Шуурганд туугдагсдын дунд…

Гүн ухааны өнцгөөс харвал надад гүн битгий хэл гүехэн ухаан ч байхгүй. Зарим хүмүүсийн хэмжүүрээр “ухаангүй”, “тэнэг” гэх ангилалд өлхөн орчихдог л хүн. Гэхдээ гүн ухааны доктор хүний гүн ухааны тухай өгүүлсэн гүн ухааны эссэг уншаад богино бодлууддаа нэлээн ээрэгдлээ би. Молор-Эрдэнэ юуны тухай юу гэж бодох нь надад оо-огт падлийгүй. Харин дуугарч буй хэл нь гамшгийн дохио дэлдэж байхад суудал дээрээ хавчигнаад л хэлээ хазан өнгөрөх тэвчээр үнэнхүү дутлаа надад, өршөө. Юуны ч бай хамаагүй, эрдэмтэн хүн эх хэлээрээ зуун үгийг өгүүлэхдээ наяад алдаа гаргах эрхгүй.

Би тоолоогүй, гэхдээ энэ бичил өгүүлэлд  алдаа наяараа байна. Иймхэн зайг ингэж бардаг хүн “ном бичих” гэж юуны тухай яриад байгааг би яаж ч мунгинаад ухаарч дөнгөхгүй юм байна. Гамшиг. Хаа нэг өдрийн од шиг “ном”-ыг эс тооцвол би монголоор ямар ч хэвлэл уншдаггүй, зурагт  үздэггүй. Сайн дураараа галзуурахын юу нь сайхан байх вэ, тэгэж мунхгуудын харанхуйд цухалдаж байснаас юу ч хараагүй нь дээр. Би тэмцэгч биш. Гоодалийн редакциар өөрийгөө дээд сургууль төгссөн, тэгсэн, ингэсэн, сэтгүүлч, орчуулагч, утга зохиол судлаач, бүр монгол хэлний багш гэж нэрлэсэн хүмүүс бишгүй л дайран өнгөрсөн.

“Ийм бичгийн соёлгүй байж бага боловсролын гэрчилгээгээ яаж олж авсан юм бэ?”
гэж би заримд нь хэлдэг байсан.

Миний үгэнд цоо хатгуулахаар нимгэн арьстайнуудад нь л даа. Бүр хайрсжаад ширэн нүүртэй болчихсонуудад нь бол би юу ч хэлдэггүй. “Адгийн наад зах нь төрөлх хэлнийхээ гээгдэх эгшгийн дүрэм, эр эм эгшгээ ялгадаг 1-р ангийн хөтөлбөрөө гүйцээчихээгүй  байж орчуулга, утга зохиол, шүүмж судлал, тэгээд бүр гадаад орны соёл энээ тэрээ гээд юүгээ …-д байгаа … вэ!” гэж  дотроо зүхсэн хэр нь гаднаа хөшөө царайлан хөшөөд л байж байдаг этгээд. Би тэмцэгч биш. Үр дүн гарахааргүй юманд хуруугаа ч хөдөлгөдөггүй, амиа оторлосон залхуу амьтан.

Харин эрдэмтэн нь ингэж аашлаад эхлэхээр эрхбиш хүн байна, энд тэнд минь язав татав хийж байна аа. Яруу тансаг  монгол хэлээр уран тод илтгээч гэж эдүгээ хэнбугайгаас ч хүлээхийн аргагүй болсон балар цаг гэдгийг би мэднэ. Алх дөш, булчин шөрмөсөөр биш үзэг цаас, оюун сэтгэлгээгээр амьдардаг хүний багаж-хэл ийм мохоо, хэмхэрхий байвал хутга шийдэм, хуйв шилбүүр баригсдаас бүр юугаа ч горьдох вэ. Молор-Эрдэнэ сайн гүн ухаанч, мундаг эрдэмтэн байж болно. Гэвч ийм хэлээр бичдэг (тэгэхээр сэтгэдэг гэсэн үг) түүнийг уншаагүйдээ бараг олзуурхав.

Эрдэмтэд нь ингэж “жиргэж” байхад фэйсбүүк, мессэнжер, мессэж, бас өөр юу юу ч билээ…-ээс юугаа олж долоох вэ. Хэл дагаж сэтгэлгээ байдаг хойно тэнд өнчин ганц “пизда-аа-ааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!” гэхэд даруй дал гаруй like байхад анхаарал гогдох зарим үгэнд ганц ч үгүй. Эхнийхийг бүгд ойлгоно, дараагийнхыг нь хэн ч ойлгох нь үгүй болохоор тэр үү? Эсвэл, “муу…” байх нь сайн хэрэг болсон эрин цагийн моодоо дагаж байгаа юм уу.  Дүрмийн гажуудлууд, хуулийн (заавал эрүүгийн биш шүү, байгалийн, ертөнцийн, бичигдээгүй…) цоорхойгоор бултайсан бүхэнд дурладаг нь хүний араншин хойно.

 

Алдаагүй бичдэг, татвараа төлдөг, үнэнч шүтлэгтэн байх нь бараг тэнэгийн шинж болсон цагт “манай үеийн баатрууд”-ын хэл бүдүүн бааргийн байх нь тэр тусмаа OK байх болж. Фэйсбүүк гээч энэ хорон жилбэч биднийг сая сая өлөн нүдэн дээр өршөөлгүй нүцгэлэхийг маань өөгшүүлж, дагзнаас түлхэж өмнөөс тоссон хэлгүй толь. Толь зүгээр л бүгдийг яг адилхан тусгана, тэнд найраа байхгүй.

Чармай шалдалж байгаагаа бид “эрх чөлөө” гэж эндүүрэн, арьсаа хуулж, зүрхээ сугалж, эцэстээ гэдсээ хүүлж,  баас шээсээ цувуулж, салиагаа сад тавьж байгаа нь энэ. Толь. Ямар ч шүүлтүүр, босго, хорио цээргүй газар жинхэнэ төрх маань тодорч байдаг хойно. Толинд Молор-Эрдэнийн харагдаж байгаа нь энэ. Эсвэл дүрэмгүй газрын дүрмээр тоглоод, сохрын газар тэмтчиж явсан нь энэ байв уу. Тийм л байгаасай билээ, хөх тэнгэр! Номоо бол арай ч ийм хэл бичгээр туурвидаггүй байлгүй. Герман хэл дээр эрдмийн цол горилж, хамгаалсан бүтээлийг нь хүмүүс их сайн л гэх юм билээ.

Харин энэ бүх өмхий самхайг хамар чимхэн тэвчиж ухвал, түүний яг юу гэх гээд байгаа нь миний хааяа бодох гэснээ залхуурчихдаг зүйл байж ч болмоор санагдсан. Дээр дооргүй ямар ч баримжаа, хэм хэмжээгүй болж, мөнхийн “Шоу үргэлжлэх болно” –ын цуурай дор сонирхогчид сэнтийд, уран сайханчид хойморт гарчихсан нь даанч гашуун.

Би ч уулаасаа жаахан шооч хүн. Энэ эссэд дурьдагдсан зарим номнуудын санал болгож байгаа зарим зүйлийг хошигнол байлгүй гэж хүлээж авч байснаа эргэн санав. Хөмөрсөн тогоон дотор хүжийн гал гаргасан гавъяатай тэдгээр номнуудыг басамжлах гээгүй, харин цагаан  толгойгоо эрдмийн оргил, үнэмлэхүй үнэн хэмээн битгий гацаач  гэж Молор-Эрдэнэ хэллээ л гэж ойлгоод  модон толгойгоо даган дохиж байна. Готама Будда хүртэл

“Миний сургааль бол амьдралын далайг  гатлахад тань сал л болох зүйл.
Хуурай газар хүрмэгцээ хаяад цааш одогтун”

гэж хэлсэн байхад Баабартнуудын номлол хүний хөгжлийн тодорхой шатанд л нэг давхрын дэнлүү төдий болохоос насан туршийн нар байна гэж юу байхав дээ. Аюурын хэдэн хар номыг тэвэрсэн “Дори идэр дүү” чигээрээ өтөлж буй хүмүүст хэрэв хүрдэгсэн бол, тун ч хэрэгтэй үгсийг Молор-Эрдэнэ хэлсэн байна лээ.

Гагцхүү энэ эрхэм санааг ингэж болхи тургисан нь эцгийн өвлөсөн мөнгөн хулыг нохойн идүүр болгосон шиг зүрх зүслээ. “Их шуурга дэгдэхэд бөгс арчсан цаас толгой дээгүүр хийснэ ээ” гэж, ээ хөөрхий, ийм л цагийг үзэх тавилантай байж дээ бид.   Би шуурга сөрөөгүй ээ. Хамтдаа  туугдаад л, дунд нь ороод  уруудаж яваа амьтан.  Сүрэг минь  амь алдахгүй газар тулаад тогтчихоосой гэж л залбирч явна даа.

2013 он

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !