Эгэл бус хүний тухай эгэл хэдэн үг

Үхэж буй өвчтөнүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх энэрэнгүйн үзлийг үндэслэгч, эмч Элизабет Кюблер-Росс 1926 оны 7-р сарын 8-нд Швейцарийн Цюрих хотноо мэндэлжээ. 8 настай Элизабет охин эмнэлэгт хэвтэж байхдаа хажуугийн орны үеийн бяцхан охин гэр орноосоо хол, эмнэлгийн зэврүүн уур амьсгал дунд нас барахыг зүрх шимшрүүлэн харахдаа үүнээс өмнө тосгоныхоо нэгэн хижээл эрийн амьсгал хураахыг харж байснаас нь энэ удаагийн үхэл тэс өөр болохыг балчир оюундаа тунгааж ядан байжээ.

Энэ биеэрээ эргэж хэзээ ч ирэхгүйгээр алсын аянд гарч буй тэр хүн толгойгоо ганзагалан, үхлийн хөлд суусангүй.“Шарх бүр өвтгөдөг. Харин эцсийнх нь аминд хүрдэг” ёсоор өчнөөн бэртэж төчнөөн боссон хөдөөх эр энэ удаа дахин өндийхөөргүй гэмтсэнээ ойлгож байжээ. Эмнэлэгт биш гэртээ үлдэхийг хүссэн тэрээр унтаж дассан орон дээрээ хэвтээд тойрон цугласан хөршүүддээ захиасаа хэлж, дуусгаагүй ажлуудынхаа талаар заавар зөвлөгөө өгч байв.

Төрөл садан, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн маш тайван ярилцаж, хүн болгонд хэлье гэснээ нээж, асууя гэснээ сонссоны дараа “тэр ах” тэгш амгалан нүд анихыг харсан Элизабет охин дэлхийн хаана ч бүх хүмүүс ийм ойлголцол, нигүүсэл дунд үүрдийн замдаа оддог гэж бодсон нь эндүүрэл байжээ. 1945 онд Майденекийн хүүхдийн бөөнөөр хорих лагерийн өрөөнүүдээр явж байхад нь нүдний өмнө тулсан хорт хийгээр утах өрөөний үүдний хана Элизабетийн хувь төөргийг эргүүлж орхисон юм.

Хорт хийд багтарч үхэхийнхээ өмнө хүүхдүүдийн зураг
зурдаг байсан тэр ханан дээр дүүрэн… эрвээхий байжээ.

Үхэл… эрвээхий… амьдралын сүүлийн мөч… эрвээхий… Орь залуу Элизабетийн сэтгэлд мөнх уяатай үлдсэн эрвээхийнүүд хожмоо түүний бүхий л оршихуйгаа холбох амьдрал-үхлийн билэг тэмдэг болсон билээ. Тэрээр эцэг эхээсээ зөрөн байж Цюрихийн их сургуулийн анагаах ухааны тэнхимд элсч, тэнд ирээдүйн нөхөр Росстой танилцан, 1958 онд хоёул сургуулиа дүүргээд АНУ-ыг зорьжээ.

Нью-Йорк, Чикаго, Колорадогийн эмнэлгүүдэд ажиллаж байхдаа Элизабет үхэгсэдтэй тоомжиргүй, хөшүүн хойрго харьцдаг мэргэжил нэгтнүүдийнхээ хүмүүн бусын хандлагад цочирдон гайхаж бас дур гутаж байлаа. Үхэж буй хүний эрүүл мэндийн тухайд төдийгүй, сүүлчийн өдрүүд нь айдас зовлонгүй, ая тухтай, нэр төртэй өнгөрөхөд эмч хүний заавал үүрэх хариуцлагын тухай асуудлыг анх удаа хөндөн чанга дуугарсан Элизабет 1967 онд үхлийн өмнөх туршлагын тухай анхны лекцээ амжилттай эх барьж авсан байна.

Түүний бичсэн “Үхэл ба үхэхүй” ном нь 1969 онд АНУ-д гарсан даруйдаа бестселлер болж, амьдрах тавилангүй хүмүүст хандах эмч нарын хандлагыг орвонгоор нь эргүүлж, эдгэршгүй өвчтөнүүдийн сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлэх мэргэжлийн байгууллага болох хосписын хөдөлгөөний эхэн болсон юм. Барууны соёл, ялангуяа анагаахуйн хүрээнд ноёрхож байсан үхлийн сэдвийг хавчсан хуурмаг үзэгдлүүд, хоёр нүүрт тойргийг тас татсан гавъяатай энэхүү номыг “Үхлийн сурах бичиг” нэртэйгээр орчуулан таны гар дээр өргөн тавьж байгаадаа би туйлын баяртай байна.

Ном уншихаас хаашаа ч зайлж болно, тэглээ гээд асуудлаас зугтах газаргүй. Бид бүгдээрээ үхнэ.

Хамгийн харамсалтай нь, бид бүгдээрээ эрхэм дотны хайрт хүмүүсээ эцсийн аянд нь үдэн мордуулдаг. Энэ үедээ юу ч мэдэхгүй, юугаар ч туслах чадваргүй байх нь өрөвдмөөр явдал төдийгүй ёсзүйн гэмт хэрэг болно. Төрөлттэй эн чацуу агуу үйл явдал-үхэлд бэлтгэх үйл явц, үхэхүй бол хүүхэд насны адил оршихуйн бүрэн эрхт хэсэг мөн.1994 онд цус харвасныхаа дараа Элизабет Кюблер-Росс ферм дээр амьдарч байгаад 2004 онд яг л хүсч байснаараа, гэртээ хамгийн дотны хүмүүсээрээ хүрээлүүлж байгаад, инээлдэн шуугих ач зээ нарынхаа шулганаан дунд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Энэ ном-сурах бичиг бол үхлийн өмнө ухаан саруул, сэтгэл тайван, нүүр бардам байхад таны сайн багш байж чадна. Биднийг эцсийн замд үдэх хүмүүс маань ч энэ номыг заавал уншсан байгаасай гэж үнэн голоосоо хүсч байна.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !