Түүний төрсөн өдөр

Би муурнаас айдаг…байсан.

Муурны тухай миний санаж байгаа хамгийн анхны сэтгэгдэл бол намайг 5 орчим настай байхад манай хивсэн дээр нүдээ ч нээгээгүй, улаан нялзрай 2 муурын зулзага мөлхөх ч биш, өнхрөх ч биш, сарвалзаж байгаа дүр зураг юм. Ээж минь надад зориулж авчирч байсан юм болов уу, ямар ч байсан тэр муурнууд манайд үлдээгүй болохоор би айсан байж магадгүй.

1-р ангиа төгсөх жилээ ангийнхаа нэг охиныд айлчлахдаа сүлжмэл сийрсэн сагсан дотор хийсэн жижигхээн муужгайг харж билээ. Тэгэхэд би айгаагүй, зөөлхөн илж, үнсч байснаа санадаг.

Харин дараахан нь орцонд ортол шатны дээрээс муур үсэрч ирээд “үнхэлцгийг минь хагалчихсан”. Хүүхдүүд минь хичнээн гуйж байсан ч би зөвшөөрөхгүй байсаар 2017 онтой золгосон.

Энэ он бол миний амьдралын маш том эргэлтийн цэг байсан. Би олон зүйлийг орхисон, хэзээ ч хийхгүй гэж бат итгэж явсан олон зүйлээ хийсэн, “Би чинь ийм хүн юм уу?” гэж өөрийнхөө амыг олонтаа ангайлгасан жил байлаа. Ингээд 2017 оны 10 сарын 5-ны өглөө би гэнэт шийдээд фэйсбүкээр хайж байгаад нэг бяцхаан амьтныг олсон. Муур минь 2017 оны 8 сарын 28-нд төрсөн юм билээ. Яг тэр өдөр би 15 настай хүүгээ өөр хот руу гаргаж өгөхийн өмнө өдрийн хоол хамт идсэн юм. Яагаад ч юм бүр цаанаасаа сэтгэл баяраар дүүрээд, “Ямар сайхан байнаа, тээ? Өнөөдөр онцгой өдөр байх аа” гэж хүү бид 2 ярьж байсан сан. Харин 37 өдрийн дараа учрах, бидний маш их хайртай болох нэгэн амь яг тэр өдөр төрж байгааг мэдээгүй билээ. Бас 1 жилийн дараа энэ л өдөр би ОЧИРЫН БОРОО тренингээ гараар бүтээсэн дэвтэр дээр “Төгсөв” гэж бичих болно гэдгээ мэдээгүй. Тэрхүү төгсгөлийн ард томоос том анхаарлан тэмдэг тавьчихаад орон дээрээ гар алдлан унаад, инээж уйлж байхдаа 2019 оны 10 сарын 19 хүртэл энэ гар бичмэлээ навсартал нь нухаж, “шимийг нь нэрнэ” гэдгийг жинхэнэ утгаар нь хийнэ гэдгээ ч мэдээгүй ээ.

Эдгээр мөрүүдийг уншиж байх энэхэн хоромд таны амьдралд чухал ямар нэг зүйл болж байгаа нь гарцаагүй. Танд маш чухал хэн нэгэн төрж, хэн нэгэн тантай учрах замдаа гарч, хэн нэгэн таны амьдралтай огтлолцохоор ойртон ирж яваа. Агшин тутамд амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгдсөөр байгаа. Мөч бүр таны амьдралыг өөрчлөх мэдээг тээн ирж байгаа…

Тэр мэдээнүүд айдсыг маань харуулдаг. Бидний амьдралд тохиолдож байгаа таагүй зүйлс, сэтгэлийн хөндүүр бүрийн ард айдас байдаг. Янз бүрийн айдас. Анх сонирхогчийн журмаар сэтгэлзүйн сургалтанд сууж эхлэх үедээ “Өдөр бүр ямар нэг айдаг зүйлээ заавал хийж бай” гэдэг үгийг би сайн ойлгодоггүй, тиймээс дагадаггүй байлаа. Зүгээр л уншаад, заалгаад, ухаарч ойлгоод айдаснуудаасаа салчихна гэж боддог байж. Гэтэл айдас бол ил ухамсарт биш далд ухаанд амьдардаг болохоор заавал үйлдлээр, мэдрэмжээр дамжин ярьж байж л учраа олох зүйл юм билээ л дээ.

Би муурнаас айдаггүй болсон.

Би олон айдсаас салсан.

Бас салж хараахан амжаагүй байгаа олон айдастайгаа дайтахаа больсон.

Сүүдрийг өөрчилье гэвэл эх дүрсийг өөрчлөх хэрэгтэйг ухааруулсан чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !