ИНЭЭГЭЭРЭЙ, БҮСГҮЙ МИНЬ!

Жаалхүү бяцхан охинд хайртай байжээ. Тэр охины цангинасан инээд
хүүгийн бүх насаараа хариулахыг хүссэн асуулт байлаа.
Николь Краусс

Эмэгтэй хүний инээдний талаар эрчүүдэд хэдэн юм хэлье.

Хэрэв хэн нэгэн эмэгтэй чиний хошигнол дээр инээдэггүй бол чи түүнийг ханалд хүргэж чадах нь юу л бол. Эмэгтэй хүний хувьд энэ хоёр мэдрэмж шууд холбоотой байдаг нь аль эрт батлагдсан.

Хэрэв тэр эмэгтэй чиний шогийн мэдрэмжийг ойлгодоггүй мөртлөө найзыг чинь сонсоод хөхөрч унадаг бол чи удахгүй эмэгтэй ч гүй, найз ч гүй болно.

Хэрэв эмэгтэй чинь чамаас илүү гүнзгий шогийн мэдрэмжтэй бол эртхэн замаа хайсан чинь өлзийтэй. Эхлээд чи түүнийг үзэн ядна, дараа нь өөрийнхөө мохоо мэдрэмж, хүчин мөхөстлөө үзэн ядах болно.

Хэрэв түүнийг чи инээлгэж чаддаггүй ч гэсэн тэр одоо хүртэл чамтай хамт байсаар байгаа бол тэр чиний мөнгө, эсвэл нэр төрөнд чинь болж чам шиг голиог тэвчиж байгаад эргэлзэх хэрэггүй. Бас л аль эрт батлагдсан. Зав байвал чи өөр дээрээ баталсан ч болно.

Хэрэв тэр чиний хошин ярианд үнэн голоосоо инээх мөртлөө хэлснийг чинь хурцлан гүйцээж байвал баяр хүргэе, та хоёр цэнгэлийн манлайд хамтдаа хүрч чадна.

Олон хүний дунд чамайг их сонирхож байгаа эмэгтэй чиний хошигнолд хамгийн чанга инээдэг.

Хэр чанга инээж байгаагаар нь эмэгтэйчүүдийн хэр тачаангуйг шууд хэлж болно. Хэрэв тэр чимээгүйхэн нуг нугхийн чичирхийлж байвал унтлагын өрөө чинь үргэлж нам гүм байх болно. Түүний инээд хэдийчинээ чанга байх тусам чи төдийчинээ азтай байна. Ийм эмэгтэйчүүдийг цонхоор шиддэг, хоолойг нь боодог, харин хэзээ ч орхидоггүй.

Гэхдээ зөвхөн инээдээр түүнийг цатгахгүй. Хэрэв чамд шогийн мэдрэмжээс өөр зүйл үгүй бол тэр чамтай галзуу хайр хийнэ, харин өөр хүнд сэтгэлээ нээн дотор луугаа оруулна, өөр эртэй амьдралынхаа гол ноён оргилыг бүтээн байгуулах болно.

Энэ бичвэр эмэгтэйчүүдэд ч гэсэн хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүн өөрийгөө мэддэггүй.

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай жаргалтай байхыг л хүсдэг. Харин яавал чи жаргалтай болдог хүн бэ гэдгээ л олж мэд, бусад нь аандаа болоод явчихнаа.

Бид бүгд инээж байгаасай.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !