Ээжийг нь л хар

Эсрэг талууд таталцдаггүймаа. Гурван өдрийн эйфорийн эцэст, дөрөвдэх өдрийн гуниг орж ирнээ.

Нэгэнд нь хэрэгтэй, нөгөөд нь үгүй…

Нэгэнд нь ногоон, нөгөөд нь ягаан…

Нэг нь ээж рүүгээ, нөгөө нь нөгөөдөх рүүгээ…

Мянга нэгэн ялгааг нэг буулт дийлэхгүй.

Хүсээгүйгээ хийж, хүссэнээ дарах хэврэг нэгэн амьдралыг чи хүсч байна уу? Үгүй бол сонсч бай.

Миний харж байсан хамгийн шилдэг харилцаанууд Үзэл санаа нэгтнүүдийнх байсан. Эсрэгээрээ биш юм шүү.

Ямар ч тодорхойгүй байдалд гар гараасаа барилцах итгэл. Өөрийнхөө дааж чадахгүй зүйлийг нөгөөгөөсөө шаардахгүй байх ухаан. Үргэлж л урам, сэдэл, сэргээш нэхэлцэхгүй, хайрлахад л хангалттай байх ойлголцол “Адил сэтгэдэг хүмүүс”-т л байдаг юм.
Хажууд чинь бараг л чи, зүгээр л арай өөр биенд байгаа учраас, үргэлж учраа ололцож, тайлбарлаж, тэвчиж, шүд зуух хэрэггүй болдог.

Бид өөрсдийгөө л хайрладаг.

Бусдын биенд байгаа өөрийгөө л хайрладаг.

Хүнийг таних хэцүү. Дурласан үед бүр хэцүү.

Тэгвэл тэр хүнийхээ аав ээжийг хар. Тэдэнд дургүй гэж тэр ярьдаг байж болно. “Би хэзээ ч тэдэн шиг болохгүй” гэж хэлж ч магад. Гэвч түүний хүсэх эсэхээс үл хамаараад алимны модноос алим л ургадаг. Тэр аав ээж шигээ л болно. Гаднах хэлбэр нь өөр: илүү баян, илүү соёлтой г.м… боловч, дотоод агуулга нь тийм л байх болно. Хайртай хүнийг чинь бүтээсэн энэ хүмүүсийг харахад чамд ямар мэдрэмж төрж байна, чи энэ мэдрэмжийг 30, 40, 50 жил өдөр бүр, агшин тутамд амсахад бэлэн байна уу гэдгээ л хар.

Хэрэв тэр өөрөө асар их хүч гаргаж энэ өгөгдлийг, энэ өв дамжуулалтыг өөрчлөхгүй бол чи юуг ч өөрчилж чадахгүй. Чи цэвэр байдлыг эрхэмлэнэ, тэр “Ертөнцийн тоосыг угааж барахгүй ээ, чи өвчтэй юм” гэх болно. Тэр зүгээр л нэг залхуу, заваан амьтан биш, эхлэлгүйгээс үргэлжилсэн энэ сэтгэлгээний тээгч л юм. Чи өөрийгөө өвчтэй гэж мэдрэх болно, эцэстээ үнэхээр өвчтэй болно. Эсвэл чи тааваараа байхыг хүснэ, гэтэл тэр хэзээ ч зүгээр суухгүй, чамд ч амар заяаг чинь үзүүлэхгүй. Чи түүнийг ядаргаатай, ядчихсан амьтан, яршиг төвөг гэнэ, тэр чамайг арчаагүй, амиа хичээгч, шимэгч гэх болно. Чиний аз жаргал сэтгэлийн тав тух байхад түүнийх нийгмийн байр суурь, биет үзүүлэлтүүд байна. Адил мэргэжилтэй, ижил мэдлэгтэй, нэг зиндааны соёл хүмүүжилтэй боловч та хоёр дотоодын дайснууд байх болно.

Өөртэйгөө адил хүнийг л хай.

Бусдаас бид өөрийгөө л хайдаг учраас.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !