Тогтолцооноос гарахуй

Тогтолцоо… Тогт. Тогтоол. Тогтонги. Тогтсон. Тогтоосон… Тогтолцоо. Таны хиймэл үгүйг шалгахад хичнээн асуулт хэрэгтэй бол? “Тогтолцоо гэдэг үгийг сонсоод танд ямар дүрслэл бууж байна вэ?”

Шатлал, салбарлалыг үзүүлсэн хүснэгт. Тор. Нүсэр байгууламж. Юуг ч үмхсэн нэгэн хэвэнд савлан гаргадаг ….. машин. Артур Аристакисяны “Алга” киног үзээд тогтолцооны тухай анх эргэцүүлэв үү гэтэл, үгүй юм. Толинд харагдаж буй дүрээс минь авахуулаад гишгэсэн мөр хүртэлх бүх үг, үйл хөдлөл, сэрэн сэтгэх минь хүртэл нэг л минийх биш байгааг битүү манан дундаас бүүр түүрхэн тэмтэрсэн хүүхэд нас.

Чихрийн хоосон цаасанд хууртан урвайсан тэр л хүүхдийг бүгдээрээ зүрхэндээ тээж явдгаараа хүн төрөлхтөн нэгэн төрөл зүйл болдгийг барин тавин алдсан орь залуу нас.

Хүнд хэзээ ч диалог байдаггүйг ухаарахчаа алдсан залуу нас. Тийм ээ, тийм, би өдийг хүртэл хэнтэй ч харилцан ярилцаж үзээгүй юм байна лээ. Монолог, зүгээр л пролог, эпилог, монолог. Энэ бодол тархи зүссэн мөчөөс би хааяахан олж хардаг хүмүүсийнхээ яриаг анзаарч эхэлсэн юм. Нэг нь монологоо зүгээр л өмнөө байгаа хүндээ хандан хэлнэ, хариуд нь бас л өөр лүү нь чиглэсэн монологийг олж сонсоно.

Өөртөө хэлэх гэснээ л бид дотроо биш гаднаа хэлчихдэг үеэ диалог хийчихлээ гэж андуурсаар насны талаа барснаа ойлгосон идэр нас. Цаашдаа юуг ч нээх юм, бүү мэд. Нас насны гоо үзэсгэлэн гэж үүнийг хэлдэг ч юм бил үү. Надад тогтолцооноос гадуур олж авсан мэдлэг гэж огт байхгүй юм байна. Тогтолцоон доторх тогтолцоо болсон “дотоодын үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүнийг борлуулах гэж ертөнцийг тоонолжлон торлосон тогтолцооны тодорхой цэгүүд дээр сууж буй өөрийн адил бичил тогтолцоонуудтай л харьцдаг юм байна гэдгээ би “Алга”-наас томъёолж авбуу.

Миний тогтолцооны юмсын ихэнх нь нэргүй байдаг болохоор бусадтай харилцахад их төвөгтэй байдаг байх. Адгийн наад зах нь, би кино үзээд нэрийг нь тогтоодоггүй, жүжигчид, найруулагчдынхыг нь бас. Надад хэрэв ямар нэг киног хэн нэгэн сануулж дөнгөвөл зөвхөн сэтгэл хөдлөл, ямар нэг донхийсон авиа л санагдана. Ёгхийсэн зүрхний хэм ч юм уу. Хөгжим бол бүр долоон дор.

Дуртай дууныхаа дуучныг мэдэхгүй, хамтлагийн нэр бол бүр таг. Өөрөө аялж чадахгүй. Ихэнх үгийг нь мэдэхгүй. Бас л дон-, ён-, ёг-, тогхийсэн л сэрэмжүүд. Юуг ч юм тогшсон, нээсэн, онгичсон, тэгээд эцэст нь маш эмзэг зүйлд хүрсэн мэт мэдрэмж. Тэгээд л гүйцээ. Харин “Алга”-ны дэлгээсэнд би энэ бүхнийг онож нэрлэх гэж цөхсөн юм болов уу.

Харин тэр надад “Тогтолцооноос гарах хоёрхон зам бий. 1-д солиорох. 2-т үхэх” гэсэн.

Солиоръё. Тэгээд солиотны эзэнт улсад л хөл тавих биш үү. Тогтолцоо. Үхэв. Бас л тогтолцоо угтана. Ердөө л газрынх биш гэдгээрээ л ондоо. Шүүлт. Цэвэрлэгээ. Ариусгал. Там. Диваажин. Эргэн төрөх. Амьдрал. Үхэл. Эхнээсээ. За, бүүр, дахин төрөл авахгүйгээр сансрын хүрднээс ангижиръя гэж бодъё. Архадын тогтолцоо. Бодьсадвагийн. Бурханы. Цаашаа бас юуны ч юм. Бүгд шат дамжлага, эрэмбэ, дэс, учир жанцантай.

Нэгэн зүйл тогтолцоо. Сансар, галактик… сүнс бүрийн нэг гараг дээр дамжих ёстой 7 хүрээ тус бүрийн 7 үе, үе бүрийн 7 түвшин. Хамгийн багадаа 463 амьдрал. Тэгээд өөр гараг. Бүх гарагаа дамжчихав уу. Дараагийн нарны аймаг (нэг бус), шинэ галактик, тэгээд цаашаа, цаашаа, бүр цаашаа………………………………цааашааааааа цаашаа…….аааааааааааааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Эдүгээгийн хүн төрөл 4-р хүрээний 6-р үедээ явж байгаа гэх. Готама Будда, Исүс Христ нар 5-р хүрээнээс зочилсон гийчид байсан нь хэрэв үнэн бол 7–р хүрээг төгсөөд хаачих талаараа миний 4-р хүрээний ядмаг тогтолцооны тархи сэтгэж хүчрэх үү? Би хэзээ ч ямар ч тогтолцооноос гарахгүй юм байна гэдгээ л ухах аядана. Тэгэхээр ядаж харьцангуй энэрэнгүй тогтолцоонд хүчин зүтгэхийн төлөө л явбал барав биш үү.

Архи, тамхи, зэвсэгнээс, хүний адгуусан ад донг дэвэргэж голоо зогоолгүйхэн шиг, бүх юмны үнээрбиш юм гэхэд ядаж амьтны амиар өөрийн амиа энхрийлэлгүйхэн явбал заяа…гэж бодох болсноос хойш дотор ариусч, миний алмас амарлингуйг олсон гэж бүү горьд.

Харин ч хамаг нүгэл чивлээ, худал хулгайгаа (эс өгснийг өөрийн болгож явсан суу билгээ бодох юм бол), хэд хэдэн хүн амины хэргээ (ирээдүйд хэн ч юм болох ёстой байсан хүмүүсийг хэн болохоос нь өмнө захиалгат аллага хийлгэснээ санавал) би амар заяагаа үзэхээ байсан. Авууштай нь би хэнийг ч шүүмжлэхээ больсон. Больё гэж мэрийж байгаа гэвэл дээр юм байна. Харин хэзээ нэгтээ хүрэх гэгээрэл биш энэ мэрийлт л надад санаанд оромгүй азжаргал авчирсан.

Би гар хумин жил гаруй суув. Энэ хооронд тэсгэл алдан улаан нүүр, улаан мах, улаан голоо худалдалгүй гүрийсэндээ одоо би баярлаж байна. Энэ жил байгаагүйсэн бол би “Алга”-ыг хэзээ ч дэлгэхгүй байсан. Нөгөө л хөөрхий, шинэхэн хөрөнгөтнүүд ямар өмдөө ямар тэлээгээр тогтоовол дээр болох тухай, тэр өмдөө хэнээр хэрхэн тайлуулах тухай “хүсэлтийн хариу” концертоо маш амжилттай тоглуулсаар байх байсан. Тэгэхээр гоё машины нэг дугуйн үнээр “Гоодаль”-ийг надаас салгаж өгсөнд талархъя, Бурхан минь! Тэгж л нэг концерт дуусав биш үү. Тэнэг болохоороо талархах ёстой гэдгээ одоо л ухаж байна, өршөө.

Бурхантай эрх тэгш диалог хийхийг оролддог уншигчдадаа брендийн цагаан толгойн үсэг зааж доош нь хийхгүй гэсэндээ өөрөө замаас зайлж өгсөн эр зоригтоо гялайя.

Мөнгө болоод элдэв юмсаар зодоод ч амилдаггүй юм гэж байдгийг өөрсдийнхөө хөрөнгийг цацан байж үзүүлж байгаа “мецанат”-уудад мэхийн ёсолъё. Амгалангийн нэр хүндийг урьд өмнө байгаагүй өндөрт гаргасан Амгалангүй цаасан гоодаль цэцэгсийг бардам зангийнхаа шарил дээр залчихъя.

Энэ бүхнийг уншаад таны юу гэж бодох нь миний асуудал биш. Үнэндээ танд миний тухай бодохоос илүү үнэтэй зүйлс зөндөө бий. Энэ хэдэн мөрийг унших зуур таны зүрхэнд тог ёгхийсэн л бол болоо. Та намайг биш тэр тогшилтыг л чагна. Хожим хэзээ нэгтээ таны тархин дахь тогтолцооны “Тогтолцооноос гарахуй буюу төгсгөлгүйгээс ангижрахуй” нүдэн дэх шургуулга хоосон биш болж, энэ л нялзрай холбоос тэр тогшилтыг дотроо сонсох тоолонд тань биежин эрчлэгдэж байвал л болох нь тэр.

Би тогтолцооноос гарахыг оролдсон. Мэдээж, эхнийх нь хувьсгал. Бодлоо гүйцэлдүүлэх насанд хүрээгүй байсан үед минь өрөөл бусад түүнийг хийв. Тогтолцоо нуран унаж, өөр нэрээр дахин төрөв. Дараа нь гүн ухаан. Орчлонгийн тогтолцооноос эхлээд бичил ертөнцийн загвар болох хүмүүний дотогш алсрах замд ихэнх нь өөрийнхөө номлолд хахаж “үхэцгээсэн” гүн ухаанаас би “Бүх тогтолцоо адил. Харин орц найрлагаараа бүгд давтагдашгүй” гэдэг ганц өгүүлбэртэй л хоцорсон. Тийм ээ, савны хэмжээ бага байсан. “Саалиа бэлдэхээр саваа бэлд.” Бэлдсэн сав нь гурван гэмтэй байсан.

Гэхдээ миний амь тэмцэж, тогтолцооноос оргохын тулд яахад ч бэлэн байсан.

Тэгээд шашин. Багшийн эрэл. Өндөр дэвийн мяндагтан. “Бясалгал хийнэ. Шашны язгууртнуудын ёсоор. Дараа ирэхээсээ өмнө намайг нүцгэнээр сайн төсөөл”. Өөр зүсмийн хамбатан. “Тарни тоол. Өдөр бүр секс хий. Бас мөнгө”. “Бүрхэг тэнгэр, бүрхэг тэнгэр” харанхуй болж, би цагаан хоолоо цөөн хэдэн сахилтайгаа орхиж, хөрстдөө газардав.

Бясалгал. Номоо зөрчсөн номлогсод. Эдийн сэгэн дээр уралцсан өндөр дэсийн авшигтнууд. Өөр бясалгал. “Ном унших хэрэггүй. Учрыг нь ухах бүр ч хэрэггүй. Зүгээр л хий. Аяндаа бүх юм нээгдэнэ.” Би ёслол, зан үйлд шүтэж, өндөрт гарахын тулд өрөөсөн далавчаараа дэвж, тамираа баран туйлдаж байлаа. Би бэлэн болоогүй. Багш ирээгүй. Би энэ бүхний дунд солиотой мэт л амьдарч байна. “Хэрэв нүд чихэндээ итгэвэл солиотнуудын тоо хэд дахин өснө.” В.Ц. Би нүд чихэндээ итгэхээ больсон.

“Хүн хаандаа итгэхгүй болно. Дараа нь хүн хүндээ итгэхгүй цаг ирнэ. Явсаар хүн харсан сонссондоо итгэхээ байна. Эцэст нь хүн өөртөө ч итгэхээ болихын цагт…” Энэ иш цадиг бусад зөнгийн адил биелэх үү? Бүх юм 50:50 хувьтай. Сонголт заавал байдаг. Боломж байх л ёстой гээд бодоод байвал энэ тогтолцооноос мултрах цорын ганц боломж бол ердөө л би өөрөө юм байна. Надаас гадна юу ч оршин тогтнодоггүй юм бол тогтолцоог ухамсарлагч БИ л үгүй болох ёстой юм байна.

Би үүнд л итгэхийг хүссэн юм биш үү? Гэтэл итгэл үнэмшилгүй бол газрын бөмбөрцөг өлмий дороос өнхрөөд явчих шиг болдгийг бодвол би тогтолцоогүйгээр амьдрахуйгаа ч төсөөлж чадахгүйд хүрч. Би дуртай юм байна. Би өөрөө тогтолцоо юм байна. Энэ тогтолцоог устгах л миний туйлын зорилго байх нь.

Элээ халаг, даанч би ухаангүй дуртай юм байна.

2011.04.08

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !