрээ охидтойгоо, эмэгтэй хүмүүстэй, өөртэйгөө эвлэрдэг. Аав ээжээрээ дамжуулаад өөрийгөө л олоод байгаа хэрэг шүү дээ, тэрнээс тэр хүмүүсийг судлаад байгаа зүйл биш. Аав надад юу мэдрүүлж байсан бэ гэдгийн учрыг олно гэдэг чинь мэдрэмжээрээ дамжуулан өөрийгөө барьж авах гээд байгаа хэрэг юм. Энэ мэдрэмжүүд өөрчлөгдөөд өөрийгөө хүлээн зөвшөөрчихөөр надад амьдрал амар болно гэсэн үг. Насаараа бусдыг өөрчлөхийн төлөө хийсэн тэмцлээ зогсоохоор тэр энергиэ өөрийгөө бүтэн болгоход зарцуулна гэсэн санаа.

Ж.М. Болохгүй байгаа ч гэсэн тэсээд амьдарсан дээр гэсэн санаа яваад байна уу?

Ц.А. Санаанд таарсан хүн олдохгүй юм чинь таарахгүй хүнтэй хамт амьдаръя гэдэг чинь зөв үү? Хоол олдохгүй бол хор идье гэж үү?

Ж.М. Хүнийг таних амаргүй л дээ…

Ц.А. Хүмүүс алхам тутамдаа мэдээлэл өгч байдаг шүү дээ. Тэгэхэд бид дөнгөж өнөөдөр орчлонд төрчихсөн юм шиг юм яриад байдаг. Тэр намайг хуурсан, тэр намайг тэгчихлээ гээд энэ ертөнцийн 8 тэрбум хүн үргэлж үнэнийг ярина гээд өөрийнх нь өмнө сөгдөж суугаад андгай тангараг өргөчихсөн юм шиг сэтгэдэг. Өөрөө хуурагдахгүй байхын тулд хүн гэдэг амьтныг таних эрдэмтэй байх ёстой шүү дээ. Амьдралын цор ганц хууль “Юу тарьсан түүнийгээ хураана” гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Нэг талаас амьдрал тодорхойгүй байдал боловч нөгөө талаас маш тодорхой.

Өнөөдөр чамтай тохиолдож байгаа зүйлс чамайг хэн явсныг хэлж өгч байдаг.

 Өнөөдөр хийж байгаа зүйлс чинь ирээдүйд чамд юу тохиолдохыг хэлж өгч байдаг. Гэтэл бид юунд найдаж байна аа? Энэ бүхнийг зохицуулагч нэг нөхрийг аргалчихнаа л гэсэн сохор найдвартай хүмүүс олон байх шиг. Өөрөө явдал муутай байж  үнэнч байх талаар хүүхдэдээ ярих биш өөрөө үйлдэж, өөрөө өөрчлөгдөж байж өв сангийн дамжуулалтыг өөрчилнө. Хүнийг таних цагаан толгойг учиргүй дээд түвшинд биш юмаа гэхэд үсэглээд ч болов уншихтайгаа баймаар байна. Сэтгэлзүйн бичиг үсэгт тайлагдмаар, анхан шатны амьдралын боловсролыг олж, сэтгэлийн атрыг эзэмшмээр байна даа бид.

Ж.М. Энэ асуудлынхаа араас явж байгаа хүмүүс цөөхөн л байх шиг байна.

Ц.А. Үеийн үед ховор байна. Гэвч олонхид орлоо гээд муу гэсэн үг биш. Тэр хүн жаргалтай л байгаа бол, сэтгэл хангалуун байгаа л бол ямар ч сургалт, лекц хэрэггүй. Хэрвээ хүн жаргалгүй, сэтгэл хатгасан асуудалтай байгаа бол тренинг нэг төрлийн шийдэл шүү гэж би хэлж байгаа болохоос биш зөвхөн энэ тренингт хамрагдаад бүх зүйл илбээр сайхан болчихгүй.

Ж.М. Өөрийгөө тоодог хүнд бол нэг үзэгч хангалттай. Би өөрөө өөрийнхөө үзэгч гэж та хэлж байсан. 

Бурхан гэж яг байдаг уу гэж надаас асууцгааж л байдаг. Би мэдэхгүй. За бүр байхгүй ч байг гэж бодоход, Бурханы сургаалд итгэснээрээ би олон зовлонгоос салсан. Дандаа бусдыг буруутгаж, эсвэл бусдаар үнэлүүлэх, шагнуулах гэж горьдсон, гуйлгачин царайлсан авираасаа салсаар байгаа минь одоохондоо наддаа хангалттай. Би өөртөө алга нижигнүүлэн ташиж, урамшуулж, өршөөж, өндийлгөж байвал л болоо. Өөр үзэгч надад хэрэггүй. Өөрийгөө ойлгоод ирэхлээр бусдыг хайрлахгүй байхын аргагүй.

Ж.М. Эр хүнийг ойлгоод ирэхлээр…?

Ц.А. Орчлонгийн зовлон түгээмэл, хүний зовлон адил боловч эрэгтэй хүнд бас л эмэгтэй хүний адил өвөрмөц зовлонгууд байдаг. Бараг л ухаан орсон цагаасаа дэглүүлнэ, байнга татгалзсан, доромжилсон үг сонсоно, нөгөө талаасаа бүгд бүлтийтэл тойрч зогсоод үргэлж мундаг байхыг, үргэлж чадахыг, амжихыг шаардана. Тэр яг л над шиг дан хар, дан цагаанаас бүтээгүй, алаг хорвоогийн алаг үр. Гэтэл тэр ялагдах эрхгүй, уйлж болохгүй, муугаа үзүүлэх аргагүй, тэр төмөр хүн шиг, супермэн байх ёстой. Зарим талаараа эрэгтэй хүнд бусдаас нуудаг юм их байдаг.

“Нуусан бүхэн невроз болдог”

гэж К. Юнгийн хэлснээр бол олон эрчүүдэд далд хэлбэрийн сэтгэл гутрал байдаг байх гэж би таамагладаг. Хэрэв таны эр хүн танд айдасгүй амьдралыг өгөхгүй байвал цаашид харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь таны бүрэн эрх. Гэхдээ эр хүнийг яг тантай л адил гэнэт оргүй хоосноос гараад ирээгүйг нь санаж, хүний ёсоор хүндэтгэж байвал та өөрөө сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж байгаа том алхам шүү. Та ч гэсэн өнөөдөр арчаагүйдээ ингээд явж байгаа биш, санахгүй мэдэхгүй, харахгүй байгаа олон нөхцөл байдал, аав ээж эмээ өвөөгөө дуурайсан удмын бүтээл, өөрийн урьд өмнийн үйлдлүүдийн үр дагавар гэдгээ санаж бас өөрийгөө өршөөж, ертөнцийн харилцан хамаарал шүтэн барилдлагыг чадлынхаа хэрээр санаж явбал хүүхдэдээ өгөх хамгийн том өв хөрөнгө-үлгэр дуурайл болно.  Ингээд ирэхээр зурагтаа биш өөрийгөө л үзээд суудаг болно доо.

Ж.М. Уйтгартай болох нь ээ дээ? 

Ц.А. Яг тийм. Би маш уйтгартай амьдралтай. Зурагт үздэггүй, цахимаар хэсдэггүй, найзуудгүй. Маш олон газраар явдаггүй, олон зүйлийг хийдэггүй. Хөндлөнгөөс харахад ямар байгаагаа би мэддэг ч ийм болж байгаадаа өөртөө баяр хүргэдэг. Олон харилцаа, олон хүмүүс, олон үйлдэл явдалтай хамт миний бөглөөнүүд нээгдэж, баглаанууд тайларч, буглаанууд эдгэсэн. Энэ эдгэрлийг хүн бүр амсаасай гэж би зорьдог. Тренингийн нууц бүлгэмд бид өөрсдийгөө танилцуулахад би өөрийгөө “Би эх үрийг эвлэрүүлэх ажил хийдэг хүн” гэж бичихдээ намайг ийм ажил хийх нөхцлийг бүрдүүлж байгаа бүх хүнд, амьдралд, аав ээждээ талархдаг.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !