Тархины хүчирхийлэл

Оюун санаагаа надад хүчиндүүлэхийг зөвшөөрч, үүнийхээ төлөө цагаа гарздаж буй танд гүнээ талархъя…Алх, хадуураар зэвсэглэсэн пролетариудаар дүүрэн орос оронд хувьсгал хийчихээд

“Бүх урлагийн дотроос кино урлаг бол хамгийн аугаа”

гэж онолдсон Ленин гуай киноман байгаагүй ч бусад бүх дарангуйлагчдын олж хараагүй алсыг, кино бол зөвхөн кино биш, үзэл суртал түгээх хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг онож харж чадсаныг нь энэ үг гэрчилнэ. Магадгүй, Маркс авгайн амьдарч асан цаг үед кино урлаг хөгжөөд эхэлчихсэн байсан бол мань нөхөр үзэг, цаас, капитал гурваа хогийн сав руу чулуудчихаад найруулагчийн мэргэжлээр шамдан суралцаж эхлэх байсан биз.

Лениний гайхалтай афоризмын араас хөрөнгөтний нийгмийг буруушаан, хувьсгалын галаар социалист үзэл санааг дүрэлзүүлсэн үй олон бүтээлүүд Орос орныг хөөрөгдөн, тариачдын тархийг хөтөлбөржүүлж эхэлсэн юм. Эйнштэйн “Хуягт Потемкин”-ыг бүтээхдээ улаан тугийг өнгөтөөр харуулахын тулд кадр бүрт гараар будаж, өнгөт киноны эх үндсийг тавьж байлаа. Сталин ялахын тулд II дайны хүнд үед “Александр Невский”, “Иван Грозный” зэрэг оросын түүхэн баатруудын тухай кинонуудыг бүтээж байлаа.

Сүүлийн 50 жилд манай гараг дээрх техник технологийн хөгжил дэвшил өмнө байсан аль ч үетэй зүйрлэхийн аргагүй хурдацтайгаар хөгжиж байх үед массын тархийг угаах зэвсгүүд мөлхөө ургамал шиг чимээгүй үржиж, үдшийн сүүдэр шиг л хурднаар дэлхийг нөмрөх болов. Өнөөдрийн хүн богинохон амьдралынхаа чамгүй хугацааг зөөлөн буйдандаа шигдэн, ТВ үзэж, сонин сэтгүүл уншиж эсвэл интернэтэд өнгөрөөж байгаа.

Мэдээж хэрэг, энэхүү хэрэгслүүдийн орчин үеийн хүний амьдралд үзүүлэх мэдээллийн ач гавъяаг үгүйсгэх аргагүй ч, нөгөө талаараа, биднийг мөхөөж байгааг анзаарахгүй өнгөрч болох уу. Хүчирхийлэл гээч нь цус, тамлал, аллагаар дуусдагаа больж зөвхөн бие махбод биш оюун санаа, сэтгэлзүй рүү довтолж байна шүү дээ. Биеийн тарчлаан ч яах вэ дээ. Харин сэтгэлийнх гэдэг…

Өнөөдөр хамгийн хэрцгий хүн Осама, харин хамгийн мундаг хар арьстан нь Обама, хамгийн сайхан залуу Брэд Питт, төгс гоо сайхан гэдэг бол Жессика Альба гэх мэттэй дэлхийн хүн амын талаас илүү нь нэгдэнэ. Гайхалтай хэрэг шүү, хүний ертөнц өмнө нь хэзээ ч ийм нэгдмэл үзэл бодолтой байгаагүй байх.

Холливуудын нэртэй найруулагчдын нэг Бэрри Левинсоны 1997 онд бүтээсэн, Дастин Хоффман, Роберт Де Ниро нарын мундаг багаас бүрдсэн Wag the Dog хэмээх кинонд сонгуулийн кампанит ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан хийж, зохиомол дайн дэгдээж, хуурамч баатрыг бүтээж, түүнийгээ хэрхэн ард түмний бахархал болгож байгааг ёжлон үзүүлсэн байдаг. Хамгийн аймшигтай нь, энэ бүхэн өнөөгийн нийгэмд учрах бүрэн боломжтой гэдгээ удаа дараа харуулчихлаа.

Гоо сайхан, ёсзүй, сайн муугийн бүхий л хэмжүүрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтоох болов. 50 жилийн өмнөх өсвөр насны охид Монро шиг хонгор шар үстэй болохыг мөрөөдөж байсан бол өнөөдрийн өрөвдмөөр охид гоо сайхны төгс хэм хэмжүүрт хүрэхийн тулд өөрийгөө егүүтгэхээс л наахнуур юм болж байна. Гайхалтай сайхан бие, өөгүй цэвэрхэн арьс, секси төрх, богино банзал, зузаан уруул, цээжээ гаргасан хувцас, аа, тэр хувцас нь бас ямар нэг брендийнх, LV бол бүүр ч янзтай гэх мэт бөөн шаналгаа.

Манай эриний шилжилтийн насныхан дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их дарамттай хүүхдүүд болчихож. Чи Беионсе эсвэл Жуд Лоу шиг харагдах ёстой, үгүй бол чи хэн ч биш, гүйцээ! Гоо сайхан гэдэг хувь хүн бүрт байдаг амин хэм байсан бол өнөөдөр “ТВ-гээр гарах клип эсвэл кинонд тачаангуйхан тонтогонох жүжигчний бие хаа” гэж хүүхдүүдийг мэдээ орохоос нь эхлээд зогсоо зайгүй бөмбөгдөөд эхэлчихсэн болохоор л ажлаа тараад гэртээ ирж байхдаа байрны гадаа жаахаан охин тань таазаа хөдөлгөн бүжиглэж байхыг та харна! Яг л клипэн дээр гардаг нөгөө хэн шиг, таны охиныг ч гэсэн тэд бас… амжиж.

Эцсийн дүнд “Би хэн бэ” гэдгээ танихыг оролдохоосоо илүү зүгээр л би түүн шиг, үүн шиг болохсон гэсэн сохор хүслүүдээр нүдээ таглуулсан хүн сүрэг замдаа таарсан бүхнийг хамж цөлмөсөөр, дэлхийгээр нэг бэлчээрлэн, хүн төрөлхтний оюуныг цөлжүүлж байна.

Христийн сургаалийн “Та хонь, харин би таныг хариулан адгуулах хоньчин” гэх дүрд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэн үнэмшилтэй, тун ч гарамгай, сурамгай тоглож байна.

Хувь хүний тусгаар байдал бүх утгаараа, дээд зэргээр алдагдаж хүний тархи роботуудынх мэт хүч хэрэглүүлсээр, худал үгийг 1000 давтсаар бидний эрин үнэн болгосон. Өөр өөртөө нэг агуй эрж олоод, түүндээ Сиддхартагийн адилаар бясалган амьдрах боломжгүй XXI зуунд оюун санаа руу минь халдах бүдүүлэг дайралтуудаас зугтахаасаа нэгэнт өнгөрсөн… гэх гутранги үгсийн ард цэг тавимааргүй байна. Хэн ч халдашгүй, хязгааргүй дагшин орон зай хүн бүрт уул нь байдаг юм гэнэ билээ. Тархинд уу, зүрхэнд үү, таг яг би хэлж мэдэхгүй байна. Харин хүчиндүүлсэн хүн дүрст сүг биш, оюун сэтгэлт амьд бодьгал гэдгээрээ оршин тогтнохыг хүсч байгаа бол хайх л болно, олох л болно.

2012.03.12

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !