Нам гүмд…

Жилийн хамгийн нам гүм үе шинэ оны эхний өдрийн өглөө байдаг байх аа. Гэрийнхэн унтаж байхад дуртай амттанаараа өөртөө ширээ засаад, цонхоор харан ганцаар суух… юутай сайхан. Ширээгүй, гэрийнхэнгүй, цонхгүй, бүр юу ч гүй байсан ч бие эрүүл, ухаан саруул байхад ямар сайхан гээч.

Олон жил би энэ өглөөг зараатай, зовиуртай угтаж байсаан. Юун амар амгалан, юун шинэ он мон. Өвдөлтөө л намдааж байвал юугаар ч хамаагүй, мартагнаж л байвал хэнтэй ч хамаагүй байх сэтгэлийн төлвийг би сайн мэднэ.

Харин хэдэн жил би энэ өглөөг цэвэр тунгалаг угтаж, бие сэтгэлийн нам гүм яаж яруусан буйг амтлан жаргадаг болсоон.

Хэзээ ч, үхэн үхтлээ нтр гэж сүржин андгай өргөх хэрэггүй ээ. Энэ шинэ жилээс эхлээд, нэгдэхээс эхлээд, яг маргаашнаас… биш ээ. Уулаасаа маргааш гэдэг өдөр байдаггүйшт. Бид өдөр бүр ӨНӨӨДӨР л амьдардаг. Маргааш хэзээ ч болдоггүй.

Зүгээр л, нэг удаагийнхыг л давчих. Урагдаад байгаа цээжийг илээд өгөх тэр ганц хундагыг. Савчаад байгаа зүрхийг тэврэн бүүвэйлэх тэр ганц соролтыг л тэвччих.

Нэг л удаа.

Нэг удаа л өнгөрөөгөөд бай.

Нэг л мэдэхэд чи энэ нам гүмийг мэдрэн суух болно. Шартсан хот угаартан нагаартан яраглаж, хөлчүү хүн сүрэг хордон, хорогдон, балиартан, булайдан, элдэв гэмийг үйлдэн байхад чи цоо эрүүл, үргэлж шив шинэ байх болно. Жаргасан ч зовсон ч бүхнийг яруу тунгалгаар хүлээн авч, саруул ухаанаар даван туулах болно. Дотор халахгүйгээр мэдэрдэггүй жаргал бол жинхэнэ жаргал биш. Зориг нэмэхгүйгээр хийгддэггүй зүйл бол чин хүсэл бүр биш.

Чамд хүмүүс халсан үгийг биш үнэн голын үгээ эрүүлээр, эрэмгийгээр илчилж байгаасай.  Чамайг хүмүүс халамцуухан дураар дуниартан янаглах биш, чин хүслээр, чин чадлаар, чин хайраар энхрийлж байгаасай.

Энэ үрийг чи өөрөө тарь.

Чи өөрөө эрүүл бай.

Ямар ч нөхцөлд.

Согтуу увдис гэж байдаггүй.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !