Дур ба хайр

Хот бол амьд биет гэдэгт би эргэлздэггүй. Тэр төрдөг, тэгээд үхдэг. Тэр хүн шиг нас сүүдэртэй. Бас хүйстэй. Бүр өөрийн гэсэн өвөрмөц, эрс ялгагдах үнэртэй. Тэр амьсгалдаг. (Амьсгал нь боогддог гэвэл үнэнд илүү дөхөх юм болов уу.) Хүчирхэг араншинтай, егзөр хатуу нь ч байна, нүүр царайгүй нялцмагууд нь ч байна. Тэдэнтэй үерхэж, сексдэж, үзэн ядаж, үл тоож болно. Тэд ч бас мөчөөгөө өгөхгүй, тантай найзалж ч магад, эсвэл хүний ёсноос эс гажин, бас түлхэж ч магад.

Байшин барилга, зам гүүр, ландшафтаар хот цогцолдоггүй, харин хүмүүсээс бүрэлдэн тогтдог. Энэхэн дашрамдаа тэд цэцэгт байцаа шиг хуваагддаг. (математикийн хэлээр). Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, түүний эд эс болгон, өөрөөр хэлбэл, дотор нь чин үнэнээсээ амьдрагч хүн бүр хоттойгоо яг адил байх ёстой л гэсэн үг. Эндээс л зохицолт амьдралын жор төрөн гарч, ямар нэгэн хотод аз жаргалыг амсъя гэвэл түүнтэйгээ дээд зэргээр адил байх ёстой гэж томъёологдоно.

Парисын жинхэнэ иргэн болохын тулд нэг ёсондоо жижигрүүлсэн Парис болох ёстой.

Хэдэн жилээ үдсэн Парис руугаа буцаж очих нь надад хэзээ нэгтээ дурлалцаж явсан залуутайгаа эргэн учрахыг сануулах мэт. Ургаж хагдарсныхаа дараа эргэн соёолсон харьцаа урьдынхаасаа илүү үнэнч, гүнзгий, бас хоёр эгогийн хогийн барилдаанаас ангижирсан байнаа гэж амлан андгайлах ч шиг.Парисын зочломтгой аалийн амин сүнс нь сексуал чанар. Нью-Йорк бол омог бардмаар тэнгэр сүлбэсэн цамхгуудтай ихэмсэг залуу бол, Москва-манин (Хм-м, уучлаарай. Тэрээр нэг бол улангассан цус сорогч вампир, эсвэл уяхан нулимсаа арчих авгай болчихдог), тэгвэл Парис бол өвдөглөн суугаад, дэндүү хэврэгхэн зүрхнүүдийг элгэндээ наан дотроо шингээхэд бэлхэн байгаа, залуужсаар буй хатагтай гэж хэлж болмоор.

Хэт нарийн мэдрэмжтэй Парис ямар ч байсан захирах эрхээ эдлэх дуртай, толгой эргэм төвөгтэй бүтэцтэй, уриалгахан эрчүүдэд, бас нүд анин, өөрийгөө бүхлээр нь зориулдаг хүүхнүүдэд илүү зохидог юм. Тиймээс Парисын жинхэнэ иргэн болъё гэсэн этгээд өөрийн зүрхний нарийлаг хөгжлийг улам л мяндсан болгохоос аргагүй болно. Хэрвээ энэ нь боломжтой бол шүү дээ. Энэ боломжоо эдлэх үед Парисын цаг танд сунамтгай чихрийг санагдуулж магад.

Жинхэнэ Парисын иргэн бол цаг хугацааг маш боловсон, хээнцэр маягаар зогсоох чадвараа тууштай хөгжүүлэхээс хаашаа ч зайлахгүй. Ромд байгаа шиг залхуутайхан биш.

Номин эрэг дээрх шиг дүнхүүрмээр биш. Бүр эсрэгээрээ: чамин ороолттой, эспресотой, Сен-Жермений хаа нэгтээ хүн-гайхамшгийн тод жишээнүүд баяр баясгалантай зугаалан буйг харсан шигээ суухдаа Les Deux Maggotsэсвэл Café de Fleur-т ч юм уу. Яарч адган гүйхийг Парист соёлгүйд тооцдог боловч харин хоцрох нь түүнээс долоон дор. Хэрвээ та үдшийн зоогонд уригдсан бол (гэрийн биш, дээдсийнх байсан ч гэлээ) “халууны өмнө ирж”, “амттаны өмнө явах” нь энэ үдшийн эзний сэтгэл рүү нулимж байгаатай дүйцэн ойлгогдох учраас таныг дахин хэзээ ч, хаашаа ч урихгүй болно.

Парисын амт нь ма-а-ш хөнгөн. Яг л жижигхэн ванилан макаронууд шиг эелдэгхэн, хайлам амттай. Jardin du Palais Royal эсвэл Place St.Sulpice-ыг амсч, Сены эргүүдийг тамшаалан зажилж, Place des Vosges-ыг таалж, үдшийн Луврын магнай дээрх агаараар урласан мэт баримлуудыг долоож чадвал та дэлхийн хамгийн амтлаг хотуудын нэг Парисыг мэдэрч болох юм. Жинхэнэ Парисын хүний хувьд хаанаас зөв “макарон” авахаа ялгаж салгадаг байх нь “аминаас чухал үйлс”. Элдэж хэрчсэн гурил төдий юм гэж та бүү голоорой. Макарон бол жинхэнэ Парисын десерт.

Тоо томшгүй олон булангийн бяцхан мухлаг, кулинар, дэндүү ганган дэлгүүрүүдэд бүхэл насныхаа хөрөнгийг үрж цацсан болохоороо би мэргэжилтний хувиар хамгийн сайн макарон Pierre Herme бас Laduree-д байгаа гэдгийг баттайяа зарлаж чадах байна. Солонгон өнгөт энэ өөдөсхөн бөмбөгөрүүд маш хүчтэй афродизиак болно гэдэгт эргэлзэх юмгүй. Хэрвээ ийм макаронтой хайрцагны дараа хэн нэгэн таны урхинд ороогүй бол түүний дээрээс бүдүүнээс бүдүүн, том гэгчийн хэрээс татаж орхи. Бүх утгаар нь.

Парис үзэмж төдий даруухнаар хувцасладаг. XIV Людовикийн үеэс солиорсон дэгжирхлийг сохроор тахин шүтэх үзлийг төрүүлсэн Парисын оршин суугчид өөрсдөө зуун жилийн л дараа гэхэд том том логотипүүд, алтанд бялтадсан брендизмыг хайрлаж чадахгүй болсон юм. Одоо бол соц маягаар бүгдийг адилтган өөлдөг хэрчилт энд л үндсээ гүн зоож, Францыг дэлхийн социализмын сүүлчийн тулгууруудын нэг болгож байна.

Алхам бүрт таарах чулуун дээр сийлсэн “Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүгийн ёс” Лютецийн бүгд найрамдах улсын иргэдийн ухамсарт амжилтын бас давтагдашгүй байдлын комплексийн эдгэршгүй сорвиудыг дархлав бололтой. Францын томоохон компанийн дундаж ажилтан нэгэн танил маань кабриолет авахын тулд хоёр жил зовсон тухайгаа надад ярьсан юм. Хамт ажиллагсад нь эвгүйцэж, түүнийг цээж өвчтэй шинэ баянд тооцох вий гэсэндээ л тэр.

Гэвч авах гээд байсан алдарт кабриолет нь пролетаричуудын Renault л байгаагүйсэн бол би тэр ажилтнуудыг ойлгох байлаа л даа. Парисчуудын эгэл даруу зан нь, харагдахуйц газар хамгийн томоор тавьдаг, дэндүү бялуурмаар логотипүүдтэйгээ л адил үзүүлбэр төдий юм, гэвч энэ даруу зан л “хууль” болдог нь гайхалтай.

Тиймээс Парисын хүн аль болох анхаарал татахгүй хувцаслах хэрэгтэй,
тэгээд амьтан хүн үргээж цочоочихгүй хувцсаа хаанаас авахаа мэдэх ёстой.

LEclaireur байна. Ариан Адидын дөрвөн бутикийн алинаас нь ч та Парисын хэмжүүрээр хамгийн стильтэй гэгдэх зүйлсийг, тоос сорогчоос авахуулаад нандин сүрчиг хүртэл олно. Хаалган дээрээ хаяггүй JEclaireur-т та хамгийн дэвшилтэт бүхнийг: Антверпений сургуулийн алдарт долоон бельги, харь гарагийн Martin Margiela, ойлгомжгүй Number Nine, бас сэхэж амилсан Oscar de la Renta-г өөрийн болгоно. Бас үнэхээр жуулчны биш Rue Etienne Marcel хэл хугарам франц лейблүүд: Marithe+Francois Girband Billtornade-тайгаа нүдийг тань нээж өгнө.

Хэрвээ сураар боогдошгүй сурсан зангаараа заавал их дэлгүүрээр хэсмээр байвал зүүн эргийн, буржуаз маягийн Bon Marche-д оч. Парис бас аварга том, бүтээлч зөгийн үүртэй адил. Тиймээс чин үнэнээсээ эндхийнх мэт үзэгдье хэмээвэл үзэсгэлэн үз, дээдсийн ярианы гол сэдэв болдог арт-үйл явдлуудыг өөрөө хийчихсэн юм шиг л мэдэж бай. Азаар Парис үзэсгэлэнгүүдээр үржиж, урлагаар ундарч байдаг нь Бурханы аврал.

Эрт багын анд минь нэг удаа “Парисаас урваж болдоггүй юм” гэж хэлснийг нь би тухайн үедээ ойлгоогүйгээ хожим мэдсэн юм. Харин төрсөн нутгийн зүг хөлгийн жолоо залах үестээ мөрөөдлийн энэ хотоосоо салах нь юу болохыг зүрхээ халууртал мэдэрч билээ. Энэ бол илүү үггүй маш гүнзгий хагацал байсан. Парисын нүдэнд цийлэлзэх нулимс миний сэтгэлийг хөндөж… би Сена мөрөнд “үсээ зайлах” уд моддыг илбэж, османы байшингуудын зөөлөн чулуунуудыг атгалан энхрийлж байв.

Парист ч бас хэцүү байгааг би хоёр санаагүй харцнаас нь уншиж байлаа. Энэ зүрх дарсан хүнд ачааг хөнгөлөх гэж би бяцхан дурсгалууд авсан ч Парис надад тоглоомгүй гомдож орхих шиг болсон. Гэвч яая гэх вэ. Хайр, секс, флирт бүгд дуусдаг. Ирсэн гийчин буцдаг.

Монгол Францыг харьцуулах нь аньсыг интоортой жишихийн
адил утгагүй: жимс ногоо болгонд өөрийн гэсэн үнэр, үзэсгэлэн, хэмжээ, хэрэгцээ байдаг.

Үүнчлэн, улс болгонд гоо сайхны маш амин хувийн үнэлэмж бий. Жишээ авах уу? Монголд сайхан хүүхнүүд олон, харин сайхан харчуул нүдний гэм. Хүн амын 62 хувь нь эмэгтэй, 38 хувь нь эрэгтэй гэсэн тайван бус дэнсэн дээр дэнжигнэж ядан буй монгол хүүхнүүд үеийн олон эрчүүдтэй франц бүсгүйчүүдийг бодвол гоо сайхандаа илүү анхаарал тавихаас аргагүй.

Монгол хүүхэн франц хүүхнээс илүү юу гэж үү? Хн, ёстой бүх талаараа. Амьдрал монгол хүүхнийг атгандаа хийгээд базалж байхад амьд үлдэхийн тулд, бүр тэгэхдээ баян, хөөрхөн, амжилттай явахын тулд илүү байхаас өөр гарц байхгүй. Боловсролтой франц хүүхнүүдийг “парисын юмс”-тай зүйрлэх нь элбэг. Тэд нэг их үзэсгэлэнтэй биш ч гадаад байдлын донтон бас биш, моодтой унан тусан хөөцөлддөггүй. Дизайнерын моод зөвхөн Францад бий болдог ч түүний хэрэглэгчдийн дотор франц хүүхнүүд маш цөөн.

“Гоо үзэсгэлэн бол дэндүү найдваргүй зүйл” гэдгийг аль Ромын үеэс л мэддэг парисын юмс олон монгол хүүхнүүд шиг зөвхөн харагдах үзэмжээрээ дэнчин тавьдаггүй. Гоо үзэсгэлэн гэгч чинь дэндүү сайхан шигээ дэндүү хурдан урсан арилж, харин сэтгэл булаам чанар, стиль, араншин, дотоод ертөнцийн үзүүлэлтүүд, интеллект, дуу хоолой, мэдрэмж, мэдрэг чанар, хөдөлмөрийн чадвар, эрч хүч үлддэг.

Энэ бүх чанарууд хамт байгаад, дээрээс нь гадаад байдлын гайгүй үзүүлэлтүүдтэй хоршдог бол ч мөн сайн хэрэг, гэхдээ сүүлийнх нь заавал ч байх нь алба биш. Суудал орсон өмд шиг сунасан хэлбэртэй, нас нэмж яваа бүсгүй өндөр хэмийн ундаанд дурлах шиг гунигтай юм үгүйг Монголд харж болно. Харин хүндэтгэх насыг зооглосон парисын юмс дэндүү чамин, уран хүрээтэй, жинхэнэ нандин сувд болон хувирч, ямар ч үзэсгэлэнтэй годгоносон охиныг байранд нь хөнгөхөөн тавьчихдаг болохыг Францад харж болно.

Парисаар амьсгалан алхлангаа та тийм залуухан биш ч бүр нэг харц салгамгүй
аятайхан парисын ширхэгхэнүүдийг харан нүдээ хужирлаж болно.

Харин насны нарыг гялалзууланхан хэвийлгэж яваа монгол эмэгтэйг хэзээ хамгийн сүүлд харснаа би санахгүй байна. Яагаад буурал үсийг Францад намбалаг эмэгтэйн гайхуулах зүйл гэж үздэг байхад Монголд үсээ будаагүй өсвөр насныхан ч ховор байдаг юм бол? Эмэгтэй хүний хувийн жаргалын төлөө монгол хүүхнүүд үсээ будахаас эхлээд хийж чадах бүхнээ бүр давуулан биелүүлж байгаад, дэлхийн тавцан дээр ч хүч түрэн үзэлцэж байна.

Интернэт зуучлал, гэрлэлтийн хурд, гадаадын нөхрүүдээс салах нийлэх дуу шуугаараа монголчууд Орос, Украин, Тайланд, Филиппинчүүдтэй мөр зэрэгцэн, “цомын” төлөө тэмцэлдэж байна. Харин энэ дашрамд франц хүүхнүүд монгол эрчүүдтэй сууя гээд интернэтээр хайж байсныг би олж сонсоогүй л юм байна. Парисын бүсгүйчүүдийн эр хүнээс олж үнэлдэг давуу талуудын хамгийн эхэнд нь интеллект, дараа нь чин сэтгэл, тэгээд гэр бүлийн үнэт зүйлсийг сүслэн баримтлах чадвар нь орно.

Уламжлалаараа, гэр бүлийн үнэ цэн, нэр хүндийн ойлголт өндөр хөгжсөн Франц улсыг, үдэшлэгийн эзэн нь адюльтер (уучлаарай, өөрөө тайлчих) байхад хүртэл хэний яанаагүй л хөлөө хугалан гүйж очдог Монголтой зүйрлэж болох уу?!“Монгол сайхан залуу-баатар амраг”-ийн хэв шинж манайд нэг их явцгүй. ……. нарыг гоо сайхан гомдоогоогүй ч, тэд ч нутаг нэгт олон хүүхнүүдэд маань таалагддаг ч алдар нь дэлхийн хэмжээнд түгж чадалгүй замхарлаа.

Юун тэр, Жан Марэ, Ив Монтан, Жерар Филип, Ален Делон, Жан-Поль Бельмондо. Харин монгол эмэгтэйчүүдийн дунд “франц эр” чинь гадаад нэр, паспорт, хүмүүжил, гэр бүлийн сахилга батад хандах хандлага, салахдаа зөвхөн өөртөө авч үлддэг хүүхдүүдээ хайрлах, хүүхэд хүсэх хүслээрээ ер бусын алдартай. Их мөнгө, үрэлгэн зан, агсан зодоонч үзүүлбэр тогтолтууд, наймааны бүтэлгүй санаануудаараа анхаарал татдаг монгол эрчүүд тив далайг хөндлөн гулд ус агаар, газар тэнгэрээр зүсэн хэссэн ч хэн нь ч хэв маягийн загвар, эсвэл даган дуурайх баатар болж чадсангүй.

Шинэ монголын түүхэн дэх түүхэн дүрүүд …..энэ тэр байгаа ч эрчүүдийн
номинацид биднийг баясгах юм даанч жул.

Биеийн хүчээр монгол эр франц жулдрайг далаар нь нам тавина гэдгийг хичнээн ч зууны өмнө юм бид өөртөө баталчихсан ч амьдралд, ярианд, оронд, манер, ширээ, бас эмэгтэй хүнийг өөртөө татах урлагаараа “баатар-амраг” Паристай өрсөлдөх ямар ч шанс бидэнд үгүй. Тэгээд л бид “Парисыг үзвэл л үхсэн ч яах вэ” гэж сэтгэлийнхээ мухарт нойрмоглон байгаа томоогүйхэн жаал охиныг нудардаг биз.

Тэгээд л домогт Коко Шанелийн ордонтой хамар бөөрөө наасан Le Castille буудлын өрөөнд амтат үнэрээ савсуулсан аяга кофе барин, үүлэн буйданд хөвөн шигдээд, эсрэг талын цонхны цаанах цасан өрөөнд цагаан халаттай хатагтай нар Лагерфельдын үлгэрийг үнэн болгохоор бөгтгөнөн бөндөгөнөн байгааг олж харна. Буудлын дөрвөн хананы доторх бяцхан цэцэрлэгийн усан оргилуурыг тойрон шулганалдах болжморууд Chanel-ийн тарнит тэмдэг, CoCo5, камели (цэцэгний нэр үү, куртизанкийн бэлэгдэл үү гэдгийг би одоо болтол мэддэггүй), сүрчигний бяцхан шил, сувд болон асгарах шиг.

Би яг л Карл Лагерфельдийн гараар зурсан хүүхэлдэйн киноны гол дүр-хувь тавиланг атгагч эмэгтэй болчихоод Chanel 5-ын үнэртэй цагаан вальс эргэх мэт. Chanel хэзээ ч ихэддэггүй. Парисаас миний олж авсан Chanel 2.55 бол амь даатгал, инж, хөрөнгө оруулалт, энэ бол роман. Гавай руу нисч очоод нүд сохлом содон өнгийн тотьнуудтай зургаа даруулчихаад ирэхийн дайтай үнэтэй Chanel.

Эд юмсын ертөнцөд амьдардаг бид амьдралд маань гүйцэтгэх эдийн ач холбогдлыг тэнгэрт хадаачихдаг ч, бидний амьд явахад амин чухал эд гэж яг үнэндээ, нэгээхэн ч үгүй ч,-яагаад заримдаа зарим нэг юмгүйгээр амьсгалахад ч хэцүү болчихдог юм бэ? Олон моодны хүүхнүүдийн хувьд энэ объект ньChanel 2.55 байсан байх аа. Улаанбаатарынхаа хальтиргаатай борог гудамжаар цөгцөгнөн алхалж явахдаа, мөрөн дээрх гинжийг нь засангаа, түүний дотор утас минь баяр баясгалантайгаар жингэнэн хонхдоход би дуртай. Тэр дугаарт би дуртай. Chanel 2.55-д бас дуртай. Парист бүр дуртай.

Гэвч Улаанбаатартаа л хайртай. Яагаад гэвэл чи энд юм чинь.

 

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !