goodali logo
    Тансаг

    Тансаг

    Энэ жил ч дүрэлзүүлэх нь дээ. Харин юуг асааж, хэнийг өрдөж, хаана шатааж, юун гал манахаа өөрсдөө мэдэх юм байна.

    Түймрийн оч амнаасаа унагаахгүй байх нь хүмүүжлийн асуудал биш хүчний маркер байх нь ээ, энэ жил. 

    Цэцээ гүний оройгоос биш сэтгэлийн хоймроосоо нар мандахыг харж байвал хийморьлог. 

    Донсолгоонтой орчлонд долгисохгүй оршиж чадвал тансаг. 

    Тагт, тархи, хөргөгч, хөнжилдөө хэнийг, юуг байлгадгаа нуух хэрэггүй бол мундаг. 

    Урам онгод, сэдэл сэргээшгүйгээр урдахаа барьж аваад шууд хийж байвал шийдмэг.

    Пунктуал байх нь цаг хугацаанд биш амь насандаа хүндэтгэлтэй хандаж буй хэрэг учраас өөрийн насыг уртасгая гээд хүний цагийг хүндэлж байвал ухаалаг.

    Гагцхан шинийн нэгэндээ биш өдөр бүр зөв мөрийг гаргаж байвал гэгээлэг. 

    Буддачин, бурханчин биш харин өөрөө Будда болбол бурханлаг. 

    Ууц, бууз нь гор биш, гарын бэлэг нь хор биш бол баялаг. 

    Хорвоогийн бүх цагдааг худалдаад авчихсанаа биш, хүүхдүүдээ юугаар хооллодгоо бодонхоон нэг суухад сэтгэл тавлаг байвал тохилог тухлаг гэдэг гагцхүү тэр л болой. 

    Шинэ жилийн чинь хүлэг болсон хүний үнэрээ ханхийлгэн, жаргал өөдөө салхи татуулан давхигтун, эрхэм сэтгэлтэн минь!

    ЦЭНХЭР ШУВУУ®, “Олзны дээд” лекц©

    Төстэй бичвэрүүд

    Би ямар эмэгтэйд дуртай вэ?

    Би ямар эмэгтэйд дуртай вэ?

    Би орчуулсан юм.“Шалтгаантай ба -гүй элдэв янзын маяглалын нэвтэрхий толь”-доо эмэгтэй хүний юу нь тийм сексуал, өө, үгүй ээ, хүсэл шатаам байдгийн жагсаалтыг өргөн барьсан Шарль Данцигийн өмнө бүрхэндээ хуруу хүргэчихье. Тэнд би “Удаахан инээмсэглэл” гэдэг нэрлэгээг анх олж харсан юм. Тийм ээ, энэ чинь ёстой зэрлэг, жинхэнэ эротик юм байна шүү дээ!Аан, харин надаас асуувал хамгийн секси юм бол хошигнол л гэж хэлнэ.Амьдралдаа миний дурлаж явсан бүх бүсгүйчүүд ёстой хачин инээдэмтэй байсан. Тийм нэг барьцгүй атлаа адтай, учир битүүлэг хүүхнүүдийг ихэнх эрчүүд хайдаг бололтой. Харин би тийм өндөр зэрэглэлийн нууцлалтай авхай нартай эвшээхээс өөр юм хийж чаддаггүй. Хэрвээ би хоёр бохир үг амнаасаа “санамсаргүй” унагааж орхивол тэр намайг байранд нь тавьж чаддаг байх ёстой. Эмэгтэй хүн намайг “шоглож”, надаар наадаж байхад би дуртай. Тэгээд бас бага зэрэг “галзуурсан”, чангаар тас тас инээдэг байвал бүр... сайхан. Тэр чинь амьд байх ёстой биз дээ.Тэр өөрөө амьдрал дотор ялз чанагданзумрах биш, амьдрал өөрөө түүний дотор буцалж баймаар...“Борчуудын хорооллын саятан”-ы Фрейда Пинто ёстой нэг тэсэхийн аргагүй сайхан амьтан. Түүний тоорон арьс ямар... Харин галбир цогцсын төгс бус байдлыг нь элдэв чимэглэл, а-ля Дита фон Тиз маягийн чамин дотуур хувцсаар төвөггүйхэн засчихаж болно. Өө сэв бол ердөө муухай юм биш. Энүүхэндээ гэхэд дэндүү хурдан тайччихдаг эмэгтэйгээс муухай юм гэж үгүй дээ. Саад, бас дахин саад бол ховсдон сохлох хүчтэй. Уруулын будаг, хүнд үнэрт сүрчиг, хэдэн давхар сувдан сондор, илбэхэд таатай торгоны гулгаа... мэтийн хиймэл зүйлс намайг гартаа оруулчихдаг хүчтэй эд.Гадсан өсгийтийн хоншоороор цухуйх өнгө ялдам педикюртэй үмхээд авмаар хөлөнд хошуу дэвсдэг эрчүүдээс ялгаатай нь гэвэл би түрийтэй гутал хараад л шүлсээ гоожуулан, хэлээ унжуулж эхэлдэг юм. “Өндөр түрийт гутлууд нь гоо сайхны цомууд л гэсэн үг”. Би юуг хүзүүгээ хугалчихаа алдан эргэн эргэн хардаг вэ гэж үү. Хайхрамжгүйхэн цухуйсан... стрингүүдийг.Өглөө сэрээд нүдээ нухлан босохдоо тэр бүсгүйөөртөө:“Би өнөөдөр хэнд ч таалагдахыг хүсэхгүй байна!”гэж хэлсэн мэт л.Би нэг удаа хөдөө явж байгаад жуулчны баазын ресторанд(гадаадынхныг хүлээж авдаг болохоор өрнийн хэм хэмжээгээр тоноглочихсон)нэгэн бүсгүй хачиртай талхны бяслаг зүсч байхыг харсан юм. Номин(“Говийн зэрэглээ”)-гийн тэр амьд хуулбар цэвэрхэн, хөөрхөн хормогчтой, гартаа хутгатай байхдаа ямар сэтгэл татам байсан гээ. Харин дараа нь би түүнийг үдэшлэг дээр харахдаа хамаг юм ичгүүртэйгээр шулбайн унахыг мэдрэх шиг болж, хаанаас нь ч харсан даанчиг улиг болсон жирийн л нэг бүсгүйг таньж ядсан.Тайллыг нь та мэдэж байна уу: ямарваа нэг юман дээр төвлөрсөн, наргиангүй юмаар оролдож байгаа эмэгтэй хүн л секси байдаг юм шүү дээ. Жишээ нь, миний бичсэнийг уншиж байгаа эмэгтэй...ИНЖ ГИНЖ®, Зүрхний улирал цомог©

  1. Миний хүүхэд хэцүү

    Миний хүүхэд хэцүү

    Бид том том сэдвээр том том ярих юм. Яагаад архидалт ийм их байнав, Монголд? Яагаад дэлхийгээрээ мансуурах донтолтонд мухардав? Харин үүний талаар цөөхүүлхнээ, аяархан ярилцаад үзэх үү? Ээж нь хүүхдээ архичин болгодог гээд хэлчихвэл яах бол? Гэхдээ би биш, сэтгэл заслын "тэнгэр" Берт Хеллингер хэлсэн, бас баталсан, үүгээрээ олон хүнийг эмчилсэн юм шүү гээд пост нүүр ном дээрээ тавьсны дараа олон хүн олон янзын юм бичсээн. Надад сая захиа бичсэн хүнд хариу бичих гэснээ энэ асуултыг олон хүн асууя гэж бодож байгаа байх гэж бодоод тусад нь пост тавья гэж бодлоо. Тиймээ, нэрт сэтгэлзүйч Берт Хеллингер "Мансуурах, архидах бусад донгийн уг шалтгаан нь тэр хүний ЭЭЖ байдаг" гэж хэлсэн, бичсэн, амьдрал дээр харуулж, эмчилгээ заслыг нь бас олон нийтэд дэлгэн үзүүлсэн. "Эх хүн магадгүй, хүүхдээ гэсэн "сайн" сэдлээр аавыг нь дорд үзэж, "...түүнээс юу ч битгий горьд, юу ч өгөх чадваргүй амьтан, харин ээж нь чамд бүхнийг өгчихнө, ааваасаа бүү ав, бүү дуурай, бүү дага, бүү ойрт..." гэх маягаар хандах нь хүүхэд ирээдүйд донтон болох замыг эхлүүлдэг" гэжээ. Одоо гэр бүлдээ асуудалтай, хүүхдүүдтэйгээ харилцааны бэрхшээлтэй олон хүнд "гэр бүлийн тавилт" хийх явцад энэ шалтгаан тодрон гарч ирж байсан. Ээж ээ, миний амьдрал таны бүтээл. Миний ч бүтээл. Би хүүхдийнхээ амьдралыг бүтээгч. Тэр бас намайг бүтээлцэгч. Бүх юм харилцан хамааралтай. Харин ямар хамаарал байдаг вэ, санаа зовох хэрэггүй зүйлс юу вэ, анхаарах зүйлс юу вэ гэдгийн талаар МИНИЙ ХҮҮХЭД ХЭЦҮҮ лекцэн дээр ярилцана даа. Цоглог тод өнгөтэй цонхнууд... ...заримдаа хаалттай... ...хааяа бүр тас хаачихсан... хөшгөө давхар татчихсан... ...тэгснээ намайг дуудах мэт хагас онгойсон... Миний хүүгийн сэтгэлийн цонх... Та тэр цонхоор хардаг уу? Та тэр цонхыг аяархан тогшиж, мэнд мэдэж, дотогш оруулаач гэж хүсдэг үү? ТА өөрөө ЦОНХОО түүнд НЭЭДЭГ ҮҮ?

  2. Миний анхны эр хүн

    Миний анхны эр хүн

    “Эмэгтэй хүн эр хүнд итгэж байгаа цагт тэр эр түүнийх байдаг” гэдэг үгний утгыг сайн мэдэхгүй хэр нь дурсгалын дэвтэр дээрээ чамирхан бичиж байсан 1987 онд би анх эр хүнд дурласан юм. Үүнээс өмнө бол би хөвгүүдийг шохоорхон, сониучирхаж явсан байх гэж санагддаг. Энэ залуу хүү 17 настай байсан. Тэр надад хайртай гэж хэлээгүй, бид үерхээгүй, бие сэтгэлээр ойртоогүй.Харин тэр надад “Чи... баян...” гэж хэлсэн юм. Би тэгэхэд нь юу ч хэлээгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байсан, яагаад гэвэл тэр миний өмссөн даашинзыг гоё байна гэх маягийн юм ярьж байснаа, шууд араас нь гэнэт ингэж хэлсэн юм. Яг ямар үгнүүд хэлснийг нь би одоо тодорхой санадаггүй, энэ хоёрхон үг л санаанд тод үлдсэн байна.2 өдрийн дараа нь би нэг эмэгтэйг зүүдэлсэн юм. 40 гаруй насны, гэрэл цацарсан, ганган, гайхмаар сайхан тэр эмэгтэй намайг дэндүү дотноор тэврэн байснаа “Би чамайг хайрлан шүтдэг, би чиний төлөө бүхнийг хийнэ” гэж хэлж байна гэсэн энэ зүүдний дараа би өнөө хүүгийн үгэнд бүр их итгэсэн, би өөрийгөө шал өөрөөр мэдэрч эхэлсэн. Соцын үеийн дундаж айлын, дунд сургуулийн сурагч охин бодит байдлаас тэс өөр төсөөллийг хардаг болсон хэрэг. Зүүдэнд ирсэн эмэгтэйг би тэгсгээд мартсан, харин 30 жилийн дараа сэтгэлзүйн ховсын хичээлийн дадлага хийх үеэрээ гэнэт санасан юм.Тэр бол би өөрөө байсан...Анхны хайрын тэр өдрүүдэд сэтгэл минь гэгэлзэж, шөнөдөө нойр хулжин шаналдаг байлаа. Нэг тийм шөнө ханан дээр туссан сарны гэрлийг ширтэн уйлж байсныгаа би санадаг. Бага насныхаа хамгийн чухал хэсэг дээр очиж өөртөө итгэл өгөх даалгаврын дагуу сэтгэлзүйн гүн трансаар би тэр шөнө рүү очсон юм. Тэгээд 15 настай өөрийгөө тэврээд “Би чамайг хайрлан шүтдэг, би чиний төлөө бүхнийг хийнэ” гэж хэлэх үедээ энэ зүүдийг эргэн санасан юм.Гурван цаг үргэлжид зэрэгцэн оршдог гэдэгт би улам итгэсээр байгаа. Тэр зүүд уулаасаа байсан учраас би трансаар дамжин очсон уу, эсвэл 30 жилийн дараа болох байсан үйл явдлыг би зүүд болгон харсан уу гэдгээ яг таг хэлж чадахгүй ч амьдрал бол ертөнцийн хамгийн дээдийн гайхамшиг гэдгийг би одоо бат хэлж чадна. Яг энэ мөчид миний бага нас, миний ирээдүй надтай хөтлөлцөн алхаж, адислан хайрлаж, хамгаалан аварсаар байгааг би мэддэг.Хайртай хүн бол чамайг өөртөө биш, чамайг өөрт чинь дурлуулдаг. Тэр залуу намайг өөрт минь дурлуулсан анхны эр хүн минь юм. Энэ зам урт байлаа. Өөрийгөө нөхцөлгүй хайрладаг болтлоо олон жилийг, олон замыг туулан явж байхад минь “Чи ёстой гоё харагдаж байна” гэж хэлж буй түүний хөнхөр нүд үргэлж харагддаг байсан. Заримдаа би түүнийг ямар болсон бол гэж боддог ч миний дурсамжинд цэл залуугаараа, миний гоо үзэсгэлэнд, миний ирээдүйн баялганд бат итгэсэн, итгүүлсэн эр хүн хэвээрээ үлдэг гэж боддог. Тэр миний биенд хүрч үзээгүй, 17-хон настай хүү байсан ч надад үргэлж том хүн шиг санагддаг байсан, одоо ч гэсэн.Би өөрийгөө аавдаа итгэдэггүй гэж боддог байсан. Бүр саяхныг хүртэл. Сэтгэл зүй гэгч гайхамшигт ухааныг мэдээгүй бол тэгж бодсоор дуусах байсан биз ээ.Харин би аавдаа итгэдэг байсан юм байна лээ.Аавдаа итгэдэг учраас би тэр хүүд эр хүний ёсоор итгэсэн, эр хүнд итгэдэг учраас би баян болсон юм байна лээ.ОЧИРЫН БОРОО®, Шидэт дагинас лекц©

    0:000:00