SoulArt #1: АНХНЫ АЯЛГУУ

 

Урлаг гоо сайхны тухай гэж бид боддог. Үгүй ээ, урлаг бол гагцхүү хүний сэтгэлийн л тухай юм. Цор ганцаар амьдарч байгаа хүн, хүн төрөлхтнийг үзэн ядагч, сэтгэлийг үгүйсгэгчийн тухай байсан ч, эсвэл хүнгүй зэлүүд байгаль, орь хоосон сансар, хүний “үнэр”-гүй, сэтгэлгүй машинуудын тухай байвч зөвхөн хүний тухай л ярьж байдаг юм, урлаг гэдэг. Яагаад гэвэл урлагийг зөвхөн хүн бүтээдэг. Тэр бүтээлээ зөвхөн хүнд зориулдаг. Бүр хүнд зориулаагүй, хэнд ч зориулаагүй, огт юуг ч горилоогүй байвч туурвигчийн сэтгэлээс асгарсан, сэтгэлийн охь нэрмэл нь байдаг.

Үгээр илэрхийлж хүчрэмгүй, ухаанаар тайлбарлаж чадамгүй асар нарийн сэтгэлийн хэмжишгүй гүний хөдөлгөөнүүдийг өөр нэгэн сэтгэл рүү юүлэх арга нь урлаг юм. Сэтгэлийн уран хөдөлгөөн, яруу тунгалаг мэдрэмжүүдээр бүтээгдэж байгаа болохоор гоо байлгүй яахав, гэвч гоо байх нь урлагийн зорилго ч биш, хэмжүүр ч биш.

Хэрэв урлагт зорилго гэж байдаг бол сэтгэлийг тавируулах  л цорын ганц зорилготой байх байсан сан. “Хязгааргүй итгэдэг хүнийхээ хажууд чи бие сэтгэлээ суллан тавьж, хязгааргүй эрх чөлөөг эдэлдэг. Энэ бол сэтгэл засал юм” гэж Ошо хэлсэн байдаг. Урлаг бидэнд энэ л боломжийг өгдөг. Хамаг эвэр туурайтайгаа, гажиг, гажууд, ичмээр, нуумаар бүх юмтайгаа өөрийгөө “хайрлан” харж, бас тэр чигээр нь бусдад харуулахаас айхгүй байх боломжийг, эр зоригийг урлаг өгдөг. Би ганцаараа ийм биш, ийм хачин биш, бас ийм сод биш, би хараагдсан биш, бас даатгагдсан биш гэдгээ мэдэж, сэтгэл тавиран, уртаар санаа алдах мөчүүдийг тэр хайрладаг.

Урлаг бол ертөнцийн хамгийн аугаа сэтгэл засалч.

Ямар ч аймшигтай хэрэг хийсэн бай, чи ичмээр биш, ямар ч “хөгийн” дүртэй бай, чиний амьдрал гайхамшиг гэдгийг цор ганц урлаг л ингэж шууд, тод хэлж чаддаг. Ерөөсөө амьдралд ичих зүйл гэж байдаггүй, гагцхүү ойлгох зүйл л гэж байдаг билээ.

https://www.instagram.com/tsogtamgalan/

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !