MET GALA-тай мэтгэлцээн

MET GALA загварын наадмыг тойрсон хэл ам уг арга хэмжээг улам л нэртэй болгосоор байдаг. 25000$-оор өөрийгөө гайхуулчих санаатай нялх оддын хөөрцөглөл гэж нэг хэсэг нь шоолж байхад, хэрэг болгон ирж, мөнгөөрөө гэхээс илүү алдар хүндээрээ уг ёслолд хөрөнгө оруулалт хийж, соёлын чухал өв болсон музейд хандив өргөхөд нийтийг уриалдаг “эртний” оддоор бахдах нэгэн ч байна.

Нэрээ ил гаргахыг хүсэлгүйгээр музейд болон их урлагт хандив өргөгчид л жинхэнэ өглөгийн эзэд гэж үздэгүүд ч бас бий.

Ямартаа ч эрхэм улаан хивсчингүүдийн ачаар музейд бага биш хуримтлал цуглаж, түүнийх нь үрд хүн төрөлхтөн урлагаар дамжин “ХҮН” болсоор байгаа нь сайн хэрэг. “Мөнгө, залуу нас, сексээр өвчилсөн нийгмийн буглааг улам бээрлүүлсэн иймэрхүү үйл явдлуудыг хэвлэл мэдээллээр хэт хөөргөдөн, гайхамшиг болгон тунхаглаж байдгаас олон нийтийн үнэт зүйлсийн баримжаа алдагдаж, “ямар ч аргаар хамаагүй анхаарлын төвд л байвал” гэсэн луужинг барих болсон.

Залуу, залуу, улам залуу, улам тачаангуй, улам шалдан л байвал “сайхан” гэгдэх болж.

Гэвч “гэгдэх” ба “үнэхээр байх” хоёрын дунд асар их зай бий” гэж орчин цагийн нэгэн сэтгэгч хэлсэн байх юм. Хүн гэж гайхмаар амьтан. ШУ-ны шид болсон элдэв хиймэл эрхтэн зүүгсдийг мэдсээр байж л нүдээрээ идчих шахан үхэлдэх атлаа төрсөн охин нь яг ингээд нүцгэлээд эхэлбэл бут ниргэх эцэг, хүү нь ийм эм дагуулаад ороод ирвэл огло харайдаг эх.

Өөрсдөө ингэж өдөөн хатгаж, урин дуудчихаад “…эрчүүдэд ганц л юм хэрэгтэй. Бүгд балиар” гэлцэх хүүхнүүд. Юуг санал болгоно, тэрийг нь л авдаг хорвоо шүү дээ. Янхан шиг хувцаслачихаад гэрлэх санал хүлээж болохгүй. Гоо сайхны, цаг үе-орон зай-орчны, соёл ёс зүйн ямар ч мэдрэмжгүй авирлачихаад “Намайг тэнэг юм шиг үзлээ” гэж гомдоллож таарахгүй.

Шоу ертөнц бол асар том зах зээл. ЗЭЭЛИЙН ГАЗАР. Энд зөвхөн наймаа л хийдэг болохоор дээр дурьдсан чанарууд огт хэрэггүй байж магад. Хэн юу байгаагаа, хэрхэн яаж үнэд хүргэх тухай л яриа энд бий. Аль нэг юмаа /зөвхөн бие махбод биш/ худалдахгүй гэж бодож байгаа бол анхнаасаа ийшээ хөл тавихгүй байсан нь дээр байх. Нэгэнт орсон бол зах дээр байгаагаа мартаж болохгүй. Харин үзэгч бид андуураад эднийг дагаад намирвал инээдэм болно шүү.

 

 2015 он.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !