Soulheal.me вэбсайтын үүсгэн байгуулагч Ц.Амгалан

“Амжилт бол ердөө л нэг бүтэлгүйтлээс нөгөө бүтэлгүйтлийн
хооронд урам зоригоо алдахгүйгээр явж
очих чадвар юм шүү дээ.” Уинстон Черчилль

Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг “ФаакАп” булангийн энэ удаагийн зочин бол “СЭТГЭЛЭДГЭРЭЛ” вэбсайтын үүсгэн байгуулагч Ц.Амгалан юм. Урлаг судлаач, сэтгэл судлаач тэрээр Гоодаль сэтгүүлийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө сэтгэл зүйн салбарт Гэрэлт Цамхаг хэмээх төслийг эхлүүлэн цуврал лекц, сургалтуудыг зохион байгуулж, цуврал ном эрхлэн гаргадаг болсон юм. Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?

ТА ХЭН БЭ?

Би яг хэн юм бэ гэдгээ бүрэн таниагүй. Миний хамгийн их өөрөөсөө асуудаг, хариултыг нь бүрэн олчихоогүй байгаа бодлого юм даа. Юу хийж бүтээсэн бэ, юутай хүн бэ гэдгээр энэ асуултыг тодорхойлдог нийгмийн үнэлэмж нь хүн бол ажил, албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь гэж авч үздэг учраас энэ талаар ярья. Би урлаг судлаач, сэтгэл судлаач. Гоодаль сэтгүүлийг үүсгэн байгуулж гаргаж байсан.

Эдгэршгүй өвчтэй хүмүүст болон ойр дотнынхонд нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх Гэгээн асар сан болон Гэгээн асар номын цувралын эрхлэгч. “Үхэл Үгүй”, “Үхлийн Сурах Бичиг” номуудын орчуулагч, эрхлэн гаргагч. Сэтгэл зүйн салбарт орсноосоо хойш Гэрэлт Цамхаг төслийн удирдагч болж, СЭТГЭЛЭДГЭРЭЛийн 25 цуврал лекц, эмэгтэйчүүдэд зориулсан онлайн сургалтыг зохион байгуулж байна.

БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?

Бүтэлгүйтсэнээс гэвэл Амгалан урлангийн талаар ярья. Би хувцасны дизайнераар суралцаж байхдаа урлагийн сэтгэл зүй, моодны сэтгэл зүйн судалгаа зэрэг хичээлд хамгийн их дуртай байлаа. Гоодаль сэтгүүлийг хаагдсаны дараа би өөрийн урланг нээж, урлагийн ганцаарчилсан сургалт явуулж эхэлсэн.

Дээд урлаг хэзээ ч массынх байдаггүй.

Амин зуулгын асуудлуудаа шийдчихсэн, өндөр боловсролтой хүмүүст би урлагаар дамжуулан дотоод ертөнцөө хөгжүүлэх замд нь хөтөч болж чадна гэж бодсон хэрэг.Миний урланд ганцаарчилсан хичээлүүд явагдаж, хязгаарлагдмал хүрээлэл дунд урлагийн янз бүрийн хэлбэрийн амьд илэрхийлэл, уулзалт, мэтгэлцээн өрнөж, жинхэнэ оюун ухаан буцалсан их урлагийн гал голомт болно гэж мөрөөдөж байлаа. Урлаг хүнийг амраах биш хямраах ёстой байдаг. Гэтэл ихэнх хүн хямралыг биш сэтгэл зүйн иллэг хайж явдаг боловч жинхэнэ урлагаар сэрсэн цөөнхийг би олж чадна, бэлтгэж чадна гэж эндүүрсэн.

Урлагийн философи, сэтгэл зүйг биш, урлагийн хуурай түүх, -измдсэн өнгөц онолыг хүсэж, түүнийгээ дээдсийн хүрээлэнгийн дэг жаягийн илрэл төдийхнөөр хэрэглэхийг оролдож байдаг нь зөвхөн хүмүүсийн буруу биш, ийм л зүйлээр гангарахыг шаардаж байдаг өнөөдрийн бидний амьдарч буй соёл иргэншлийн үзэл санааны гажуудал юм л даа. Хэт яарснаараа би өөрийгөө ч, надад итгэж ирсэн хүмүүсийг ч эвгүй байдалд оруулж байсан юм байна гэдгээ хожуу ухаарсан. Энэ төслийн цаг нь болоогүй, санаа нь түүхий байсан.

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Энэ сургалтанд 4 хүн л явж дуусгасан. Урлаг хамгийн гоо, хамгийн уран яруу ч гэлээ ягаахан хөөстэй онгоцонд тааваараа хөлбөрөхтэй адилгүй. Урлаг зөвхөн хүний тухай, амьдралын тухай л ярьдаг, шашинтай адилхан сэтгэл судлал л юм. Тэгэхээр урлаг бол ерөөсөө зовлонгийн тухай л яриа юм. Жинхэнэ урлагийг бүтээгчид дандаа зовлонг таньсан, орчлонгийн зовлонг даван туулсан сэлүүр нь урлаг болсон хүмүүс байдаг. Гэхдээ мэдээж туурвихуйн үйл явцаас оюуны, ухаарлын цэнгэл авдаг. Гэтэл зовлон, зовлонгийн тухай яриа хүнд хэрэггүй байдаг.

Бид чинь зовлонг таних, арилгахыг биш түүнээс зугтаж, мартагнахыг л хүсдэг.

Тэгээд л урлагийн нүцгэн үнэний тухай ярих миний хичээлүүд хэрэглэгчгүй болж, урлан хаагдахад хүрсэнтэй зэрэгцээд миний дотор буглаатай байсан шийдэгдээгүй олон асуудал намайг хатгаж гарсан. Би бие даан сэтгэл зүй судалж, онлайн сургалтуудад сууж, өөртэйгөө ажиллаж эхэлсэн.

Өөрийн ажиглалт, туршлага, ухаарал дээрээ тулгуурлан, өөртөө зориулан хийдэг байсан бичиглэлүүд маань нэмэгдэн нэмэгдсээр 300 гаруй хуудас бичвэртэй болсны дараа энэ амьд мэдлэгээ эмэгтэйчүүдтэй хуваалцах ёстой гээд анхны лекцээ олон нийтэд уншиж байлаа. Хэрвээ урлан төсөл амжилттай болж, би нэртэй, мөнгөтэй мөртлөө завгүй, илүү чадалгүй болсон бол юу болох байсныг таашгүй.

ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Хүмүүс заавал өөрөөсөө гүнзгий юм асууж, яах гэж энэ хорвоод байгаагаа мэдэх, сэрэх албагүй юм билээ. Сайн тооцоогүй төсөл эхлүүлснээ замын дундаас ойлгосон, гэхдээ одоо илүү тооцоолдог болсон уу гэвэл бас л үгүй. Яаж ч нарийн тооцоолсон таашгүй нөхцөл байдлууд заавал байсаар л байна. Бүх зүйл зөвхөн өнөөдрийн биднээс хамаарахгүй боловч өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд, бусад эрсдэлүүдийг амь дүйн үүрээд, яадаг ч байсан эцсийг нь үзнэ гээд цуцалтгүй зүтгэхийг л ер нь хөдөлмөр, бизнес гэдэг юм байна.

Гоодаль сэтгүүл, номын цуврал, урлан гэх мэт төслүүд бизнесийн талаас нь бодвол бүтэлгүйтсэн гэж үзэж болох ч хүмүүсийн оюун санаанд хувьсал хийх, алсдаа хэрэгтэй байх гэдэг талаасаа амжилттай хэрэгжиж чадсан гэж би үнэлдэг. Би тэр төслүүдээс өөрөө асар их зүйл сурсан. Одоо ч гэсэн үзээд алдъя гээд л хийж байгаа. Хийх ч ёстой. Би биш юм бол өөр хэн хийх гэж? Хэн нэгэнд ямар нэг юм батлах гэж хийх биш. Би өөртөө маш их итгэлтэй болсон. Бүтэлгүйтвэл яана гэдгээс, ер нь урьд нь айдаг байсан олон юмнаас айхаа больсон.

Гарз хохирол, үл ойлголцол бол зүгээр л амьдралын нэг хэсэг.

Өнгөрснийг орхих чадвар, маргааш олох зүйлээрээ өнөөдөр өөрт байгаагаа үнэгүйдүүлэхгүй байх ухаан, өөрийгөө хэмхчихээ больж, сүүдрээ ч гэсэн өөрийн нэгэн хэсэг гэж хүлээн авах хатан зориг… гэх мэт олон нандин чанарыг би олсон. Одоо би юу руу ч бай, бүх зүйл нуран унахад бүрэн бэлэн байдалтай орж чадна. Эцсийн мөчөө хүртэл би чадах бүхнээ хийсээр байх болно, хамгийн сүүлд би л инээнэ гэдгээ маш сайн мэднэ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !