Миний хамгийн үзэн яддаг хүн бол … Ээж

Ээждээ
Үсэрсэн цус, тасарсан мах тань би
Үйлийг тань үзэж, үсийг тань цайлгах нь би
Үнэгчлэх цагаасаа жаргалыг булаасан нь би
Үр тань болж, үхэлтэй булаалцалдах нь би
1992.05.25

30 жилийн өмнө ээждээ, биш ээ, өөртөө ингэж хэлсэн хүн бол би өөрөө юм. Харин 30 жилийн дараа энэ үгсийг төрсөн үрээсээ сонссон ээж бол бас би. Хэрэв үүнйиг сонсоогүй бол 30 жилийн өмнөх тэр жаал охиныг эргэн санахгүй байсан биз.

Хэзээ энэ бүхэн эхэллээ? Айлын ховч хүүхдийн гүжир үгээр шийтгэхэд нь үү? Бүрэн эрхт аз жаргалтай охиноос шоовдор “эгч” болгоход уу? Эмэгтэй хүний нажид шаналлыг нь турь муутай зөнгөөрөө хуваалцахыг үл хайхарсан хатуу гаранд нь уу? Нэг л өдөр нэг бяцхан охин ам давамгүй энэ үгийг цээжин дотроо маш тод бичигдэхийг олж үзсэн. Тэр өдөр толин доторх хүн өөрөөс нь өөрөөр хөдлөхийг харсан. Тэр ийнхүү хуваагдсан. Үг бүү хэл сум нэвтрэхгүйгээр хуягласан дотортой эр нөхөртэй байхын ямрыг өөрөө амсахгүйгээр тэр эхнэр болохгүй байж.

“Хүүхдийнхээ үзэн ядалтыг мэдрээгүй бол та ээж болоогүй л байгаа гэсэн үг” гэж
дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг хэлсэнтэй адил.

Хөөрхий үнэнч түүний нэрийг тайван орхиё. Харин нөгөө ихэрлэсэн охины хамаг хүч өөрийнхөө өрөөсөнтэй тэмцэх тулааны талбар луу урсч эхэлсэн. Ажил, гэрийн хооронд, энэ дөрвөн хананы голд, хадам, нөхөр, “харийнхан”-ы дунд эрүүл ухаанаа хадгалж үлдэх гэж тамаа цайж байгаа ээжийнхээ үйлээс нимгэлэх гэж нэг нь онц сурч, бэлгийн мөнгөө хурааж, гэрийн ажилд зүтгэж, бүх л юманд тэргүүний байх болсон. Нөгөө ихэр нь болохоор, голдуу уцаартай, ядарсан, гомдоллосон, заримдаа уйлж суудаг ээжийгээ аз жаргалгүйнх нь төлөө үзэн ядаж эхэлсэн. Дараа нь тэр хувилбар өөрийгөө нэг л ангид болохыг, чухам үүнийх нь төлөө хүмүүс түүнд дургүй, ээж нь хүртэл тэдний нэг гэдгийг хараад улам ч үзэн ядаж эхэлсэн.

Эхний охин ээжийгээ аминаасаа ч илүү хайрлаж байлаа. Оюутан болж харьд амьдрахдаа бусдын ээж өөрийнхөөс нь ондоо болохыг мэдэв. Ээжийнх нь захидлыг санамсаргүй уншсан нэг бүсгүй “Ийм захиаг л жинхэнэ Бурхан сахиусан тэнгэртээ бичдэг байх” гэснээс хойш бусдын эх үрийн харьцааг анхааралтай ажиглах болов. Түүн шиг ээжийгээ үнэн голоосоо хайрладаг үр байхгүйг, ээж шиг нь өөр дээрээ бүдүүнээс бүдүүн хэрээс татаж орхисон, “зулын амьд гол” бас байхгүйг харжээ. Өөрийг нь ингэж хүмүүжүүлж чадсан ээж шигээ л ирээдүйн хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэж боддог байж.

 

Харин нөгөөдөх нь, хүүхдээс хүн болох замдаа эмэгтэй хүний алдаануудыг угсруулан цувуулж гарав.Тэгээд л тэр өөрийгөө онц сурлагатан, зураач, тамирчин, шүлэгч, олон нийтийн идэвхтэн, гэрийн ажилтан, санхүүч байсан боловч хэзээ ч эмэгтэй хүүхэд байгаагүйгээ мэдээд хүүхэд насыг нь “сурагч ахуй нас” болгосных нь төлөө үзэн ядах болов. Хэнийг? Мэдээж, хамгийн ойроос эхэлсэн. Ээжийгээ.

“2 охин” нөхөрт гарсан цагаас биесээ орлон тоглож эхэлсэн. Ээжийгээ гэсэн нөгөө нэг их эцэсгүй хайраа өөр нэр дэвшигчийн өлмийд дуртайяа дэвсч байгаагаа харсан “сайн” охины дотор ялимгүй түгшүүртэй ичгүүрийн савханцар чимээгүйхэн өндөглөж орхив. Харин үерхлийн гурав дахь жилдээ хуурагдсан хүүхнүүдийн эхнийх нь ч биш, сүүлчийнх нь ч бас бишээ мэдсэн “муу” охин ээжийнхээ цухалдал, цурхиралтын гашууг хоолой өөдөө огшиж байгааг мэдрээд зогтусан, үйл явдлын чичлүүр хутгаа доош нь буулгав.

Тэр хоёр ээж боллоо. Эхийн зовлон. Эхийн жаргал. Эхийн хайр. Гайхамшиг.

Гэтэл энэ гайхамшгийн найрлаганд хайраас гадна тун аягүй зүйлс, бүр нэрлэж боломгүй юмс хүртэл ордгийг “сайн” охин мэдээд ээжийнхээ өмнө сөгдөх, ертөнцийн жамын өмнө бууж өгөх хоёрын алийг сонгохоо мэдэхээ байсан. “Муу” охин ч бас энэ үед, сүйрсэн хязгаарын цаана байсан шал өөр оршихуйн хэмжээсэнд хиар цохиулсан үзэл бодлынхоо нуранги дээр гашуудах, тайвшрахаа мэдэхгүй зогсч байлаа.

Хүүхэд насыг нь сүйтгэсэн гэдэг байсан хэрүүл, хараал, өсөх насных нь дурьдатгалыг сааралтуулсан яхир хориг, үл ойлголцол, хүчтэний өмнөх хүчгүйн гутамшиг бүрийн цаана өөр зүрх цохилж байсныг тэр анх анирдсан. Ээжийгээ сөрөх бүртээ зангидсан сэтгэл нь эдүгээ хүчирхэг болж бас нулимсны амтыг тэр маш сайн мэддэг болсон. Мухардлын харанхуй булан хүртэл ганцаардал хэд алхдагийг ч гэсэн. Яг л энэ үедээ тэр алгуурхан өөр хүн болж байгаагаа мэдсэн байх. Хэн гэж үү? Өөрийнхөө ээж. Өөр хэн байхав дээ.

“Хүүхэд төрөх тоолон хайрын хоёр холбоо тасарна” гэсэн үгэнд яс хавталзан дургүйцдэг байсан “сайн” охин хорвоо тийм ч цэвэрхэн газар биш болохыг, хорвоог туулах гэдэг энэ арван гурван үсгийг бичих шиг амархан биш болохыг мэдэж авав. Аргагүй ээ, сайн багш нартай учирсан хойно. Аз болж нөхөр тэр хоёрын хамгийн сайн ойлголцдог газар нь ор байв. “Сайн“ охины махбод бараг үнэмшмээргүй хангалуун байлаа. Даанч гайтай нь тэр сэтгэл гэдэг илүүц эрхтэнтэй, нийгмийн хэлээр бол “тахир дутуу” амьтан байсан. “Эрэмдэг” сэтгэл нь хагсран хатаж, хагарч омголтсон уруулаа хөдөлгөж ядан “хайрын ус, хайрын ус” гэхийг тэр сонсч тэвчихээ байв.

Энэ явдал маш олон давтагддагийг тэр мэдэж авсан. Хамгийн сүүлд ээжтэй нь тохиолдсон. Ээжийнхээ төгс дүрийн өмнө урьдын адил нэгэн үзүүрт сэтгэлээр тэгш амгалан зогсч чадахгүй болсноо тэр мэдэж байлаа. ”Амьд үлдэх”-ийн төлөө ээж нь яагаад тэмцээгүйг тэр ойлгож чадахгүй байв. Өөр шиг нь “боломж”-ийн бүх халаасыг нэгжиж, өөрөө өөртөө хайрын дусал залгаж, өөрийн орон зайгаа ариун дагшин байлгаагүй ээжийгээ тэр уучилж чадахгүй байв. “Ухаангүй өгөх нь ухаангүй явдлыг л үүсгэнэ” гэдгийг ээж нь мэдээгүй байх учиргүйсэн. Яагаад ээж нь үгээгүй ядуу эмэгтэй, аз жаргалын гуйлгачин болтлоо хоосорчихов?

“Муу” охин ээжгүй болсон өдрөө “Би хүүхэд биш болов” гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ. Ертөнцөд бүх юм эргэн ирдэг. Бүгд байраа сольдгийг тэр ингэж мэдэв. Тэр гүнгэрваанд байсан Бурхадын хөргийг зайчлан ээжийнхээ хөргийг тавихын өмнө зургийн шилэн дээр шингэн бөмбөлгүүд унахыг харж нэлээн зогсов.

Муу охин муу ээжийгээ хэдэн удаа олж харав. Ээжийнх нь залуугийн зургийг охин нь “Ээж ээ, та байна” гэж зааснаас хойш дуу хоолой, хөдөлгөөн, инээж уйлах нь хүртэл “ээж” болж байгаагаа бүр ч тод мэдрэх болов. Гэтэл өмнө нь түүнийг ээжтэйгээ адил гэж хэн ч хэлж байгаагүй сэн. “Үгүй, яахаараа ийм ондоо … шал өөр …” гэдэгт тэр дөжирчихсөн байсан. Ээж нь үгүй болсон мөчөөсөө л түүнийг хүмүүжүүлж эхэлсэн нь энэ.

Амьдралд нь тохиолдож буй бүхэн өмнө нь ээжийг нь дайраад өнгөрснийг тэр одоо мэднэ.

Ээжийнх нь хэлсэн үг бүхэн, түүнийг ялласан мэт авирласан тохиол болгоны учгийг тэр одоо хардаг болсон. Хүүгийнхээ амнаас гарсан нөгөө үгсийг тэр 30 жилийн өмнөх ээжийнхээ чихээр сонсч, ээжийнхээ зүрхээр шимшрэн байж, хөлгүй ангал руу нисэн одов. Яг л дуугүй кино мэт, чимээ аниргүй жирэлзээд өнгөрсөн энэ хэдхэн агшинд солонго гэдэг хоёрхон өнгөтэйг тэр харлаа. Хар цагаан.

“Сайн” охин хүүгийнхээ хэлэхийг сонсоод галт тэрэгнээс нэгэнт хоцорсноо ойлгожээ. Хүү нь тэр галт тэргэнд байгаа. Буцан хөвөрсөн амьдралын хальсыг тэр “муу” охины нүдээр тольдож, хүүгийнх нь зүрхэнд юу хуралдан байсныг олж харахыг хичээж суулаа. “Ертөнц ямар төвөгтэй юм бэ?” гэж шивнэж байв. “Би юуг буруу хийчихэв ээ?” Яаж ч зөв аргаар бодсон бай, ялимгүй алдаанаас болоод илэрхийллийн арын бүх үйлдлийн хариу буруу болдгийг сайн охин мэднэ.

Тэр амьдралын тэгшитгэлийг дандаа зөв аргаар бодсоор ирсэн, харин хаана энэ үл ялих эндүүрэл гарч, утга буруу болчихов? Юмс харагдаж байгаа шигээ биш юм. Хэцүү. Тун хэцүү. Муу охин нэгэн танилынхаа тухай эргэн санав. Тэд хүүхэд насныхаа тухай байнга ярилцдаг байсан. Танилынх нь эцэг эх хэзээ ч хүүхдээ зэмлэж байгаагүйг сонсоод үнэндээ тийм юм байж болно гэж тэр төсөөлж ч чадахгүй байсан. “Надад хүүхэд нас байгаагүй” гэж хэлэхдээ тэрээр танилдаа атаархаж байсан.

Харин хэдэн жилийн дараа модоо барьсан танил нь “Надад юуг ч хориглоогүй тэдэнд гомдож байна” гэхэд нь битүүхэн баярласан. “Хүүхдийг бүү хүмүүжүүл. Зөвхөн өсч өндийхөд нь тусал” гэдгийг оройдоо тахисан ч эхийнхээ араншинг л гаргаад байгаадаа өөрийгөө өдөр бүр шүүн цаазалдаг байснаа тэр больж эхлэв.

Хил хязгаартаа тулж байж л эрх чөлөө бодитой оршин байгаагаа мэдэрдэг.

Аз жаргалд зовлонгийн хольц заавал байх жамтай. Үгүй ээ, аз жаргалын оргилд зовлонгийн гүүрийг л даван очдог гэвэл дээр юм уу. Харин энэ бүхнийг муу охин их үнээр, их хожуу олж авлаа даа гэж бодож байв. Хоосон байснаас хоцроод ч болтугай … Юм гэдэг ийм хялбархан гэдгийг мэдсэн нь яамай даа. Хүүгээ яагаад ингэж хэлснийг тэр дэндүү сайн мэднэ. Энэ харц, энэ дууны өнгө, хөдөлгөөний аялгыг хүүгээсээ ч илүү, мэдэхийн цаагуур мэднэ. Одоо хүүд нь бүх юм яршигтай хэцүү байгаа ч, амьдрал гайхмаар энгийн болохыг хэзээ нэгэн цагт заавал ойлгоно гэдгийг нь ч тэр мэдэж байлаа.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !