Улаан туфли

Би 20 ч хүрээгүй байхдаа нэг залууд дурлаад, тэрэнд сайхан харагдахын төлөө хамгаа зориулахад бэлэн байх үедээ оюутны цалин дээрээ нэмж зээлж байгаад нэг улаан туфли авч байсан юм. Улаан туфлинд л болоод дурлачихдаг ч гэж юу байхав, ганц туфлиэр орвонгоороо эргэчихдэг амьдрал ч гэж юу байхав. Би дараа нь хэдэн сар хүүхдийн будаа идсэн дээ. Энэ ганган гутлан дээр өмсөх гоё хээнцэр даашинз ч надад байгаагүй. Би туфлиэ өмсчихөөр хүний юм гуйгаад углачихсан юм шиг л дэндүү хөндлөн харагддаг байсан сан. Тэгсэн ч тэр намайг хараасай, мэдээсэй, харамсаасай, гуйгаасай гэж зөндөө боддог байсаан.

Нэлээн хэдэн жилийн өмнө тэр залуу намайг хайсаар олоод ирсэн. Юутай ирсэн гээч? Та таахгүй дээ. Авчирсан бэлгийн хайрцган дотор нь… улаан туфли байсан. Миний блог дээр улаан даашинз, улаан шигтгээтэй бөгжний тухай өгүүлэл байсныг уншсан, тэгээд л… гэж хэлсэн. Өлсгөлөн оюутан надад тэнгэрийн санагдаж байсан нөгөө нэг хятадын улаан туфлитэй зүйрлэмгүй… жинхэнэ дэгжин, ёстой л нэг часхийсэн чамин туфли…

Амьдрал үнэхээр гайхмаар. Юуг ч таамаглахын аргагүй. Өөрт нь харагдах гэж туфли авсныг минь тэр мэдээгүй. Хэзээ нэгэн цагт энэ байтугай залууд ч ер догдлохгүй, тэр байтугай тансаг юманд ч огт хөөрөхгүй өндөр болно гэдгээ би мэдээгүй.

Энэ өдөр баярлан жаргаж байгаа олон хүн байгаа. Цэнгэлд нь би даган баясъя.

Цээжээ уран суугаа хүмүүс ч бас байгаа. Мөрийг нь түшээд би ингэж хэлье.

Мухардсан, сөнөсөн, муухай хэдий ч чиний амьдрал үнэ цэнтэй. Хэзээ ч олдохгүй мэт одоо чамд санагдаж байгаа бүхэн дараа нь хөлөөр чинь нэг хөглөрөх болно. Чи амьд л байвал, чи өөрийгөө л нандигнаж чадвал хундан улаан туфли бүү хэл, бундан улаан зүрхээ алтан царан дээр тавьсаар жагсацгаах болно. Яг энд төсөөлж ч чадахгүй байгаа өндөрт чи цойлон гарна. Чиний өмнө өвдөглөн суугаад болор туфли, очир бөгж, алтан дэлхийг өгье, аваач гэж гуйх гайхамшигтай хүн, гайхалтай амьдрал ирнэ.

Бүтэн хүн бүтэнтэйгээ учирдаг.

Тал бол талтайгаа л таарна.

Чи эхлээд бүтэн бол!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !