Төгсгөл

Олон жил хоспист ажиллаж, үхэж буй хүмүүсийн эцсийн цаг мөчүүдийг хамт үдэлцсэн нэгэн эмэгтэй үхэл амьдралын ирмэгт тулсан хүмүүс юунд хамгийн их харамсдаг тухай бидэнд хэлэхийг хүссэн юм.

  1. “Надаас бусдын хүлээж буй амьдралаар биш өөрийнхөө зөв гэж үзсэн амьдралаар амьдарч зүрхлээгүйдээ би харамсч байна.” Энэ бол үхэж буй хүмүүсийн хамгийн их харамсдаг зүйл. Амьдрал нь бараг дуусч буйг ухамсарласан хүмүүс эргэж хараад ямар эрхэм чухал хүсэл мөрөөдлүүдээ хөсөр хаяж орхисноо маш тод олж үздэг. Ихэнх хүмүүс мөрөөдлийнхөө талыг ч гүйцээж чаддаггүй бөгөөд өөрийнх нь хийсэн ба эс хийсэн сонголтоос л болж энэ мөрөөдлүүд биелээгүй гэдгийг мэдсэн ч үүнийгээ залруулж амжилгүйгээр үхэх ёстой болдог. Амьдралынхаа явцад хамгийн үнэтэй мөрөөдлүүдээсээ чадлынхаа чинээгээр гүйцэлдүүлэхийг бод. Эрүүл мэндээ алдсан мөчөөс эхлэн юуг ч хийхэд дэндүү хожимдох болно. Алдахаасаа өмнө маш цөөхөн хүний ойлгон нандигнадаг тэр эрх чөлөөг эрүүл мэнд л бидэнд өгдөг.
  2. “Би ягтаа тултал ажилладаг байсандаа харамсч байна.” Миний сувилдаг байсан эр хүйстэй өвчтөн болгонд энэ мэдрэмж байсан. Зарим эмэгтэйчүүд ч гэсэн ингэж харамсдаг. Амьдралын хэв маягаа энгийн болгож, заавал олох ёстой тооныхоо хэмжээг багасгаснаар бодож байснаас тань хамаагүй бага зүйлс танд хэрэгтэйг олж харах байх. “Хүн”-ий амьдралдаа илүү өргөн орон зайг чөлөөлж өгвөл аз жаргал, жинхэнэ амьд харилцаа, шинэ боломжуудад орох зай гаргаж, өөрийгөө ч гэсэн хажуугаас нь олж харах газартай болох нь лав.
  3. “Мэдэрч байсан бүхнээ илэрхийлэн гаргах зориг надад дутсан нь юутай харамсалтай.” Бусадтай тогтоосон тодорхой харьцаануудаа хадгалахын тулд олонх маань мэдрэмж сэтгэлээ хүчээр нухчин дардаг. Үр дүнд нь хэний ч гайхахааргүй дундаж амьдрахуйг л хүлээн зөвшөөрдөг учраас бид сэтгэл дотроо өөрсдийнхөө хүссэн шигээ хүмүүс болж чаддаггүй. Бид бусдын сэтгэл хөдлөлийг удирдаж чадахгүй. Таны  харьцаандаа оруулах өөрчлөлтийг хүмүүс бодсоноос тань эсрэгээр таагүй хүлээн авч болох ч чухам энэ л алхам аливаа харилцааг илүү эрүүл шинэ шатанд аваачдаг юм. Таны амьдралд буй зүй ёсны бус, согогтой харьцааг ямар ч аргаар хамаагүй таслан зогсоо.
  4. “Би найзуудтайгаа байнга холбоотой байж, нөхөрлөлөө дэмжиж байгаагүйдээ харамсч байна.” Эртний найзуудтайгаа хэлхээ харьцаатай байхын ач холбогдлыг хүмүүс эцсээ хүртэл ойлгодоггүй учраас холбоо тасарсан багын андуудыг нь хайж олъё гэхэд үлдсэн хэдэн долоо хоног хүрэлцэхгүй байх нь бий. Хувийн амьдралдаа хэт дарагдсан тэдний хажуугаар үерхэл нөхөрлөл нь олон жил чимээгүй урсан өнгөрсөн байдаг.Нөхөрлөлийнхөө үнэ цэнэд дүйцэхүйц анхаарал, цаг хугацааг үерхэлдээ нөхдөдөө  зарцуулж чадаагүй тухай хоолойд тээглэсэн харамслын гашуун үгсийг би дэндүү олоныг сонсч байсан. Үхэж буй хүн бүр найз нөхдөө заавал эргэн санадаг. Нийгмийн дотор идэвхтэй амьдардаг хүмүүс андын харилцааны ач тусыг дутуу үнэлдэг нь гэм биш зан. Гэвч үхлийн босгон дээр материаллаг бүхэн үнээ алддаг болохоор нийгмийн хэмжүүрээр биш сэтгэлийн шүүлтэнд тунаж үлдсэн бүхэн л хүнд жинхэнэ ёсоор үнэтэй байдгийг үхэж буй хүмүүс ойлгож авдаг.
  5. “Би өөрийгөө илүү аз жаргалтай байлгаж чадаагүйдээ харамсч байна.” Энэ харуусал гайхмаар түгээмэл боловч аз жаргал бол өөрийнх нь л сонголтын асуудал гэдгийг хүн бүр ойлгодоггүй. Хүмүүс дадал зуршил, нийгэмд тогтсон төсөөлөлд автах дуртай. Дасал болсон амьдралын ая тухын барьцаанд олзлогдсон хүн бүр “сайн дураараа” гянданд хоригдож байсныгаа өөртөө хүлээн зөвшөөрөх цаг заавал ирдэг. Хүмүүс өөрчлөлт хийхээс айсандаа бусдын өмнө өөрсдийнхөө өмнө, амьдралдаа сэтгэл хангалуун байсан мэт дүр эсгэж байсандаа харамсдаг. Хүн бүр ондоо. Хүн бүрийн аз жаргал өөр өөр юманд оршдог. Чадлынхаа хэрээр, боломжийг буй болгон байж өөрсдийгөө эрхлүүлж байх хэрэгтэй юм билээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !