goodali logo
    Чамайг хэзээ ч хүлээж авахгүй хүмүүс

    Чамайг хэзээ ч хүлээж авахгүй хүмүүс

    Гэр бүлийн хийсвэр төсөөллүүдийн нэг нь эцэг эх, төрсөн ах дүү нар бол хамгийн ойр дотны хүмүүс гэх итгэл юм. Эд бол бидэнд анх хайр гэж юу болохыг амсуулдаг ачтанууд мөн ч, бас үл ойлголцол, урам хугарал, зовлон, хүчин мөхөстөл гэж юу болохыг орой руу оруулдаг хамгийн хатуу багш нар. 

    Чамайг юу ч хийсэн хүлээж авахгүй хүмүүс заавал байна. Амжилт, хайр, уналт доройтлын алинд ч. Чи арьснаасаа сугарч гараад зүрхээ алган дээрээ тавиад өргөсөн ч тэд өрөөсөн нүдээрээ ч өлийж харахгүйгээр урдахаа хийнэ. Муудаа ингээд байгаа юм биш. Зүгээр л, хүлээн авч чаддаггүй л хүмүүс. Тэд зөөлрөхгүй. Харахгүй. Харахыг ч хүсэхгүй. Энэ бол чиний биш тэдний асуудал, тэдний хөгжлийн бэрхшээл юм. Сэтгэлийн хөгжлийн бэрхшээл. 

    Харамсалтай нь ээж аав ийм байж болно. Дараа нь эхнэр нөхрүүд ч гэсэн. Тэднийг уяраах гэж, арай амьдлаг болгох гэж зүтгэж болох уу? Бололгүй яах вэ. Гэхдээ аймшигтай түлдэг хүчил шиг нулимсаар нүдээ урсаж дуустал уйлна гэдгээ л ойлго. Нусаа сугартал, хоолойгоо сөөтөл, шүдээ хугартал дагжиж чичрэн уйлна. 

    Уул нь ингэхийн оронд, хэрэв чи хэн нэгний хүлээлтийг баталж чадахгүй байгаа бол өөрийн гэсэн замаараа өнхрөөд явчихдаг бол сайн сан. Чи бусдаас ялгамжаатай, өөрийн гэсэн өвөрмөц өгөгдөлтэй, орон зайтай, үзэл бодолтой гэдгээ ухаарч, өөрийгөө үнэлж, хүндэлж, энхрийлдэг бол сайхан сан. 

    Харилцан яриа байгаа газар л харилцаа байдаг. Төрсөн, төрүүлсэн, хайрласан, гэрлэсэн… гэлээ гээд харилцаа байхгүй бол тэнд яг юу байгаа юм бэ?

    “Би л туслахгүй бол өөр хэн туслах юм бэ, би үр нь, дүү нь, эгч нь, хань нь…” гэж байгаа бол хувийн асуудал. Харин дараа нь ямар их золиос гаргаж байгаагаа ярьж гоншигнох хэрэггүй. 

    Айвал хийхгүй. Хийвэл араа даана. 

    Аль нэг тийш нь эцэслэн шийдээд, тэр шийдээ бат барихыг сэтгэлийн эрүүл мэнд гэдэг юм шүү.

    Амжилттай сэтгэл засал яаж харагддаг вэ?

    Төстэй бичвэрүүд

    Чиний хүүхэд яагаад чухам яг чамд ирсэн бэ?

    Чиний хүүхэд яагаад чухам яг чамд ирсэн бэ?

    “Хувь заяагаа хайрлана гэдэг бол хохирогч байхаас татгалзах явдал” гэж үздэг Юнгийн сэтгэл засалч Жинетт Парисын “Amor fati-Миний хувь заяа: Алдаа оноо бүр минь адилхан миний хувь заяа” онол гоо сайхан боловч сул цэгүүд бас бий. Эндүүрэл бүрийг хувийн домгийнхоо нэг хэсэг болгох замаар хяналтыг гартаа атгаж байна гэж бид төөрөлддөг. Зовлонгоо гоо зүй болгож, өвдөлтөө гоё сэдэв байлгах нь хэсэгтээ тайтгарал болж магадгүй ч жинхэнэ утга учраас холдуулдаг. Бид яагаад ч хамтран зохиогч биш тохиолдолд энэ арга хүчин мөхөстөж, дотны хүний үхэл, хүүхдийн өвчин, ослын үед барьц алддаг.Сэтгэл судлалын боломжийн энэ хязгаар дээр чи харин өөр зураглал босгож ирж чадна. Итгэл үнэмшлийн үзэл онолууд. Хэрэв сэтгэл зүй хувь заяаныхаа зохиогч болоход нь хүнд тусалдаг бол итгэл үнэмшил үүнээс өмнөх түүхүүдийг сөхдөг. Энэ хоёр бол эсрэгцэл биш, нэг шатны гишгүүрүүд л юм.Эхлээд хэлтэрхий бүрээр нь өөрийгөө түүж цуглуулан, сорви болгоноо хайрлахад суралцана. Тэгээд сэтгэл зүйн бүтэн байдлыг олсныхоо дараа алгаа дэлгэн, бүхнийг тавьж туухад зориглоно. Эхний гишгүүр дээр “Би чамд хайртай амьдрал/хувь заяа/хань/үр минь, яагаад гэвэл чи минийх учраас” гэж байгаа юм. Дараагийнх дээр “ХАЙРТАЙ” л гэнэ. Нөхцөл болзол, минийх чинийхгүйгээр.Маш тодорхой шалтгаан учраар чи ээж аавдаа төрсөн, тэдний гараас амссан бүхнээ чи үүнээс ч өмнө өөрөө өрөөд бэлдчихсэн байсан. Яг үүн шиг, чиний хүүхэд бас ямар ч алдаагүй шалтгаанаар чамайг сонгон ирээд, чамаас тодорхой зүйлсийг авч, басхүү чамд олон зүйлийг өгч байгаа. Эцэг эхийн бүрдүүлж буй орчин, үлгэр жишээ, амьдрах загвар нь мэдээж нэгэн нөхцөл мөн боловч орь дангаараа шинэ хүнийг бүтээдэггүй юм.Энэ бүхнийг үгээр ойлгоод толгой дохиод өнгөрөх биш үнэхээр зүрхнийхээ мухраас ухаарахад жаахан цаг орно оо.Харин тэр цаг яг одоо ирж байна.ЦЭНХЭР ШУВУУ®, “Хүний төрлүүд ба амьдралын зохиол” лекц©

  1. Психопаттай нэг хөнжилд

    Психопаттай нэг хөнжилд

    Би психопаттай амьдарч байсан. Багын нэг найз минь психопат байсан. Психопат оноштой хүнтэй ажиллаж үзсэн.Эднээс хүмүүс чөтгөр шулам мэт айдаг, эсвэл ер бусын оюуны чадалтай юм шигээр хэт үнэлдэг. Үнэн байдал энгийн. Эд бол үлгэрт гардаг шиг хараалгаад ийм болчихсон ханхүү, гүнж нар биш. Тэднийг хайрлаад үнсээд байвал хайлаад жинхэнэ царай нь гараад ирэхгүй.Психопат бол генетикийн түвшинд тархины согогоос үүдсэн сэтгэцийн өөрчлөлттэй хүн. Тиймээс тэд эмчлэгдэхгүй. За, амархан эмчлэгдэхгүй гэе л даа. Үүнийгээ цааш удамшуулна. Гэвч байгаль бүхнийг тэнцүүлдэг учраас сэтгэл хөдлөлийг таних, мэдрэх чадваргүй боловч тэдний шалгаран үлдэх, дасан зохицох чадал өндөр. Хамгийн гол нь суралцахын мангас. Тэгэхээр психопат маань “алуурчин” болох уу, эсвэл амжилттан болох уу гэдгийг орчин, хүмүүжил л шийднэ.Бараг цэвэр математик тооцооллоор бусдын хариу үйлдлийг уншдаг, хүн чанар гэх мэт тоормозгүй, хайрлах чадвар ч байхгүй, хэрэгцээ ч байхгүй энэ хүмүүс бол өөрт байхгүйгээ өрөөлөөс шууд сорчихдог хар нүх гэсэн үг. Тэгээд ийм гэдэгтээ өчүүхэн ч зовохгүй.Ямар ч нөхцөлд хөрвөн хөгжиж, өөрийгөө төгөлдөршүүлэх замдаа ичих, өр өвдөх гэгчийг огт мэдэрдэггүй хиймэл оюун ухаантай л түүнийг зүйрлэж болох юм даа. Хэрэв ийм хүнтэй учирсан бол ямар ч сэтгэц судлал, сэтгэл зүй, чиний агуу хайр түүнийг өөрчлөхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүсвэл “Психопатыг хэрхэн сургах вэ” хэцүү нэртийг тоглож болно. Гоё хүүхэн зэрлэгийн зэрлэг ирвэс хөтлөөд явж байх со стайлишшт. Гэхдээ тэр биш чи өөрөө л олсны үзүүрт ороогдсон яваагаа мартаж болохгүй.Могой, питбул, аварга аалз гэртээ тэжээж байгаа хүмүүс мэр сэр үзэгддэг болж. Эр зориг, бэл бэнчин нь сайхан ч нэг л өглөө хазуулчихсан, хордчихсон, хоолойгоо боолгочихсон сэрэх вий. Сэрэхгүй ч байх. Яг ийм эрсдэл психопаттай амьдрах үед үргэлж байна. Тэгэхээр ийм хүнтэй харьцахаасаа өмнө дээд математик дээд зэргээр үзээрэй. Харин эмийн сан энэ тэр бэлдээд хэрэггүй ээ. Уулаасаа тэрийгээ ашиглаж ч амжихгүй.Мэдрэлгүй мэдрэмжгүй гүүглээр сэтгэл зүй судалчихдаг байсан нь одоо даамжраад амьгүй ChatGPT гэх мэтээр сэтгэц эмчилдэг болоод байгаа нь та бидний өөрсдийн маань аюулгүй байдалд тун халтай юм шүү.Галаар наадах аюултай.Бусдад найдах бүр аюултай.Мэдрэмжгүй хүний мэдрэмжинд найдахыг бол яриад ч яах вэ.СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ НАНДИГНААРАЙ, ЭРХЭМ ХҮН МИНЬ!“Манипуляторын орон дотор” лекц©, Цөхрөл...

  2. AI vs HI

    AI vs HI

    2026 оны 9 сарын 2-нд НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн илтгэлд “Дэлхийн агаарын хэмийн жилд нэмэгдэж болох улаан шугам буюу аюулын дээд хэмжээ нь 1,5°C байдаг бол энэ жил зарим газар 2°C-ыг давсан” гэдгийг мэдэгдлээ.Эргэж буцаж болох шугамыг хүн төрөлхтөн давчихлаа.“Дэлхийг хамарсан түймэр, үер, зуны хэт улайслын давтамж нь зүгээр нэг байгалийн гамшигт үзэгдэл төдий биш, хүн төрөлхтнийг ойрын ирээдүйд юу хүлээж байгааг шууд харуулж байна. Цаг агаарын дулаарлыг эрс нэмэгдүүлж байгаа ноцтой шалтгаан бол газрын гүний болон өнгөн давхаргын цэвэр усыг үйлдвэрлэлийн зориулалтаар шавхаж байгаа явдал” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш цохон тэмдэглэв.Тэр их ус хаашаа алга болж байна вэ?Хиймэл оюун ухааны дата боловсруулах төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэхэд 2018 онд зөвхөн АНУ-ын жилийн бүх ашиглалтын 1,9%-ийг эзэлж байсан бол одоогийн байдлаар 4,4% болчихоод байна. Хоёрхон жилийн дараа гэхэд энэ тоо 20%-д хүрнэ. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон хиймэл оюун ухааны ажиллах түүхий эдийг гаргаж авахад асар их хэмжээний усыг ашигладаг. Жишээлбэл, нэг микрочип үйлдвэрлэхэд машин механизмыг хөргөх, вафлины хуудсыг бохирдуулагчгүй байлгахын тулд 12 литр цэвэр ус шаардлагатай. Дэлхий дээр хэдэн янзын хэчнээн чип байгааг бодоод үзээрэй.Та хиймэл оюун ухаанаас юм асууж үзсэн л байх. Тэр доор нь агаараас гаргаад ирж байгаа мэт “бэлэн” хариултуудыг таны өмнө аваачих гэж аварга том байгууламжууд дээр нүсэр төхөөрөмжүүд ажиллаж байдаг. Тэгээд ганцхан та биш дэлхийн хэдэн тэрбум хүн минут бүр, секунд тутамд тоолшгүй олон мэдээлэл хайлгаж, элдэв юм хийлгэж, янз бүрийн салбарт байж болох бүхий л ажилд дайчилж байгааг тооцоод үзвэл.Тэр машинууд хална, тасралтгүй хөргөнө. Хөргөх систем усаар ажиллана. 2014 онд АНУ-д зөвхөн хөргөлтөнд 21,2 тэрбум литр ус ашигласан. 2023 онд 66 тэрбум литр ус.Microsoft-ийн мэдээлэл боловсруулах ганц төв дээр GPT-3 загварын хэлийг сайжруулах үйл явц л гэхэд 700 000 литр цэвэр усыг ууршуулсан. Гэтэл хэлээр тогтохгүй маш олон техник технологийн шинэчлэл өдөр тутам, дэлхий даяар хийгдэж байгаа. Тэр бүрийд…ГООДАЛЬ бүх бүтээлээ зөвхөн хүний ухаанаар хийдэг. Гоодаль платформ болон манай үйл ажиллагаа явуулдаг бүх суваг дээр зөвхөн хүний бүтээсэн дүрслэх урлаг, хөгжмийн туурвилыг түгээдэг. Зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч, сэтгэгч, AI-аас бусад салбарын эрдэмтэд устан үгүй болохыг бид хүсэхгүй байна.AI-аар дипломоо бичүүлсэн эмч нарын гарт амь насаа даатгамааргүй байна. Хэрэв AI-тай холбоог нь тасалчихвал хов хоосон болчихдог мэргэжилтнүүдэд хүүхдээ өгмөөргүй байна.Боловсролын тогтолцооны бүх шатанд суралцагчийн чадварыг зөвхөн өөрийнх нь сэтгэлгээ, AI ашиглаагүй бодит гүйцэтгэлээр үнэлдэг болмоор байна. Эцэг эх, багш нар өөрсдөө, хүн бүр ямарваа шалтаг шалтгаанаар AI хэрэглэдгээ хязгаарлаж байж л ийм үр дүнд хүрнэ.Дэлхий дээр хиймлээр гаргаад авч болдоггүй шингэн гурав байдаг. Хүний цус, эхийн сүү, ус. Хэрэв ус байхгүй бол эхний хоёр нэг их удахгүй.Дэлгэцэн дээр яралзан гарч ирж байгаа хариулт-үйлдэл бүр ид шидээр биш, их үнээр босож байна. “Үнийг нь би төлж байгаа биш” гэж бодож байна уу? Ганцхан товшилтоороо ирээдүйд хүүхдийнхээ уух байсан хэдэн арав, хэдэн зуун литр цэвэр усыг үгүй хийж, хэдэн мэргэжлийг устгаж, хэдэн хүнийг ажилгүй болгож, AI-д та сонгуулиа өгч байна.Хөгжил гэж хэн нэгэн дуугарч магадгүй. Уучлаарай, хэний хөгжил вэ? Энэ бол хүн төрөлхтний хөгжил биш.Усгүй дэлхийд, өөрийн гэх мэдлэг чадваргүй, AI-аас хараат хүн хөгжих бүү хэл амьд байх боломж хэр бол?!Зургийг: зураач Дагвасамбуугийн ҮүрийнтуяаГЭРЭЛТ СҮҮДЭР®, “Хүний төрлүүд ба амьдралын зохиол” лекц©

    0:000:00