Яагаад яагаад гэж?

Би нэг жаахаан хүнтэй танилцсан юм. Яагаад жаахан бэ гэвэл тэр дөнгөж ой есөн сартай. Тэр бяцхан амьтан нэг гараа түргэн түргэн хөдөлгөн дасгал хийж, булцгархан хуруунуудаараа хоёр хөлөө ээлжлэн эргүүлэх завсраа цовоо нь аргагүй тоолж чадна. “Хэдэн авгай авах вэ” гэвэл “Арав” гэж чанга гэгч хэлнэ. “Хэдэн хүүхэдтэй болох вэ” гэвэл бас л “Арав”. Харин жаалхүүгийн нөгөө гаранд судас тариа хийх зориулалттай уян зүү суулгасан учраас тэр хөдөлгөж чадахгүй байгаа юм.

ХҮҮ БӨӨРНИЙ ХОРТ ХАВДАРТАЙ. Энэ хуруун чинээ амьтны биен дэх өвчний эсүүд урган төлжих эрүүл эсүүдтэй нь уралдан өсч, хоёр гарын шуу, цээжний хөндий, дээшээ хамар нармай руу нь хүртэл үсэрхийлчихсэн болохоор хавдартай томчуудын л адил өвчин намдаах маш хүчтэй тариа хийлгэдэг.

Тэврэх үед бие нь хөндүүрлэн өвддөг болохоор ихэвчлэн тэргэн дээр явах жаахан хүн одоогоор олон юмыг ойлгохгүй ч, ер бусын хурц, дэндүү амьд харцаараа “Яагаад би гэж?!” хэмээн асуух шиг болно. ( Энэ бяцхан хүнийг 2 сарын дараа дэлхийгээс явчихна гэж би тэгэхэд мэдээгүй байсан. 2012.02.09)

ЯАГААД БИ ГЭЖ? Энэ богинохон асуулт 160 (жил хагасын өмнөх энэ тоо одоо нэмэгдсэн) монгол хүүхдийн өрийг өмлөж, зүрхэнд нь айдас хуруулж байна. 100 000 хүн тутамд хавдартай 6,7 хүүхэд оногдож байгаа нь дэлхийн хэмжээнд үзвэл өндөр тоо гэж эмч нар хэлэх юм. Дэлхий өөрсдийг нь тойрон эргэдэг гэж боддог долоо хүртэл насныхан энэ тооны учрыг мэдэхгүй, зүгээр л дэлхий яагаад түүнээс нэг л холуур тойроод байх болсонд л гайхна.

Түүний өвчин ямар нэг алдааных нь шийтгэл юм болов уу гэж дотроо битүүхэн шаналах арай томхон хүүхдүүд, эсвэл одоо болж буй нөхцөл байдал урьд болж байсантай огт адилгүйг эргэцүүлэх чадвартай 12-оос дээш насныхан ч ялгаагүй ганц л зүйлээс: “Одоо түүнтэй юу тохиолдох бол” гэхээс л айдаг. Тэд энэ аймшигт асуултыг өөртөө хүртэл тавихаас айдаг, гэхдээ хэзээ ч мартдаггүй.

ЯАГААД ТЭР ГЭЖ? “Хүүгийнхээ оронд би өвдөхгүй яав даа” гэж халаглах ээж аавууд ч бас “Яагаад тэр гэж?” хэмээн өөрөөсөө, Бурханаас түмэнтээ асууж байдаг. Хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдийн 3/4 нь хожуу үедээ оношлогддог нь эмчилгээний үр дүн, төгсгөлд шууд нөлөөлдөг. Хими, туяа эмчилгээнд орж үс нь унаж, халзарсан, тураалд орж нүдний гал нь унтарсан үрээ хараад хэний ч зүрх эмтэрнэ.

Үрийнхээ амийг аврах гэж, амьдралыг нь өчүүхэн ч атугай хөнгөвчилж, ганц өдрийн ч болов нас хайрлая гэж нэр төр, аль байдгаа хойш тавиад амьтан царайчлах тэднийг буруутгах аргагүй. Ясны хорт хавдартай, гавлын ясгүй учраас байнга хамгаалалтын төмөр малгай өмсдөг хүүгээ 17 жил дагуулж яваа Ганбаярын ээж тэдний нэг. Ихэнх том компаниуд дэргэдээ байгуулсан буяны сангийнхаа хуримтлалыг хувь хүмүүст зориулахаас татгалздаг болсон юм байна. (“Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” номуудаа тэврээд хаалгыг нь татсан компаниуд, элдэв ТББ, сан энэ тэрүүдийн татвалзан татгалзаж байсныг би эргэн санахгүйг хичээдэг).

Тэднийг ч бас буруутгах аргагүй. Өвчтэй хүүхдүүдийн 35%-ийг эзлэх сургуулийн насны хүүхдүүд сургууль завсардах, үеийнхнээсээ холбоо тасрахаас гадна хамгийн аймшигтай нь, өөрсдийгөө орчноос шууд тусгаарлан, маш хаалттай болж эхэлдгийн жишээг холоос хайх хэрэг байсангүй.

Хамрын хөндийн хавдраар шаналж буй лам хүү тан руу харах ч үгүй.

Амьдралыг үзээгүй баймаар балчир насандаа амьдын зовлон бүрийг туулж яваа өнчин хүүд, энэ бурангуй хорвоод сайн хүн, сайн ерөөл гэж байдгийг Бурхан өөрөө хэлээд ч итгэхээргүй цөхөрсөн бололтой. Хацрыг нь үнэрлэхэд булбарайхан, хүүхэд ахуйн үнэрээ гээж амжаагүй орь залуу энэ хөвгүүн, 18 насандаа хавдрын улмаас орчлонг орхисон Л.Энхжаргал охин шиг “Надад нас хайрла, хүмүүс ээ” гэж хэлэхгүй л бололтой.

(Асуухад дуугардаггүй, гарыг нь барих гэхлээр суга татаад авчихдаг байсан энэ хүүг босч чадахгүй байгаа гэж сонсоод очиход минь хавдар нь нугасандаа ороод хэвтэрт орчихсон байсан. Тэр анх удаа над руу эгцлэн харж, гарыг нь үнсч байхад өөдөөс сулхан атгаж байж билээ. Нулимсаа нууж ядан тонгойж суутал хүүгийн ор чичигнэн хөдлөөд байхаар нь арайхийж харцаа өргөтөл…тэр эхэр татан уйлж байсан.

Юу ч ярилгүй хамтдаа уйлсан энэ хэдэн хором бид хоёрын эцсийн уулзалт байсан. Хүү уул нь намайг хүлээнэ гэсэн, харин ирээд ярихад минь утсыг нь өөр хүн авсан. Тэр явсан гэж хэлсэн. Уржигдар ХСҮТ-өөр орохдоо нийгмийн ажилтан Ариунболортой уулзаж жаал ярихдаа энэ мөчүүдийг эргэн санасан юм. 2012.02.09).

“За” сангийн тусламжаар явж эмчлүүлсэн Б.Даариймаагийн ээж гадагшаа явж үзээд хүүхдээ аврах бололцоотой юм байна, мундаг хүчин чадалтайн дээрээс хүний төлөө эмнэлэг байдаг юм байна гэдгийг олж харсан нь охиных нь эдгэрэлттэй тэнцүү ач холбогдолтой зүйл болжээ. Ямар ч тохиолдолд амьд байна гэдэг л хамгаас чухал.

ЯАГААД АМЬД ЯВБАЛ … ГЭЖ?  Хоёр жилийн өмнө нуруу нугасны мэдрэлийн даралтын хавдартай Х.Номун охинд туслахаар анх байгуулагдаж байсан “Хүүхдийн төлөө За” сангийн буянаар нэг хүүхэд Солонгост нүдний хагалгаа хийлгэж, нөгөө нь Тайландад цээжний хөндийн хавдраа эмчлүүлж байна. Амьдрах чадвар, эмчилгээний үр дагаврыг даах боломжтой гэж сонгодог энэ шалгуурын гадна яахын ч аргагүй тормойгоод үлдэж буй хүүхдүүдийг яах ёстой вэ?

Хэвтэж эмчлүүлэх журмаар 14 хоног болоод л өвчтөнүүдийг эмнэлгээс гаргадаг. Сэтгүүлийн энэ дугаар бэлтгэгдэж байх хооронд ХСҮТ-өөс аргагүй гарсан хоёр хүүхэд хүндэрч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуудаж, цөхрөнгөө барж байлаа. Хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг хүлээн авдаг цорын ганц “Найдвар” эмнэлэг халуун усгүйн улмаас хаалгаа барих гэж байна.

Энэ хоёр хүүхдийн нэгнийх нь эгчийн явж хөөцөлдсөний үр дүнд … хяналтынхан “Найдвар”-ыг түр найдвартай орхилоо. Хоёр хүү гэр хорооллын дунд байрлах тарчиг эмнэлгийн саарал өрөөнд өдөр хоногийг өнгөрөөж байх арваад хоногт урьд нь эмчилж байсан эмч, эмнэлэг, нөгөө баяр хамт тэмдэглэж байсан сангуудаас нэг ч хүн ядаж “Яаж байна” гэж асуусангүй. Яагаад гэвэл одоо, “Дараагийн шатанд шилжсэн”.

Хүн гэдэг шат дамжлагаар хэмжигддэг эд биш, хүний сэтгэл гэдэг
шат шатандаа л үйлчилдэг юм бишсэн.

2009 онд монголчуудын гадагшаа явж хийлгэсэн шинжилгээний зардал 130 гаруй сая доллар болсон гэсэн мэдээ байна. Тэгвэл тэр супер оношлогооны багцыг Монголд хийх лабораторийг байгуулах зардал нь гурван сая доллар болно гэсэн бас нэг мэдээ байна. Австралид жишээ нь, хүний амьдралын хамгийн чухал үе бол үхэх, төрөх гэж үздэг учраас эдгэршгүй өвчтэй хүмүүсийн үлдсэн амьд байх багахан хугацааг аль болох аз жаргалтай байлгахын тулд эмч, энгийн гэлтгүй хүн бүр эрвийх дэрвийхээрээ хичээн зүтгэдэг.

Тэнд нэгэнт эцсийн шатандаа орчихсон өвчтөнүүдийн сүүлчийн өдрүүдээ өнгөрөөх эмнэлгийн тохижилт, асаргаа, хүмүүсийн харьцаа, энэрэнгүй сэтгэл нь бидний ойлгож хэвшсэнээс шал өөр. Монголын ХСҮТ-д хэвтэж байгаа хүүхдүүд эмч нарынхаа чармайлтын үрээр “Хямралын эсрэг хамтдаа” сангийн төслөөр үнэхээр гэрэл цацрам сайхан орчинд байгаа ч нас, өвчиндөө тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, шим тэжээлтэй хоол хэрэглэж чадахгүй л байна.

ЭНЭШТ-д эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдүүдийн өрөөг харахад нүд хальтирмаар. Олигтой улс бол ийм газар хоригдлуудаа ч байлгадаггүй байх. 25 ор нь сэлгээ завгүй байдаг эндхийн эмч нар чадлаараа л гүйдэг бололтой, гэвч наашаа гэх нь үгүй шахам. 2002 оноос хойш Германы протокол эмчилгээг хэрэгжүүлэх төсөл хэрэгжих болсноор хүүхдийн цусны хорт хавдраар нас баралтыг 50 хувиар бууруулж чадсан (дэлхийн жишиг дээд тал нь 70% байдаг) боловч энэ зүрх шимшрэм орчинд гадны халдвар, хавсарга өвчнөөс болж нас барсан хүүхдийн тоо өсч байна.

Жилд хоёрхон удаа шинэ жил, хүүхдийн баяраар чихэр жимсхэн дөхүүлэх алддаг буянтнууд маань сунгасан гараа эздэд нь хүргэж, атгасан алгаа нэгмөсөн дэлгэчихдэг болоосой. ХСҮТ-д хүүхдийн эрчимт эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж буй Голомт банкныхны ухаан, сэтгэл олон хөрөнгөтөнд байгаасай. Германы дээрх эмчилгээнд 16 эм шаардлагатай байдаг ч монголын эмзүйд ердөө зургаа нь л бүртгэлтэй байдаг нь хувийн хэвшлийн эм хангах компаниуд цөөн хэрэглэгддэг, ашиг багатай эмнүүдийг оруулж ирдэггүйтэй холбоотой.

Хүүхдүүдэд хөгжмийн ба харааны эмчилгээ үр дүнтэй байдаг ч Монголд энэ төрлийн мэргэжилтэн битгий хэл хүүхдийн хавдрын эмч ч байдаггүй юм байна. Уг нь бол хүүхдийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс ийм өвчтэй хүүхдүүдийн дэргэд байж дэмжих ёстой юм. Эмч нь байхгүй гээд өвчин нь ирдэггүй бол хичнээн сайхан.

Гэтэл энэ хүүхдүүдийн тавилан Монгол улсад энэрэнгүй нийгэм хэзээ төлөвшихийг хүлээхгүй байна.

ЯАГААД ЗӨВХӨН ТАВИЛАН ГЭЖ? Энэ хүүхдүүдийн тал нь хүүхдийн баярыг дахиад тэмдэглэхгүй. Гэвч бүгд тавилан муутай биш. Америк, Герман зэрэг улсад эмчлүүлсэн цусны хорт хавдартай хүүхдүүдийн түрүүч одоо ээж аав болцгоосон. Таваас дээш жилээс цаадах тавиланг эмнэлгийн практикт авч үздэггүй ч 10, 15, 20 жил амьдарч, их дээд сургуулиа төгсөцгөөж байгаа хавдартай хүүхдүүд ч байна.

Б.Мөнх-Эрдэнэ хоёр настайдаа нүдний хорт хавдрын улмаас хоёр нүдний алимаа авахуулсан ч одоо хоёр хүүхдийн аав болж, Эрдэнэтийн FM-ийн хөтлөгч продюсер, хип хоп хамтлагийн дуучин хийгээд л явж байна. Харин эмгэнэлтэй нь, хавдраар өвчлөгч хүүхдүүдийн тоо улам өсч, нас нь улам нялхарсаар байна. 0-5 настай хүүхдийн үр хөврөлийн гаралтай нүд, бөөрний хавдрын илрэл эрс өссөн.

Эмнэлгийн ажилтнуудын албан бус судалгаагаар энэ төрлийн хавдартай хүүхдүүдийн эцэг эхчүүд нь алт, нүүрсний уурхайд, эсвэл мөнгөн ус, зэс гэх мэт бодистой ойр ажилладаг, хүнсний дутагдалтай, дархлаа султай хүмүүс байдаг юм байна. Жирэмсэн эхчүүдийн хяналт суларсан, өрхийн эмнэлэгт хүүхдийн эмч нар ажиллахгүй болсон, нярайн эмч нарын хүрэлцээ дутмагаас хүүхдүүд буруу, хожуу оношлогдож хоёр, гурван жилээ алдаж, гурав, дөрөвдүгээр шатандаа орчихсон хойно л жинхэнэ хандах ёстой газраа олдог нь бидний буруу биш гэх олон хүн байгаа, гэхдээ энэ алдааг засахад бид оролцох л ёстой.

ЯАГААД БИД БИШ ГЭЖ? Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ажиллаж буй эмч Пол Финч өөрийн санаачилга, зардлаар Гачуурт тосгонд “Морьтой эмчилгээ” явуулж байна. Гэр хорооллын нэгэн гудамжийг тохижуулан, нарийн ширхэгтэй элс асгаад, хэдэн морь бэлтгээд саажилттай, хорт хавдартай, суунги болсон хүмүүсийг амралтын өдрөөр хүлээн авч байгаа тэрээр хэдий харь элгийн хүн гэлээ ч иргэдээ хөсөр хаясан монголын төр засгийг шүүмжилсэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл, хүн төрөлхтний өмнөх үүрэг энэ тэр гэж сүржигнэсэнгүй, дуугай л чадах юмаа хийж байгаа нь энэ.

Тэргэнцэртэй хүмүүсийг моринд мордоход нь дөхөм болгож хийсэн тэрэг багтах тусгай тавцан бүхий шат, мориноос унахаас хамгаалсан хүн тус бүрийн бэхэлгээт бүс, каск малгай, мориор явах хөдөлгөөн дунд хийх тоглоом, ирсэн хэн бүр ууж болох цэвэр ус зэрэг нь “Яагаад бид биш гэж?” хэмээх асуултыг үггүйгээр л бидний духанд зоогоод байна. Канадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг нэгэн хатагтай эмнэлэгт хэвтэж байгаа хавдартай хүүхдүүдэд сайн дураараа англи хэлний хичээл зааж байна.

Японд амьдардаг монгол эмэгтэй япон нөхрийн хамт хуучин хувцас, ном, тоглоом, ахуйн хэрэглэл цуглуулж жил бүр авчраад зогсохгүй, хүүхдийн зориулалттай дуслын гурван хөл олж явуулжээ. Даанч монголын гаалийн нэхсэн 2000 $-ыг төлснийхөө дараа урам нь жаал мохсон гэнэ билээ. Гэхдээ л энэ жилийн наадмаар хавдартай хүүхдүүдэд зориулсан тусгай тэжээл авчрах гээд “Гаалийн татварыг нь яана даа” гээд л гүйж яваа сурагтай.

Сайхан сэтгэлтэй, сэтгэлээ итгэл болгож чаддаг олон олон
монгол хүн, монголын компаниуд байгааг би үгүйсгэх гээгүй юм шүү.

Гэхдээ бид чадлынхаа хэмжээнд тултал, хэн нэгнийг хохироохгүйгээр хийж чадаж байгаа юу? “За” сан, Энхжаргал охины үүсгэн байгуулж, дараа нь ээжийнх нь үргэлжлүүлж байсан (ээж сэтгүүлч Б.Эрдэнэчимэг нь … нас барсан), одоо Г.Одонтуяа эмчийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй “Энхжаргал” сан гээд буянтай байгууллагууд байгаа ч нэг л асуудалд тулаад мухардчихаад байгаа юм.

Монголд ажиллаж буй буяны, хандивын, тусламжийн, сайн дурынхны гээд бүх сангуудын үйл ажиллагааг гацаадаг ганц зүйл бол байнгын ажилтан, зар сурталчилгаа, зохион байгуулалт. Дэлхийн жишгээр ийм сангууд үйл ажиллагааны дотоод дүрэмтэй, хуримтлалын 17 хүртэлх хувийг ажилтнуудын цалин, зар сурталчилгааны, үйл ажиллагааны зардалд зарцуулах хууль зүйн хүрээндээ ажилладаг бол Монголд гуйлгын менежмент, хувь хүмүүсийн энэрэнгүй сэтгэл дээр дөрөөлсөн арга замаар бодлогоо хэрэгжүүлдэг нь мэдээж явцгүй. Монгол улсад тогтоосон цалингийн хамгийн доод хэмжээнээс ч доогуур хэдэн цаас нь олдохтой үгүйтэй нөхцөлд нүцгэн сайхан сэтгэлээс гадна идэх ходоодтой, нэхэх бие махбодьтой амьд амьтад хэдий удаан, ямар үр дүнтэй ажиллах нь тодорхой. Өндөр боловсролтой мэргэжилтнийг цалинжуулаад ажиллуулчихъя гэхлээр монголчуудын хар хор хэцүү гэх. Гэхдээ энэ бол монгол зан биш. Хүний л зан.

Хүн төрөлхтөн Буддаг тэрсүүд үзэлтэн гэж ад үзэж, Есүсийг өөрсдийн гараар цовдлон алсан шүү дээ. Тэгэхээр сэтгэл байгаа бол овилгогүй улсын гоомой үгийг өлгөж аваад л гуньж туниад яахав, хуулийн дагуу дүрмээ гаргаад л, дүрмэндээ хэн хүнгүй захирагдаад, нарийн хяналтан дор тайлагнаж, хийгүй л байвал болчихмоор мэт.

Дэлхийн зөнгийнхөн тавдугаар сарын 29-нд Найрамдал зусланд 1000 өнчин хүүхдийн баяр зохион байгууллаа. 500 хүрэхгүй хүүхэд харагдсан. “За” сангийнхан 27 хавдартай хүүхдийг баярлуулахаар авч явах үед ЭНЭШТ-ийн хяналтанд байдаг цусны хавдартай хүүхдүүд хамрагдсангүй. Урьд өдөр нь би эх нялхас ороход ганц өдөр бүү хэл ганц хормын баяраар харангадсан 20 шахам хүүхэд ганц хүний камер шиг хавчиг даржин өрөөндөө халтар цонхныхоо цаана улаан шороон дээр архи хувааж уугаа гурван сайн эрийг л харж суусан.

Санал зөрөх юм ажлын шугамаар таарсан хүмүүсийн хооронд бүү хэл, ээж хүү хоёр, биедээ ухаангүй дурласан хосын дунд ч гардаг болохоор биднийг нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байх хооронд маань хүүхэд хохирч байгааг хааяа ч болов санаж байхсан, элэг нэгт монгол ахан дүүс минь!

ЯАГААД МОНГОЛ БИШ ГЭЖ? “Боломж л олдвол хүүхдээ аваад гадагшаа явна даа” гэж бяцхан охины аав ярьж сууна. Охиноо салхилуулах тоолон заавал хоёр том хүн хэрэгтэй болно. Нэг нь есөн давхраас охиноо тэвэрч буулгана, нөгөө нь лифтэнд багтахгүй тэргэнцрээ өргөж гаргана.

Монголд тахир дутуу болон төрсөн хүмүүс өөрсдийгөө амьдаар нь булшлахаас аргагүйд хүрдэг.

“Охин минь одоохондоо балчир болоод л гайгүй байна. Удахгүй ухаан ороод ирэхээрээ бусдын туслалцаагүйгээр хөдөлж чаддаггүй хүмүүсийн л адил ойр дотныхондоо төвөг удахгүй гэсэндээ орж гарахаас татгалзаж, хувь дутуу нэгнээ гадуурхдаг ийм харгис нийгэмтэй нүүр тулахаас зугтаж эхэлнэ. Гэтэл явж л чадахгүй болохоос саруул ухаантай, оюун сэтгэхүй эрүүл хүүхдээ би харсаар байж бөхөөж чадахгүй. Ганц л гарц байна: ийм хүмүүсийг шоовдорлодоггүй улсад л очиж амьдрах”.

Хүний төлөө улсад барилга бүрт тахир дутуу иргэдийн зорчих цахилгаан шат, ариун цэврийн өрөө, гаднаас орох тэргэнцрийн зам, машины тусгай зогсоол хүртэл бий. Гэтэл Монголд өвчтэй битгий хэл эрүүл хүмүүс нь ил морь харж, хүүхдийн тоглоомын талбай дээр машинаа тавьж байна. Жил жилийн шилдэг барилга шалгаруулагчид ямар ч барилга байгууламжид тавигдах шаардлагыг мэргэжлийн бус надаасаа илүү мэдэж л байгаа, тэгээд юу гэж? “Би ч нохой жилийн шилдэг барилгын эзнээр шалгарах болов уу гэж горьдож байгаа шүү” хэмээн сагсуурч байсан залуугийн нохойтсон байшин руу нь орох гэж оршин суугчид нь одоо хот тойрохоо шахаж байна.

Авилга байгаа цагт Монгол улс хөгжихгүй. Авилга хамгийн их авдаг улстөрчдийн бүлэглэлийн төлөөлөгч нь “ардчилал, хүний эрх, шударга ёс” гэж зовлон үзээгүй энхрий царайгаар донгосохыг би тэвчдэггүй болохоороо зурагтаа чулуудахын оронд зүгээр л хайрцагт нь хийгээд тавьчихсан юм. Тэдний хүүхдүүд Монголд эмчлүүлдэггүй эсвэл Монголд амьдардаггүй, магадгүй өвддөггүй байх л даа. Тэдний хоосон үгний үсчсэн шүлс хаа хүрч буухыг харахаас илүү чухал асуулт намайг яг одоо шаналгаж байна.

Би энэ хүүхдүүдэд юугаар тусалж чадах вэ? Манай нийгмийн гишүүн бүр яг одоо, яг хажуудаа байгаа зовсон хүнд энэрлийн гараа арын санаагүй сунгадаг болохын тулд би юу хийх ёстой вэ?

Энэ хүүхдүүдтэй уулзсан анхны өдрөө эмнэлгийн гадаах багана
түшээд уйлж зогссоноо бодвол би жаал тайвширчээ.

Эдний төлөө юу ч хийж чадахгүй хүчин мөхөстөө бачууран галзуурч байхдаа би асар их зүйл хийж чадахаа ухаараагүй байж. Би та нарыгаа хайрлаж чадна аа, хүүхдүүд минь. Бас та нарыг хайрлаж, хорвоод амьдрах ганц хоногийн чинь ч төлөө халуун сэтгэлээ зориулах олон олон зүрхний та нар луу ирэх замыг зааж чадна. Бид бүгдээрээ бие биедээ хэрэгтэй байдаг. Бид бие биенийхээ амьдралыг илүү жаргалтай болгох агуу хүчийг тээж явдаг. Бид чинь нэгэн бүхэл юм шүү дээ. Та нар минь бидний ээж аав байсан.

Та нар минь бидний үр болон ирнэ.

Та нар Монголдоо хүний ёсоор амьдрах болно оо.

2010-06-14

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !