Баяр гунигийн дуун

Виктор Михайлович Васнецов “Баяр гунигийн дуун. Сирин Алконост хоёр”. Христийн ба үнэн алдартны шашны домогт хүн толгойтой, шувуун биетэй, ербусын сайхан хоолойтой алконост, сирин нарын тухай өгүүлдэг. Тэдний гайхалтай дуунд ховсдуулсан далайчид, хүмүүс ухамсраа алдаж, амьдралаа умартаж, замаасаа төөрсөөр үрэгддэг гэлцэх юм билээ. Сирин өмнөөс өврөө дэлгэн буй диваажингийн тухай дуулан баясч байхад Алконост өнгөрсөн диваажингийн араас гуниглан гашуун нулимсаа урсгаж байгаам гэж нэг хэсэг урлаг судлаачид тайлбарладаг.

Урлагийн жинхэнэ дуу хоолойг сонссон хүн орчлонг орхиж,
урлагт зүрх сэтгэлээ эгнэгт зориулдаг.

Тийм хүний тухай “амьдралаа алдсан, сүйрсэн, өвчтэй, солиотой…” гэж ярьцгаадаг. Тэр үнэн. Жинхэнэ зураач урлагаар эдгэршгүй өвчилсөн байдаг. Амьжиргаа, алдар нэр…зуурдын бүхнийг орхиод, урлагаар олж болох үнэмлэхүй үнэний төлөө энэ насаа эргэлт буцалтгүй зориулна гэдэг бол урлагийг элдэв хэрэглүүр, орлуур, сэргээш, гоёош болгохоос тэс өөр зүйл.

Манай эрин цагийн нэгэн суут сэтгэгч “Эцэг эхийнхээ сэтгэлийг үнэхээр зовоомоор байвал ижил хүйстэн бол. Эсвэл жинхэнэ урлагийн хүн бол” гэсэн юм гэнэ лээ. Их урлагийн замаар замнах гэдэг хэцүү тавилан. Өөрийн үнэнийг нээчихээд, түүнийгээ батлах гэж амьдралынхаа 10, 20, 40, 50… жил, заримдаа хамаг амьдралаа зориулдаг эрдэмтэд, хорвоогийн хамаг л амттай сайхан бүхнээс татгалзаж, бурханыг-үнэнийг олохоор яваа хуврагуудын зам ямар байдаг вэ, яг л түүнтэй адил. Харин энэ бол урлагаар бизнес хийгчид, урлагийн наймаачдад огт хамаагүй ойлголт.

Гадаад ертөнцөд туурвидаггүй ч зүрхэндээ зураач хүмүүс байдаг. Тэд урлагаар дамжуулан өөрсдийн оюун санаанд хувьсгал хийж байдаг болохоор зураач юм. Түүнээс биш гоо сайхныг үнэлдэг, таашаадаг төдийхөн юм биш. Гоо сайхны мэдрэмжтэй хүн гэдэг бол гоо сайхны мэдрэмжтэй л хүн гэсэн үг. Тэр бол зүрхэндээ зураач биш.

Ярианы ялдамд дурсахад, Австрид эдийн засгийн чуулганд оролцов, амрав, зугаалав гэсэн олон л монгол хүнтэй таарч байсан. Элдэв даавуу шаавуухан, идэш уушны газруудыг л ярьцгаах юм билээ. Брегенцийн наадмыг үзсэн гэх ганц хүн нь, юу үзсэнээ ч мэдэхгүй тууж явсан.

Бид түүхий байна.

Дэлхийн урлагийн түүх, хөгжлийн чиг хандлага бидний хүслээс эс хамааран өрнө рүү харж байдаг. Үндэсний уламжлал, ардын ба язгуур урлаг чухал боловч урлаг гээчийг бүрэн танья гэвэл орон нутгаасаа хальж, аньсагаа том нээж, далайцтай дэвж, гүнзгий сэтгэх л хэрэгтэй болно доо.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !