Хэн нь хэд вэ?

ЭХНЭРИЙН ХАНШ. Би эрчүүдтэй шөргөөцөлдөх ёстой дургүй. Энэ удаа ч бас тэгмээргүй байна. Тэдний үзэл бодлыг ойлгодог болохоороо тэр. Бас эрчүүдийн хоолойг огтлох зүйл олон болсон, тэгээд ч хүүхнүүд улам л муухай ааштай, түрэмгий, дэндүү ухаантай болсныг ч ойлгож байна. Охид дандаа биеэ сулласан байдалд байсаар тэдэнд бүр муу зан суучихаж. Бодь мөрийн зэрэг, намын суртал хоёр хамгийн сайн хүмүүжүүлэгчид гээд л тайвширчихсан байтал тас гээд л хэлбэр галбиргүй, зүс царайгүй капитализм дайран орж ирээд эсвэл чи, эсвэл чамайг гээд л тулгачихлаа.

Би хоёр гараа арван хуруу тоолон өргөж, эмэгтэйлэг байдал, урин наалинхай аалийн төлөө саналаа өгмөөр байна. Цэнхэр халимын хазалттай цэмцгэрхэн хүүхнүүд газрын хаана ч гарцаа нээчихнэ л дээ. Эртэй эргүй хоолоо олчихно ч, хоёр гурвыг хооллочихно ч, дээрээс нь бойфрендээ ч бас. Өөрсдөд нь дэндүү ойртож очсон хүүхнүүдийг тэсвэрлэж дөнгөхөө больсон эрчүүд цэцэрхлийн дүүгүүрээ луувангийн үрүүлээр, ажлынхантайгаа бужигнах томилолтоо хүүхдүүдтэйгээ мунгинах Хавайн амралтаар солиход бэлэн биш байна. Бэлэн биш л юм бол дуугаа татаад сонс!

Дэлхийн хамгийн чухал, хамгийн үнэнч мэргэжлүүдийн нэг гэрийн эзэгтэйн ажлыг хэн нэгэн тоглоомоор ч болов шоглоод авахад би дургүй. Театрын, бутикийн, талхны мухлагийн, татварын хэлтсийн, бүр ядаж шөнийн клубын эзэгтэй байх нь нэр хүндийн хэрэг байхад хүний хамгийн нандин оромж-гэрийн эзэгтэй байх нь яагаад доромж гэж? Энэ эмзэг сэдвээр цэц булаацалдах зоригт харчуулд асуудлын гүн рүү арай гүнзгий шумбаад үзэхийг зөвлөмөөр байна санж.

Эмэгтэйчүүдийн нэргүй хөдөлмөрийн статусын талаар үе үе биш, үргэлж, бүр хэд хэдэн бие даасан хүрээлэнгүүд толгой өндийхгүй судалж байдаг юм. Жишээ нь, америкт гэрийн ажлыг судалдаг тусгай хүрээлэн гэрийн эзэгтэйд цалингийн дунджийг олгохын тулд биш хууль эрхзүйн хүрээнд өөрчлөлт оруулах хэмжээнд шинжлэх ухаанчаар ажиллаж байна. Санхүүгийн феминизмийн өмөг түшиг болсон Японд хүүхнүүдийн тэн хагас нь эмэгтэй хүн нөхөргүйгээр аз жаргалтай амьдарч болно гэдэгт бат итгэлтэй болчихлоо.

Тэдний картанд мөнгө гуйвуулагч нь ердөө нөхөр биш ажил олгогчид байна. Швед эхнэрүүд эдийн засгийн хараат байдлаас бүр мөсөн ангижирч, нөхрүүдээсээ bustrulon буюу гэрийн ажлын хөлс авах болов. Зөвхөн секс л үнэгүй – энэ тухай гэр бүлийн үүргээ биелүүлэх тухай хэлцэлд бичигдсэн байна. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хэмээх хэзээ ч хойшлуулшгүй нандин зүйлийн төлөө итали эрчүүд юугаа ч хайрладаггүй. Европын олон улсад “нэг хэтэвч”-ний хууль үйлчилдэг.

Миний эсрэг хүн гэрийн эзэгтэйн цалинг цэцэрлэгчийн, өө өршөөж хайрла, ландшафт дизайнерынхтай зүйрлэж. Хэрвээ өөрийг нь нэг бяцхаан хүүхдийг 10 сар тээгээд төрүүл гэвэл хичнээн мөнгө нэхэхийг нь харах юмсан. Шөнөдөө өчнөөн босч хөхүүлснийхээ шанг тэр хэдээр үнэлэх бол? Өвчтэй хүүхдийг хэдээр сахих вэ? Өнөө үед цурамхийлгүй хоносон нойргүй шөнийн үнэ хэд вэ? Тэгээд нэгэн биеийн нөгөө тал-нийлсэн амрагийнхаа сэтгэлийг зовоохгүй гэж өөрийгөө хүчлэн бүтээдэг “Би сэргэлэн цовоо, цог золбоо дүүрэн байна, ялимгүй зүйлээр санааг тань зовоохгүй” гэсэн инээмсэглэлийг тэр хэдээр зарах бол?

Гэрийн эзэгтэйн талаар эрчүүдийн онч мэргэн үгсийг сонсохоор
миний инээд, нулимс хоёр зэрэг асгардаг.

Монголын нийт хүн амтай харьцуулахад даанчиг өр өвдмөөр хангалуун гэр бүлүүдийг (0.18 хувь) тэд онцолж, орчин үеийн монгол хүүхнүүд гэрийн ажлаа ч хийж чадахгүй болтлоо арчаагүй болсонд халагладаг. Зайлшгүй учир шалтгаанаар гэрийн эзэгтэйн үүргээ хөлсний ажилчдад хуваарилах боломжтой эмэгтэйчүүдийн эзлэх жин сүржигнээд байхааргүй бага гэдгийг бүү мартаач! Бэлтэйхэн нөхөрт гарчихвал хатан хаан шиг амьдарна гэж хүйтэн тоо сампиндаж суудаг хүүхнүүдийг би зөвтгөх гээгүй.

Гэвч энэ тооцоо монголыг хамарсан ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл, хүүхдийн тэтгэврээс ичгүүргүй зугтагсдын армийн дэвсгэр дээр хийгдэж байгааг саная. Түүх болон мөнхөрсөн азтай анхны гэрлэлтүүдийг дурсъя. Ихэнх наймаачдын (эдийн, оюуны, хүний г.м) гэрийг эхнэрүүдийн хоёрдах, гуравдах ээлжийнхэн эзэгнэж байна. Эхний ээлжийнхэн гол зогоох төдий тэтгэмжтэйгээр, зарим нь гар хоосон гавъяаныхаа амралтад үдүүлчихсэн.

Дайсагнасан, хэт даварсан феминизмийг би дэмждэггүй ч энэ үзэгдлийг дэвэргэж буй факторуудын дунд гүн цэнхэр өнгөөр эрчимтэй цэцэглэж буй эрчүүдийн феминизм мөн эрэгтэйчүүдийн өөрийн эдэлгээнд сургасан “амьтад”-ынхаа өмнө хүлээх хариуцлагаас гутамшигтайяа толгой дараалан зайлсхийдэг бэртэгчин байдал байгааг болгооно биз. Ирээдүйн эхнэр нь ямар үнэтэй байх тухай эрчүүд боддоггүй байсан цаг сайхан л юм. Чухам иймээс л тэд ямар ч үнэгүй олдсон хүмүүсийг хүний үнэргүйгээр хог руу чулуудацгааж байна.  Эргэн тойрон шинэ сонин, залуу сайхан юмс дүүрэн байхад арга ч үгүй биз. “Чиний ирээдүйн эхнэр хэд вэ?” гэдгийг амьдралын хэлэнд хөрвүүлбэл гарах

“Ирээдүйн гэр бүлийнхээ төлөөх хариуцлагыг үүрэх болтлоо төлөвшиж гүйцсэн үү, би?”

гэх асуултыг хөвгүүд минь өөртөө тавьж байвал сайнсан. Уран илтгэгчийн урын санд л үлдчихдэг ийм сэдвийг зохих цагт нь хөндөөгүйгээс болоод эзэгтэйн хөдөлмөр хэдээр үнэлэгдэх тухай хожимдсон тооцоонууд сэтгэлд үрчлээ нэмээд гэрт хэм хасаад байгаа юм шүү дээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !