Өчигдөр, Өнөөдөр, Маргааш…

Шинэ өдөр бүр хэдэн таагүй хүнийг өчигдөрт үлдээх сайхан боломж шүү.

Гунигтай, зовлонтой, азгүй нэгэн эмэгтэйг орхи. Өөдрөг, өнгөлөг, өөр нэгэн шидэт дагиныг толиндоо харагтун! Хэт бүү мөрөөд, дараа нь хямарна гэлцдэг. Хямрал нь мөрөөдөлд байгаа юм биш ээ. Харин мөрөөдлийн үр дүнг буруу тооцоолсонд байгаа юм. Эхнээсээ биелж эхэлсэн мөрөөдлийн биелэл маань бидний хүссэн зүйл биш байгааг хараад хямардаг.

Хэрэв таны хүсч байсан зүйлийн төгсгөл таалагдахгүй байгаа бол, үүнээс ч илүү байж болох байсан, эсвэл буруу тийшээ даялаад явчихаж гэдгийг харж байгаа бол сайн байна. Та хямралыг илрүүллээ. Илэрхий байгаа зүйлийг засч болно. Хэрэв та мөрөөдлийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа бол? Тэр биелэлд ч гэсэн хямрал нуугдаж байгаа. Одоохондоо харагдахгүй байгаа боловч хэсэг хугацааны дараа “Өө, энэ биш байж” гээд хошуугаа унжуулан суух магадлал өндөр байна даа. Яагаад?

Бидний олонхийн хувьд мөрөөдөл, төсөөлөл, зорилго гэх зүйлс маш бүдэг байдаг. Эдний хоорондын ялгааг, ерөөсөө эднийг бид мэдэхгүй. Гэтэл ”Сэтгэлзүйн асуудлын 60% нь “…амьдралын зорилгогүйгээс болдог” гэж К. Г. Юнг үздэг байсан.

Мөрөөдөл гэдэг бол таны хүсч байгаа амьдрал, ямар нэг зүйлийн зургийг
таны зүрх ирээдүйд очоод авчихаж байгаа юм шиг тод зураглал.

Энэ зураг зорилго болж болно. Энэ зургийг амилуулахын төлөө та бүхнээ шавхан, өөр юуг ч үл хайхран зүтгэнэ гэсэн үг. Танд гомдоллож гоншигнох зав байхгүй, хүмүүсийн элдэв авир хандлагыг та анзаарах ч сөхөөгүй болно. Яагаад гэвэл таны бүх анхаарал зорилгод чиглэгдэнэ.

Хийсвэрлэл гэдэг бол зүгээр л уран сэтгэмжийн тоглолтыг та тархиндаа үзэж, түр зуурын таашаалын хуурмаг үзэгдэлд автах цаг хугацааны тасархай юм. Бид дандаа энэ тасархайд гацсан байдаг. Үүнийгээ “Би мөрөөдөлтэй” гэж андуурдаг. Хааяахан ингэж амттай төсөөлөлд автан суух нь сайхан боловч та үүнийхээ төлөө зүтгэдэггүй, тэр тархин дах үзэгдлээ өнөөгийн амьдралтайгаа харьцуулан бүр гутардаг.

Өнөөдрийн хямрал яг үүнээс болж байгаа юм. Бид усан дээрх зургийг харан баясч суугаа нялх хүүхэд мэт аашилж, болж байна, бүтэж байна гээд буруу замаараа буцалтгүй цаашилж, усанд туссан зургийг харан шүлсээ залгисаар дуусах байсныг ийм хямрал л зогсоодог.

За ингээд үзэг цаас аваад суу. Би юу хүссэн бэ? Өнөөдрийн амьдралдаа би сэтгэл хангалуун биш байна уу?  Яагаад? Би мөрөөдлөөрөө амьдарч байсан уу?

Би зорилготой юу? Би өдөр бүр зорилгынхоо төлөө юу хийж байсан бэ?  7 хоногт 1 биш, сард хэд биш, өдөр бүр, агшин тутамд зорилгоо санан санан хичээж байсан бил үү?

Хэрэв тэгж байсан бол энэ зорилгын сул тал, хий, гоомой хэсгийг би аль эрт олоод харчих байсан. Өдийд зорилго маань тов тодорхой, улам цэгцтэй болчихсон, нарийн түвшинд хэрэгжээд эхэлчихсэн байх байсан.

Одоо тэгвэл би юу хийх ёстой вэ?

Би хэдэн удаа шинээр эхэлж байгаа вэ?

Би өөртөө хичнээн амлаж байгаа вэ?

Би өөр болохыг, амьдралаа өөрчлөхийг хүсч байна.

Гэтэл яагаад эргээд л нөгөө тойрогтоо орчихоод, улам л өөртөө итгэл алдраад, амьдрал нэг л биш болоод байна вэ?

Эдгээр асуултанд хариулах нь таны өөрийнхөө төлөө хийх эхний алхам.

Нарийвчлан юуг төлөвлөх, эхлүүлэх, зорилгодоо хүрэх зөв замаа олох нь таны дараагийн алхам. Хямралын эрчим хүчээр шатахуун хийгээд өндрөөс өндөрт дүүлэх тийрэлтэт нислэгээ хий гэж өнөөдрийн сэтгэлийн хямрал чинь хатгаж байгаа юм.  Хатгуулаад зүрхний дусаал уугаад суух юм биш ээ.

СЭР, ХАР, ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТАРХИА СЭГСЭР.

За, урагшаа!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !