Жаргалын төлөө

Олон эмэгтэйчүүд ОЧИРЫН БОРОО тренингийг сонирхдог. Оръё ч гэж боддог. Гэвч яг эхлэхийнх нь алдад ямар нэг зүйл болдог. Мөнгө бүтэхээ больж, бие нь өвдөж, өөр ажил гарч ирж, эсвэл гэрт нь ямар нэг юм тохиолдож…

Би тэр болгонд “Зүгээр ээ, тэгж байгаад дараагийнхад орно биз ээ” гэж хэлдэг байсан. Харин харамсалтай нь дараагийнхад ч, түүний дараагийнхад ч тэр бүсгүйчүүдэд ахиад л ямар нэг тохиолдоод байдаг.

Энэ нь тэр эмэгтэйчүүд муу, арчаагүй гэсэн үг огтхон ч биш.
Энэ бол зүгээр л АМЬДРАЛ юм.
Хүн бүрт, өдөр бүр, агшин бүрт ямар нэг юм тохиолддог. Огт юу ч тохиолддоггүй, бүх зүйл нь санаснаар нь болдог хүн гэж энэ орчлонд нэг ширхэг ч байдаггүй. Цоо эрүүл, цуу баян, царайлаг, нуруулаг, азтай, одтой хүмүүст ч гэсэн хоног, хором тутамд янз бүрийн юмс ар араасаа тохиолдсоор л байдаг юм шүү. Тиймээс би тренингт ороод ирж байгаа ээжүүддээ мөргөмөөр санагддаг.

Би тэдэнд мөргөдөг.

Чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэд бүх юмаа зохицуулаад яаж ийгээд л болгож байгааг нь мэдэж байгаа учраас тэр ээ. Уудаг нөхөр, эсвэл нөхөргүй, асуудалтай хүүхэд, эсвэл хүүхэд олдоггүй, хүнд ажил, эсвэл ажлаасаа гарсан, хэвтрийн эцэг, хэцүү эх, бие сэтгэлийн өвдөлт…юу эсийг амжуулангаа зүтгэсээр ороод ирдэг юм аа. Жилийн дараа шинэ нөхөртэй болохгүй, хүүхэд төрөл арилжихгүй, ертөнц цоо шинээр эргэхгүй… ахиад өөр юунд ч юм мөнгө хэрэг болоод, өөр хэн ч юм өөр асуудал гаргаад л ирнэ гэдгийг тэд мэддэг байх аа.

Дараагийнхад орноо гэж хэлж байгаа хүмүүст би өөрөө шийдээрэй гэж хэлдэг болсон.

Ямар ч шийдийг гаргасан, чи жаргалтай байхын төлөө л энэ шийдийг гаргасан гэдгийг би мэднээ.

Би завгүй… гэдэг нь бусад хүмүүс муу завтай гэхтэй адил.

Би ажилтай… гэдэг нь бусад нь ажилгүй гэхтэй агаар нэг.

Сургалтанд илүүчлэх мөнгө байдаггүй ээ… гэх нь бусдын мөнгө илүүдээд орж ирдэг гэхтэй утга нэг.

Надад … асуудлууд байна… гэх нь бусад бол ямар ч асуудалгүй гэж хэлэх мэт ээ.

Гэхдээ чи ямар ч үгийг хэлсэн, жаргахыг л хүсч байгаа гэдгийг би мэднэ. Харин хүн бүр яг чамтай л адилхан жаргахыг л хүсч байдаг,

“…тэдний хоолой яг л чинийх шиг зангирч,

…тэдний хацар дээгүүр нулимс яг чинийх шиг л урсч…” байдаг юм шүү.

Жаргалын төлөө чи юу хийдэг билээ, хүн бүр яг л түүнийг хийж байдаг аа.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !