Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс!

Миний нэг найз нисгэгч юм. Маш сайн нисгэгч. Ямар ч нөхцөлд дээд зэргийн байдаг. Гэхдээ түүний оршин байдаг нөхцлүүд бүгд дээд зэргийн байдаггүйг би мэдэх юм. Эхнэрийнх нь бие тааруу байхад тэр нулимсаа арчсаар нислэгтээ гарч байсан. Ээжийгээ нас барсанд буруутган үзэн ядсан хүү нь араас нь нулимж байхад тэр тэнгэр цуулан санаа алдсаар хөөрч байсан. Хүүгийнхээ хэцүүхэн шилжилтийн нас, залуу нас, алдаа, андуурал бүрийг тэр сэтгэлдээ тээсээр нисч байсан, бууж байсан. Таарамжгүй эцэг эх, эгч дүүс, хадам, хань болоогүй найз бүсгүйчүүд, зэвхий гэр орон, ганцаардал, мухардал бүхэнтэйгээ ниссээр байсан, ниссээр ч байгаа.

Би олон жил багшилсан. Ажлын 5 өдөр, амралтын өдрүүдэд ч илүү цагаар заадаг байсан. Өдөр бүр өөдрөг байгаагүй. Уулаасаа тийм байх ч боломжгүй юм. Амьд лекцүүдээ уншдаг байхдаа олон удаа хар тугалга цутгачихсан юм шиг хүнд сэтгэлээ дааж ядан явсаар, надаас хайр итгэл хүлээж байгаа зүрхнүүд рүү зөв харан инээмсэглэсээр хүрч очдог байсан.

Аав нь, ээж нь бурхан болж байхад хуран цугласан олныг хүндэтгээд тоглолтоо цуцлаагүй оддыг би мэднэ. Бор хоногийн гачлан, хэрүүл, хууралт, өвдөлтийг үүрсээр өдөр бүр ажилдаа гардаг, бардаг, харьдаг олон хүнийг би танина.  Та ч танина. Та ч, би ч, яг адилхан, ингэсээр л яваа. Энэ бол амьдрал юм. Зүрхийг хатгаад байгаа өргөсийг зөөллөмөөр, сэтгэлийг түлээд байгаа гашууг шингэлмээр үе зөндөө. Зөөллөдөг ч, норгодог ч. Хэцүү байна гээд норгоно. Ганц баяр болж байхад гээд ахиад норгоно. Сайхан байна гээд норгоно. Муухай байна гээд норгоно. Дэвтэнэ, улцайна, тэгээд цайна.

Согтуудаа хийсэн хэргүүд. Ичгүүр, жигшүүр, үүрд шатаасан гүүрнүүд, заримдаа хүүрнүүд.

Би тиймдээ тулаагүй ээ, би соёлтойгоор, урлагтайгаар…гэцгээнэ.

Их багын тухай яриа биш юм. Зовлонг ингэж мохоон сарниулсаар бид эрүүлээр юуг ч хүлээн авч чадахгүй болж байгаа. Сэтгэлийн хатгүй нялцгай. Жаахан юм татаж байж тайтгардаг, заавал нэг юм сорж байж онгойдог.

Энэ зүйлгүйгээр ам нээдэггүй, зүрхэлдэггүй, ойртдоггүй, болздоггүй, баярладаггүй, хайрладаггүй болж байгаа. Үдийн хоол, үдшийн зоог, дурлал, амраглал, амралт, аялал бүгд манантан мансуурсан амттай болсоор байгаа. Сэргээшгүй, өдөөгчгүй, халаалтгүйгээр сэрдэггүй, өндийдөггүй, өөдөлдөггүй болсоор байгаа. Чи ийм бэр, хүргэнийг хүсч байна уу? Хүүхдүүддээ хүсэхгүй байгаа юмаа өөрөө битгий хий.

Хэрэв хийгээд байгаа бол сэтгэлзүй юунд хэрэгтэй юм бэ? Юуны төлөө сэтгэлээ цэвэрлээд, ажиглаад, ажиллаад байгаа юм бэ? Эцэст нь элдэв зүйлээр шингэлж уусгах л байсан юм бол?

Би өнөөдөр чамаас цорын ганц зүйлийг хүсэх гэсэн юм. Ганцхан өнөөдөр үүнийг хэрэглэхгүй байгаад үз. Өөрийгөө ажиглаад үз. Энэнгүйгээр баярлах нь уу, амрах нь уу, уучлах нь уу, унтах нь уу, үз. Ёс гээд бүгд оргилуун дарс буудуулж л байг, өөрсдийгөө буудаж л байг, чи битгий.

Гагц дуслыг ч бүү амс.

“Миний дотор нэгэн үр хөврөл буй. Увдис төгс эмэгтэйн ид шид миний дотор бүрэлдэж байгаа. Ганц дусал ч болов, хамгийн зөөлхөн нь ч бай, ганцхан дусал алкохол, өчүүхэн никотин, бусад бодисны ширхэг тоосонцор ороход л тэр увдис байхгүй болно. Би түрхэн зуурын хөөрлийг биш үүрдийн увдисыг сонгож байна. Надад ямар ч хэцүү байсан, би асуудлыг ч, аз жаргалыг ч эрүүлээр хүлээн авах болно. Юуны төлөө би сэтгэлийн эрүүл мэнддээ өчнөөн цаг, мөнгө, энергиэ зориуллаа? Одоо би үрийг нь үзнэ, эцсийг нь хүрнэ. Би чадна” гэж өөртөө хэл.

Би чамаас ганцхан зүйлийг итгэн хүлээе.

Эрүүл байгаарай.

Цоо эрүүл. Араас нь бусад бүх зүйл аандаа дагаад ирдэг юм.

Чамтай эрүүл хүмүүс учирна.

Чиний бүх харилцаа эрүүл байна.

Чиний хүүхдүүд эрүүл замыг сонгоно.

Чиний амьдрал цэлмэг, цэнгэг, жинхэнэ эрүүл цэнгэл төгс байна.

Чи УВДИС ТӨГС болно!

Чамдаа би шинэ оны мэнд хүргэе, эрүүл сайхан охин минь!

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !