Таван даашинзны сэтгэгдэл

          Гоодальд байхдаа бичиж байсан энэ өгүүлэлдээ би дуртай. Ард нь өөр нэр нас тавьчихсан  болохоос бүгдээрээ би л дээ, үнэнийг хэлэхэд. Би уулаасаа зохиож чаддаггүй юм. Харин таньдаг хүмүүсийг асуухаар нь ичээд, аан би биш ээ, шал дэмий юм гээд л хэлчихдэг байсан. Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэж…

 

Хувцасны шүүгээгээ онгойлгох тоолон энэ даашинзнуудыг харан баясдаггүй л дээ, би. Гэхдээ заримдаа тэд надад ямар нэг юм хэлэх гээд ч байх шиг, эсвэл нуугаад ч байх шиг, буруу харан мэгшүүлээд ч байх шиг санагддаг.Алдарт дизайнерууд загварын шоуныхаа эхний эгнээний суудалд хүндэтгэлтэйеэ залдаг, нэр хүндтэй том компаниуд баярын үдэшлэгээ бахархалтайяа чимдэг дэлхий дээрх цорын ганц тайчигч эмэгтэй бол Дита фон Тиз. Хуруугаа ч хүргэж боломгүй мэт язгууртан авхайн төрх, 60-аад оны цэгцтэй манер ба ажил мэргэжлийнх нь онцлог дэндүү эрс тэс болохоор улам ч анхаарал татдаг байх. Нэг удаа санаанд оромгүй жижигхэн дэлгүүрт, гологдсондоо ичсэн бүсгүй шиг улаан даашинз зориг муутайхан өлгүүрийн цаагуур тонгойж байхыг би олж үзээд нүдэндээ ч итгэсэнгүй билээ. Бүх насаараа хайсан хатсан цусны өнгө.

Аальгүй улаан, уйтгартай улаавтар, эрээгүй час улаан биш,
үнэтэй ч, үнээ ч мэддэг, “олдвол алдаж болохгүй” улаан.

Marc&Spencser. Миний гараар хайрыг минь мэдэрсэн “улаахан” эд инээд алдан, өнгө засаад ирэх шиг болсон. Нүдээ аниад илбэвэл нялх цэцгийн дэлбээ шиг булбарай торгомсог даавуу, өө сэвгүй суулт, цэмцгэр оёдлоороо хамгийн энгийн загварын энэ даашинз миний хамгийн үнэтэй гоёл болсон юм. Би тэр даашинзыг дотроо “Дита” гэж нэрлэх болсон. Удтал хамтдаа зугаалаагүй нөхөртэйгээ гарахаар толины өмнө бэлдэж байсан тэр үдшийг би өчигдөр юм шиг л санаж байна. Бид хоёр үдэшлэгээсээ бүтэн хоёр цаг хоцорсонд “Дита” ч бас буруутай гэж би боддог. Гэхдээ тэр үдэшлэгт үзэж амжаагүй зүйлст би хэзээ ч харамсдаггүй.

(В. 31 настай)

 

Найз маань франц ресторанд удаан ажилласан болоод ч тэр үү, жижигхэн франц бүсгүй шиг л надад санагддаг юм. Ямар ч энгийн хувцсыг эгэлгүй чамин болгож харагдуулдаг чадварыг нь би яагаад ч өөрийн болгож чаддаггүйдээ бяцхан “атаархдаг” байж магад. Түүнд цагаан однуудтай хөх хөвөн даавуун даашинз байдаг байлаа. Нэг удаа оройтож тарсан ангийнхны уулзалтын дараа найзындаа хоноод, өглөө нь өмсөөд гарахад тохиромжгүй үдшийн гоёогоо цүнхэлсэн надад хөх даашинзаа сарвайх найз руугаа тун ч итгэл муутай харж байснаа санахлаар инээд хүрдэг.

Харин тэр “бяцхан ид шид”-ийг углав уу, үгүй юү, би төрөл арилжиж байгаагаа ухаарсан юм. Би зүгээр л “эмэгтэй хүн” болчихсон. Тэр өдөржингөө би ажил дээрээ гэрэл цацрааж, магтаалын үгэнд булуулж, үүлэн дээгүүр хөвсөн. Нэг ч хүн миний даашинзыг магтаагүй. Бүгд л миний нүд, инээд, инээмсэглэл, бүр үнэрийг, алхааг хүртэл анзаарснаа хэлж байв. Өөрөө сэмхэн “үл үзэгдэгч” болохдоо, өмссөн хүнээ илбэдэн хувиргадаг энэ даашинзны гайхамшиг чухам юундаа байгааг би одоо хүртэл мэддэггүй юм.

(Ш. 27 настай)

 

Би хэзээ ч ганган байгаагүй, сургуульдаа бол “саарал гөлчгий” байснаа сайн мэддэг. Гэхдээ би 80-аад онд намайг ганц баясгаж байсан БНАГУ-ын балет-шоуг амьсгаа түгжин үзэж, хэзээ нэгэн цагт ийм гоёлыг заавал өмсөнө, эднээс ч илүү гоё хүүхэн болно гэж боддог байсан. Гэртээ би ээжийнхээ цацагтай том алчуур, бүтээлэг, юу байгаагаараа юу нь ч мэдэгдэхгүй юм хийж, тухайн үед ээжид минь байсан цөөхөн хэдэн будгаар солиотой царайнуудыг зурдаг байлаа. Би хүсч байснаараа гоё хувцаснуудтай болоогүй.

Одоо өөрт байгаа хэдээ хаана ч өмсөх билээ дээ, ядаж жинхэнэ багт наадам ч монголд болохгүй юм байна шүү дээ, тэгээд яах вэ, нөхрөө л баясгах юм даа. Харин …Англид амьдардаг нэгэн бүсгүйн гайхалтай “алдаа”-гаар миний гарт ирсэн Victor&Rolf-ын хар даашинз… өө, энэ миний бүх насны мөрөөдөл байсан! Хүүхдүүд минь намайг шулмастай л адил байна гэснийг би чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхиод, 20 жилийн өмнөхийг бодвол яльгүй үрчлээтэж цэлхэрсэн боловч ер бусын цог гялалзсан нүдтэй “вамп” охиныг толин дотроос бахархан ширтэж байлаа.

Энэ бол үлгэр, энэ бол хоёрдугаар сарын 30-ны өдрийн, 9 дэх гарагийн гайхамшиг байлаа! Энэ даашинзаа өмсөөд би 13-р сард төрсөн рыцарынд зочилмоор байсан. Төөрч очсон ойн цоорхойн бяцхан байшингаас үүр цүүрээр би гарч, битүү буусан цас мэт шүүдрийг нүцгэн хөлөөрөө туучин, өндөр модон дээр гарч суугаад, намайг тэр рыцарь бачимдан хайхыг нь харан инээх байсан. Одоохондоо бол яах вэ, хүлээж л байна!

(А. 39 настай)

 

Урьд нь “Наран”-гаас авсан Oscar de La Rеnta-гийн нэг дезодорантын “азгүй үнэр”-ийн тоосонд дарагдсан сэтгэл минь бас нэг амьгүй юмаар амилан сэргээд ирсэн нь бас л Oscar de La Rеnta-гийн ягаан сарнайтай даашинз байлаа. Яагаад ч юм энэ даашинзыг харангуут Maroon 5 санагдаад явчихсан. Би үүнийг өмсөөд “She will be loved” клипийн хамгийн гайхалтай дүрд тоглох байсан. Мэдээж, ээжид нь. Насаараа бол би охинд нь бараг таарна, гэвч би охин нь биш, ээж нь байхыг л хүсч байна.

Энэ даашинз яг л ихийг хүсдэг, хүссэнээ авдаг, авснаа барьж чаддаг, ухаан чадал тэгширсэн, суу билиг төгс эмэгтэй шиг. Хамгийн хүчирхэг хар, хамгийн зөөлөн ягаан. Хамгийн нууцлаг хормой, хамгийн нээлттэй энгэр. Инээмсэглэлтэй цөхрөл. Нулимстай инээд. Тэсгэл. Задрал. Эхлэл. Төгсгөл… Ямар ч байсан, зөвхөн байсанд нь хувь заяандаа баярламаар тийм хүчтэй сэтгэгдлүүд бидний цаг үед их ховор болсон гэдэгтэй би санал нэгддэггүй. Харин тэр сэтгэгдлүүдийг мэдэрч чадах зүрхнүүд л алга болсоор байгаа байх. Энэ даашинз хүмүүсийн зүрхэнд нуугдан зүүрмэглэж байдаг, дурлалын нум сум агссан, булцгархан сахиусан тэнгэрүүдийг сэрээдгийг би анзаарсан.

(З. 22 настай)

 

 

 

Европын нэг хотоос авсан хагас хоолойтой маалинган хар даашинзаар би мөн ч олон аврагдсан даа. Би энийгээ өмсчихлөөр хамгийн секси зураг гэгддэг Ким Бессинжерийн хар даашинзтай төрхөөр өөрийгөө хардаг байлаа. Эсвэл “юуг ч” “юм” болгодог Кейт Мосстой адил болчихов уу ч гэж санадаг байв. Харин одоо би хэнтэй ч адил байхыг хүсэхээ байсан. Өөрөөсөө өөр. Хэрэв одоо хэн нэгэн намайг Ким Бессинжер, Кейт Мосстой зүйрлэн үнэлэх юм бол ямар ч хувиралгүйгээр “тэдэн рүү нь үдчих” зоригтой болсон. Би сүүлийн үед тэр даашинзаа их дурсч байгаа. Тийм нэг, хамаг юмыг нуусан юм шиг хэрнээ бүх давуу талыг минь тодотгосон, “матан магтсан” хамгийн энгийн мөртөө хамгийн “онгироо” даашинзтай болъё гэж.

Тэр даашинзыг өмсч байсан үеэсээ хоёр дахин эгчмэд болсон ч сайн хадгалагдаж чадсандаа би өөртөө “сэм сэм” баярладаг. Тэгээд тэр үед байгаагүй цэцэн ухаан, цэнгэг хүсэл, цэлмэг “боломж”-той болсондоо ч бас. Хэзээ ч юм, удахгүй байх, би хуучин “анд”-тайгаа-нөгөө даашинзныхаа ихрийн өрөөсөнтэй учрах болно. Магадгүй, түүнээс ч бүр илүүтэй. Гагцхүү тэр цагт өнгөрсөн үе рүү харж, өөр дүрийг санагалзах биш, өнөөдөр надад заяаж буй энэ л зүйл-миний хувь заяа гэдгийг таньж чадах л надад үлдэж байгаа юм. Би зөндөө их зүйлийг алдаж байсан.

Гэвч түүнээс ч илүү ихийг олохын тулд л алдаж байснаа мэдсэн. Одоо би юуг ч алдахаас айхгүй болсон.

(Ө. 45 настай)

 

 жич: зурган дээрх даашинзнууд бичвэрт буй брендийн нэрстэй таарахгүй байж болно.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !