Би чамд бичиж байна

133 жилийн өмнө гуравдугаар сарын 7-нд ярьдаг утасны патентыг гардан авч байсан Александр Белл анхандаа телефоныг биш телеграфыг нээхийг оролдсон юм гэсэн. Эрснээсээ өөрийг олоод, олсон нь эрсэн нь биш байсныг мэдээд, тэгж мэдсэндээ, бас тэр олсон өөр юмандаа толгойгоо эргэтэл баярлахыг алийг тэр гэх вэ. Үүнээс өмнөхөн, хоёрдугаар сарын 14-нд Александр Белл АНУ-ын Патентын товчоонд шинээр нээсэн телефон хэмээх төхөөрөмжөө бүртгүүлэхээр хандсанаас хойш ердөө хоёрхон цагийн дараа яг ийм шалтгаанаар Грей гэгч хандсан байдаг. Хоёр цаг. Өнөөдөр төрсөн биеийн минь нэг хэсэг болтлоо урган төлжсөн энэ утас гээч юм, ажил амжуулж, төр эргүүлж, эвлэрүүлж, муудуулж, үхүүлж, сэхээсээр…

“Таг дуугүй утаснаас чанга чарлаан гэж үгүй”

хэмээн өнгөрсөн зуунд бичиж байсан хатагтай хэнийг хүлээж байсан юм бол? За, тэр ч яах вэ. Өчнөөн зүйлийг минь бүтээдэг ч бас төчнөөн зүйлийг минь сөнөөдөг утасны тухай биш, шал өөр юмны тухай би бичих гэсэн юм.

 

Би ЧАМД бичиж байна.  Амьдралдаа ядаж ганц удаа ч болов sms адал явдлаар өвчилж байсан хүнд “Bi 4amaig hus4 bn” бичиглэл дэндүү танил байгаа байлгүй. Тэглээ гээд хамгийн дуртай сүрчигнийхээ ялдам үнэрийг шингээсэн, энхрийхэн, ягаахан, шаржигнасан, эсвэл хүзүүний арьс мэт булбарайхан цаас солилцохоо болиод хэдэн зуун саруудыг үдсэн хүн төрөлхтнийг захидлын урлагийн хэв маягаас татгалзсан гэж харуусаад яах вэ. Техник технологийн үсрэнгүй хөгжилд идэгдсээр байгаа ч сэтгэл гэгч нь хөдөлсөөр байгаа бид энэ догдлол долгиллоо моодны загварчлалуудад шингээх болсонд л хамаг учир байгаа юм.

Blacкberry, iPhone цагаа олж мэндлээгүйсэн бол эрхий хурууны шөрмөс татах өвчин биднийг японы шилжилтийн насныхан шиг л хиаруулах байсан биз.
“You are the most amazing woman”-sms-ийг маргааш өглөө нь хүлээн авсан би энэ яг юу гэсэн үг болохыг тааж ядан сууна. Тэр дурлачихаад, дахиад уулзахсан гэж байж ядна уу? ….сайхан байв уу? Эсвэл энэ чинь “Баярлалаа, болчихлоо, би явлаа” гэсэн үг үү? Ай даа, юү гэх вэ, бид ч ёстой сонирхолтой цаг үед амьдарч, сансрын харилцааны эрин үед шилжиж байгаа юм болов уу даа.

Шинээр төрсөн мэт эмзэг болзоонуудаа бид “нэг ангийнхан”-ы харилцаагаар, хайрын илгээмжүүдээ ICQ-ээр явуулах мэдээллүүдээр, харин ухаан тавиулсан халуун шөнүүдийг Skype-ийн яриануудаар сольцгоож эхэллээ. Үгийн байрлал, өгүүлбэрийн бүтэц, смайлуудаас яг юу гэж хэлэх гэснийг нь бид гүйцээн бодоод, бас л тийнхүү хоёрдмол санаатайгаар хариулцгаана. Тэгээд хариуг нь үхтлээ хүлээнэ дээ.

 

Эхэндээ бичсэндээ тун чиг додигор, мистер Бен шиг л янз янз болно. Цаг явахын хэрээр ялимгүй аягүйцэж, түүнээс ирсэн цагийг, өөрийнхөө явуулсан цагийг харна. Тэгснээ бичсэнээ дахин үзнэ. Цаг явсаар. Бид зөвтгөх шалтгаан олсоор. Тэр яг энэ үед завтай байдгийг мэдэх ч гэнэтийн юу ч юм…Утсаа алдсан ч байж болох. Эцсийн эцэст, гэдэс нь базлаад ариун цэврийн өрөөөнд сууж байтал нь нүд нь харанхуйлаад… Гагцхүү энэ харанхуй түүнийг биш зүрхийг минь нөмөрч байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс айж байгаа. Ямар ч адгийн эр хүн хүсвэл хийдэг гэдгийг бид ойлгохыг хүсдэггүй.

Цаг явсаар. Бид тоолсоор. Миний sms яваад 10, 20, 30 минут, цаг, 2 цаг, 3 цаг … өнгөрлөө. Хүний амьдралтай харьцуулбал  тийм ч ноцтой хугацаа биш. Хэдэн өдөр сар жилээр хоцорч ирсэн хайрын захиануудын түүхийг санацгаана. Яг хүлээж байхад хэрэггүй новшийн sms-үүд бүүр нэг тавласан аштай хөврөхийг яана. Галзуурна. Гэхдээ л энэ хийсвэр ертөнц дэндүү их таалагддагаас болоод бид тэнд үлдэхийг илүүд үздэг юм байх даа.  Танил бүсгүй маань нөхөрсөг зөвлөмжүүдээр ангасандаа facebook-т бүртгүүлж, саяхан  …-аас ирсэн танилынхаа танилтай холбоо тогтоож. Энэ харилцаа шөнө дөл хүргэж. Бүсгүй нөхөртэй, залуу бяцхан охинтой гэдгийг тэд даанчиг удалгүй олж мэдэцгээсэн нь мэдээж. Гэр бүлийн амьдралынхаа юуг ч, аль ч талыг огтхон ч өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа ч бас. Долоо ч хоноогүй байхад энэ харилцаагүйгээр тэд өдрийг өнгөрөөх чадалгүй болж, сарын эцсээр биесийнхээ яаж дур ханадаг зуршлыг хэлэлцэж байлаа.

Эрд нь хөөрхөн бас ухаалаг эмэгтэйтэй сээтэгнэх,
эмд нь аальгүйтэн, өөрийн сайхнаа мэдрэх хэрэгтэй байсан болоод л тэр.

Сүүлийн гурван сарын дотор хоёр удаа үдийн хоол хамт зооглож үзсэн хос маань амьдрал дээр байгаагаасаа виртуал ертөнцдөө бие биенээ илүү татдаг болохоо төдийгүй тэдний бичгийн харилцааг биеийн болгох талаар горьдохын ч хэрэггүй гэдгийг мэдэж авчээ. За ямартаа ч, оролдохоосоо өмнө олж мэдсэн нь яамай даа. Талууд хоёулаа дутаж хатсан сэтгэл хөдлөлийн хурыг буулгангаа гэр бүлийнхээ өмнө нэр цэвэр, яс амар үлдэж чадаж байгаадаа сэтгэл хангалуун.

Зайсангийн амны харшид амьдардаг ч, гэр бүлийн баяртаа хэн ч урьж зориглохооргүй ер бусын “алдартай” нэгэн бүсгүй ийм нэгэн “сансрын” явдлаар хэтэвчээ чамгүй зузаалж чадсан юм. Түүний янаг sms-ууд дурлалын гол баатар залууг архагшсан сэтгэлийн ужиг гутралаас гаргаж чадахуйц тийм уран нарийн байсан учраас шагнал авалгүй ч яах вэ дээ. Алдагдсан амар амгаланг бүү хэл, алдуул нохойг олж өгөөд шагнуулдаг хорвоо хойно. Харин энэ цаг үеийн түгшүүрт нэгэн хандлагыг буюу тэр эр тэрэнтэй тэрэнгүй үймээн самуунтай амьдралаа бужигнуулахыг хүсэхгүй байна гэдгээр шалтаглан бүсгүйтэй биечлэн уулзахаас татгалзсаныг л би ухаж дөнгөхгүй байгаа юм.

Яг л цус сорогчид шиг сэтгэлийн эерэг хөөрлөө бие биенээсээ отон анаж байдаг энэ хувийн болон нийгмийн идэвхтэй байдлын санаа дагасан малигар нүүрний цаана, эцсийн эцэст, харьцаанд орохоос аргагүйд хүргэдэг тэр гол зүйлээ л бид гээгээд байна уу даа.Нэг нэгнийхээ давуу талуудыг дутагдлуудаар нь даруулан залгилах оролдлогуудтай, эв дүйгүй мөртөө итгэмээргүй эрч хүч тулан хөндөлссөн анхны …үүдтэй, цагийн хуваарьтаа төдийгүй хувцасны шүүгээндээ зориулан бие биедээ зай гаргах шаардлагатай болдог жинхэнэ романсуудын оронд юуны ч өмнө хариуцлага хүлээдэггүйгээрээ юунд ч хүргэдэггүй хөнгөн, зөөлөн, эвтэй, аятай сээтэгнэлүүдтэй боллоо доо.

Харьцаануудаараа амьдрахаас аяглан наадахыг дээр тавьдаг болсон юм чинь бидний тухай бүхнийг андахгүй, бүр бүхнийг ажилтнуудтайгаа түнжин хагарснаас минь эхлээд Agent Provocateur-ын ташуурнуудын цуглуулга хүртэлхийг нэгд нэгэнгүй мэддэг ч царайг минь танихгүй эрчүүдийн найз бүсгүй гэж өөрсдийгөө тун ч удалгүй тооцдог болчих байх даа. Бид утсаар, sms-ээр, мессенжерээр сексдэж, умдаг, хөл гарынхаа үсийг авахуулах, элдэв дотоож, хөхөвч, бэлгэвчээр шатах, контейнерээр ирсэн үрийн шингэнээр жирэмслэх зэрэг зардлуудаа хэмнэх болно.

Тийм дээ, гэх мэтийн харьцаа миний хөөрхий зүрхний бүрэн бүтэн байдлын найдвартай баталгаа болох ч ийм ирээдүйг би ердөө ч хүсэхгүй байна.
Тэсэхийн аргагүй дургүй хүргэж байгаа учраас би бичгийн ширээнийхээ ойрд онгойлгоогүй нүдийг татаад, миний дуртай өрмөн шаргал өнгийн  цааснууд анхилан байгаа хайрцагнаас нэгийг сугалаад “Би чамайг аймаар хүсч байна” гэж өөрийнхөө гараар сарайтал бичих болно.

ЗА, “МОНГОЛ ШУУДАН” МИНЬ, БИТГИЙ Л ХӨӨДӨЖ ҮЗЭЭРЭЙ!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !