Муур багш

“…хэрэв чи кофегүйгээр сэргэдэг бол, согтуурахгүйгээр тайтгардаг бол, нойрсуулагчгүйгээр унтдаг бол, эмгүйгээр стрессийг давдаг бол, өвдөлт зовиурыг үл тоон амьдралын баяр баясгалантай байж чаддаг бол, хүмүүсийг өөрийн асуудлаараа шаналгадаггүй бол, өдөр бүр нэг л төрлийн хоолыг иддэг, үүндээ талархаж чаддаг бол, хайртай хүнд чинь чамд зориулах цаг байхгүйг ойлгож чаддаг бол, чамаас үл хамааран бүх юм бүтэлгүйтэж байхад хайртай хүнийхээ буруутгалыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж чаддаг бол, баян ба ядуу нөхдөдөө яг адил хандаж чаддаг бол, шүүмжлэл, хууран мэхлэлт, арьс өнгөний үзэл, шашин, улс төр, сексийн чиг хандлагаас ангид байж чаддаг бол чи нохойны түвшинд хүрчээ гэсэн үг”.

Би мууртай болоод хэдхэн жил л болж байгаа.

Мууранд дуртай байгаагүй ээ. Хэдэн жил хөвгүүд минь нохойтой болъё гэж гуйсан, нэгдүгээр ангидаа том хүү минь ангийн хүүхэд өглөө гэсээр гөлөг энгэртээ хийчихсэн орж ирсэн. Бичиг баримттай нь. Дараа нь бага хүү минь оллоо гэсээр нэг сэгсгэр хав чирээд ирсэн. Эздэд нь өгсөөн, тэгсгээд. Охин минь харин шалаад салахгүй байсан болохоор, бас аав нь өөр газар ажиллахаар явж байсан учраас муурын зулзага үрчилж авах болсон юм. Их дэлгүүрийн зүүн урд талын автобусны буудал дээр, 15х15 см-ийн алга дарам алчууранд ороосон, туниа муутай гонгиносон түүнийг анх харж билээ.

Тэр миний багш болно гэдгийг нь тэгэхэд би мэдээгүй. 6 сартайдаа үржил хаалгах мэс засалд орсных нь дараа авах гээд очтол хүүхэн хараа нь нүд дүүрэн болчихсон байж билээ. “Санаа зоволтгүй, өвдөлтийн шоконд орохоор ингэдэг юмаа, удахгүй зүгээр болчихно” гэж эмчийг хэлэхэд дотор харанхуйлаад явчихсан. “Одоохондоо явж чадахгүй ээ, оройхон босно. Хэрэв хоолоо идэж чадахгүй бол хэлээрэй. Зарим муур хүндэрдэг”.

Эмнэлгээс гэр хүртлээ түүнийгээ савтай нь элгэндээ тэврээд уйлан явахад толгойд зүсэн зүйлийн бодол эрээлжлээстэй л ээдэж явсан. Амьдралаа тухтай байлгах гэж амьтныг ингэж ч байх гэж бодон өөрийгөө зүхэх, хэрэв би энийгээ аваагүй бол өдийд байхгүй болчихсон, эсвэл жилд хэд төрөөд гудманд зовж амьдрах байсан ч юм бил үү гэж эргэлзэн бодох…

Бараг босохгүй байх гэж айж байтал хуруу шиг нарийхан хөлнүүд дээрээ дэнжигнэн босоод хажууд байгаа ус руугаа очсон, хоолоо идчихээд дэргэдэх элс рүү биш сурсан зангаараа ариун цэврийн өрөө рүү сажлан явж байсныг нь би хожим нэг бус удаа, хэцүү цагт хөл нугарах үест эргэн санаж байсаан.

Зөвхөн хүн л зовлонг мэдэрдэг гэж эндүүрч явсан миний багш минь билээ.

Ганц ч үг дуугарахгүйгээр амьдрал амаргүй гэдгийг ухааруулсан багш. Одоо надад амьтан бүхэн түүний царайгаар харагддаг. Өтөл аавд минь ч намайг ойртуулж, үр хүүхдүүдтэй минь эвлэрүүлж, буяны замд хөтөлсөн, адгуусны дүрээр заларсан бодьсадва багш минь.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !