Хар пиджак

Би ядуу оюутан байлаа. 90-ээд оны хямралын үеэр хувцсанд бүү хэл хүнсэнд ч мөнгөө хүргэж чаддаггүй л байсан. 2-р курст сурч байхдаа москвагийн нэг их дэлгүүрт эрэгтэй пижак харж билээ. Тас хар. Давхар зөрлөгтэй, англи захтай. Алтан товчтой. Урлагийн тэнхимийн бүх л оюутны адил сонгодог костюмд, түүн дундаа рококог спорттой хослуулсан стильд дуртай байлаа, би. Энэ пижакийг цагаан цамцтай, бариу өмдтэй, кедтэй өмсч байгаагаа сэтгэлдээ хараад намрын зэвэргэнд жиндэн, шилэн хоргоны өмнө нусаа татан зогсдог байж билээ. Даанч надад том, тэгээд ч мөнгө байхгүй. Харин дотуур байрны нэг гадаад оюутан шинэ жилээр өмсөх хүрэм мэдэж байгаарай гэсэн болохоор хэлэв. Тэр ч авав. “Чи энэ пижакийг жийнстэй, дөрвөлжин хээтэй цамцан дээр тод өнгийн эрвээхий зангиатай өмсөөрэй” гэж хэлэхэд минь учиргүй инээгээд, “Би алиалагч болох гээгүй” гэсэн юм. Шинэ жилээс өмнөхөн гэрээс нь бэлэг ирсний дотор маш үнэтэй хагас ноосон хослол байсныг “гайхуулаад”, харин нөгөө “гологдсон” хар пижакийг хасаад өмсч болохоор бол чи авбал ав гэж билээ.

Би тааруу оюутан байлаа. 1-р курст оронгуут хувцасны зохион бүтээлт буюу эсгүүр, хувцасны технологи буюу оёдлыг бүр зураас, гар оёдлоос нь эхлээд заадаг байсан. Технологийн багш Галина Владимировна надад их сайн. Би эхний хэдэн хичээлийг таслаагүй, гар оёдлын даалгавруудыг сайн хийж байсан болоод тэр биз. Оросуудын дунд ганцаараа өөр өнгөтэй болохоор гэрээсээ хол намайг өрөвддөг байсан ч юм уу. Харин би “Дизайнер болохоос эсгүүрчин, оёдолчин болохгүй ээ” гэж чанх буруу сэтгээд зургийн хичээлээс бусад хичээлээ тасалж, орхиж эхэлсэн. \Одоо миний дипломын хавсралт дээр зөвхөн зураг, дизайны хичээлүүд онц дүнтэй байдаг\. Тэр хичээлүүдээ хийхгүй яав даа гэж олон ч удаа халагласан сан. Давахгүй гэсэн даваагаар хэд давж, хүүхдүүдээ том болтол гэрийнхээ бүх юмыг оёдог байлаа. Мэдээж муу эсгүүртэй, муу оёно.

За ийм нэг хүн ханцуйнаас нь хурууны өндөг л цухуйсан, мөр нь унжсан, 2 Амгалан орчихоор өргөн мөрөөдлийн хар пижакаа өмсөөд толины өмнө зогсч байв. Манай ангийн орос охин говийн ноолууран ороолтоор надад тааруулан хасч өгсөн тэр пижакийг би 7 жил өмссөн. Алтан товчийг нь хараар сольсон. Төгсч ирээд ганц дүүгийнхээ найз хүүтэй танилцахаар халуун намраар ч өмсөөд явсан, өвөл зунгүй, ажил, баяр, хурим, хурал…

Би тэр пижакаа өмсөхөөр сум үл нэвтрэх хантааз өмссөн мэт болдог байв. Би өөртөө итгэлгүй, зөв товч илэрхийлэх чадваргүй, боломжгүй, урамгүй, найзгүй явсан үе олоон. Жийнс, урт юбка, бариу даашинз, богино бошинз, корсет, майк, футболкон дээр туфли, сандаал, пүүз, ботильонтой цуг аминд минь олонтаа орж байсан энэ пижак миний хамгийн үнэнч анд байлаа.

Түүнийгээ өмсөхөө больсон ч гэсэн удаан хадгалсан билээ.

Дараа нь нэг хичээнгүй оюутан охинд өгсөн.

Цаг хугацааны хэрчимд хэсэг зуур боломжгүй явах бол үзүүлэлт биш ээ. Тэр охин хүссэн амьдралаа бүтээх сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж дотроо ерөөн өгсөн. Тэр ерөөл бат оршсон байх аа.
Чамд ч гэсэн би, хүссэн амьдралаа бүтээхийг ерөөе. Тэр оргил өөд чамайг хөтлөх гээд сунгасан азын гарыг атгаад аваарай.

Өөртөө хүслээ бэлэглээрэй.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !