Бид ХААШАА явж байна вэ?

Вашингтоны метроны буудал дээр ид оргил цагт нэгэн хийлч 45 минутын турш хөгжмийн 6 бүтээл тоглож байхад хажуугаар нь хэдэн мянган хүн явж өнгөрсөн. Тоглож эхлээд 3 минут болоход нэг залуу анх түүнд анхаарал хандуулж, алхаагаа удаашруулан хэсэг сонсоод явж одсон. Дахиад нэг минут өнгөрөхөд хөгжимчин анхны орлогоо олсон байна. Нэг эмэгтэй дэргэдүүр нь гүйж гарахдаа түүн рүү харалгүй мөнгө шиджээ. Хэдэн минутын дараа нэгэн эр хана налан сонсох гэснээ гэнэт цагаа хараад яаран явсан. 

Хөгжимчнийг хамгийн их сонирхсон хүн бол ээжтэйгээ хамт явж байсан 3 настай жаалхүү байв. Бяцхан хүү амаа ангайн зогтусахад ээж нь гараас нь угзран татаж явдлаа үргэлжлүүлсэн байна. Хүү чаргууцалдан зогсох гэсэн боловч ээж нь чирсээр аргагүй явсан хэдий ч бараа тасартал эргэн эргэн харсаар явжээ. Яг иймэрхүү байдлаар хэд хэдэн бага насны хүүхэд хөгжимчнийг сонсох гэхэд бүх аав ээж нар боломж өгөөгүй. Энэхүү тоглолтын 45 минутад 6 хүн түр саатаж сонссон, 20 хүн зогсолгүйгээр мөнгө өгсөн. Хөгжимчний нийт орлого 22$ болсон байв.

Энэ хийлч бол дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийн нэг
Жошуа Белл байсан юм.

Тэрээр хэзээ нэгтээ бичигдэж байсан хамгийн гайхамшигтай, хамгийн нарийн төвөгтэй бүтээлүүдээс сорлон тоглосон. Түүний хийл нь 3,5 сая $-ын үнэтэй Страдиварийн хийл байсан. Үүнээс хоёрхон хоногийн өмнө Жошуа Белл Бостонд тоглолт хийхэд танхим битүү дүүрч, хүмүүс зогсоогоороо алга ташиж байлаа. Тасалбарын үнэ нь 100$ байсан юм. Жошуа Беллийн метронд хийсэн тоглолт бол “Washington Post” сонины газраас явуулсан судалгаа байв.

Энгийн нөхцөлд, тохиромжгүй цаг үед хүн гоо сайхныг мэдэрч чаддаг уу?  Гоо сайхныг үнэлэх гэж бид зогсосхийдэг үү?  Санамсаргүй, эгэл бус орчинд хүмүүс авъяас ба урлагийг таньж чаддаг уу? гэх зэрэг асуултын хариунд дүгнэлт хийхийн тулд энэ судалгааг хийсэн байна.

Хэрэв бид, манай гаригийн хамгийн шилмэл хөгжимчин хамгийн гайхамшигтай, ид шидийн гэмээр аялгуунуудыг тоглож байхад түр ч болов зогсоод сонсож чадахааргүй, завгүй, мэдрэмжгүй болчихсон юм бол, өнөөдрийн амьдралын хурд биднийг хуу залгиж, дотоод ертөнцийг маань ч ховх сорж байхад, бид ийм яруу тодыг ч олж үзэхгүй сохор дүлий болсон байгаа юм бол бид ер нь юуг дэргэдүүрээ өнгөрөөгөөд, алдаад байгаа бол?

Бид ХААШАА нүүж явна вэ? Америкийн агаарын хүчний найрал хөгжим, найрал дуу гэнэт тоглож эхлэхэд хүмүүс яаж гайхан догдолж, шагшран хүлээж авч байгааг цахимаас бид харж байна. Уул нь гоо сайханд тэмүүлэх сэтгэл хүний язгуур мөн чанарт байдаг. Энд байсан хүмүүс бүгд хөгжмийн боловсролтой биш. Гэвч гоо сайханд дурлах сэтгэлээрээ бүгд адил байгаа юм.

Харин жинхэнэ урлагийг таних нүд хүн бүхэнд байдаггүй.

Сүртэй байх, олуулаа байх, гадаад байдлаараа ялгарах зэрэгт хүн хууртдаг. Хэрэв энд ганц хөгжимчин тоглосон бол хэн ч уярахгүй, гудамжны гуйлгачин байна л гэж хүлээж авах байсан. Гэтэл урлаг дотор л байдаг. Урлаг хэзээ ч гялгар биш. Урлаг сүржин биш. Харин бид ганган хувцас, тайзны гэрэл, ёслолын буудлага, хээнцэр дэгжинд хэт хөл алдаад, тэр хямд хэмжүүрээр урлагийг сонжих гээд байдаг болоо юу даа? Урлагийг урлагийн менежменттэй хольж хутгадаг болсон цөвүүн цаг нэгэнт иржээ гэж бодлоо.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !