Орчуулагчийн өмнөтгөл

Гэгээн Асар цувралын анхны ном  “Үхэл үгүй”-гээр золгосон Тантай эргэн учирч байгаадаа би аз жаргалтай байна. Олон хүнийг гайхшруулан байж барьж авсан энэ сэдэв маань санаандгүй туршилт, амьжиргааны аль нь ч биш болохыг та нэгэнт ойлгосон байх. Үхэл үгүй минь номын дэлгүүрүүдийн лангуун дээр дундрах ч янзгүй хэвтсээр байгаа ч хүмүүс гараас гар дамжуулан уншицгааж байгаад  би хязгааргүй баяртай байгаа.

Зүсийг минь үзээгүй ч,номыг минь худалдан авсан цөөхөн тэр хэдэн хүнд, зүсийг минь таньдагтаа номыг минь авч түмэнд тарааж буян болсон өглөгийн эздэдээ бас мөргөн мэхийж байна. Тэр хүмүүсийн энэ алхмаас гэрэл цацарч, таны барьж буй номонд амь хайрлалаа.

Үхэл үгүйг мэдэж тайтгарсан зүрхнүүдийн амарлин дээр соёолсон хайрын үр
болгоныг би энэрлийн аугаа цэцэрлэг болтол нь тэтгэхсэн гэж бодож сууна.

Эрхэм Танаас хүлцэл өчөөд, энэ ялдамд нэгэн зүйлийг хэлье. Зарим уншигч “Үхэл үгүй“ номыг христийн шашны үзэл суртлыг номлосон гэж үзсэн байна лээ. Нэгд, би Бурханы шашинтан боловч орчуулагчийн хувиар эх бичвэрийг өөрийн үзэмжээр өөрчлөх эрхгүй. Хоёрт, номын зохиогч Элизабет Кюблер-Росс бол бурхангүйн  үзэлтэн, шинжлэх ухааны эрдэмтэн, эмч бөгөөд номонд гарч буй “Бурхан”, “итгэл” гэх ойлголтуудыг шашны догм болсон томъёоллоор тулган ухахаас зайлсхийх ёстой байсан болов уу.

Харин ч зарим буддистуудын хэлснээр, Элизабет Кюблер-Россын чиг баримтлал нь Буддын шашны гүн үзэлтэй олон талаар нийлж байна гэдэгтэй би санал нэг байна. Буддын шашныг шашин биш, хамгийн гүн шинжлэх ухаан гэж мөхөс би биш, агуу Эйнштейн хэлснийг энд дурьдах нь илүүц байх.

Энэхүү “Үхлийн сурах бичигт”-т ч гэсэн Бурханы тухай, авралын тухай, итгэл бишрэлийн тухай үхэж буй өвчтөнүүдийн яриа нэлээн гарах тул ахиад л “шашны сурталчилгаа” гэж буруушаагдахгүйн  тулд олныг нуршиж байгаа юм. Жинхэнэ гүн бишрэгчид бурхангүйн үзэлтнүүдтэй адил гэсэн энэ номын утга “Будда бол бүх цаг үеийн дэлхийн хамгийн нэрт бурхангүйн үзэлтэн“ гэх үгийг танд дахин сануулах буй за.

Үнэндээ, итгэл үнэмшил гүехэн бусдын амаар Бурханыг төсөөлдөг хүмүүс л чиний, миний шашин, дэг жаяг гэж цэцэрхдэг болохоос биш гүн бат итгэлээр дотроосоо Бурханаа олсон хүмүүс шашны чанадад хүрч, нэг үгээр ангижирсан байдгаараа огтын шашингүй хүнтэй адил болдог.

Үгийн хязгаар давсан тэр л үнэнд бид заавал үхэж, үхүүлж байж хүрэх ёсгүй.

Амьд мэнд байхдаа амьд сэрүүн хүмүүст амьд гэгээн үгсийг хэлж байцгаая хүмүүс ээ.

Цогтын Амгалан

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !