Даван туулах…

Хамгийн сайхан май сард хамгийн хөнгөн, гэрэлтэй цувралаа биш, “УЙ ГАШУУГ ДАВАН ТУУЛАХУЙ” цувралыг яагаад эхлүүлж байгаа юм бэ гэж ээжүүд минь асууцгааж байна. Яагаад гэвэл дөнгөж саяхан өндөрлөсөн “ЗҮРХНИЙ УЛИРАЛ” цуврал маань яалт ч үгүй энэ сэдэв рүү орохоос өөр зам байхгүй юм.

Бурхан багшийн гаслангаас нөгчсөн их дүйчин өдөр энэ жил 5-р сарын 18-нд тохиож байна. Жил жилийн 5-р сарын шинийн 15-ны ойролцоох буюу тэргэл сартай өдрүүд сэтгэлийн гүн рүү ялангуяа сүүдэртэй тал руу хамгийн ойр очдог үе байдаг бол энэ жилийн энэ өдөр сар хилэнцийн ордонд байж таарах нь бүр онцгой тохиол болж байгаа юм.

Хилэнцийн ордонд саран байрлах үед хүний сэтгэлийн хамгийн харанхуй, хар гэж нэрлэгддэг чанарууд хурцдаж, ил гарснаараа амьдралыг төвөгтэй болгодог ч нөгөө талаасаа “дотоод шулмууд”-аа барьж, эгцлэн харж, тэр сөрөг хүчийг эерэг рүү урвуулах есөн шид бүрэлдэх увдист үе. Айдас, харамсал, харуусал, гашуудал, үхлийн аймшиг, хагацлын нажидыг хэрхэн туулан гарах талаар ярихад үүнээс илүү эвтэйхэн үе гэж юу байхсан билээ дээ?

Үхэл бол амьдралын оргил цэг эсвэл амьдрал бол тэр чигээрээ үхлийн бэлтгэл ч гэдэг.

Зарим нь үүнийг дэмий яриа гээд хаядаг, зарим нь ганц амьдарна, үхэл гэдэг бол нүд анихын төдийхөн зүйл гэж үздэг.  Харин энэ сэдэв чухал бөгөөд сонирхолтой хүмүүст зориулан 5-р сарын 7-оос эхлэн “УЙ ГАШУУГ ДАВАН ТУУЛАХУЙ” цувралын

  1. Уй гашууны нэрийн өмнөөс
  2. Үхлийн дараах амьдрал
  3. Таван алхам
  4. Үхлийн бэлтгэл
  5. Үхэл үгүй
    гэсэн 5 лекцийг өргөн барьж байна.

Жил гаруйн өмнө нийтэд анх уншсан эдгээр лекцүүдийг маань сонирхох хүний тоо цөөн ч нэгэнт төрсөн л бол үхэх нь тодорхой гэж үздэг хүмүүст хамгийн хэрэгтэй, ёстой “үнэт зүйл” учраас энэхүү хосгүй нандин бэлгийг нээж байгаадаа туйлаас байртай байна!

 

Амьдрал бол янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх л үйл явц байдаг. Ихэнх төслийн үнэ цэнийг бид олох ашгийн бодит мөнгөн дүнгээр хэмждэг байх юм. Бид гарз хохирол, эрсдэл зардлыг маш нарийн тооцоолж, алхам бүртээ няхуур ханддаг. Гэтэл бидний хамгийн чухал төсөл бол “амьдрал” өөрөө шүү дээ. Төрөхөд минь эхэлсэн, үхэхэд дуусах жинхэнэ төсөл.

Надаас өөр хэн ч удирдахгүй, үр дүнг нь надаас өөр хэн ч эдлэхгүй тэр төсөлд би хэр нухацтай ханддаг вэ? Энэ зам хэний ч хувьд хэзээ ч шулуун хөнгөн байдаггүй. Эргүүлэг нугачаа, ангал хавцлыг даван туулсаар эцсийн зогсоолд ирэхдээ богцондоо үүрсэн байх тэр зүйлс бол амьдралын минь үнэ цэнэ, үхлийн бэлтгэл байх болно.

Хэрэв бүх хүн чамайг магтаж байгаа бол чиний оршуулга л болж байгаа хэрэг шүү. Хүмүүсийн муулах, зүхэхэд харин ч баярла. Чи амьд байна!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !