Сайн байна уу, Mиний хонгор найз!

Сайн байна уу, миний хонгор найз!

“Миний хамгаас хайрт чи минь…” гээд л бичгийн хэлбэр нь тогтоогүй, тэвдэнгүй том үсгүүдээр анхны захидлаа чамд бичиж байснаас хойш 25 жил өнгөрчихжээ. Дөрвөн жилийн үй зайгүй үерхлийг эс тооцвол бид хоёр захианы заяатай л хоёр юмсан уу? Харин чамаас ирсэн захидлын дугтуйг чичрэн дайрч ураад, захиаг чинь барьж, харж, амталж, үнэрлэж, тэндээс чиний сэтгэлийн дуу хоолойг сонсч, тэр дороо л дэвтрийн голоо салган, хонх дуугарахыг ч дуулах сөхөөгүй, хичээл дамнан хариу бичдэг байсан хөөрөл одоо өөр хэлбэрт ороо юу даа.

Ядахдаа өвөл, зундаа зүсээ харалцаж, зүрхээ дэвтээлцдэг байсан
маань ч өнгөрч, сардаа нэг цаас шидэлцэж санаагаа амраадаг минь ч хуучирч.

Амтай бүхний шагшин магтаад байгаа интернэтийн ачаар амьсгалыг чинь мэдрүүлдэг чиний бичгийг амьгүй үсгүүд орлож, хаанаас авсан бол гэж таамаглаж суудаг, чиний үнэртэй цаасыг хорт очис хаялсан хавтгай дэлгэц орлох болж. Гээд яах билээ, чамайг энэ дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээ байсаар байгаад итгүүлэх цорын ганц зүйл нь тэр юм чинь. Харин би чамд дүрсээ харуулах дургүй. Ойн цоорхойд, нохойн хошууны шигүү бутны хажууд, түмэн зүйлийн анхилуун цэцгэн дээр, моддын завсраар цухуйх тэнгэрийг ширтэн хэвтэнгээ элдэв “дурлал”-аа зэрэг зэрэг шивнэлдэн, улаан шоргоолжинд хазуулан год үсэртлээ хөхрөлдөн хэвтдэг байсан чиний найз охин одоо байхгүй болсон.

Харин оронд нь хаанаас ч юм, нэг их харцаа нуусан, энгэрээ задгайлсан, юу ч болоогүй юм шиг царайлахыг дээд зэргээр чаддаг, огторгуйн зууны орчин үеийн эмэгчин бий болсон шүү. Ийм үсрэнгүй дэвшлийг мөрөөдөхийнхөө оронд зуслангийн атаманаа зүүдэлж сэрснээ ярих гэж гол дээр очоод, тэрнийхээ нэрийг хайчилж нуруун дээрээ наагаад наранд шардаг байсныг минь чи санаж байна уу.

Мэдээж, санаж байгаа. Энэ урлагийн бүтээлийг тодрох хооронд ямбий магнитофон дээрээ “Янаг цэцэг”-ийг үлээж, Бачкаг мөчлөн жиргэх мэт шинжиж, Роберта Бланкийн уянган доор алгуурхан үхэж байхад булгийн хага ташим усанд шалба цохиулж, эрүү шүд нь зодолдож байсан дүү нар минь одоо бүгд аав, ээж болчихоод байхад би чамд нидрүүлэг шиг харвин, давхар утлагатай хиам шиг царайгаа харуулаад яах вэ. Чамайг ам нээгээ ч үгүй байхад л өнхрөөд уначихдаг, нөгөө л инээд муутай, гажиг хүүхэд, чинийхээр “хамгийн хөөрхөн хүүхэн болох ирээдүйтэй охин”, зөвхөн чиний шүтэн биширдэг “газар дээр цорын ганц гайхалтай ертөнц” хэвээрээ л хоцрог.

 

Тэр давтагдашгүй ертөнц чинь чиний өдрийн од шиг мэйлүүдийг явуут дундаа хальт гүйлгэж уншчих мөртөө, шөнө нь чиний багын дүртэй цуг эргэн эргэн санаж, хажуудахаа сэрээхгүйгээр нулимсаа намуухан үерлүүлж сурсан. Чамтай үртэс ч үлдээлгүй хуваалцдаг байсан мөрөөдөлдөө ч үзээгүй сайхан амьдралыг би амталж байгаа ч чамайг дандаа санадгийг минь юу ч мартагнуулж чадахгүй байна.

Нөгөө нэг алдарт анхны хайрын эзэнд хайртайгаа хэлдэг минь гээд л хоёулаа хачин тэнэг хувцастай очихоор шийдэж байснаа чи санадаг уу? Би танай ахын урт нарийхан драпан пальто, ажлын өмдөө 44 размерийн орос цагаан пүүз, эрээн саравчтай малгайгаар гүйцээснээ толинд харж ч чадахгүй унан тусан элгээ хөшөөж байсан. Чи хөвөнтэй ногоон хүрэм, цэргийн хромон гутлан дээрээ үсээ задгай тавьж, аавынхаа бүрхийг өмсөөд ээрч мууран инээж байсан.

Дон Кихот, Санчо хоёрын монгол хойд дүрүүд үүр цайтал инээсээр байгаад орцноосоо ч гарах тэнхэлгүй болж ойчоод өгсөн. Тэр өдөр “Сургуулийн вальс”-ийг ч бил үү, заавал үзнэ гээд зуслангаас харуй бүрийгээр орж ирэхэд танайд байсан хамаатны чинь нэг ах, ажлынхаа гээд нэг хүүхнээр цамцаа индүүдүүлж байсан. “Хн, авгай нь гадаад явчихлаар цамцаа ч индүүдэж чадахаа байчихдаг, шал мангар” гээд л хоёулаа, тэр хоёрыг индүүдсэн цамцаа ч мартаад, хүрлийсэн хоёр улаан юм гарч явахад нь шоолж байсан. 16-тай байхдаа л ийм “шал мангар” байсан минь засраагүйгээр үл барам одоо бүр ужиг хэлбэрт орсон. … зөвхөн хайртай болоод л… гэж боддогоосоо болж би хичнээн ч удаа өөрийгөө чадаж, бусдыг улайлгав даа. Тэр хүн надад хайртай учраас л хайртай гэж хэлсэн гэж итгэснээсээ болж бас хичнээн ч гасалж гангинав. Тэгээд яах вэ, нэгэнт засрахгүйгээс хойш өөрийгөө засъя гэж тарчлаад ч яах вэ, засвар хэрэггүй юм шиг л гөлийж суух надад үлдсэн.

Энэ дэлхий дээр би засваргүйгээрээ хэрэгтэй дөрвөн хүний нэг нь чи.

Чи надад нөхрийн минь ч хэлээгүй жинхэнэ үгсийг хэлдэг. Яагаад гэвэл, мөхөөлдсөндөө шимтээд буудал дээр цүнхээ мартаад автобусаар явчихаж байсан 10-тай,11-тэй хоёр охины үерхэл дунд ямар ч нөхөр, амраг, элдэв юмст багтах зай байгаагүй шүү дээ. За, миний хонгорхон найз, наддаа зүггүй шар охин хэвээрээ үүрд үлдэх хамгийн сайн хүн минь, миний сэтгэлд чиний эзэлсэн орон зайг хэн ч, юу ч дүүргэж чадахгүй ч чамтай эргэн уулзахаас би айдаг юм. Чи чи биш, би би биш болчихсон болов уу гэж.

2010.02-2012.02

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !