Үнэнч сайхан, урвагч муухай

Гэрлэгсдийн 70-аас илүү хувь нь гэрлэлтээ цуцлуулах талаар ядаж хоёроос дээш удаа бодож, амьдралын ханийн сонголт нь зөв байсан эсэхэд нэлээн гүнзгий эргэлздэг. Эхнэртэй эрчүүдийн дор хаяж 80 хувь нь амьдралдаа нэг удаа, талаас илүү хэсэг нь тохироо бүрдэх бүрт галзуу барын аманд гараа хийгээд авдаг бол 30-40 хувь нь тэрхүү эрх чөлөөний хувьсгалын тохироог бүрдүүлэхийн төлөө, бүрдүүлснээ бүрэн ашиглахын төлөө, эцэст нь, журмын нөхөд-хувьсгалчдынхаа ул мөрийг баллахын тулд ухамсарт амьдрал, эрч хүчийнхээ жинтэй хэсгийг зарцуулдаг. Нөхөртэй хүүхнүүдийн хувьд дээрх тоо баримтыг эдийн засгийн хараат байдал, ахуйн намаг, балчир хүүхдүүд нь хойш чангаадаг байсан ч, сүүлийн үед нэг их торохоо больсон нь илт мэдрэгдэж эхэлсэн байх юм.

“Энэ чинь амьдрал” гэх бөглөөний цаана хичнээн нойргүй шөнө,
нойтон дэр, өс авах төлөвлөгөө, өөртөө ухах нүхнүүд онгойж байдаг вэ?

Яагаад? Юундаа ингэтлээ улайран гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө нэр хүндээ уландаа гишгэн, юугаа ч золиослоход бэлэн царайлж, хань үрс, бас бус хүмүүс, хамгийн гол нь, өөрийнхөө сэтгэлийн амгалан байдлаар дэнчин тавьж, манарсан улс шиг үймэрч явдаг вэ? ЯАГААД?

ПОЛИГАМ–МОНОГАМ=О. “Хүний мөн чанар нь полигам шинжтэй учраас уйдамтгай, бэлгийн нэг хавьтагчаар ханадаггүй, тэгээд ч байгалийн шалгарлын хуулиар өндөр тэсвэртэй үр удмаа үлдээхийн тулд өөрийн биеэр сонгон шалгаруулалт явуулах нь зүй” гэдэг эрдэмтдийн улиг болсон шинжлэх ухаанч “садарлал”-ын эсрэг “хүн бол моногам” гэдгийг батлахаар оролдогсод гарч ирэх боллоо.

Өндөр хөгжилтэй, харьцангуй ухаант амьтад болох чоно, хун, дельфин тэргүүтнүүд моногам байдаг төдийгүй иргэншил, нийгэмшлээр завхраагүй байгалийн суурь чанараараа хүнээс илүү амь хайргүй үнэнч байдаг. Ер нь амин ЭГО, хувиа хичээх бэртэгчин үзэл бол соёлт ертөнцийн гэрэлт цамхгийн өтгөн сүүдэр юм. Гэрэл хэдий чинээ хурц бол сүүдэр төдий чинээ гүн байх нь жам.

Хүн төрөлхтний нийгмийн байгууллын бүтцүүдээс хамгийн дэвшилтэт хэлбэр нь гэр бүл гэдэгтэй дэлхийн оюун санааны зүтгэлтнүүд санал нэг байна. Хүний нийгмийн бүдүүлэг шатан дах адгууслаг харилцаа нь үсрэнгүй хөгжлийн үеийн дээд давхруудад илэрдэг гажилтуудтай чухамхүү юугаараа үндэс нэгтэйг хэн ч яг таг хэлж чадахгүй, гэвч ямар ч байсан бэлгийн харьцааны замбараагүй байдал, харамсалтай нь, маш эрчимтэй даяаршиж байна.

ХУГАСЫН ОНОЛ. Өнөөдрийн хүн төрөлхтний оршин буй соёл иргэншил бол даруй тав дах удаагийнх гэдэгт хэн ч гайхахаа больжээ. Харин хоёр дах хүн төрөлхтний хөгжлийн үед, анхны хүн гэгдэх 40 метр орчим өндөр гэрлэн биес илүү нягтарч хүйсийн эсрэг шинж тэмдгүүд бүрэлдэж эхлэх үед нэг бие нь эр, эм хоёр бие болон салсан гэж үздэг. Энэ цагаас эхлэн нэгэн бүхэл байсан хоёр хэсэг нь бие биесээ цаг хугацаа орон зайг дамнан цөхрөн хайх болсон аж. Хүн бол байгалийн бүтээл учраас үр удмаа үлдээхийн тулд эсрэг хүйстнүүд таталцдаг байгалийн амин хууль л байгаагаас өөр юу ч үгүй гэх материалистуудын онолтой бид санал нэгдэхийн зэрэгцээ хүн гэгч оюун ухаант амьтан бол зовлого төдийхөн бус гэх идеалистуудын үгийг сонсоход ч илүүдэхгүй.

Шинжлэх ухаан хүнийг бүдүүлэг махан биеэс гадна нарийн түвшний гэрлэн биеэс бүтдэгийг нэгэнт нотолсон. Тэгвэл бидний үйлдэл болгон гурван хэмжээст энэхүү үзэгдэх ертөнцөд болж буйн хамт хүний мэдрэхүйд үл баригдах өндөр хэмжээст нарийн ертөнцөд яг зэрэгцэн явагдаж байдаг. Тэгэхлээр ханийн заяаны ба замын найзын хайгуул бол секс бөмбөг, мачогийн ололтоор хязгаарлагдахгүй нь бололтой.

Хөөрхий бид л алд биеэ хэсэг ч атугай жаргаагч хэрэгслээ болгох гэж хэнд ч харъяалагдахгүй зүрх сэтгэлтэй хэн нэгнийг сонгодог юм байг. Тэгээд л янагийн ягаахан манан сарнимагц цаана нь тодрох тэс ондоо ертөнцийг хараад дахиад л биш байж гэдгийг ойлгоно. Тийм ээ, тийм, таны санааг би гайхалтай сайн ойлгож байна. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэгчээр эрэлгүй бол олохгүй.

Тэгээд ч мананг арилтал ямар гэгч газарт морилсноо хэн маань ч мэдэхгүй. Гэвч ертөнцийн түүхийг үзвэл сайн сайхан зүйл нэмэгдэхийн хамт муу муухайн хэмжээ төчнөөн өсдгийг харж болно. Хээрийн салхи мэт амьдрагч зэрлэг хүний сэтгэл ханамжийн мэдрэмж нь зовлонгийн тухай ойлголтынх нь нэгэн адил их л сулхан байсан бол орчин үеийн боловсон нэгний хувьд гэвэл ухаан хөгжихийн хэрээр аз жаргал өсдөг болох нь харагдана. Урьд нь мэдрэмжийн түвшинд байсан ханамж нь оюун санааны түвшинд шилжсэнээр аливаа зүйлээс тэр асар их таашаал авч чаддаг болсон байна.

Гэвч үүний зэрэгцээ түүний дээд зэргийн нарийн төвөгтэй мэдрэмжийн тогтолцоо нь зовлон шаналалд ч бас төдий чинээ мэдрэмтгий болж өвгийнхөө амсаагүй сэтгэл оюуны тарчлааныг эдлэх болсон байх юм. Хайртай хүнээсээ хагацах, хуурагдах, гэр бүлийн ядаргаатай сөргөлдөөнүүд болон ахуйн эцэс төгсгөлгүй нугачаанууд өнөөгийн хүнийг дэндүү туйлдуулах болжээ. Энгийн жишээ авъя л даа. Төвдөд гэрлэлт байдаггүй, тиймээс хардалт гэх ойлголт байхгүй. Үнэнч, цэвэр ариун эхнэртэй байх, ганхаагүй ноён нуруутай, ёс зүйтэй эр нөхөртэй байх гэгч юу болохыг тэд мэдэхгүй. Гэвч ханьдаа доромжлуулсан эхнэр нөхрийн сэтгэлийн түлэнхий шалзрал ямар их зовиуртайг бас мэдэхгүй.

Хэрэглээний дээд шат гэдэг, нэг талаасаа, жаргал, нөгөө
талаасаа, зовлонгийн үржвэр байдаг нь даанч харамсалтай.

Таашаал авах арга, хэрэглээ нь улам нарийсч, зугаацан цэнгэх төрөл зүйл нь нэмэгдэж, нэг үгээр, тархины хэрэгцээ их байх тусам ханамж ч нэмэгдэнэ, тэр чинээний хоосрол, гамшиг дагалдана. Яг л нэг нь нөгөөгийнхөө сүүдэр шиг. Энэ бол өөдрөг үзэл, гутранги үзэл хоёулаа алдаатай гэдгийг харуулж байгаа юм. Хорвоо өөдгүй хуурамч нь ч, эсвэл орчлонгийн амьдрал бол бурмаар бялхсан бялуу нь ч эндүүрэл. Сайн ба муу бол хоёр ондоо язгуур биш юм. Энэ бол зүгээр л янз бүрийн түвшинд ондоо дүр төрхөөр, цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан нэг оюун ухаанд өөр өөр сэтгэгдэл төрүүлж байгаа нэг л зүйл юм.

Үнэнч сайхан, урвагч муухай биш, зүгээр л нэг нь дээд дэсийн үнэнч, нөгөө нь доод зиндааны хулхи үнэнч байхгүй юу. Нэг л зүйл заримынх нь цэнгэлийн нулимс урин жаргааж, нөгөөгийнх нь цээжний махыг урж тасчин тамлаж байдаг. Бид полигам биш ээ, моногам ч биш. Хүн бүр үнэнч байх язгуурын мөн чанартай. Нэг нь энэ уг ундаргаа бузарлаагүй, нөгөө нь чааваас хэзээд ч буугаад ирэхгүй сар руу хуцсан саваагүй нэгэн л байж. Нэг нэгийгээ уучил. Өөрийгөө уучил. Унасан бол өндий. Та чадна.

ЗОЧДЫН НЭРС. “Араар тавих” гэдэг аягүй нэртэй энэ үйл зөвхөн гэр бүлийн гэсгээл, сэтгэлийн тамыг авчирснаар төгсдөг бол ч бас яая гэх вэ. Цаг гэдэг цаглашгүй хүчтэнд эмнэж үл хүчрэх шарх гэж байх биш. Харин лайтай энэ үйлэнд лавхан автсан чивэлтэнгүүд өөртөө чухам ямар “урамшуулал” дагавар барааг үнэгүй хүртэж байдаг вэ? 61 дэх иргэн нь илээр илэрсэн ДОХ-ын армитай Монгол улсад энэ фронт дээр амь дүйн сум сєрж явдаг хичнээн ч далд дайчид байдгийг та ч, би ч мэдэхгүй. Халдвар тээгчид, өвчлөгсөд гэхээр л гархилсан нүдтэй, гавал нь тодорсон амьд сүгнүүд байдаг гэж мэдэн будилдаг эрүүл ухаантай насанд хүрэгсэд байдаггүй л байлтай.

Хүй нэгдлийн хожуу шатандаа яваа африкийн омгийнхонтой ижилсмээргүй л байх юм. Энэ тахлаар орчлонг орхиод байгаа оддын нэрийг сонсвол тариур, цус сэлбэлт, санамсаргүй халдвараас илүү бэлгийн хавьтал гэдэг биелсэн чөтгөрийн хорлол хэр бодитой болох нь харагдана. “Намайг л биш” гэдэг найдварын бамбайн цаана нүд анин нүдэлдэж суудагтнуудад С вирус, сүрьеэ зэрэг аймшгууд өнөөх л сүвээр нь айлчилж орхидог юм.

Бэлгэвчийг хэзээд, хаана ч хэрэглэдэг гайхлуудыг ч шүлс, нулимс зэрэг салстын шүүрлүүдээр халдварладаг зочид тойроод гардаггүй аж. За бүүр больё, хэл ам, гар хөлөөрөө хамжихаа байя. “Хязгаарлагдмал зорилгодоо хязгаартай зориулалттай хэрэгслүүдээ л ашигладаг би” гээд алмайрч суугаа амгалан нэгэн байвал элдвээрээ оролдохоосоо өмнө дараагийн бүлгийг хальт гүйлгэчихээрэй.

MATRIX-ЫН УУСГАЛ. Сансрын уудамд оршин буй аливаа хэлбэр бүхэн агуулгатай, агуулга бүр мэдээлэл байдаг. Хэлбэр гэдэг ухагдахуунд хөөрхий дөрвөлжин ширээ, гурвалжин дээврээс гадна тархинд төрсөн бодол, зүрхэнд ургасан сэтгэгдэл ч багтдаг гээд бодвол хүн хэмээх боловсронгуй хэлбэрийн өөр бусад хэлбэрүүдтэй хавсарч үйлддэг хэрэг бүхэн хэлбэр яалт ч үгүй мөн байх нь.

Ялангуяа, хүн хоорондын харилцааны оргил гэгдэх сексийн үеэр хүний биед хүссэн хүсээгүй бүхий л сувгууд нээгдэж хамтрагчийн дүрээр үзэгдэх, эс үзэгдэх ертєнцийн янз бүрийн давхаргуудаас, тэгээд бас молхи миний ухаан хүршгүй өөр хаанаас ч юм цутгах мэдээллийн урсгалуудыг сад тавин оруулдаг байна.

Тиймээс ч аливаа шашны дээд язгууртнуудын дунд сексийг оюун санааны туйлын хүчтэй холбогдох нэгэн гүүр болгон нандигнаж, энэ “ёслол”-ыг ихэд хичээнгүйлэн, номын дагуу үйлддэг. Хаана, хэзээ, хамгийн гол нь хэнтэй гэдгийг няхуур гэгч нь нягталж байж сонгоно. Ямар ч янаг харц, ялгуун бие, тачаал, хүсэл байхгүй. Мань мэтийн дордос нь сексээр дамжаад гэгээрэлд оччих зиндаанд өнөөдөртөө арай л хүрчихээгүй байгаа хэдий ч энэ бол зугаа биш гэдгийг ойлгох цаг нэгэнт болжээ.

Алгаар хүрэлцэх, эгцлэн цоо ширтэх, хүний халуун суудал дээр суух, мөр даган гишгэх зэрэгт бусдын үйлийн үрээс нялзааж, тухайн хүний тээж яваа мэдээллээс нь авдаг гээд бодвол энгэр зөрөх үед юу болох вэ? Бид дипломын төдий боловсролтой бус, шинэ мянганы нийгэмд дагуулах байр суурьтай дэлхийн иргэний хувьд соёлтой байх ёстой. Бэлгийн соёл бол хүнийг үнэлэх чухал үзүүлэлт гэдэг утгаар та өөрийнхөө бие сэтгэлийн эрүүл мэнд, цаашдын хөгжилд эзэн болох үүднээсээ бэлгийн хавьтлын тохиолдол бүртээ хариуцлагатай хандаж байгаарай. Хүн ёсны шийдвэр болгон тань өөртөө болон бусдад тоомжиргүй хандаагүй таныг бас хэн нэгнийг ирээдүйд амсах золгүй тавилангаас аварч байгаа юм.

Өнөөдөр дэлхий ямар байгаад бид цөм хариуцлага үүрэх
ёстой нь сексийн амьдралд маань хамгийн их хамаатай.

Дэлхийн бүх улс орнуудын, нийгмийн нийт давхаргууд янз бүрийн (зөвхөн секс биш) хэлбэрээр завхайралд ялзартлаа автаж, өмхийд нь сэтгэл ариун, явдал тэгш нэгэн тэсэхийн аргагүй болчихсон эгзэгтэй энэ цагт та бид мэдэж байгаагаасаа хичнээн илүү ачаа тээж яваагаа нэг их хожимдолгүй ухаарцгаахсан. Махан биеийнхээ аль нэгээхэн алга дарамхан хэсгийг биш, зүрхээ сонсъё, тэгэх үү? Элдэв тооцоо, санхүүгийн тайлангаа нягтлангуудад даатгачихаад өөрийн талаа олохдоо өөрийн сэтгэлдээ л найдацгаая.

Ер нь бол бидний ихэнх нь нөгөө талтайгаа учирдаг л юм гэнэ лээ. Даанч мөнгө цагаан болчихсон өнөө цагт улаан нүд нь нөгөөхөө битгий хэл өөрийгөө ч танихаа больчихсон нь харамсмаар. Эрийн сайндаа биш төөрєг зургаараа арайхийж учирсан өрөвдмөөр өчүүхэн хэд нь атгаад авснаа алдаад туучихдаг гэмтэй. Нөгөө л алхмын цаадахыг илүү харж, билүү долоосон увайгүй авир, нөгөө л харалган сэтгэлийн эмгэг. Богинохон амьдралдаа бүдүүн биеийнхээ төдийгүй нарийнаас нарийн сэтгэлийнхээ эзэн байхсан даа.

Хэрэв энэ бүхэн танд дэмий санагдвал зүгээр л орхи. Таныг үүнд итгэх ёстой гэж хүчилбэл хүний ухааныг дэндүү дорд үзсэн хэрэг болно. Шинжлэх ухаан, шашин, гүн ухаан, ер нь амьдралын аливаа асуудалд хүн өөрийн туршлагаар л ханддаг. Хэзээ бид юмыг ойлгодог билээ дээ?

Ямар ч ном сургаал, ямар ч онол мэдлэгээс олж чадаагүйгээ
өөрийн яс цусаараа ягтаа тултал мэдэрсэн цагтаа л итгэдэг биш үү?

Оюун ухааны хөгжил үүнд, үнэндээ, юу ч өгдөггүй. Ертөнц дээрх бүх мэдлэг уулаасаа л бидний дотор оршин байдаг. Хүссэнийхээ хэрээр бид тэр мэдлэгийн хучаасыг сөхдөг бөгөөд сөхнө гэдэг ярина гэсэн үг биш ээ. Тэнд бид ертөнцийг өөрийнхөө туршлагаар, өөрөөрөө л хэмждэг. Дотроо байгаагаа л гаднаа хардаг. Тэгэхээр та өөртөө л итгэ, өөрөөрөө л бай.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !