Нэгэн эр хүн

Би өнөөдөр нэг эр хүнтэй танилцсан юм.

Гайхмаар гүн харцтай, сэтгэл татам дуутай, зөөлөн гартай энэ залуу 15 настай. Халтирахад нь би гарнаас нь барьж түшсэнээр анхны үгсээ солилцоод, тун удалгүй адилхан сонирхолтойгоо олж мэдээд бараг нэг цаг ярилцаж суусан юм. Гэнэт түүний утас дуугарсан. Утсаа аваад, байна уу гэж хэлж амжаагүй байтал нь, “Хүүе, чи муу п…, хаагуур яваад байгаа муу … вэ, ….. ….” гэх яхир дуу хадаад явчихсан. Хүү намуухнаар “Би одоо очиж байнаа” гээд нүүрээ нуун тонгойн суухад нь би санааг нь зовоохгүй гээд нэг их чухал царайлан утсаа оролдож байлаа. Өнөөх муухай дуу шилэн дээгүүр төмрөөр зурах мэт гол ураад л байсан, хүү чимээгүй л сонсоод байсан, тэгээд дуугай болонгуут нь “За эмээ, одоохоон” гээд байж боломгүй тайван хэлчихээд над руу эргэн инээмсэглээд, “Эмээ минь дуудаж байна аа” гэж билээ. ЭМЭЭ.

Хүүгээс салаад явж байтал гэнэт харимааргүй санагдаад, ойрхон модон дунд очиж хэсэг суув. Хоёр бодол зүрхийг минь сүвлээд, ухаарлын хос мөр гэрэл татуулан байх шиг үзэгдээд байлаа.

15-хан настай, орь залуу. Ийм харилцаанд ингэж хариулдаг болоход олон учир шалтгаан байгаа л байх. Хэрэв над руу хэн нэгэн, бүр миний буруутай үед ч, би тэр хүнээс бүрэн хамааралд байгаа үед ч гэсэн, ингэж хандсан бол надаас ийм намуун дуу гарах байсан уу? Энэ бол зүгээр нэг шүд зуун тэссэн, цөхрөнгөө барсан тэвчээрийн дуу байгаагүй. Зүгээр л бүхнийг алган дээрээ мэт тольдон байгаа хүний, яруу тод, аядуу бодь дуу хоолой байсан. Тэр хүүгийн зүрхний мухраас ийм дуу гарах ямар шалтгаан байна вэ?

Гэтэл би өдөр бүр “Сэтгэлтэн бүрийн аз жаргалын төлөө байна” гэж ам авдаг сэтгэл маань таних танихгүй хүмүүсийг уучлан өршөөх хангалттай шалтгаан болохгүй байна уу?… гэх зэргээр эрэгцүүлэн суухад бидний дундын танил олон хүнд, янз бүрийн хүнд тэр хүү яг адилхан хандаж байсныг эргэн санав. Хүндэтгэлтэйгээр. Тэр хүн ямар вэ гэдгээс үл хамаараад, үнэн ямар вэ гэдгээс шалтгаалахгүйгээр, ерөөсөө л ямар нэг нөхцөл шалтгаангүйгээр зүгээр л бүгдийг нь нэн хүндэтгэн ярьж байсан нь, ялангуяа “Аав минь…” гээд дэндүү дотноор хэлж байсан нь тодорхой харагдаад явчихсан. “Аав минь хамт байдаггүй…гэхдээ миний аав… аав бид хоёр… аав маань надад өгсөн…аав минь…” гэж маш олон хэлжээ, эргээд бодсон чинь. Аавынхаа өвөр дээр, аавынхаа энгэрт, аавынхаа гарыг атган яваа олон зүрх гэтэл яагаад ингэж халуунаар, ийм хайраар хэлж чаддаггүй юм бол?

“Аав гэдэг бол ерөөсөө тэр хүн өөрөө биш байдаг” гэсэн сэтгэлзүйн үзэл санааг энэ хүү ийнхүү батлах мэт. Аав бол аав гэх хүнд хандах өөрсдийн маань л хандлага, өөртөө бүтээсэн төсөөлөл маань л юм гэдгийг инчдэх зуурханд орой руу минь оруулах мэт. ОЧИРЫН БОРОО-г минь эр эхлэлээ дээдэлсэн эрчим хүчээрээ адисалсан мэт ээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !