Сэтгэл засал хэрэгтэй юу?

Твиттер дээр Comme Glisteauve гэсэн нэрээр олонд танигдсан нэгэн залуу 5 жилийн турш сэтгэл засалч дээр очсон туршлагаасаа ийнхүү хуваалцсан байна. “Энэ хугацааны гол ололт бол “Намайг бүгд хайрлах болно”, “Би тэрбумтан болно” гэх мэтийн хийсвэрлэлүүдээ орхиж, бодит боломжуудаа олж харсан минь юм” гэж хэлж байгаа түүний хувийн дүгнэлтүүд нь сэтгэцийн эрүүл мэнддээ санаа тавьдаг хүмүүст хэрэгтэй байж болох юм.

1. Юуг шийдэх вэ? Сэтгэл засалч бол сэтгэцийн хувьд эрүүл хүмүүсийн сэтгэлзүйн асуудлууд \үл итгэл, айдас, бага зэргийн өөрчлөлтүүд\-ийг шийдвэрлэхэд тусалдаг. Хэрэв шизофрени, гүн шинжийн эмгэг, солиорол маягийн илрэл байгаа бол сэтгэцийн эмч эмчилнэ.

2. Тусалдаг уу? Мэдээж. Гэвч нюансууд байгаа. Үр дүнгийн 90% нь сэтгэл засалчийн биш хувь хүний өөрийн сэтгэл зүтгэл байдаг.

3. Хэр удах вэ? Маш удна. Хүмүүсийг үргээхгүйн тулд үүнийг анхнаасаа хэлдэггүй. Гэвч таныг багад хэдэн сар жилээр дорд үзэж байсан, та гэрлээд 10 жил болсон, та хэн нэгэн манипуляторын тоглоомын хохирогч болсон бол хэдхэн уулзалтаар бүтэн болно гэж байхгүй. Магадгүй хэдэн жил хэрэгтэй болно.

4. Үнэгүй зөвлөгөө, эмзэг бүлгийнхэнд зориулсан төлбөргүй үйлчилгээнүүд үр дүнгүй байдаг. Зөвхөн үнэгүй юм олсондоо түр зуур бах ханана, тэгээл болоо. Та мэргэжилтний тусламжийн үнийг төлснөөр тэр зүйл эргээд таны хувьд үнэ цэнтэй болдогт гайхах юмгүй. Үнэгүй юм үнэгүй л байдаг.

5. Эхний бараг 200 (!) уулзалт эцэг эхдээ гомдсон, хайр дутсан, дорд үзсэнд хорссон сөрөг дурсамжуудын хүүрнэл байдаг.

6. Бараг эмэгтэй хүн бүр ээждээ аймшигтай гомдсон байдаг. Ихэвчлэн тэр гомдол нь өөртөө гутарсан, хүүхдүүдтэйгээ эв түнжингүй байх гэх мэт өөр хэлбэрээр илэрдэг, заримдаа сэтгэлийн их гүнд нуугдсан байдаг. Аавдаа хандсан гомдол арай бага байдаг.

7. Сэтгэл засалчтай 3 жил орчим ажилласны дараа хорон хамаатнуудын амыг хамхих супер чадвартай болдог. Ерөөсөө хэнбугайн ч бай амыг хүссэн үедээ хааж чаддаг болно. Өөрийгөө үнэлээд, хүндэтгээд эхлэхээр юм ярих ч нэг их хэрэггүй болдог доо. Чам руу дайрах, бүдүүлэг авирлах ямар ч шаардлагагүй гэдгийг хүмүүс өөрсдөө аяндаа мэдэрдэг.

Ашигтай төслүүд санал болгож, магтаж, урам өгч, соёл, хүндэтгэл,
ойлголцол, итгэлцлийн түвшинд харилцаж эхэлдэг.                                                                                    Энэ бол ямар нэгэн ид шид биш. Махчлан хэлбэл, уулаасаа байх л ёстой гадаад хэлбэр төдий зүйл. Миний албан тушаал хэдэн шат ахиж, орлого 10 дахин нэмэгдсэн.

8. Амжилтын 95% өөртөө итгэх итгэлээс шууд хамаардаг. Үүнийг бататгах ёстой хүмүүс нь эсрэгээрээ сүйрүүлж орхидог. Эцэг эх, багш нар, удирдлага…

9. Сэтгэлзүйн гэмтэл бол “Намайг багад ээж минь хайрладаггүй байсан” гэх төдий биш юм. Энэ бол таны сайн санахгүй байгаа ч тантай тохиолдсон аймшиг. Бүр гашлан ээдчихгүйн тулд оюун санаа өөрийгөө хамгаалж, тэр гэмтлийг мартаж, сэтгэцээ бүрдэг. Энэ буглааг нээхийн цагт том хүмүүс эхэр татан уйлах нь бий. Гэвч энэ гэмтэл амьсгалсаар, амьдралыг чинь хордуулсаар байдаг. Хичнээн хөндүүр өвдөлттэй байвч энэхүү “цаашаа харсан толгойтой битүү хатиг”-ийг нээж, эрүүл болох л хэрэгтэй байдаг.

10. Санаанд оромгүй сюрприз: сэтгэлзүйчийн өрөөнд болдог ярилцлагууд эмчилдэггүй юмаа. Жинхэнэ эмийн үйлчилгээг үзүүлдэг нь тэрхүү мэргэжилтэнтэй тогтоодог эдгээх шидтэй ЭРҮҮЛ ХАРИЛЦАА л юм. Өндөр мэргэжилтний өгч чадах итгэлийн уур амьсгал нь чи хайр дүүрэн эцэг эх, бүрэн ойлгодог найзуудтай байсан юм шигээр чамайг аажмаар бүтэн болгодог.

11. “За, би тэгвэл сэтгэлзүйч дээр очоод тэр надад яг яах ёстой талаар нарийн тодорхой зааварчилгаа өгөх юм байна” гэж бодох хэрэггүй ээ. Тийм юм огтхон ч болохгүй. Бидний асуудлын шийдлийг биднээс өөр хэн ч олохгүй. Хичнээн хайртай байвч та хэн нэгний өмнөөс шийд гаргаж, төлбөрийг нь төлж, бэлэг болгож, сэтгэлзүйн үйлчилгээг өгч чадахгүй. Хэрэв ямар нэг сэтгэлзүйн үйлчилгээ, сургалтыг өөрөөсөө өөр хүнд өгч болох “Шилдэг бэлэг” гэж рекламдаж байвал мэргэжилтэн биш луйварчин байна. Хүнд чухам юу хэрэгтэйг тэр хүн зөвхөн өөрөө л шийднэ.

12. Жинхэнэ мэргэжилтэн хэзээ ч зөвлөгөө өгдөггүй, санал болгодоггүй, сайшаадаггүй, таны шийдвэрүүдийг шүүн хэлэлцдэггүй. Таны бэлэг эрхтэн духан дээрээ ургасан байлаа ч тэр хувийн ямар ч дүгнэлт хийдэггүй.

13. Сэтгэлзүйчийн үйлчилгээг авахыг хүсч байгаа хүмүүсийн 99% нь ганцаардаж байна гэдэг.

Ганцаардлын айдас ба дотнослын айдас хоёр үнэндээ нэг л зүйл юм.
Энэ бол өөртөө итгэлгүй, хил хязгаараа мэддэггүй, өөрийн үнэт зүйлстээ эргэлздэг, энэ бүхнийг заавал бусдаар дамжуулан мэдэрдэг мөртлөө эргээд үүнээсээ айх айдас юм. Хайраас хамаарах нь  хар тамхины донтолтоос ямар ч ялгаагүй. Тэгж хурдан алахгүй ч гэсэн хамгийн аймшигтай зүйлсийг биднээр хийлгэдэг зүйл.

14. Шүд өвдөхөд эмчид очдог атлаа сэтгэл өвдөхөд өөрсдөө аргалах гэж оролдохыг хэн ч тэнэг гэж үздэггүй. Тиймээс эцсийн дүндээ ямар байгаа маань өөрсдийн маань л сонголт.

15. За, сэтгэл засал яаж ажилладгийг товч тайлбарлая. Эхний хагас жил чи аав ээж, эхнэр нөхөр, хамаатан садан, найзууд, ажил, амьдрал, хорвоод гомдоллон өнгөрдөг.Жил болоход дотоод зөрчлийн хурц өнцгүүд засарч, эцэг эхийн “бэлэглэсэн” гацаа тайлагддаг.Клиентийн сэтгэл ханаж, зарим тохиолдолд эйфорид орж, бүр өөрөө ч сэтгэлзасал хийчихмээр ч юм шиг санаанд нь багтаж эхэлдэг. Жил орчмын дараагаас ухралт болно. Хүн бүрт энэ хугацаа янз бүр. Өнгөн хэсгийн асуудлууд шийдэгдсэн, гэтэл гүн рүү ороход хугацаа хэрэгтэй. Илт мэдэгдэхүйц юм болохгүй ч байгаа юм шиг, бүх юм дэмий байсан ч юм шиг, энэ сэтгэл засалтай засалгүй иймэрхүү байх ч байсан юм шиг санагддаг. Ихэнх хүн энэ үед мөнгө, цаг зав энэ тэр гэсэн нэрээр сэтгэл заслаа зогсоодог.Цаашаа үргэлжлүүлж байгаа хүмүүст ямар нэг ахиц дэвшил гарахгүй байгаа юм шиг нэлээн удна. Энэ шатан дээр \2 жил орчим\ бас олон хүн сэтгэл заслаа орхидог. Хэрэв та гэнэтийн ухаарал ирнэ, эсвэл тэвчээртэй үйлчлүүлэгч хичээл зүтгэлийнхээ хариуд сэтгэлийн ямар нэг супер хүчээр шагнуулна гэх мэтийн зүйл болно гэж хүлээвэл тийм юм хэзээ ч болохгүй.За тэгээд урам хугарлын шинэ тойрог эхэлнэ. Сэтгэл засалч чинь илбэ жилбэчин төдийгүй зүгээр суугаал яахыг минь харж байдаг хөгийн амьтан бшт гэх бодол төрж ч магад. Үлдэгсдээс олонх нь сэтгэл засалчидтайгаа илээр сөргөлдөж, уулзалтаа зогсоодог. 3-4 жилийн дараах энэ шатанд олон хүмүүс сэтгэл засалд урам хугарч, цаашдын үргэлжлэлд утга учир олж харахгүй болдог.Хэрэв сэтгэл засалчийн хэлээд байгаа шиг бүх юм надаас л хамаардаг юм бол мөнгөө баран байж энэн дээр очиж ер нь яах юмб? Энэ хавьцаа л нөгөө “цооролт” болно доо. Асуудлуудаа дээрээс нь овоолоод байгаа тэр нэг дэмий зүйл чинь л АМЬДРАЛ юм байна гэдгийг ойлгодог. Хэрэв үнэхээр өөрчлөгдөхийг хүсч байвал ямар нэг зүйл хийх ёстой юм байна шүү дээ гэдгээ орой руугаа ортол ойлгодог. Сэтгэл засалч биш тэр өөрөө хийх тухайд л даа.

16. Сэтгэл заслын хамгийн гол үр дүн бол: өөртэйгөө ажиллах замаар л хүн хүчтэй болдог юм байна гэдгийг голдоо ортол ухаардаг. Энэ бол хуурай мэдээлэл, хийсвэр мэдлэг биш өөрийн гараар хурцалсан багаж, чиний сэтгэлд нэвчин шингэсэн, чиний нэгэн хэсэг болсон чанар байх болно. Энэхүү ухааралд хүрэх замд сайн хөтөч хамгаас хэрэгтэй. Төөрч буруу замаар явах нь амьдралын үнэтэй алдаа болж магад учраас.Асуудал хэзээ ч дуусахгүй, гэвч ямар ч асуудлын шийдийг чи өөрөө олж чаддаг болох чадварыг олж авах нь энэ бүх явдал суудлын эцсийн олз юм.

17. Сэтгэл заслаас өмнө бол таагүй хүмүүстэй харилцахгүй байх, эвгүй асуултуудыг үл тоох гэдгийг би ойлгодоггүй байсан. Хүн юм асууж байхад, энэ чинь бүдүүлэг шүү дээ…Харин сэтгэл заслын дараа бол эвгүй этгээдүүдтэй харилцахгүй байх эсэх нь чиний эрхэнд гэдгийг бат мэддэг болно.Миний хувьд гэвэл сэтгэл заслаас олсон хамгийн том ололтуудын нэг минь баруун солгойгүй уучлал гуйж явдгаа больсон.Буруугаа мэдэх, гэмшин наманчлах ба амьдарч байгаагийнхаа төлөө өршөөл эрэх гээд ч байх шиг, зүгээр л байж  байгаа минь хүртэл  бусдад төвөг учруулж байгаа мэтээр мэдрэх хоёр тэс өөр ойлголт юм шүү.

18. Өөрийгөө хайрлах гэх мэтийн гялгар үгсээс өмнө ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУРНА.  Тэгэхээр сэтгэл засалч дээр очих хэрэгтэй юу? Гарцаагүй хэрэгтэй. Ялангуяа сэтгэлзүйн хувьд эрүүл хүмүүст бүр ч их хэрэгтэй. Яагаад гэвэл тэдэнд л хамгийн их нөлөөлдөг учраас тэр.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !