goodali logo

    Подкаст

    Бүгд

    Зөвхөн сэтгэл зүйч нарт

    “Харанхуй өрөөнд харах 2 арга бий. Нэг нь барьж байгаа гар чийдэнгээ тусгаад харах. Гэхдээ та шалаа харвал таазаа харахгүй. Эсвэл та унтраалгыг асаагаад өрөөг нэлд нь гэрэлтүүлж болно. Ухаантай ба тэнэг хүний ялгаа энд л байдаг. Тэнэг хүн оюундаа нэг мөчид нэг л бодлыг барих чадамжтай. Хэрвээ 2 бодлыг зэрэгцүүлж гэмээнэ тэр ухаанаа бүр гайхан бахадна. Ухаантай хүн бол мэдээллийн 4 суваг, тархины 150 тэрбум нейроны холбоосноос нэгэн зэрэг ажиллуулах хүчин чадалтай учраас завсрын өнгө, дундын бүс, эсрэгцэл, нэгдлийг хөдөлгөөн дунд нь харах чалхтай. Тэнэг хүн шалтгаан үр, хүчин зүйлс, нөхцөл байдал гэх мэтийг ойлгодоггүй: шууд л хэл, алийг нь алах юм, цагааныг уу, улааныг уу, чи манай тал уу, эсвэл дайсных уу л гэнэ. Эх орноосоо урвасан гэж дүүжлэн алах ялаар шийтгүүлсэн генерал Власов улаан армийн хамгийн шилдэг 99-р дивизийн удирдагч, алдарт 7-р сарын тулааны тэргүүнд тооцогддог 4-р механик корпусын жанжин, Киевийн хамгаалалтын шилдэг стратегич, Москваг хамгаалж байсан тухайн үеийн хамгийн шилмэл 20-р армийн командлагч байлаа. Түүнийг яагаад 2-р довтолгооны шугам руу шилжүүлсэн түүх бол тусдаа асуудал бөгөөд энэ бүхэн нийлээд ч түүний урвалтыг зөвтгөхгүй боловч чухам яг юу болсон талаар тунгаан эргэцүүлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. Ухаантай хүн бол “Тийм ээ, зөвхөн ганц хэсгээр бүтэн зураглалыг харах, дүгнэх боломжгүй” гэнэ. Тэнэг хүн бол “Аанхан, тэгээд чи Власовыг өмөөрч байгаамуу, тээ? Тэгэхээр чи урвагчийн талд юм байна, тээ?” гэнэ. Өргөн харж, гүн сэтгэж, байж болох бүх өнцгөөс үзэхийг оролдож, дүгнэлтээ дахин дахин цэгнэж, ухаанаа хөгжүүлж байгаарай. Яагаад гэвэл ухаантай хүн л жаргалтай байдаг учраас тэр.Михаил Веллер Чи ухаантай бөгөөд жаргалтай хүн юм шүү.

    Түүний номын дэлхий дээрх бүлэг...

    Тэр нэг удаа шүүгээнээсээ өөрийнхөө хөргийг олсон байх...Таг дөрвөлжин толгойтой, тас майжгий хөлтэй, хялар эсвэл долир нүдтэй, хацар дээрээ хамартай өөрийнхөө зургийг тэрээр хайлан уяран үнсээд “Энэ бол миний хамгийн гоё зураг!” гэсэн байх даа. Тэр маш азтай. Яагаад гэвэл өдөр бүр шүүгээнээсээ, ширээн дээрээсээ, хувцасныхаа халааснаас хамгийн “үзэсгэлэнт” зургуудаа олсоор байдаг. Тэр цэцэрлэгийн багш юм. Сайхан шигээ бас хэцүү энэ хөдөлмөр түүнд өөр лүүгээ очих зам нь болж өгч байгаа учраас тэр азтай. “Хэрэв чи эргээс хөдөлж, холдож, бүр нүдэнд үзэгдэхгүй болтол нь алсрах эр зоригийг дотроосоо олохгүй бол хэзээ ч далайг гаталж чадахгүй” гэж агуу Кристофер Колумбын хэлсэнчлэн хуучин өөрийгөө тав тухтай нь хамт эрэг дээр орхин гарахдаа тэр минь нулимсаа арчсаар дотор охиноо олохоор, сэтгэлийн далайг гатлахаар одсоныг би мэднэ. Өнөөх гайхамшигт сод хөргийг бүтээгчдээс дотор охиноо хайсаар, олсоор яваа түүний минь бүтэн түүхийн нэгэн бүлэг энэ дэлхий гариг дээр, энэхэн цаг хугацаанд өрнөхдөө олон олон зүрхэнд гэрэл асаасаар байгааг би бас мэднээ.Танилц: Болор, ээж, эхнэр, охин...

    Салан тусгаарлал ба кофе

    Хэрэв та автоматаас худалдан авч байгаа бол таны гар дээр ирэх кофены хэмжээ, чанар нь тэр машины чадал, кофены үрийн чанараас хамаарна. Таны ямар хүн байх нь энд огт хамаагүй. Харилцаанд ч гэсэн яг адилхан. Тантай хэн хэрхэн харилцаж байгаа нь тэр хүний соёл, ил далд ухааных нь агуулах, сэтгэлийн цаг агаараас нь хамаарна. Тэр хүний уур, баяр, жаргал зовлонд зөвхөн та хамаатай биш. Салан тусгаарлал гэдэг бол “Би өөрөө ойлгож, мэдэрч, ухамсарлаж байгаа”-г хэлнэ. Харин салан тусгаарлаагүй байна гэдэг бол хүний үйлдлийг өөрийн гавъяа эсвэл өөрийн гэм буруу гэж хүлээн авахыг хэлнэ. Кофе чанагчийн товчийг та яаж ч дарсан, биеэ яаж ч авч явсан, түүнд дуулж бүжиглэж өгсөн ч, эсвэл хар хүчээрээ өшиглөсөн ч ямар ч хамаагүй, түүнийг яаж тохируулсан байна, тэр хөтөлбөрийн дагуу л, яг тодорхой хэмжээтэй, тодорхой чанартай кофе гарна. Хүнийг ойлгоё гэвэл энэ жишээг хүн дээр шилжүүлээд л ойлгочих. Таныг яаж ч чардайсан хүн өөрт байгаа хөтөлбөрийн дагуу л танд хариулна. Харин кофе чанагчаас ялгаатай нь гэвэл тэр өөрчлөгдөж болно. Цорын ганц тохиолдолд. Хэрэв өөрчлөлт түүнд хэрэгтэй бол. Анна ПаулсенҮүнийг ойлгох амаргүй шүү гэдгийг хэлэх гэж нуршуу удиртгал бичлээ. Харин энэ амаргүйг ойлгох замдаа гарсан хүмүүсийн нэг нь Сола минь билээ. Сургалтанд суусан, лекц сонссон хүн бүр зам дээр хөл тавьдаггүй юм. Аанхаан, ийм нэг юм байдаг байх нь, гоё юмөө гээл хөндлөнгөөс хараад, кофе уунгаа хараад, гоё амьдралыг мөрөөдөнгөө хараад л суудаг. Харин хийдэггүй. “Шархны лент шалтгаан хоёрыг хаа ч наачиж болно” гэдэг шиг “Би завгүй, энэ СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ээр замнаад байгаа хүмүүс завтай, би боломжгүй, боловсролгүй, хүчин чадалгүй, ухаангүй, азгүй, сайн нөхөргүй, томоотой хүүхэдгүй...” гээд ертөнцөд байж болох бүх шалтгаануудыг өөр дээрээ битүү наачихдаг. Харин замд гарагсад энэ наалтуудыг хуу татаж хаяад, хэдэн хүүхдээ үүрч, хэдэн ажлын дунд эргэлдэнгээ хэдэн үеийн амьдралын зохиолын хөтөлбөрийг засч, шинэ тохиргоо суулгах цоо шинэ мэргэжлийг эзэмшсээр явдаг. Энэ бол “Аз жаргалын үйлдвэрлэл” юм. Ямар ч цагт, ямар ч нөхцөлд, ямар ч шалтгаанд үл торон аз жаргалыг үйлдвэрлэсээр яваа Соладаа чиний гэрлээр жаргалын эх газрыг олж яваа олон ээжүүдийн өмнөөс баярлалаа. Өөрөө бороо, нар, тэнгэр болсон СОЛОНГО минь. Сэтгэлийн байгалийг эзэмдэн яваа шидэт дагина чамдаа хүний байгалийг эрхшээх дээдийн увдисыг ерөөе.

    Гурван ээжийн нүцгэн үнэн

    “10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.Аль ПачиноБид бүгдээрээ мартамхай. Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно. Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм. “Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй. ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.

    Сэтгэлийн өндөр

    Сэтгэлийн өндөр подкастыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.

    Оргил дээрх охин

    Шийдвэрлэх тоглолтын өмнө гоцлол бүжгэн жүжигчдийн пуантанд шилний хагархайнууд хийж байсан түүх дэлхийн бүх театрт бий. Хувцасны өлгүүрийн эмэгтэй тэрийг хийдэггүй. Тайзны алба, хөгжим анги, үзэгчдийн танхим хамаагүй. Зөвхөн адил ашиг сонирхолтой нэг ангийнхан: бусад балетчид л ингэсэн байдаг. Арай амжилтгүйчүүд, юугаар ч юм дутуучууд л хийдэг. Суут зохиолчийн нэр дээрх ховын бичгийг зохиолчдын эвлэлийн хорооны жижүүр, гуанзны зөөгч, эсвэл уншигчид хүргээгүй. Өөр нэг зохиолч, жаахан түүхий нь л бичсэн байдаг. Хүмүүс одоо л ийм болчихсон юм биш ээ. Эртний Грект Олимпийн наадмын өмнө хар тугалган дээр сийлсэн хараал-дефиксионыг нэг тамирчинд нөгөө тамирчин л зориулдаг байсан. Манай эринээс 600 жилийн өмнө шүү! Дэлхийн мисс, фэшн шоу, урлаг спортын шалгаруулалтууд дээр юу болдгийг бид төсөөлөх ч гүй. Бүх юм дууссаны дараах уулын оргил дээрх сүүлийн агшныг л бид хардаг. Харин далайн харанхуй гүнд мөсөн уулын ёроолд авьяас хэцүү, ухаан хатуу, хат гачуу, гоо үзэсгэлэн дутуу-нэг үгээр буян дутуучууд яг тэр урлаг спортоосоо л өөр юуг хийцгээж байдгийг бид мэдэхгүй ээ. Энэ бол хорвоо юм. Атаархал, айдас, муу муухай бүхэн үүддэг дутуугийн тэр ёроолоос оргил хүрэх зам бас яггүй шүү. Гэвч болдог л юм. Пуантаа эсвэл гадсан өсгийтөө сайтар сэгсрээд, хөгжмийн болон бусад зэмсгээ болгоомжтойёо шалгаад, Сальеринуудын сарвайсан цомтой дарсыг амсахгүй байх. Илүү зөөлөн, илүү уран, илүү чадварлагаар илүү сэтгэж, илүү бүр маш илүү хөдөлмөрлөх, илүү тэвчих, илүү сахих... Ингэж чадсан гайхамшигт нэгэн эмэгтэй өнөөдөр Гоодалийн хойморт мориллоо. СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч Баянсангийн Ганзул.

    Бичвэр

    Бүгд
    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг.

    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг.

    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг. Харин “Эр хүний жаргал эзгүй хээр” гэхээс өөрөөр энэ тухай авч хэлэлцэх нь олон биш.Эмэгтэй хүнийг яаж жаргалтай болгох талаар мянга мянган ном байхад “Эр хүнийг яаж саятан болгох вэ?” гэх мэтийн л юмс үзэгдэнэ.Гэтэл тэр саятан саяасаа өөр зүйл санал болгохгүй бол гэр бүл зөвхөн эмэгтэй хүний жаргал дээр тогтохгүй.Эр хүнд жаргал хэрэгтэй.Ямар гэдгийг ярихын тулд, жаргалгүй эр хүн ямар аав болдог талаар бодож үзэж болно.Аавыгаа харахаар заавал араас нь ээж тодордгийг Очирын борооноос, Инж гинжээс ч бас харж болно.Би Намуунаагийн хувьд зөвхөн нутгийнх нь хүн биш, харин хүүхэд насны бяцхан эзэнт улсынх нь иргэн юм.Гэхдээ бүр сүүлд, Сэтгэлэдгэрэлийн хөтөлбөрүүдийн тухай хийсэн видеоноос нь хараад мэдсэн л дээ.Намуун ёстой эхийн ачтай үр билээ.Ээжтэйгээ эвлэрч, аавыгаа ойлгож, ээж аавыгаа эвлэрүүлж, өөрийгөө чөлөөлсөн.Хамгийн гол нь удмын зохиолоо шинэчлэн бичсэн. Охиндоо эрүүл амьдралын зохиол бичих эрхийг нь өгсөн.Охиныхоо хувьд хамгийн шилдэг эр хүн байна гэдэг эцэг хүний дээдийн жаргал. Охиндоо хамгийн дотны хүн нь байж чадна гэдэг бол эх хүний туйлын хүсэл.Ээж аавууд үр хүүхдийнхээ ялалт амжилтаар биш өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч байвал тэдэндээ дээдийн эрх чөлөөг өгч байдгийг өөрөөрөө тунхаглаж, ээж аавынхаа хайрыг сэтгэл эдгэрлээрээ гагнаж, үсрэлт дүүлэлт бүрээрээ үрдээ зөвшөөрөл өгсөн чамдаа бусдын аз жаргалд даган баяссан эгшин бүрийг чинь сэтгэшгүй зэргээр үржүүлэн өргөе!Жаргалтай байг, эр хүмүүс.Жаргалтай байг, эмэгтэй хүн бүр.Хүн бүр өөртөө жаргах зөвшөөрлийг өгч байг.ИНЖ ГИНЖ®, Охид хөвгүүдийн ондоо хүмүүжил лекц©

    Би тэсэх ёстой байсан...

    Би тэсэх ёстой байсан...

    Миний өмнө суугаад, алчуурныхаа үзүүрийг чичирсэн хуруугаараа имрэн буй бүсгүйн дууг сонсох гэж би сонсголын бүх эсээ сэрээсэн юм.-Би хэвийн биш байх аа. Тэвчээд л өнгөрөөчихгүй, эвгүй үг хэлчихсэн. Би тэсэх ёстой байсан...“Ёстой” гэх болгоных нь цаана үл үзэгдэх харгалзагч нар: эцэг эх, эксүүд, дарга, хүүхдүүд, найзууд хүртэл зогсчихоод “Чи төгс биш бол хэн ч чамайг хайрлахгүй” гэж хоолой нийлүүлэн байх шиг.-За намайг дагаад хэлээрэй: “Би чамд уурлаагүй ээ, нөхцөл байдалд бухимдсан минь энэ. Чамайг өвтгөх гэсэндээ биш ээ, би юу мэдэрч байгаагаа л хэлсэн юм”.Эхлээд тэр чадахгүй байсан. Хэсэг амсхийж байгаад эргээд оролдсон. Цаасан дээр бичиж байгаад уншиж чадсан.Тэгээд л сад тавьсан.Энэ үгийг бид олон хүнд хэлэх хэрэгтэй байсан.Хамгийн түрүүнд ээждээ. Хэрэв ээждээ хэлж чадаагүй бол ээжээс хойшхи бүх харилцаанд: хайр сэтгэл, эр эм, үр хүүхэд, ажил, мөнгө гээд талбар бүрт бид бөглөрөл, буглааг мэдрэх болно.Ээж ээ, яагаад би заавал таныхаар шийдэх ёстой юм бэ?Би яагаад таны хүсч байгаагаас өөрөөр мэдэрч болохгүй гэж?Яагаад миний үнэн мэдрэмж таныг доромжилж байгаатай адил гэж?Таны үгээр болохгүй л бол би яагаад шууд л муу охин, хөгийн амьтан болчихно гэж?...Сэтгэл зүйчтэй тогтмол ажиллах цаг, мөнгө, сэтгэлийн боломж хүн бүрт адил байдаггүй. Гэвч асуудал байсаар, сэтгэл өвдсөөр, өөрийгөө идсээр явдаг.“Хэвийн” гэдэг бол нийтийн хэм хэмжээний доод түвшинд хүрч чадаагүй азгүй хүний идеал. Харин дунджаас дээгүүр чадавхтай, өөрийгөө сургаж, дэглэж чаддаг, энэхүү сахилга батаараа олон юмыг амждаг хүний хувьд “хэвийн” байна гэдэг бол тамын ял, гарцгүй байдал, нэг үгээр гяндан юм.Тэгсээр эцэстээ “хэвийн” амьтан болохоос аргагүй байдлаасаа болоод нэг хэсэг нь невротик болж байхад нөгөө хэсэг нь “хэвийн” болж чадахгүйгээсээ болоод невротик болдог.Гэтэл сэтгэл зүйн мэргэжилтнүүд неврозын шалтгаан гэж ирээд л нэгэн хэвийн юмс тоочоод байдаг нь өөрөө эрүүл бус хэрэг.Хүн бүрийн тохиолдол өвөрмөц, хүн бүрт яагаад ийм байгаад хүрсэн үй олон шалтгаан байдаг. Тэр шалтгаанууд учир зүйн үүднээс эсрэг тэсрэг бөгөөд биесээ үгүйсгэж байдаг нь хэвийн шүү” гэх Юнгийн үгийг саная.Бид бол хэвийн амьдралаасаа цаг илүүчлэн байж, цээжээ яран үнэнийг сугалахаар, ээжээ хайн өөрийгөө нэгжихээр ирсэн “хэвийн бус” азтанууд юм шүү, алтан багийнхаан.ИНЖ ГИНЖ®, Муу ээж сайн ээж лекц©

    Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой

    Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой

    Хүүхэд чинь амьдралын учрыг олдог байгаасай гэж хүсч байна уу?За тэгвэл аав ээжийнхээ хийдгээс эсрэг хийж эхлээрэй.Үргэлж хүүхдээ тэвэр, аргад, үгийг нь сонс, мэдрэмжийг нь батал. “Битгий уйл, юун сүртэййиин” гэдэг үгийг март.Цочрол хямралыг амсаж, туулж, амьд үлдэж, тэгээд тэр хатуу харанхуй бүхнээс гарахад нь хөтлөн түш.Харин гол гогдсон бэрх мэдрэмжүүдээ залгин горойж, тэсч дийлэхээ болиод тэдэнтэйгээ хамт хөлдөхөд битгий хүргээрэй.Цөхрөг, сөхрөг, айг, уйлаг, эсэргүүцэн орилог, чиний дэмжлэгтэйгээр урам хугарлаас зөвшөөрөл эдгэрэлд, үгүйсгэл тэмцлээс тайтгарал эвлэрэлд хүрэг, ертөнцийн төгс бусыг мэдрэг. Тэгвэл дараа нь ертөнцийн мөнх бусыг үзэхдээ амар байх болно.2001 онд Нью-Йоркийн хоёр ихрийн нуралтын дараа бетон, шил, төмрийн хайлш, тамын галан дундуур ажиллаж байсан эрэлч ноход сэтгэлийн хүнд гэмтэл авч байсан. Яагаад гэвэл тэд амьд хүн олохгүй байсан юм. Дандаа үхсэн хүмүүс, хүний тасарсан биес! Эцэстээ гал хамгаалагчид өөрсдийгөө булж, тэр нохдод зориуд “олдож” байж тайтгаруулдаг байсан.Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой юм. Бүх хэлбэрээр.Гэтэл бид эрчүүдэд, амрагууддаа хүүхдээсээ илүү олдоцтой байдгаа мэдэх үү?Чамайг ажилдаа явахад дагаж, цэцэрлэгтээ үлдэхгүй гэж чаргууцалдаж байхад нь “Ээж нь гарчихаад л ирье, чамайг тэжээх гэж явж байна, том хүн ажил хийх ёстой” нтр гэсэн ухаалаг үгээ хазаад зүгээр л тэвэр.Хүүхэд ээжээсээ салах гэж байгааг ойлго. Түр бүр гэсэн юмыг тэр мэдэхгүй. Тэр чинь яг одоо айж байна, тэгээд л болоо. Өөртөө памбагар хөвсгөр, хөөрхөн зөөлөн өнгөтэй, үлгэрийн дүртэй богино халад авч байгаарай.Гарах болбол “Миний дудрайхан минь, ээжийгээ иртэл өмсөөд сууж бай” гээрэй. “Намайг ойлгомжгүй юм ярьж байхад ч ээж ойлгож байдаг, намайг яг өөрийгөө мэт мэдэрдэг, миний дуртай юм бүхэнд дуртай болохоор, надад чухал юм бүрийг нандигнадаг болохоор надад ээж хайртай” гэж үр нь итгэж байг!Ээжийн үнэр гэдэг бол хүүхдийн тархины хувьд ээж учраас хэсэгтээ л амьдарч болмоор хүч өгдөг юм. Янз бүрийн шалтгаанаар ээжээсээ авч чадаагүй энэ хүчийг одоо өөртөө өгөхөөр, яагаад ч юм олдоогүй ээжийгээ олохоор бид энд цугларч байна.ИНЖ ГИНЖ®, Миний хүүхэд хэцүү лекц©

    Миний асаадаг дурсамж

    Миний асаадаг дурсамж

    Бага хүү маань төрсний дараа би нурж унатлаа ядардаг байлаа.Ээж минь ирж тусалдаг байсан ч л ядардаг байсөөн.Нэг өдөр ээжийг ирсний дараа хүү маань гэнэт орилж гарсан. Мээм өгсөн ч, тэвэрсэн ч орилсоор, өлгийг нь тайлж, эргээд өлгийдөж, бүр яах учраа олохгүй яг өөрөө уйлах гэж байтал томыг хооллож байсан ээж минь ирээд хүүг авлаа. “Нар сар навч цэцэг, нандин эрдэнэ, амин голын хайртай бумбаадай, бумбардай, умбан умбан...” гээд миний зүүдний дууг дуулж, дээш доош савлуулан, нааш цааш бөгтөгнэн бүүвэйлж эхэлсэн, хүү ч тэгсгээд нам болсон.“Өө, энэ чинь миний дандаа зүүдэндээ сонсдог дуу байна даа, аан ээж намайг нялх байхад дуулдаг байсан байж шүү дээ, дараа нь дүүг төрөхөд ч дуулсан байх, би ч бас дүүгээ бүүвэйлэхдээ дуулдаг байсан байх, том хүүгээ би бас ингэж бүүвэйлдэг байсан бил үү, одоо багыгаа би яадаг билээ, за дараа нь саная...” гэсээр би нойрондоо дийлдэн тасарч билээ.Нөхөр маань ажлаасаа ирээд хажуугаар оронгуутаа л аяархан хурхирч эхлэхийг бүүр түүрхэн мэдрээд л. Хэзээ ч өдөр унтаж байгаагүй хүү маань хүртэл бид хоёрын дундуур ороод дорхноо унтаад өгөхийг мэдээд л. Энэ “бумбаадай, бумбан, умбан умбан...”-ыг сөрөх хүч хэнд ч байгаагүй. Бүр орой хүртэл, бүр зүрхэнд хүртлээ ёстой нэг ханатлаа унтаж билээ, тэгэхэд.Хожим энэ өдрийг би зөндөө санадаг байсан сан. Ховсдуулсан мэт нам хэвтсэн бидний дээгүүр ижийн минь зөөлөн дуу нөмрөн хучиж, эс ширхэг бүрээрээ амар амгалан, халуун хайрыг амтлан амтлан ханан жаргасан энэ дулаахан дурсамжийг би зэврүүн өдрүүдэд гаргаж ирээд гэрэл мэт асаадаг юм даа.Чиний үрс ч бас хэцүү мөчүүддээ чамайг л асаана шүү дээ.ИНЖ ГИНЖ®, Гэрээ гийгүүлье цомог©

    Ариун бид хоёрын барилдлага их сонин

    Ариун бид хоёрын барилдлага их сонин

    Анх яаж танилцсанаа би сайн санадаггүй, нэг л мэдэхэд бид мэндэлдэг, ярьдаг, итгэдэг болсон байсан. Яваандаа бид хоёрын яриа уртасч, нэг ам нээхээрээ хэн нь хэнийгээ хүргэж өгөөд байгаагаа ч мэдэхгүйгээр салж ядан явдаг болчихсон.Энэ яриануудаа хоёулаа ярилцлага болгоё, дүрсжүүлье гэсээр бараг арваад уулзалтаа бичүүлээд явж байтал тэр архив алга болчихсон юм.Хорин цагийн материал үгүй болно гэж юу болохыг сэтгүүлчид сайн мэднэ.Би тэр талаар ахиж хэзээ ч яриагүй, надад дэндүү хөндүүр байсан болохоор. Ариун ч намайг ойлгоод энэ тухай сөхдөггүй байсан.Харин хэд хоногийн өмнөх постны доорх халуун маргааны тухай асууж байснаа “Дээхнийн ярианы цөөхөн гар ноорог надад байдаг юм, саяынхтай эвлүүлээд богино ярилцлага болгоё, тэгэх үү” гэв. Тэгээд хальт ороод гаръя гэсэн маань хэсэг тухлалт болчихсон. “Яана аа, оройтлоо” гэсээр өөрийгөө хүчлэн байж арайхийн Ариунаас салаад дөнгөж нэг гэрлэн дохио өнгөрөөд явж байтал “Хүүе, Амгаа юу?” гэж хажуугаар зөрсөн хүн эргэн дуудсан.Хэн байсан гээч?!Нөгөө ярилцлагыг бичсэн хүний найз.Бурхан болоочийн хувь хувьсгалын эд юмсыг эмхлэх үеэр хэдэн ажиллагаагүй комп, хаард бас бус баахан юмс олдсоныг сэргээж байтал “Амгалан” гэсэн фолдерт байсан зарим материал нээгдсэн гэж хэлсэн! Би нэг хэсэг ярьж чадахгүй байсан. Мөнх бусыг үзүүлсэн найзыгаа санаад тэр л гэж нөгөө хүн бодсон байх. Бичлэг олдсон гэхэд уйлаад байхдаа яахав дээ, тээ.Маргааш нь мэйлээр ирсэн хэдэн зургаа хараад бас мэлмэрсээн, хэхэ.Ямар ч байсан тэр ярилцлагыг эвлүүлж босгоно.Харин бид хоёрын хэдэн жилийн ярианы зөвхөн дээжийг та бүхэндээ хүргэж байна.Нийтлэлээ бэлдэн суухдаа “Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүл зүйн багш, /Ph.D/, дэд профессор Л.АРИУНАА” гээд бичихдээ Ариуныгаа асар ихээр хайрлан долгислоо. Чанга, чимээгүй, заримдаа бүр надад ч мэдэгдэхгүйгээр үргэлж намайг дэмжиж, хамгаалж, урам хайрлаж, урагшаа гэж түлхэж, татаж ирсэн бодьсад юм, тэр минь. Ээжийн хувиар, эмэгтэй хүн, оюуны ухаантан, заримдаа бүр их сэтгэлтний ёсоор надад нүд чих, зүрх оюун болж өөрийнхөө талаар таамаглаа ч үгүй явсан олон зүйлийг дотроос минь гаргаж тавиад, ирээдүй рүү заасан увдис шидийг нь бишрэн хайллаа.ИНЖ ГИНЖ®, Увдис төгс цомог©

    Чамайг төрөх үед...

    Чамайг төрөх үед...

    Чи амьдралдаа тун хэцүү байдалд орж үзэж байсан уу?Ямар ч найдваргүй байдалд? Хэн ч чамд туслахгүй, чамд чамаас өөр хэн ч байхгүйг мэдэх тэр цагт чиний дотор юу болж байсныг санаж байна уу?Найдвар үхсэн цагт л жинхэнэ амьдрал эхэлж байсан байх.Уран сэтгэмж, төсөөлөл, хүлээлт үйрэн бутарч, хэзээ нэгэн цагт...тэр буцаж ирнэ, мөнгө олж эхэлнэ, уухаа болино, эхнэрээсээ салаад надтай хамт байна, намайг ингэж болохгүй гэдгээ ойлгоно, тэр өөрчлөгдөнө... гэсэн юм хэзээ ч байхгүй юм байна гэдгийг зүрх ёгхийн ойлгох тэр мөч.“Гаднаас дэмжлэг хүлээхээ болиод дотоодын дэмжлэгээ асаасан цагт хүн насанд хүрдэг” гэж хүүхдийн эмч Фредерик Перлз анх ярьж эхэлсэн юм. Гэвч энэ цэг дээр зөвхөн асар их өвдөлтийн дараа л ирдэг. Төрөлттэй адилхан.Төрөх үйл явцын үед зөвхөн ээж нь л өвддөг гэж бид эндүүрдэг.Гэтэл чамайг бүх тэжээлээс чинь салгаж байгаад нарийхаан хоолойгоор маш их хүчдэлээр шахаж гаргах үйл явц хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжилсний эцэст чи өмнө нь хэзээ ч үзээгүй физик орчинд гэнэт ороод, арьс махныхаа эс бүрээр зүү шивэх мэт, уушгийг чинь дотроос нь үй олон сумаар харван зад татах мэт яс янгинам өвдөлтийг мэдэрч байснаа мартчихсан.Чиний өмнөөс ээж чинь амьсгална, амьдарна, чамд бэлэн болчихсон амьдралыг нь өгнө гэх итгэл алдарсан цагт сая өөрөө амьсгалж эхэлнэ.Энэ бол эрх чөлөө юм.Зүгээр нэг мэдээллүүдээр энэ эрх чөлөөг олдоггүй. Ойлголт, мэдлэг, сэтгэлийн хатаар болчихдоггүй. Гагцхүү өөрөө амьсгалж эхэлж байж л өөрөө амьдарч эхэлнэ.Чи ёроолгүй ангал руу доош нисэж байна гээд төсөөл дөө.Сохор мэт тас харанхуйд дуунаас хурдан унаж байхад чинь, зүрх чинь биенээсээ өмнө тэсрэх гэж байхад... чамайг хэн нэгний гар тосон авна.Чамайг тайвшруулан бүүвэйлж, илж, түшин босгож, өөд нь татан, гэрэлд гаргана. Чи нулимс унаган, энэ гарны өмнө сөгдөн, мөргөн, ачийг нь хариулан, үүрд мартахгүйгээ амлана. Харин тэгэхэд энэ гар чинийх байсныг олж харна. Чамайг хаа ч явсан, хаашаа ч ниссэн, энэ гар үргэлж байна, чамайг үүрд тэвэрнэ. Энд чиний жинхэнэ амьдралын анхны лугшилт цохино.Чиний тэр амьдрал энд л эхлэх гэж байна!ИНЖ ГИНЖ®, Дотносол лекц©

    Мүүд

    0:000:00