Эмэгтэй хүнд юу экстрим бэ?

Нөхөртэйгээ муудаад үхвэл ч үхэг гээд эгц газраас шууд уруудсан чинь анх угласан цанан дээрээ хээв нэг буугаад ирсэн найз бүсгүйгээ харвал айдас л аливааг экстрим болгодог юм болов уу? Бусад хүүхнүүдийн хувьд юу тийм аюул дагуулсан алхам болохыг мэдэхгүй юм, харин надад гээд бодоод үзвэл… Нөхрөөсөө өөр хүнтэй унтах. Яг тийм. Өөртөө зохирох ижлээ олоогүй байх хайгуулын аяны богцын эрээвэр хураавар цуглуулгын талаар би яриагүй.

Эд таньтлаа элдэв юмсыг эдэлж үзэж байж л дөртэй болох жамтайгаас хойш А-Я хүртэл, хаалгачаас хааныг нь дуустал, адгуус шигээс нь архад мэтийг нь толгой дараалан шинжиж байж өөрийгөө ч танина, өрөөлийг ч дүгнэх чадварыг олно гэж би боддог. Харин дэр, нэр, гэр нэгтгэснээсээ хойш “хүний геологийн” экспедициэр яваад одох нь жинхэнэ экстрим. Дэлгүүрээс хамгийн тод зурагтайг сонгох гэж зүдэж байгаа хүүхдийн барилаасаа салаагүй бид бэлгийн туузыг задлах бүрийдээ юу байгаа бол гэсэн догдлолоороо доторхыг нь улам ч үнэ оруулж орхидог.

Ер нь хүмүүсийн харилцаанаас илүү экстрим юм гэж байдаг юм уу?

Нэг их гоё хайрцаг, дээрх бичээсээр нь л бие биеэ үнэлж, тэр дүгнэлтэн дээрээ амьдрахуйн холбоосуудаа босгож эхэлдэг болохоор өрх гэр ч, ажил алба ч, төр засаг нь ч хэзээд нуран унах нь бэлэн байх нь аргагүй.

Гэр бүлээс гадуурх харьцаа гэдэг бол бас нэг гоёмсог хайрцагт хорхойссон шунал, доторх нь гаднахтайгаа дүйцээсэй гэх горьдлого юм даа. Гигант хайрцаг задлаад импотент хүртэх энүүхэнд. Эсвэл романтик учраа чинь хог нэгээрээ байдаг жигало байж ч магад. Ер нь нэг хүнтэйгээ олон учирч чаддаггүй хүн бол “шинэ юм” гэсэн сэрлээр л өндийдөг. “зайрмаг”, эсвэл хэзээ ч хүршгүй чанараа тоогоор цайруулах гэсэн эрийн оронцгууд байх нь бий учраас олон эмсийг “жаргаагч” нараас би айдаг. Хэн нь ч үл мэдэгдэгчээс бүүр ч илүү айдаг. Харин үхтлээ айдаг зүйл маань гэр бүлийн нэр хүнд, тайван байдлыг хутганы ирэн дээр тавих. Хэзээ ч хэнтэй, ямар ч учралаар зам зөрж болох бөөрөнхий орчлон учраас айж явбал аминд тустай.

 

Бодоод байсан чинь, би ерөөсөө экстрималуудыг ойлгодоггүй юм байна аа. Энэ эрчүүд аминаасаа уйсан байж, цаст оргилуудыг эзэмдэж байхынхаа оронд эмэгтэй хүний зүрх сэтгэлийг эзэмдэж байхад яана аа?! Энгийн амьдралд энгийн байж чаддаггүй хүн л экстримал болдог гээд хэлчихвэл үнэнээс хэр зөрөх бол?! Сансрын эрин зуунд хүлэг баатруудаар цангасан уяхан бүсгүйчүүд хатан зориг, хатуу характертай экстрималуудаар голоо дэвтээхийг оролддог ч томоо хайрцган дотор бяцхаан “бэлэг” байх нь хичнээн гол гонсоймоор байдаг тухай нэг нууц задалчих уу?

Жинхэнэ “эр хүний” тодотголтой спортын од, Роберт Паттинсонтой андуурам залууд зүрхээ өгсөн найз бүсгүй маань биеэ өгөх явцдаа илчлэхэд их л таагүй, интим асуудлуудтай учирсан юм байх. Оюутны хэдэн жил олон хилийн залуустай тохой нийлүүлэх байтугай нь л болж байсны гэрч өөр нэг эмэгтэй тэр хавийнхныгаа бүү хэл, хотоо түйвээж явсан нэртэй нэгний урилганд унаж орхиод эцэст нь минет хийхээс өөр ажилгүй шөнийг өнгөрөөсөн түүхийг сонссон юм байна.

Ямар ч гэлээ сайдын хүү, юуны ч гэлээ дарга залуутай буудалд орох дээрээ тулсан бас нэг бүсгүй, нөгөөдөх нь “Усанд орчих уу?” гэхэд нь яльгүй гайхасхийгээд, “Би чинь харин ямар байгаа бол” гэж энд тэндхээ шалгаж сууж. Хүйсийн ялгаа нь бахархам сайхан ч, Гераклын биен дээрх хурууны үзүүрээр хуйлрах зарим зүйлс даанч нүд хальтирам байсан болохоор ийм удиртгалыг ямар төгсгөл дагасан нь тодорхой. Гэхдээ эрчүүдийг басамжилж байна гэж бүү бодоорой, тэд ч бас эвий чааваас, гоё хайрцган доторхоор голгүй дөнгүүлж л явдаг амьтас.

Нэг сонирхлоороо нэн гүнзгийрсэн өвчтнүүд нь сэдвийн дагуу л сексийн хамтрагчаа сонгодог болохоор сэтгэлгээний уламжлалт хэв маягтай хүмүүстэй хэл амаа ололцож чаддаггүй…

Заавал нэг өдөөгч, сэргээш, халуун амтлагчгүйгээр элдэв юм нь эвлэхээ байчихсан хүнтэй учирна гэдэг аль ч хүйсийнхний хувьд эрсдэлтэй л алхам. Гэрийн хоолоо голж, гадуур зоог барих бүртээ сэтгэл хангалуун үлддэг гэж үү, та? Хордож, гайхаж, дотор муухайрч, хараал урсгаж, мөнгө, цагаа алдахын оронд гэрийн гүнцгээ сайжруулж, хооллох соёлоо өөрөө дээшлүүлсэн нь хамаагүй дээр байж ч магад.

 

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !