СОНСОХ… ОЙЛГОХ…

Ажил хийдэг ээжүүдийн өөрийгөө дэгээддэг мөнхийн ганц асуулт: “Хүүхдэд минь миний анхаарал хангалттай байгаа юу?”Хариулт тодорхой: Мэдээж, “ҮГҮЙ”. Яах вэ? Харилцааныхаа чанарыг дээшлүүлэх. Яаж?

Эхнээсээ л шууд тохирчихъё: Хүүхдэдээ илүү цаг зарцуул гэж би та нарт ерөөсөө зөвлөхгүй. Харин таны хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг маш давчуу, маш хязгаарлагдмал гэдгээс л бид дараагийн гаргалгаагаа хийх болно. Тэгэхээр энэ богино цагийг л дээд зэргийн чанартай ашиглах ёстой.

Хүүхдийн хувьд хамгийн гол шаардлагуудын нэг нь ээжийн анхаарал.

Анхаарал болгон түүнд хэрэггүйг бид мэддэггүй. Заримдаа энэ “анхаарал” гэсэн шошготой эд чинь дэндүү нялуун, наалдамтгай амьд биет, эсвэл маш үнэтэй материалаар, хамгийн моодны кутюрьегийн хийсэн.. брендийн гав гинж болчихдог нь харамсалтай. Хөөрхий ээжүүд санаатай гэхээсээ санамсаргүйгээр хүүхдийнхээ оршихуйн сэтгэл хөдлөлийн хэсгийг бүхэлд нь өөр дээрээ авч, хүүхдийнхээ өмнөөс амьдарч, харин хүүхдэдээ амьдрах боломж өгөхгүй юм.

Ажлаасаа тарж ирээд л хүүхэд дээрээ хайр энхрийллийн хур асгаруулж “Миний алтан сайхан үр, чамдаа ээж нь хичнээн ч их хайртайг мэддэг ч болоосой! Ээждээ ир, тэвэрье, үнсье, үнгэе, үлгэе!” гэнэ, хариуд нь хүүхэд ч бас зүгээр суухгүй, энэ их хайранд нь уяран хайлж, “Ээж ээ, надад хайртай чинь үнэн л юм бол маргааш битгий намайгаа орхиж яваарай!” гэнэ.

Би хүүхдийг эрхлүүлэн энхрийлэх хэрэггүй гэж хэлэх гээгүй, хэрэгтэйгээр барахгүй бүр ёстой, гэвч үүгээр бүх юм дуусахгүй. Хэрэв хүүхдийг зүгээр л хайрладаг хамгаалдаг, харин ярилцдаггүй, сонсдоггүй бол, тэр чинь зүгээр л үйл хөдлөлийн онилох бай төдий л юм байх нь. Элдэв юмс: мэдлэг, сахилга бат, хүмүүжил энэ тэрээр хооллодог дуртай эдлэл л гэсэн үг. Гэтэл бяцхан боловч хүүхэд гэдэг чинь объект биш субъект, хувь хүн, бусдад ойлгогдох эрхтэй, өөрийгөө ойлгуулах хэрэгцээтэй амьд амьтан. Ойлгохын тулд хүүхэдтэйгээ бид ярилцах ёстой, хамгийн гол нь түүнийг сонсох ёстой. “Эрхлүүлж болохгүй”, “Тэврүүлээд сурчихна” энэ тэр гэсэн хиймэл, хуурамч үгнүүдийг тас мартан, нялх ахуйнх нь хамгийн энгийн шаардлагуудад уриалгахан, гар дэлгэн хандаж бай.

Хүүхэд өсөхийн хэрээр эхний эгнээнд давшин орж ирдэг “олон талт сэтгэгдлийн хэрэгцээ”-гээ хангахад түүндээ тусал. Мөлхөж, хөлд орж байгаа хүүхдээ уяж, манежид хорьж, тоглоомоор хашдагаас минь болоод л хорвоог таних гэсэн тэр муу өрөвдмөөр амьтан гал тогооны шургуулганууд, хувин савны таглаа бөглөө, зурагтны удирдлага энэ тэр лүү дайраад байгаа юм. Барьж л байг, авч л байг, харин хэврэг, хагардаг, эмтэрдэг, эвдэрдэг болгоныг замаас нь зайлуулаад, амьдарч, амьд гэдгээ мэдэрч, хорвоотой танилцахад нь бүү саад бол!

Биет ертөнц дэх сэтгэгдлүүд нь олон янз болохыг мэдэхийн хажуугаар бас сэтгэлийн ертөнцөд ч мэдрэмжүүд нь түүнээс ч олон янз болохыг хүүхэд анзаарч эхэлдэг. Ажил дээрээ түрэмгийлэн дарангуйлагч гол эзэн байж дассан ээж энд ч бас тушаан захирах гол хүн байхыг хүснэ. Хүүхэдтэйгээ өнгөрөөсөн цаг нь бүхнийг орлож, харин хүүхдийн хүрээлэнд байдаг бүхэн зөвхөн ахуйн, боловсролын, ойр зуурын хавсарга үүргээ л гүйцэтгэмэр аядаж, зүрх сэтгэлд нь ямар ч орон зай эзлэхгүй гэж ээж “тушаал” батална. Гэвч үүн шиг хэврэг тогтолцоо гэж үгүй.

“Хэрэв чи ямар нэг зүйлийг сонгож л байгаа бол өөр нэг зүйлээс татгалзах
ёстой болно, заавал ч үгүй ямар нэг зүйлийг алдах болно”

гэсэн маш ерөнхий зарчмыг мартах хэрэггүй л дээ.    Тэгээд сонгосон зүйлийнхээ төлөө төлөөс төлөх болно. Танд байгаа сайн сайхан бүхнээ, өөрийгөө бүхлээр нь хүүхдэдээ зориулна гэж зүтгээд ч амжихгүй л болов уу. Тиймээс хатуу зангидсан гараа суллаж, хамгийн чухал зүйлсийг тэр зөвхөн танаас л авна гэсэн биелшгүй бодлоосоо татгалзсан нь таны болон хүүхдийн тань хувьд сэтгэлзүйн эрүүл орчин бүрэлдэхэд хэрэгтэй байх болно.

Чухам энэ мөчид л таны хүүхэдтэй танаас илүү цаг өнгөрөөдөг хүний тухай асуудал босч ирнэ. Энэ бол, мэдээж, хүүхэд асрагч. Ихэнх хүмүүсийн сонгодог сурган хүмүүжүүлэх туршлагатай асрагч нар хүүхдэд хандах орчин үеийн дэвшилтэт арга барилуудыг мэддэггүй. “Хүүхэд бол хүмүүжлийн бай” гэдэг хуучирч хамхарсан барилыг няцаадаг, үндсийн үндэс болсон хамгийн хүмүүнлэг хандлагын тухай би ярьж байна л даа. Үргэлжийн үргэлжид, үеийн үед хүүхэд бол сурганы үүднээс зөв хүмүүжүүлэх, хэвэнд оруулан хэлбэржүүлэх, сахилгажуулах, ямар нэг юманд албадан сургах ямар нэгэн объект  мэтээр л хандаж ирсэн.

Харин хүмүүнлэг сэтгэлзүй ялзарч илжирсэн энэ тогтоол усанд хүүхдийг булхан угаахыг хүсэхгүй нь ойлгомжтой биз дээ. Орчин үеийн хамгийн дээд ололт бол хүүхэд хэнээс ч, жишээ нь, танаас юугаараа ч дутахгүй, эрх тэгш, амьд биет гэдгийг “нээсэн” явдал. Эрүүл саруул ухаанд багтамгүй хичнээн олон авъяас билиг “сургууль”-ийн гараар орж юу  ч биш болдогийг бид төсөөлж ч чадахгүй. Элдэв арга барил, сургалтын онол зүй, хамгийн гол нь, “сурагч” гэж хэн болохын тухайд тогтоосон хөшинги сөнөөгч онгоцнуудаар энэ бүх сод ухаанууд бөмбөгдүүлдэг.

Сургууль бол “хүүхдийг сургах ёстой” гэнэ. Харин минийхээр түүнийг СОНСОХ л
хэрэгтэй байгаа юм даа.

Харьцааны чанар бол хүүхдэд хандах уян хатан уран бодлого, түүний амьд хэрэглээг л мэдэрч сонсох чадвар юм. Сургуульд ийм чанартай харилцаа байдаггүй юм гэхэд хүүхэд үүнийг ядаж гэртээ олж байх ёстой. Түүний амин чухал хэрэгцээнүүдийн нэг болох ертөнцийг өөрийнхөөрөө таньж, сэтгэгдлийг өөрийнхөөрөө хүлээн авахыг нь зөвшөөрөн ойлгож байвал тэр жинхэнэ халуун, дулаан юм гэж юу байдгийг мэдэрдэг.

Өөрийгөө ч гэсэн судалж, хальсаа хуулж байгаа тэдэнд эрсдэлтэй алхам хийх хүслийг нь дэмжиж өгөхөд ээжийн харьцааны чанарын гол үзүүлэлт оршдог. Мод руу улам дээшээ авирах, шалбааганд улам гүн холилдож байсан бяцхан хүү хажуугийн байр, хашаа, хороолол, хотхон руу найзуудтайгаа гүйлдээд явчих нь юу ч биш болж, улмаар “насанд хүрэгсдийн” үнэр сэнх татуулан ороод ирэх цаг эрт орой хэзээ боловч тохиохоос бид зайлсхийж чадахгүй. Энэ үед ээж аавууд яаж биеэ авч явахаас салаа зам хаашаа хазайх нь шалтгаална.

Зөв гэж бодож буй шийдэлд тань хүүхэд өөрөө хүрээсэй гэж та хүсч байна уу? Тэр ийм шийдэлд хүрнээ. Хэрэв өмнөө амьд жишээ байгааг харах юм бол шүү дээ. Карл Густав Юнгийн хэлснээр, хүүхдэдээ өөрчлөхийг хүсч буй бүхэн тань өөртөө эхлээд өөрчилбөл зохих юмс биш байгаа даа гэж нухацтай нягталж үзвэл юуны өмнө танд л хэрэгтэй. Жишээ нь, бүхнийг өөрчлөхийг эрмэлздэг сурган хүмүүжүүлэх их урам зориг маань байна. Үүнийгээ өөрсөд рүүгээ чиглүүлдэгсэн бол бүх зүйл ямар хялбараар эргэх байсныг мэддэг ч болоосой, бид!

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !