Бурхан эрэгтэй

Би үүнийг өөрөө бодож олсон юм биш. Нас нь бага ч зарим зүйл дээр миний “багш” Амармэнд гээд нэг залуу байдаг. Кино, хөгжим энэ тэр гээд л нүдийг минь нээсэн мэдлэг нь олонхийнхтой адил гялгар биш. Хөвсгөлд зураг авалтаар явж байхад Эрка “Самсара”-гийн тухай ярьж байсан ч Амармэндийг хэлсний дараа л би үзье гэж бодсон билээ. Өндөр цол хэргэмд хүрсэн сахил санваараа хөсөр хаян, дотроос нь түймэрдсэн тачаалын цаламдаа боомилуулан байж өөрөө тэчъядан эзэмдсэн, тэгээд эзэмдэн жаргасан гэргий үр хоёроо  шөнө дөлөөр сүүлээ хавчин орхин одсон Даш ламын эхнэрийн үг…-ийг Амармэндийн амнаас л анх би сонссон.

Тэрнээс өмнө бол нөхрийн утсан дээр байдаг “The God is a girl” дууны үгийг дагаад гиншиж байхдаа утгыг нь хэзээ ч бодож байгаагүй юм….Яшидора. Чи энэ нэрийг мэдэх үү? Ханхүү Сиддхаартха, Готама, Шагьямуни, Будда… Харин энэ нэрийг бол бүгд мэднэ. Харин Яшидорагийн нэрийг? Яшидора бол Сиддхаартхын эхнэр байсан юм. Нэгэн шөнө, Яшидораг хүү Рахултайгаа унтаж байхад нь Сиддхаартха сэмхэн яваад өгсөн.

Гэгээрлийг олохын тулд. Бурхан болохын тулд. Тэр тэдэнтэй салах ёс гүйцэтгээгүй. Тэр бүү хэл ганц ч үг хэлээгүй. Гэтэл Сиддхаартхаг зовлон гэж  байдаг үгүйг ч мэддэггүй байхад Яшидора зовлонг таньж, зовсон хамаг амьтныг Сиддхаартхаас ч өмнө өрөвдөн энэрдэг байсан юм.

Сиддхаартха гэгээрэлд хүрсэн нь чухам Яшидорагийн  ач ч юм бил үү хэн хэлж чадах юм бэ?

Магадгүй, Яшидора өөрөө Сиддхаартха, Рахул хоёрыг орхиод одохсон гэж түүнээс ч эрт боддог байсан юм бил үү? Сиддхаартхаг яваад өгснийг мэдээд Яшидорад чухам ямар байсныг хэн мэдэх вэ?

Уур, гомдол, уй гашуу, цөхрөл, өвдөлт… энэ тухай хэн нэгэн, хэзээ нэгэн цагт бодож байсан болов уу? Ер нь Яшидорагийн юу мэдэрсэн нь хэнд ч сонин байх вэ дээ, тийм үү? “Аав хаачсан юм бэ?” гэж зогсоо зайгүй шалгаах бяцхан хүүдээ Яшидора юу гэж хэлэх ёстой байсан юм бэ?

Харин эх хүн үрээ балар шөнийн түнэр харанхуйд орхиод явчихаж чадах байсан уу? Үгүй. Хэзээ ч үгүй. Зөвхөн эр хүн л ийм бөх зүрхийг гаргаж чадна. Гагцхүү эр хүн л ийм юмыг хийж чадна. Үүний дараа Яшидорад ямар ч сонголт үлдээгүй. Тэр энэ хүсэлт ертөнцийн амьдралыг орхихоос аргагүйд хүрсэн. Үүрд. Тэр үсээ хайчлан, даяанч болсон…

“Хэрвээ ариун номонд шунан тэмүүлэх чинь хэзээ нэгтээ надад дурлаж
байсан ухаангүй хайртай чинь адил тийм хүчтэй байсан сан бол чи эгэл хүний амьдрал дунд ч Бурханы хутгийг олж чадах байсан юм” гэж Пэма хэлдэг.

Уурлалгүй, уйлж орилолгүй, зэмлэн буруушаалгүй, өөртэйгөө ярьж байгаа мэт өгүүлдэг энэ үгс тархи зүрхэнд зоогдон, хамаг биеэр цустай уралдан гүйж, сэтгэлд нэвчээд, түг түмэн зүү болон цөм рүү шивэхэд Дашийн өвдөг бохирон нугарч, сөхрөн ойчдог. Үнэндээ бол сэтгэл нь хугарсан байх. “Би буцъя. Би чамтай хамт буцъя” гэж нулимс урсган хэлэхэд нь Пэма ганц ч үг унагаадаггүй. Урьд нь Дашийг замд гарах бүрт нь аяны хүнсийг нь төхөөрч  өгдөг байсан ёсоороо бэлдсэн аяганы хийцтэй богцыг нь өвөр дээр нь унагадаг.

Үл үзэгдэх үйлийн үрийн утсаар улаан голоос нь угзчаад байгаа хүү рүүгээ сажлуулж явахдаа Пэма юу бодож явсан бол? Хүссэн юм нь хүзүүгээр нь татаад өөртэйгөө л үлдсэн Даш эг маггүй уйлан бачуурч байгааг мэдэж л байсан. Одоо шороон дээр өнхрөн хөрвөөж байгаа биеэрээ хэдхэн хоногийн өмнө зарц хүүхэнтэй юу хийснийг нь мэдэж байсан шигээ л. Ингээд гэртээ харина, хүүгээ өсгөнө, магадгүй түүнийг ч бас Бурханыг зорих болбол үдэн мордуултлаа ерөөл тавина гэдгээ ч мэдэж байгаа.

Харин түүний яг өөрийнх нь зам?! Тэр энэ тухай хэзээ ч мартаагүй ч хамгийн сүүлд, өөр юуны ч тухай бодох хэрэггүй болсон үед л бодох болно. Даш гэгээрнэ. Тодорхой. Дашаас даруй хэдэн галвын хойно л Пэма өөрийнхөө гэгээрлийн тухай бодох байх. Хэрвээ эмэгтэй хэвээрээ байвал шүү дээ. Тиймээс л эр төрөл илүү заяатай гэдэг.

“Одоогийнхоор бол авгай хүүхдээ харанхуйгаар хар цагаан дуугүй  хаяад явсан Сиддхаартхыг хөгийн новш л гэнэ дээ” гэж Амармэнд хэлэхдээ Сиддхаартхын явсны биш яаж явсны ёсзүйн “гоо сайхан”-ыг хүлээн зөвшөөрөв үү, эсвэл түүнийг хөгийн зан гаргасан гэх эмэгтэй талыг буруутгаж байв уу, мэдсэнгүй.

Хүний  хорвоо бол аз жаргалын уурхай биш, зовлонгийн гяндан юм гэдгийг ухаарч уйссан эмэгтэй хүн бүр яг Даш шиг, Сиддхаартха шиг гэрээсээ явж байсан бол юу болох байсан бол? Хамаг амьтныг төрсөн ганц үр шигээ энэрэгч Бурхан болох юмсан гэсэн нэгэн үзүүрт хатан зориг эр хүний бүх оршихуй дээр хэрээс тавьдаг шигээ эхийн хайрыг ч золиослох хүчтэй байсан сан бол … чухам юу гээч болох байсан бэ?

Дэлхийг, тэнгис далайг, тив, хаант улсуудыг, уулсын оргилыг эзэмдэн, сансар огт оргүйг, шинжлэх ухаан, шашин төрийг байлдан дагуулж байхдаа эр хүний  гаргадаг хүмүүн бусын хүч, тамын хатуужил, Бурханы ухаан, чөтгөрийн хоншоор, Сатанад худалдсан зүрхний үнэ- гэрээ гишүүдтэй нь үүрээд ахуйн өмхий жорлон балчгийг туулахдаа эм хүний амсдаг бүхний дэргэд юу вэ?

Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, гал нь бузартсан тулгаа тойрон бөгтнөхдөө жам ёсны өвчин, өтлөлт, төрөх үхэхийн зовлон дээр нэмээд үрийн зулгаалт, хазалт, үзэн ядалт, хамгийн ойрын цасны цэвдэг хүйтнийг мэдрэн мэдрэхдээ мэдээгүй царайлах алба…бас энэ бүхнийг амсч яваа хамаг амьтныг өрц өмлөн, зүрх хэмлэн өрөвдөхийн нажид…“… Харанхуй бас хүйтэнд гань ганцаар …Хаашаа ч юм гараа явуулаад нэгийг тэмтрэхүй… Харанхуйн дунд гэрэл гялсхийж …Хамгийн ойрын цастай харц тулгарах …”\ Л.Өлзийтөгс\ – дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлон…эм хүнд л буй.

Хамгийн хүчирхэг эрчүүдийн ард дандаа эмэгтэйчүүд тулж байдаг.

Хүүгийнхээ аугаад ухаангүй итгэдэг ээж, хурцлагч эхнэр, хурьцагч янаг, сэтгэлийн муза, оюуны залуурдагч, ялалтын охин тэнгэр- аминдаа тултал үнэнчээр хайрлаж чаддаг эмэгтэйчүүд.  Харин хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн ард ёр юм шиг хэн ч байдаггүй. Банзал дотроос нь шимэгчид бол байнаа, байна. Худалч эцэг, хулгайч амраг, архичин нөхөр, “яргачин” хүү, урвагч албат, шалдлагч ноёд, араас хутга шаагч өрсөлдөгч гээд л адгийн эр хүйстнүүд. (Эцгээс бусдынх нь ард олон тооны нөхцөл нэмж бичихээсээ залхуурсандаа л орхилоо.)

Тэр өөрөө өөрсдийгөө үсдэж байгаад хөлөөс нь дүүжлэгдэх  гэр бүл, үрс, эрстэйгээ хамт дээш дээш нь татдаг учраас эмэгтэй хүн эр хүнээс илүү чөлөөлөгдөхийг хүсдэг байх ёстой.

”Ертөнцийг хэн аврах вэ?” гэж Далай багшаас асуухад ганцхан үг хэлсэн. ЭХ ХҮН.

Гэгээнтний үгийг мушгиж байна гэж бүү бодоорой: эр хүн аврахгүй нь тодорхой. Түймэр гарвал яах нь  вэ гээд  туршилт хийхэд бүх (!) аав нар шууд л гон бие гозон толгойгоо аваад зугтаж байсан.  “Ганц хоёрхон хүнийг аврах гэж амь дүйж байснаас хамаг амьтныг аврахын тулд өөрийгөө аварлаа” гэх эр хар логик. Ээж нар бүгдээрээ (!) өөрийгөө биш, хүүхдээ, нөхрөө аварч байсан.

Ямар ч логикгүй эм хар зөн. Гудамжаар зөрөлдөх ууртай, гунигтай, зальтай, аальгүй, завгүй, хүний үнэргүй хүүхнүүдийг харахлаар тэдний  хэн нь ч гэсэн гар чичрэлгүйгээр улаан гараараа багалзуурыг минь тас татна гэдгийг би мэдэрдэг. Гэвч тэдний хэн нь ч үүнийг өөрийнхөө төлөө хийдэггүй.

Эрчүүд ч бас адил, нүүрнийх нь ганц ч булчин татвасхийлгүйгээр гүрээний чинь судсыг тас татна. Гэвч тэдний хэн нь ч үүнийг бусдын төлөө хийдэггүй. Хуулийн гажуудал үргэлж байдаг, би олонхын тухай ярьж байгааг болгооно биз. Эмэгтэй хүн ингэж бусдын буяны төлөө өөрийн нүглийн тулмаа дүүргэж, баруун солгойгүй аварч байгаа цагтаа хэзээ ч гэгээрлийн зүг явахгүй.

Магадгүй, тэд эрчүүдээс өмнө, эрчүүдээс олон удаа, эрчүүдээс гүн гүнзгийгээр   энэ тухай бодож, алсад сүглийх оргил өөд саравчлан саравчлан санаа алдаж, сэрүүн зүүдлэн, унтаа зоридог байж болох юм.

Гэвч хэзээ ч зориглон зүглэн мордохгүй. Хэнийг ч тэр орхиж чадахгүй. Үр, ач зээ, гуч, дөч… бие, нас, чадал, цаг хугацаа … тэгээд л дараа насандаа “ … төрсөн үрээ ч хүртэл хаяад явчих “сортоотой” эр төрлийг авах болтугай …” гэж ерөөл тавихаас өөр юм үлдэхгүй.Тэр хөөрхий, хэн нэгнийг өөрийгөө хайлан аварсаар, гэгээрүүлсээр, гэгээрэхээр одогсдын үлдээсэн ачааг үүрэн үүрсээр хүрэх газарт нь хүргэтлээ орчлонгийн хүлээснээс оргохгүй. Яагаад гэвэл тэр эмэгтэй.

ХАРИН БУРХАН ЭРЭГТЭЙ.

2010 он

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !