Өгөхөд хамаг утга учир оршино

Хүмүүст шууд тус хүргэдэг мэргэжлийн хүмүүс: гал сөнөөгчид, эмч нар, сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд бусадтай харьцуулбал илүү их аз жаргалыг амсдаг гэдгийг бид цөм мэднэ. Элбэг дэлбэгийг байнга мэдрэх цорын ганц арга нь өөрийнхөө сэтгэл ханалтын тусын тулд ямар нэг зүйл хийх биш, бусдад баяр баясгаланг бэлэглэх явдал гэж гүн ухаанч, буддын лам Матье Рикар давтан давтан хэлдгийг ч бас.

Би ч гэсэн амьдралын зургийнхаа нэгэн зигзаг дээр сэтгэлд гялсхийсэн аянгын цахилаа-бодлууд, дотогш хийсэн аяллын тэмдэглэлээ хүмүүстэй хуваалцъя гээд л Гоодалийн анхны нийтлэлийг бичиж сууснаа одоо эргэн санаж байна. Канадын судлаач Элизабет Данк оюутнуудтай нэгэн туршилт явуулж: тэднийг хоёр бүлэгт хуваагаад, тэнцүү хэмжээний мөнгө өгчээ.

Авсан мөнгөө зөвхөн өөртөө зарцуулах ёстой эхний бүлгийн гишүүдийн авсан хувцас, iPod гэх мэт нь хоромхон зуурын “баярын салют” буудаад л алга болчихсон бол бусдад байгаагаа зориулснууд нь жаргалын инээмсэглэлээ хамаагүй удаан цацраасан байх юм.

Францын иезуитын миссионер Сейракийн саяхан бичсэн
“Өөртөө авч үлдсэн бүхэн минь ул мөргүй үгүй болсон” гэдэг ном ч бас л үүний тухай.

Ийм өндөр хэмжээнд хүрэх эсэхээ би мэдэхгүй байна, гэхдээ ганц зүйлийг яг таг хэлж чадна: цухал бачимдлын ээлжит багтраа зүрхэн цохилтыг базлах үед бусдыг зүхэж, Бурханд гомдоллохын оронд түр амьсгаа аван суугаад, “Би хэнд тус болж чадах вэ? Надаас дор байдалд байгаа хэнд зориулж юу хийж чадах вэ?” гэж бодож байвал уйтгараа шопингоор сарниулж, уураа зайрмагаар даруулж залгихаас илүү үр дүнтэй байж магадгүй юм.

Хэрвээ хүн бүр сэтгэлийн таашаал авах аргаа иймэрхүү хэлбэрээр жаахаан энэрэнгүй болгочихвол “хямралтай” гэгдэж буй энэ эгэл бус цаг үе маань гэгээтэй болохсон. Өөрийгөө жаргаах “аминчхан” үзлийн үүднээс ч болтугай бусдад арайхан илүү анхаарал тавих боломжууд нь бидний бүрэн мэдэлд байдаггүйсэн бил үү гэж л би хэлэх гэсэн юм.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !