ҮХЭЛ ҮГҮЙ

Өчигдөр эхэлсэн “Уй гашууг даван туулахуй” цувралын анхны лекц амжилттай болж, ирсэн хүмүүс санаснаас минь илүү сайхан хүлээж авсанд туйлаас баярлаж байна. Энэ бол ганцхан миний баяр биш ээ. Хэзээ нэгэн цагт нүүр тулах зүйлийн тухай заавал мэдэх ёстойгоо эхлүүлж байгаа, мэдсэнээ улам дэлгэрүүлж байгаа хүмүүст талархаад баршгүй!

2009 онд Элизабет Кюблер-Россын “Амьдрахуй ба үхэхүй”, “Үхлийн дараах амьдрал” номуудыг уншаад ээжийгээ бурхан болохоос өмнө энэ номуудтай учрах минь ч яав даа, яагаад энэ тухай хэн ч хэзээ ч ярьдаггүй байсан юм бэ гэж халаглаж байж билээ.

Надтай адил ойр дотныхоо хүнийхээ үхэлд бэлэн биш байгаа, уй гашууд шаналж байгаа хүмүүст зориулж энэ хоёр номыг орчуулан гаргасандаа би сэтгэл дүүрэн байдаг. Ингээд өчигдөр лекцэнд ирсэн хүмүүстээ 2012 онд “Лам нарын сэтгүүл”-ийн хүсэлтээр “ҮХЭЛ ҮГҮЙ” номын тухайд Б.Одгэрэл ламтаны бичсэн өгүүллээр бэлэг барьж байна.

Үхэл бол бидний ихэнх хүлээн зөвшөөрч, эвлэрч, ойртож
чаддаггүй дайсан гэж үздэг тийм ихээ холын зүйл.

Тэр бүү хэл түүний тухай үнэхээр бодохыг ч хүсэхгүй, бодож үзэх нь бараг эрүүл бус, хийсвэр хэрэгцээгүй юм гэж  санаж яваа олон хүн байгаа байх аа. Учир нь бидэнд тийм холын юм бодож явах зав байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл бидэнд хийх юм их байна. Бидний ихэнх нь үхэхгүй хүмүүс. Энэ тухайд нэгэн түүх бий.

Ван Гүнжал хэмээх гаадамбын ёсны бадар барьж амьдардаг лам ууланд гарахдаа өөрт байгаа тамтархай номын хувцас, усны сав хоёр л авсан гэдэг. Үүнийг багш нь сонсоод баясч “Вангийн бэлтгэл ч тэр мөн дөө” гэжээ. Тэгээд, шавьдаа нэгэн цэмбэ өгч явуулахдаа “Тэр хүн хэзээ нэг үхэх учраас шарилыг нь ороох хэрэгтэй. Бид үхэхгүй учраас энэ хэрэггүй биз” гэсэн гэдэг юм.

Үхэл мөнх бусын хуран мэдэл нь хуран мэдлийн дээд нь хэмээн Бурхан багш айлдсан. Тийнхүү үхлийг санаж дуртдах нь анхлан суралцагч төдийгүй дээд түвшинд хүрэгсэдэд ч чухал тулгуур дурьдал гэдэг. Наад зах нь  бид үхлийн тухай бодох юм уу ямар нэг байдлаар түүнд ойртох үед бидний ухамсарт гялалзсан өөрчлөлт гарч ирдэг. Энэ өөрчлөлт энэ биедээ дахин шинээр төрөхөд хангалттай хүчтэй. Энэ тухай болон жинхэнэ үхлийн явц, зуурд хийгээд дараагийн төрлийн талаар лам нар бидэнд үнэн зөв төгс төгөлдөр мэдээлэл мэдлэгийн өв хангалттай байгаа билээ.

Харин үхлийн талаар шийдсэн үзэл байхгүй дээрх өвөөс үзлийн ханаар тусгаарлагдсан өрнийнхөн болон өрнийн боловсролтой шинэ үеийн уншигчдад  цочирдмоор сайхан нээлт болох номыг  Росс хэмээх эрэлхэг эмч бүсгүй бичжээ. Тэр ном нь саяхан монгол хэлээр хөрвүүлэгдэн гараад бидний гар дээр ирсэн байна. Миний хувьд бурханы номыг үзэх болоод удаагүй шинэхэн лам. Бурханы ном тэр тусмаа чойрын номтой учрах хүртлээ олон шатыг дамжаад ирсэн  санагддаг. Тухайлбал библи судрыг монгол хэлээр анх хэвлэгдэхэд нь гайхан уншаад сар орчим “шүтсэн”. Дараа нь хиндийн суртлын, бас дао, тэгээд  Гоянка, Ошо  болон зэнгийн сургааль номлолтой дэс дараачлан их бага  хэмжээгээр дамжин танилцаж яваад эцэст  гэлүгвийн дээд номтой учирсан.

Үүнийг дурдсаны учир нь над мэт багаасаа номын мөрд ороогүй хүмүүс ялангуяа энэ цаг үед номтой шууд учрах нь хэцүү санагддаг юм. Миний туршлагаас харвал тийнхүү номтой учрахад тухайн хүний сэтгэлийн хөгжил гэх мэтэд харгалзсан дээш дээшихтэй учирахад гишгүүр болсон үзэл номлол их дэмтэй. Тиймээс би үхлийн тухай энгийн бөгөөд гүнзгий бурханы шашны номлолыг шууд хүлээж авах боломжгүй олон олон хүмүүст хатагтай Россын “Үхэл үгүй” ном сайхан дэм болно оо гэж хэлэх гэсэн юм.

Чойжид дагинын тууж, Сонсгоод, Янжингаавилодой ламын туурвил зэрэг бурханы шашны судар хөтөлбөртэй танилцсан хүн Росс эмчтэй зарим талаар мэтгэлцэх явдал байх л байх.

Харин цоо шинэ уншигчийн хувьд уг ном цоо шинэ ертөнцийг санал болгож байна.

Эцэст уг номыг уншаад надад сонирхолтой санагдсан нэгэн зүйл нь  клиник үхэлд ороод биеэсээ гарсан хүний сүнс буюу оюун санаа ялангуяа хараагүй хүний сүнс орчны юмсыг өнгө ялган харж, дүлий хүн эмч нарын яриаг сонсч  байсан гэх баримт юм. Гүнчэн ламын Лориг үзэж байсан хүн миний энэ сонирхлыг хуваалцах юм.

Учир нь уг сударт  сэтгэлийн илт мэдлийг бэлгэдэх суурийг нарийн тодорхой тавиагүй   бөгөөд сэтгэлийн илт мэдлийн оршихуйг жиших ухаанаар нотлох бараг боломжгүй эшийн ухаанд л тулах юм байна гэсэн ойлголт өгсөн. Энэхүү илт мэдлийн бэлгэдэх суурьт клиник үхлийн үед биеэс гарсан сэтгэлийг тавьбал ямар вэ гэсэн санал надад байна. Зөв эсэхийг  хожим мэдэх биз ээ.   Энэ мэт заримд яриа мэтгэлцээний сэдэв болохуйц хэсэг эмч Россын номд бишгүй байгаа. Заримд, дээр хэлсэнчлэн шинэ мэдлэг болох зүйл ч их бий. Миний хувьд энэ номд зарцуулсан цагтаа харамсах юм огт алга.

      Б.Одгэрэл

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !