Миний байр

Багад маань нөгөө орцонд Нараа гэдэг охин амьдардаг байлаа. Үл анзаарагдам, малигар шар охин. Хэрэв би түүнтэй хамт анх удаа мөсөн гулгуурын талбай дээр очоогүй сэн бол Нараагийн тухай ингэж тодорхой санахгүй байсан байх аа. Түүнийг бүгдээрээ л Налаа гэдэг байсан. Жаахандаа нэрээ ингэж хэлдгээс нь болсон гэж ярьдаг ч нэг удаа би тэднийд сууж байтал ээж нь, \бас нэг бүдүүн малигар шар эгч\, “Манай Налаа ч ёстой нэрэндээ таарсан налгар амьтан шүү, налайгаад л…” гэснийг сонссоноос хойш Налааг харах тоолон налгар, бас яагаад ч юм Налайх гэдэг 2 үг санагддаг болсон билээ. 9 настай байхад минь нэг удаа орцны гадаа, гудамж, хүүхдийн талбай тэр чигээрээ гулгуур шиг л болж орхисон юм. Яагаад гэдгийг би одоо хүртэл мэддэггүй. Тэр нэг өдөр манай байрныхан бүгдээрээ, бүр гардаггүй хүүхдүүд хүртэл гарч, чаргаар, цаасан хайрцгаар, зарим нь цүнхээрээ гулгаж тоглосон юм. Хязгааргүй жаргалтай байсан тэр өдрийг би олон удаа санасан сан. Удалгүй тэр “гулгуурууд” алга болсон, харин миний гулгах хорхой яваагүй. Тэгтэл нэг өдөр Налаатай таараад гулгах юмсан гээд хэлтэл “Каток байшт, конькигаар гулга л даа” гэв. Чи чадах уу гэвэл, чадна, хагас сайнд өдөр явъя гэлээ. Би хөлдөө тэшүүр углаж үзээгүй боловч, Налаа чадаж байгаам чинь би бол мэдээж гэж бодсоон. Тэгээд бид явсан, би зөндөө унасан, сүүлдээ залхсан, харьсан, мартсан.

Харин 7 настай охин минь анх мөсөн талбайд гарахад би яг тэр өдрийн эхний уналтын дараах шиг өвдөг чичрэн айж байгаагаа мэдсэн. Яанаа, унах вий, гэмтэх вий, айчих вий, хүүхдүүд шоолчих вий…яг л 30 жилийн өмнөх шигээ айж ичиж байсан. Гэтэл хэдхэн минутын дараа хартал охин минь хэзээ язааны мэт гулгаад гар даллаж байсан. Тэгэхэд л би, өдий олон жил өнөөх жаахан охины айдсаар бүх юманд хандаж ирснийгээ яруу тод харах шиг болж билээ.

Ноднин нэг хүлээн авалт дээр гол шиг сайхан биетэй залуухан бүсгүй “Амка…” гээд ирэхэд нь надаас 2 эгч Налааг байх юм гэж зүүдлээгүй. “Яаж?”. Хэзээ ч уурладаггүй, бүх юмыг хүлээн зөвшөөрдөг, бүр өөрийг нь шоолж дооглохыг ч зөвшөөрдөг байсан болохоор Налаа дотроосоо гэрэлтсэн жаргалаараа цог жавхлан төгс байсан юм байна лээ. Харин байрныхаа од охинтой би дараахан нь таарсан. Түүн шиг хөөрхөн, хүчтэй, хөвгүүдийг атгадаг, бүх юмыг чаддаг мэддэг болчихвол ч…гэж олон шөнө мөрөөдсөн сөн би. Тэр маань багынх шигээ л гялалзаж, бүгдийг сөхрүүлсэн хэвээрээ, одоо бол ёстой “төмөр хатагтай” болсон байсан. Харин харц нь жаргалтай байгаагүй ээ. Сул дорой байж болохыг хэнд ч, өөртөө ч зөвшөөрч эс чадан, үргэлж чангалан чангалсаар дэндүү хатуужсан байсаан.

Чи ямар ч байж болохыг өөртөө зөвшөөрөөрэй. Тэгвэл жаргал ирэх зай гардаг. Жаргалтай л байвал бусад бүх юм байраа олчихдог юм.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !