Гэгээн валентиний өдөр… ГЭГЭЭН ҮҮ?!

Гэгээн Валентиний өдөр… гэгээн үү?! Валентиний баярт би уулаасаа хөөрөөд байдаггүй. Би хайрын эсрэг байгаа юм биш, зүгээр л, гаднаас “зээлж” авсан юмс надад таалагддаггүй юм. Яг л манай рок попынхон бүгдээрээ англиар, үгүй ээ, монголын англиар дуулж байгаатай л адил. Хэрэв би ийм аялгатай байсан бол одоо ичээд ярьдаггүй шигээ англиар дуулахгүй л байсан.

Баруунаар сэтгэлээ сэргээнгээ, ксероксын далайд өөрийн хөлгийн далбаагаа өргөж яагаад болохгүй гэж? “Өө, ёстой …- тэй яг адилхан байна!” гэх нь бидний хувьд магтаалын дээд байгаа цагт ямар ч сайхан юманд найдан хүлээгээд хэрэггүй.

Та зүгээр л хар даа: элдэв реклам, ятгалга, сүрдүүлэг, сануулга, горьдлогод ухаанаа алдсан ард түмэн бэлгийн эргүүлгэнд сорогдож, “хайртууддаа” гар утастай илгээмж, эсвэл илгээмжтэй гар утас атгуулахаар уралдаж, хосын ширээний захиалгад булуулсан рестораны эздийн ааш ер бусын сайхан… Би л хэрэв ийм рестораны эзэн байсансан бол энэ ягаахан, нялуухан рекламуудыг харахгүйн тулд, цагаан толгойн дарааллаар бүх охидод “…цорын ганцхан чамдаа…” гээд эхлэх sms илгээгч хөвгүүдийг сонсохгүйн тулд Валентиний өдрийн бүх орлогоо өгчих байсан.

Харин чин сэтгэлийн үгээ илгээх ганцхан хүнтэй бол Танд би баяр хүргэе!

Дурлаж мартахыг бол бид цөм гарамгай сурамгай чадна, гэвч ганцхан хүнд, удаан хугацаагаар, үхтлээ дурлахын буюу нэг үгээр, жинхэнэ ёсоор хайрлахын “нажид”-ыг олон хүн амсах хувьгүй байдаг юм гэсэн.

“Найрагчийн гэргий болж Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргэе” гэсэн Б.Лхагвасүрэнгийн гашуун үгэнд жаргалын нулимс, зовлонгийн нэрмэл цуг амтагдах шиг. Хэрвээ та хайрын баланд умбахыг хүсвэл бас тэр л хайрынхаа хорыг залгилахад ч бэлэн бай. Айвал бүү хий.

ЗА, ХАТАН ЗОРИГТНУУДАД ХАЙРЫН БАЯРЫН МЭНД!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !