Тэмтрүүлгүй тэмтрэгчид

Гитар. Дуу. Үгс. Хоолой. Сэтгэл. Энэ мөчүүд нүд, чих, хамар, ам, гар, зүрхээр минь дамжин миний “хард”-нд бичигдэж байхад “Ийм хүн дахин хэзээ ч төрөхгүй байх” гэж би бодож суулаа. Хөлс нь тайзан дээр унасан аниргүй мөч. Аваад чулуудчихмаар арзгар толгойноос нь тусад нь харвал бодьсадын гэмээр нүдний харц. Эцэнхий биеийнх нь хаанаас нь гараваа гэмээр хүч.

Энэ бүхэн цагаа болохоор газрын хөрснөөс арчигдана, гэвч оргүй алга
болохгүй, зүгээр л өөр хэлбэрт шилжих байх.

Энд зөгийн үүрний дүнгэнээг хийж суугаа хүмүүс бас л над шиг бүхнийг өөрийн мэдэлгүй бичиж авч байгаа, гэвч бас л над шиг мартчихаад,өөрт нь энэ ертөнцийн бүх мэдээлэл оршдогийг огт мэдэхгүй, “Аа, тэр чинь хэн байлаа?” гэлцэх болно. Түүний ухааны хүчлэл, сэтгэлийн давалгаа, мэдрэмжийн охийг хүмүүс “Сүрчиг” дээрх шиг л юу ч үгүй зулгаан, ховх сорчихоод, тэр дороо л мартан таран одно. Хүмүүст тэр жижигддэг юм биш. Харин өөрсдөө түүнд багаддагаа бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, одоохондоо бидэнд тийм хүч зориг байхгүй.

Түүний өөр хэмнэл, өндөр давтамжийг дааж, уусан долгилж чадах нь бидний дундүгүй. Бидний сулхан дохио, өөр хоорондоо л үйлчлэлцдэг биз… гэж даялж суусан би гэнэт ондоо царайг олж үзэв. Эр хүн гэхэд дэндүү цэвэрхэн төрх, цэмцгэр манер, өөлөх юмгүй гадаргуу. Өө, энэ нь Zegna, Boss, тэр нь LV бололтой. Энэ залууг их үнэтэй гэж би сонссон. Тэгээд зарлагандаа харамсахааргүй зугаацсанууд нь нахин дахин автан донтдог ч гэж дуулсан юм байна.

Эр эм хоёул амьдралдаа гурван удаа ичдэг гэсэн. Эр нь болохоор хамгийн анх эхлээгүй байхдаа дуусгасандаа, дараа нь ганц удаа дуусгасандаа, эцэст нь эхлүүлж ч чадахгүй болсондоо ичдэг гэсэн. Эм нь хамгийн анх мөнгө авсандаа, тэгээд мөнгө аваагүйдээ, сүүлд нь өөрөө мөнгө өгсөндөө ичдэг гэж “хууччуул” хэлцэх юм билээ. Хэзээ нэгэн цагт би мөнгө өгөхөөр байдалд хүрвэл бол энэ энхрий залуу надад юугаа зарах юм бол гэж би бодож үзлээ. Эцсийн дүндээ бол тэр надад юу ч өгч чадахгүй. Тэгвэл би яагаад бодоод байгаа юм бэ? Дур эзнээ голохгүй юм даа. Дуу төгсөв. Дуучин залуу хажуугийн ширээн дээр ирж суулаа. Тэр энд байгаа хүмүүсийг бүгдийг нь хайрлаж байгаа ч өөр хэмжээст ертөнцдөө л жаргалтай байдаг байх.

Бидний тэмтрүүл дэндүү богино, бас болхи, зарим нь тэмтрүүл ч үгүй.

Цэг хэзээ ч шулууныг ойлгохгүй. Шулуун гэж юу байдгийг цэгэн тархиндаа төсөөлж ч чадахгүй. Билгүүн битүү хүмүүн бид сохор шавьж шиг л тэмтчин, урагшлан, ухран, хорхойн ертөнцөө хорвоогоор төсөөлөн баясна. Шулуун квадратыг, квадрат кубыг, куб өөрөөсөө илүү төвөгтэй бүтэцтэй огторгуйн биеийг хүлээн зөвшөөрөхгүй, гажиг, эрэмдэг зүйл гэнэ. Тэгээд л би дуучин залууг одоо цагт биш, нөгөө эрэгчнийг ирээдүй цагт бодож суугаа байх. Үгүй сэн бол, зориглож түүн дээр очоод, зовлонгийн тухай, зорилгын тухай хүүрнэж, хамт дуулж, хамт дуугаа хурааж, өөд өөдөөсөө, эсвэл өөр тийшээ бие биеийнхээ нүдээр харах байсан биз.

Хэзээ нэг би шавьжны аймгаас гарах юм бол доо.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !