Миний анхны эр хүн

“Эмэгтэй хүн эр хүнд итгэж байгаа цагт тэр эр түүнийх байдаг” гэдэг үгний утгыг сайн мэдэхгүй хэр нь дурсгалын дэвтэр дээрээ чамирхан бичиж байсан 1987 онд би анх эр хүнд дурласан юм. Үүнээс өмнө бол би хөвгүүдийг шохоорхон, сониучирхаж явсан байх гэж санагддаг. Энэ залуу хүү 17 настай байсан. Тэр надад хайртай гэж хэлээгүй, бид үерхээгүй, бие сэтгэлээр ойртоогүй.

Харин тэр надад “Чи…  баян…  ” гэж хэлсэн юм. Би тэгэхэд нь юу ч хэлээгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байсан, яагаад гэвэл тэр миний өмссөн даашинзыг гоё байна гэх маягийн юм ярьж байснаа, шууд араас нь гэнэт ингэж хэлсэн юм. Яг ямар үгнүүд хэлснийг нь би одоо тодорхой санадаггүй, энэ хоёрхон үг л санаанд тод үлдсэн байна.

2 өдрийн дараа нь би нэг эмэгтэйг зүүдэлсэн юм. 40 гаруй насны, гэрэл цацарсан, ганган, гайхмаар сайхан тэр эмэгтэй намайг дэндүү дотноор тэврэн байснаа “Би чамайг хайрлан шүтдэг, би чиний төлөө бүхнийг хийнэ” гэж хэлж байна гэсэн энэ зүүдний дараа би өнөө хүүгийн үгэнд бүр их итгэсэн, би өөрийгөө шал өөрөөр мэдэрч эхэлсэн. Соцын үеийн дундаж айлын, дунд сургуулийн сурагч охин бодит байдлаас тэс өөр төсөөллийг хардаг болсон хэрэг. Зүүдэнд ирсэн эмэгтэйг би тэгсгээд мартсан, харин 30 жилийн дараа сэтгэлзүйн ховсын хичээлийн дадлага хийх үеэрээ гэнэт санасан юм.

Тэр бол би өөрөө байсан…

Анхны хайрын тэр өдрүүдэд сэтгэл минь гэгэлзэж, шөнөдөө нойр хулжин шаналдаг байлаа. Нэг тийм шөнө ханан дээр туссан сарны гэрлийг ширтэн уйлж байсныгаа би санадаг. Бага насныхаа хамгийн чухал хэсэг дээр очиж өөртөө итгэл өгөх даалгаврын дагуу сэтгэлзүйн гүн трансаар би тэр шөнө рүү очсон юм. Тэгээд 15 настай өөрийгөө тэврээд “Би чамайг хайрлан шүтдэг, би чиний төлөө бүхнийг хийнэ” гэж хэлэх үедээ энэ зүүдийг эргэн санасан юм.

Гурван цаг үргэлжид зэрэгцэн оршдог гэдэгт би улам итгэсээр байгаа. Тэр зүүд уулаасаа байсан учраас би трансаар дамжин очсон уу, эсвэл 30 жилийн дараа болох байсан үйл явдлыг би зүүд болгон харсан уу гэдгээ яг таг хэлж чадахгүй ч амьдрал бол ертөнцийн хамгийн дээдийн гайхамшиг гэдгийг би одоо бат хэлж чадна. Яг энэ мөчид миний бага нас, миний ирээдүй надтай хөтлөлцөн алхаж, адислан хайрлаж, хамгаалан аварсаар байгааг би мэддэг.

Хайртай хүн бол чамайг өөртөө биш, чамайг өөрт чинь дурлуулдаг. Тэр залуу намайг өөрт минь дурлуулсан анхны эр хүн минь юм. Энэ зам урт байлаа. Өөрийгөө нөхцөлгүй хайрладаг болтлоо олон жилийг, олон замыг туулан явж байхад минь “Чи ёстой гоё харагдаж байна” гэж хэлж буй түүний хөнхөр нүд үргэлж харагддаг байсан. Заримдаа би түүнийг ямар болсон бол гэж боддог ч миний дурсамжинд цэл залуугаараа, миний гоо үзэсгэлэнд, миний ирээдүйн баялганд бат итгэсэн, итгүүлсэн эр хүн хэвээрээ үлдэг гэж боддог. Тэр миний биенд хүрч үзээгүй, 17-хон настай хүү байсан ч надад үргэлж том хүн шиг санагддаг байсан, одоо ч гэсэн.

Би өөрийгөө аавдаа итгэдэггүй гэж боддог байсан. Бүр саяхныг хүртэл. Сэтгэл зүй гэгч гайхамшигт ухааныг мэдээгүй бол тэгж бодсоор дуусах байсан биз ээ.

Харин би аавдаа итгэдэг байсан юм байна лээ.

Аавдаа итгэдэг учраас би тэр хүүд эр хүний ёсоор итгэсэн, эр хүнд итгэдэг учраас би баян болсон юм байна лээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !