Чиний түүх

Эчнээгээр сурдаг сургуульдаа би жилдээ 2 удаа очиж нэг сар танхимын сургалтанд хамрагддаг байлаа. Сэтгэл судлалын тэнхимд ажилладаг нэг эгчмэд эмэгтэйтэй нэлээн дотноссон байсан, сүүлд буцахынхаа өмнө оройн хоол хамт идэж, ярьж нэлээн суусан билээ. Өөрөө сэтгэл зүйч болох гэж яваа хэр нь олон юманд санаа зовж, ичиж явдгаа дуу муутайхан хэлэхэд минь нэгэн түүх ярьж өгсөн билээ.

“Би 20 настайдаа нэг залууд ухаангүй дурласан юм. Өнгөлөг мөнгөлөг, сэтгэл булаам тэр эр намайг хуурдаг болохыг би яг шинэ жилийн өмнөхөн мэдсэн. Түүний найз нь надад их сайн байдаг байсан. Надад 2 сонголт: шинэ оныг ёроолгүй гунигтайгаа хоёулаа угтах, эсвэл ямар нэг аргаар өөдрөг байх. Би найзтай нь угтахыг сонгосон. Надад юу ч хэрэггүй, юу ч сонин биш байсан, би юу ч хийхэд бэлэн байсан. Тансаг буудал, оргилуун дарс, жүрж, хотын захын ресторан, зуслан, хуучны кино, багын дисконы дуунууд…хамгийн мартагдашгүй шинэ жил. Харин оюутны байрных нь өрөөнд бид 2-ыг инээлдэн хэвтэж байхад гэнэт хаалга нээгдэж…өөр нэг найз нь орж ирсэн. Миний дурлалт залуу орж ирсэн бол би тэгтлээ ичихгүй байсан. Энэ 3 бүр багын найзууд юм билээ. Нөгөө та нарын яриад байдаг сэтгэлзүйчийн хэлсэн шиг “…хүлээсэн хүн чинь ярихгүй байвал утсаа бүр арын халаасандаа хийгээд гараа саванд, яг тэр мөчид утас чинь дуугарна. Хайртай залуу чинь ирэхгүй байна уу? Хаалгаа нээлттэй орхиод найзтай нь сээтэгнэ…” гэдэг чинь л болсон доо. Газрын гаваар ормоор, ичиж үхмээр байдалд орж үзээгүй хүн гэж байхгүй ээ. Энэ явдлаас өмнө бол би ямар омголон, онгироо, ёс зүй нтр гэж хоосон цэцэрхсэн амьтан байсныгаа мэдсэн. Тэр явдлаас хойш 40 гаруй жилийн дотор би их юм үзсээн, энэ мэргэжилтэй холбоотойгоор дандаа л их юм үзсэн хүмүүстэй ч учрах юм даа. Одоо би юунаас ч айхаа, юунд ч гайхахаа больсон. Хүмүүсийг шоолохоо, юманд ам гарахаа байсаан” гэж билээ. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг. Би мэргэжлийн боловсролыг өндөр үнэлдэг. Харин энэ эмэгтэй шиг намайг ойлгож байсан мэргэжилтэнтэй учраагүй юм. Та яагаад мэргэжлээрээ ажиллаж, эсвэл багшлаагүй юм бэ гэхэд минь, “Би одоо байгаа байран дээрээ тэрнээс ч илүү тустай байж ч болох юм” гээд нүд ирмэсэн сэн.

Айдас ичгүүрээ орхиход минь хэнтэй ч зүйрлэмгүй тус хүргэсэн зүрхний энэ анд минь гаднаас нь харахад хамгийн уйтгартай амьдралтай болов уу гэмээр эгэл нэгэн байдаг юм. Би түүнтэй учирснаас хойш хэнийг ч бай, ялангуяа насны наран хэвийсэн хүмүүсийг харахаар тэдний сиймгэр бүдэг дүрийн цаана ямар түүхүүд, ямар учрал, ухаарал, ямар гайхамшигтай ертөнцүүд байдгийг төсөөлөн хайрладаг болсон.

Чи түүх. Чи юунаасаа ч ичих хэрэггүй. Чи ямар ч байсан, чамтай юу ч тохиолдсон, чиний түүх бол үнэт эрдэнэ билээ.  

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !