Одгэрэл явлаа

Монголоос. Үймээнт амьдралаас. Энэ соёл иргэншлээс. 5 ч юм уу, 7 ч юм уу жилийн дараа эргэн ирэхэд нь бидний дунд ангайж байсан зай хэмжээлшгүй болсон байх байх даа. Одоо энэ ангалын хоёр талаас хоолой мэдэн орилон байж хэдэн үг солих төдий болдог маань өнгөрч, биесийнхээ юм хэлж буйг ч таахааргүй холдоно. Буцаад уулзахын цагт сансрын хурдаар хөгжлийн тэнгэрт цойлчихсон бид түүнийг их л дээрээс харах болов уу. Үнэндээ энэ амьдралын тоглоомд бид аль эрт хожигдчихоод, гол замаасаа гажсан ухрах араандаа үхлийн хурдаар давхиж яваагаа мэдэхгүй л цор цорхийх байх даа.
Одгэрэл өнөөдөр явлаа.

Тэртэй тэргүй бачуу миний ертөнцийн нэгэн од үзэгдэхгүй болох нь. Тэр алга болоогүй, хожим улам хурц гялалзах гэж түр холын тойрогт л гарч байгааг би мэдсээр байж уйлж сууна. Хагацлын гашуудлын үед бид одогсдыг биш үлдэж байгаа өөрсдийгөө л өрөвдөж, хэлээгүй үгс, хийгээгүй бүхнээ бодон уйлдаг тэр л ёсоор. Гэхдээ би бас баярласандаа уйлж байгаа юм. Миний энэ насандаа гишгэж ч амжаагүй замаар баттай урагшилж яваад нь хязгааргүй баярлан, хүссэн газраа асар түргэн очоосой гэж ерөөл тавин уйлж байгаа юм.

Бид хоёрын танилын түүх нимгэн л дээ. Гэгээн асар цувралын анхны ном “Үхэл үгүй”-н нээлтэнд түүнийг урихыг Д.Урианхай гуай зөвлөж, Б.Галсансүх холбож, гоодалийн А.Амармэнд зогсоо чөлөөгүй магтаж…Чойжин ламын музейн хаалгаар эгэл нэгэн хүн орж ирсэн сэн. Тэр өдөр бид хоёр дөнгөж танилцаад өнгөрсөн.

Дараахан нь лам нарын сэтгүүлд “Үхэл үгүй”-н тухай гарахаар болоход Р.Даваажав ламтны хүсэлтээр маш сайхан номын шүүмж бичиж өгч билээ. Нэг удаа уулзах үеэрээ Амармэнд “Үл таних зочин” номынх нь тухай ярьж, шүлгээс нь уншсаар байгаад өвчнөө халдаачихсан. Нетээс зарим шүлгийг нь, хүмүүсийн бичсэн сэтгэлийн үгсийг үзэж байж л би хэнтэй танилцсанаа мэдсэн хэрэг. Одгэрэлийг явах нь гэж сэтгэл үймэрч суухдаа номын нээлтийн зургуудаа эргэж нэгэн үзэж сууна даа, би.
Одгэрэл дөнгөж сая явчихлаа.

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг, бөглүү хязгаар
Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал, гажаагүй амьдрал
Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан дүү нар, ялдам эгч нар
Зам, жим, нам, өвөл, хаврын шуурга

Шүлэг бичихгүй байхын аргагүй өвгөн багш
Аав, ээж, өндөр тэнгэр, тансаг түүх
Хүн төрөхийн гайхамшиг, орчин үе, цаг хугацаа
Шүлэг бичихгүй байхын аргагүй хуурамч нөхөрлөл, жинхэнэ үзэн ядалт

Олон олон дурлал
Уналт ба сэрэлт, ханын хуучин цаг зогсох мөч
Нэгэн үс цайрах ба нэгэн өдөрт хэдэнтээ баярлах тохиол
Гуч шүргэхэд олон морь, олон нохой, олон хүний өөдлөхийг үзэх гуниг

Шүлэг бичихгүй байхын аргагүй этгээд утасны модод
Мэс засал, Өрнөд хийгээд Дорнод гэх үг, утга
Мах идэхийн тухай эргэцүүлэл, бие биетэйгээн мэтгэлцэн улайрах явдал
Хүний ухааныг магтах эндүүрэл, шүүмжлэх ихэрлэл

Шүлэг бичихгүй байхын аргагүй үлгэрийн хүмүүжил, хожмын боловсрол
Шоргоолжноос хүн үүссэн байх гэх бодол
Сэлбийн гүүрэн дээрх бүх хүнийг таньдаг болсон үе
Шүлэг бичихгүй байхын аргагүй элэг, зүрх, нүд, хуучин шинэ үзэг
Шүлэг бичихгүй байхын аргагүй …

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !